2016 оны 12 сарын 01

Энэ жил Их хурд-YII уралдаан “Хүй долоон худаг”-т амжилттай зохион байгуулагдав. Ер нь  Их хурд уралдаан нь өөрийнхөө зүй тогтолоор хөгжиж байна Би Их хурд -YI-аас бусдыг нь биеэр очиж үзсэн. Харин биологийн мэргэжилтэн, монгол адууны үржлийн ажлын талаар болон үндэсний морин уралдааны талаарх онолын үндэслэлийг гарган тавихын хичээдэг хүний хувьд Их хурд уралдааны биологийн мөн чанар, ач холбогдолыг өөрийнхөө ойлголтоор гарган тавихын энэхүү нийтлэлээрээ хичээв. Учир нь түүний мөн чанар, ач холбогдлыг нь зөв гаргаж тавих нь цаашдын хөгжлийн төлөв хийгээд бодлогод ч багагүй ач холбогдолтой байж болох. Эхлээд түүний үүслийн түүхийг товчхон авч үзэх нь зүйтэй гэж үзэв. Учир нь сүүлийн үед Их хурд уралдааны ач холбогдол нь суларч  байна гэж олон  хүмүүс ярих болсон. Нөгөө талаас Их хурд уралдааныг хэн санаачилсан гэдэг асуудлаар ил, далд ихээхэн тэмцэл өрнөдөг бололтой. Үүнд: Их хурдыг зохион байгуулах талаар Уяачдын холбооны тэргүүлэгчдын хурлаар  нэг биш удаа ярилцаж, хамтын шийдвэр гаргаж, уг арга хэмжээг тухайн үедээ ММСУХ ерөнхийлөгч байсан У.Буяндэлгэрт хэрэгжүүлэх үүрэг ноогдсон гэж тэрээр хэвлэл мэдээллээр ярьжээ. Гэхдээ чухам хэн санаачлсан талаар юу ч яриагүй байна. Харин  ММСУХ –ны ерөнхий нарийн бичгийн дарга байсан А.Баярмагнай гуай хар багаасаа сэдэн олж, анх санаачилж, хэрэгжүүлсэн гэжээ.  Баярмагнай: “ Их хурд уралдааныг санаачлагч нь аргагүй л  би байгаа юм. Олон түмэн ойлгодог, мэддэг, яагаад би үүнийг  санаачлах болов гэхээр би өөрөө морь унасан цагаасаа эхлээд  Буянт ухаад  уралдсан. .... Наймдугаар ангийн хүүхэд чинь хөөрхөн юм уншсан, сонссон, Монгол улс гэдэг чинь 18-н аймгаас бүрддэг гээд бичсэн байхгүй юу. ... Энэ улсын наадам  хурдан морьдын уралдаан биш юм аа гэдэг чинь бүр багаасаа, намайг арван дөрөв, тавтай гаас мэдрэгдэж эхлэхгүй юу. Тэгээд сүүлдээ дээд сургууль төгслөө, улсад алба хашлаа, сэхээтэн боллоо, юмны учрыг нь гүнзгий таниад байна шүү дээ. Ер нь улсын хэмжээний уралдаан яагаад байж болдоггүй юм. Яагаад болохгүй байна гэсэн дэд бүтэц муутай зам харилцаа муутай, тээврийн хэрэгсэл муутай, тийм байхаар арга алга л даа. 

 ....Хэрвээ миний бүр багадаа долоо наймдугаар ангид байхдаа энэ Буянт ухаагын уралдаан бол монгол улсын хэмжээний уралдаан биш юм байна даа... гэж боддог чинь нийгмийн байгууллага өөрчлөгдөөгүй бол тэр худал хэвээрээ байх нь байна шүү дээ.” / Эрлийз адуу гэж ярьдаг бол буруу,шинэ монгол адуу гэх нь зөв.”   2016оны 02--р сард сар шинийн өмнө өгсөн СГЗ, түүхийн ухааны доктор А.Баярмагнайн Сүлд ТВ-д өгсөн ярилцлага. / 

    Мөн  Их хурд уралдааны патентыг өөрийнхөө нэр дээр авсан ажээ.  Тэгэхлээр  Их хурд уралдааныг санаачилагч нь энэ хүн бөгөөд түүний оюуны өмч болсон байна. Хэрэв тийм бол  орчин үеийн  хууль, эрх зүйн хүрээнд Их хурд уралдааны зарчмыг энэ хүний зөвшөөрөлгүйгээр өөрчилж болохгүй. Цаашилбал патент эзэмшиж байгаа хүний сонирхол, хандлагаас болж янз бүрийн асуудал урган гарах магадлал бий. Гэхдээ уг патентийг ямар бодлоготой авсанаас ихээхэн шалтгаална.

     Гэвч энэ жил Их Хурд YII –ны арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ ММСУХ ерөнхийлөгч М.Энхболд Их хурд уралдааныг “Монхангай” ХХК-ийн захирал Сэргэлэнг санаачилсан гэж хэлж байна лээ. Ийм учраас Их хурдыг хэн санаачилсан асуудал нь санаачилагчид нь амьд сэрүүн байхад маргаантай байгаа нь нэг л зүйлийг хэлээд байна. Энэхүү  уралдаан нь  Монгол улсын нийт газар нутаг, айл өрхийг  хамарсан, монголчуудын язгуур эрх ашигт нийцэлтэй, үндэсний оюун санаа, соёлын чухал арга хэмжээ болсныг харуулж байна. Иймд хэн санаачилсан нь багагүй ач холбогдолтой болж байна.Би ММСУХ байгуулагдаж байх эхэн үеээс л үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байсан тул  уг асуудлын үүсэл, хөгжлийг ч гадарлана. Сэргэлэн бол санаачилагч бус, харин анхны Их хурдад  хоёр жийпээр түрүү морьдыг байлж, “Монголын шигшмэл хурдан морьдын уралдаан” гэж нэрлэхээр товолж  байхад нь “Их хурд” гэдэг нэрийг өгсөн нь үнэн. Харин миний өнөөдөр хөндөж тавих асуудал бол хэн санаачилсандаа бус аа, мөн чанарыг гаргаж тавихыг мэрийв.

    XX зууны эхэн үеэс буюу бараг зуун жилийн турш улсын  хэмжээнд үндэсний морин уралдаан нь жилд нэг болохдоо зөвхөн УБ хотод болдог  морин уралдааныг улсын хэмжээний гэж үзэж, энэхүү уралдаанд амжилт гаргасан уяач, морьдод төрөөс хүндэтгэл үзүүлдэг  байсан тул хүссэн, хүсээгүй Монгол даяар хүлээн зөвшөөрч, хүндэтгэхээс өөр аргагүй  байлаа. Энэ бол тухайн үеийнхээ нийгмийн тогтолцоо, улс төрийн  бодлогын шууд үр дагавар нь  болж, үндэстэний нийтлэг эрх ашиг,сонирхолтой нийцэлтэй байгаагүй юм. Өргөн уудам газар нутагтай ч, дэд бүтэц хөгжөөгүй,хувийн өмчийг үзэн яддаг, хувь хүний санал, санаачилгыг үл тоомсоролж, хавчин боодог нийгмийн тогтолцооны уур амьсгал нь  нийгмийнхээ туг далбаа  нь болж байсан эрин үеийн нүүр царайны толины тусгал нь  байлаа.

      Үнэхээр Монгол улсын газар нутагт хаана амьдарч байгаас  үл хамааран, улс даяар хүлээн зөвшөөрөгдсөн уралдаанд морио уралдуулахыг хүсэх нь монгол уяач хүн болгоны дээд зорилго байсан ч,нийслэл хотыг тойрсон ойрхон сумдын уяачид л ирж уралдах л боломжтой байв. Улаанбаатар хотыг тойрсон Төв аймгийн захын сумдаас, тэрч бүү хэл Лун сумаас хүртэл тэр болгон уяачид ирж уралдаж байгаагүй байдаг. Энэ хандлага бол уяачид нь улсад/нийслэл хотод/ ирж уралдах сонирхолгүйдээ бус аа, харин иргэн бүр нь төр захиргааны байгууллагын хатуу хяналтанд байж, сумаасаа гадагшаа явж морь уралдуулах нь битгий хэл, сумандаа морь уясан хүмүүст хүртэл төрөөс хүйтэн ханддаг байсантай холбоотой. Чухам иймд социализмын үед “Дэнгийн дөл” мэт байсан монгол эрчүүдийн хүсэл, тэмүүлэл нь ардчилсан нийгмийн тогтолцоо дөнгөж бүрэлдэж эхлэнгүүт хэрэгжих боломж нь нээгджээ. Нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөнөөс хойш үндэсний эрх ашиг,соёлоо дээдлэх болж, үндэсний морин уралдаан  нь өөрийнхөө зүй тогтолоор  хөгжих явцдаа орж, үр дүнд нь бүсийн болон Их хурд уралдаан буй болжээ.

     Аливаа морин уралдаан бол тухайн үүлдэрийн адууныхаа чанар чансаа, үржлийн ажлын түвшинг хамгийн зөв тодорхойлдог цорын ганц арга байдаг тул Монгол даяар тархан түгсэн адуун сүргийн чансааг тогтооход Монголын бүх л газар нутгийн уяачид, морьдыг  хамарсан уралдаан байх  шаардлагатай тулгарав. Эхэн үедээ УБ зохиогддог улсын наадмын морин уралдаанаас гадна төр захиргааны хяналтаас гадуур, түүнтэй дүйцэхүүц уралдаан байх шаардлагатай нь ойлгомжтой болсноос үүдэлтэйгээр  эхлээд Бүсийн, дараа  нь Их хурд уралдаан төрөн гарсан юм. Тэгэхлээр бүсийн болон Их хурд уралдаан бол монгол уяачдын хүсэл, эрмэлзлийг илэрхийлсэн хамтын бүтээл буюу хэзээ нэгэн цагт заавал буй болох арга жэмжээ байлаа. Гэхдээ аливаа нийгмийг хамарсан томоохон  үйл явдал, арга хэмжээнд санаачилагч байх нь буруугүй бөгөөд энэхүү ойлголтын хүрээнд  ММСУХ-.ыхоо хүрээнд ч нэгдмэл нэг ойлголт байх  шаардлагатай нь харагдаж  байна.

   Харин А.Баярмагнай гуай дөнгөж бичиг үсэгт тайлагдаж, Монгол улс 18 аймгаас бүрддэгийг мэдсэн буюу 7-8 ангид байхад нь  ийм сайхан санаа төрж, түүнийг бодон, бодон хагас зуун өнгөрөхөд өөрөө санаачилан хэрэгжүүлсэн гэж байгаа бол үнэхээр бахархах ёстой. Учир нь тэр үед Баярмагнай гуайгаас дутахааргүй боловсролтой, хурдан моринд үнэхээр дуртай хүмүүс цөөнгүй байсан бөгөөд тэдний толгойд ийм санаа тухайн үедээ төрж байсан гэдэгт эргэлзэх үндэслэл их байдаг. Учир нь тухайн үеийн нийгмийн тогтолцоо нь нийгмийн оюун санаа, сэтгэлгээний хандлагыг төрийн хатуу хяналтанд атгаж, нийгмийн сэтгэлгээний стандарчилсан тогтолцоог бүрдүүлж, төрийн бүх шатны торон сүлжээнд нэвтрүүлж, хувийн өмч, чөлөөт сэтгэлгээ нь нийгмийнхээ гол дайсан нь  гэж үздэг  байсан тул  ийм санаа хүүхэд насанд төрөх нь битгий хэл, улс төрийн зүтгэлтэн хүн ч  мөрөөдөх ч  эрхгүй байсан юм.

      Ардчилсан төрийн тогтолцоонд шилжсэнээс хойш хурдан морины уралдаан бол адууны чанар чансаа болох үржлийн ажлын түвшин тодорхойлдог цорын ганц арга хэмжээ гэдэг нь нүүдлийн ахуйтай бэлчээрийн маллагаатай монгол адууны аж ахуй дээр ч адил болохыг дахин баталж өглөө. Учир нь бүсийн болон Их хурд  уралдаан байгаагүй үед бусад аймгийн уяачид, ялангуяа баруун аймгийн уяачид дотор морин уралдаан нь зөвхөн Улаанбаатарыг тойрсон уяачдыг алдаршуулж байна, хурд бол аль ч жалганд төрдөг, бидний адуу ч бусдаас дутахгүй хурдан гэсэн зүй ёсны шаардлагыг ярьдаг байв. Чухам иймд анхны Их хурд-I,II  уралдаанд бүх л аймгуудын буюу  Монгол улсын өнцөг булан бүрийн морьд хамарагдсан нь тохиолдлын бус байлаа. Харамсалтай нь дараа дараагийн Их хурд уралдааны ач холбогдол, далайц нь суларч  байгаа нь энэхүү нийтлэлийг ч бичихэд хүргэв.

   Гэхдээ энэ хандлага бол зохион байгуулагч болон оролцогчдоос хамааралтай бус, бас л урьд хөндөж тавьсан асуудалтай ижил, зүй ёсны хандлага болно. Учир нь монгол адуу нь нэг үүлдэрийн адуу боловч хурдан адуу нь бусдаас заавал ялгарсан байх ёстой бөгөөд түүний цөм нь зүүн аймгийн адуу болох нь дээрх уралдаан тогтолцоо бүрэлдснээр тодруулж өгөв. Гэвч зүүн зүгийн адуу илүү хурдан гэдгийг бас тэр дороо хүлээн зөвшөөрч чадахгүй байсан ба уяа сойлгын зөрүү, тэжээллэг, эм тариа нь төвдөө илүү хэрэглэж байгаагаас илүү хурдалж байна гэсэн ойлголт  нэг хэсэг ноёрхож байсанч, цааш цаашдын уралдаан болон цаг хугацаа өнгөрөхөд үнэхээр зүүн зүгийн адуу илүү хурдан болохыг уяачдад хурдан морины уралдааны 1995 оноос хойш буй болсон тогтолцоо л гүнээ ойлгуулж чадав. Гэхдээ дээрхи гомдолууд нь үндэслэлтэй байсан юм. Социализмын үед хурдан адуу бол зөвхөн Галшар суманд байдаг гэсэн  ойлголт ноёрхож байсан ба чухамдаа энэ хандлагыг А.Баярмагнай гуай өөрийнхөө судалгаагаар батлах гэж олон жил оролдож байгаа ч,  өнөө үед зүүн зүгийн адуу, ялангуяа Сүхбаатар адуу хурдаар давамгайлдаг нь амьдрал дээр батлагдлаа. Харин Галшар адуу маань  “үнэлэхүй хурдан” гэдэг үнэлгээгээ баталж чадахгүй л байна

   Өнөөдөр 300 гаруй сум, 18 аймгийн төв болон дөрвөн хотын бүх насны адууг Сухбаатар адуу  ноёрхож байна. Энэ бол Их хурд, бүсийн морин уралдааны тогтолцооны гавъяа мөн. Чухамдаа Их хурд, бүсийн морин уралдаа нь адууны  чанар чансааг ямарч арын хаалгагүйгээр тодорхойлж чадснаар Их хурд, улсын наадамд уралдах морины тоо цөөрсөөр байгаа ч  чанар нь сулраагүй болно. Ийм учраас уяачдын дунд дэл сул яриа өрнөхгүй, Их хурдад түрүүлж айрагдсан морьдыг хүлээн зөвшөөрдөг болсон. Энэ бол бас нэг том алхам, амжилт мөн.

   Хурдан морины хурдыг тодорхойлоход тоо толгойндоо бус, харин жинхэнэ хурдан адуу оролцуулж чадвал тооны олон цөөн онцын нөлөөгүй гэдгийг ойлгуулсан нь Их хурд, бүсийн морин уралдааны  нэг чухал ач холбогдол, мөн чанар  оршино. Гэхдээ Монголын онцлог гэдэг зүйл байна. Энэхүү ойлголтоос Их хурд уралдаанд арай өргөн хүрээтэй хандах нь зүйтэй гэсэн санаагаа доор сийрүүлье. Үүнд: Өнөөгийн хурдан морины уралдааны тогтолцоо нь төдийлөн төгөлдөр бус, дөнгөж хөгжлийнхөө эхэн шатандаа явж байгаа тул үнэхээр хурдан морьдын шигшмэл уралдаан болж чадаж байна гэж үзэх нь эрт байна. Чухам иймд уг тогтолцоог цаашид уламж төгөлдөржүүлэх шаардлага байгаа нь ойлгомжтой. Монгол бөх дээр гэхэд л сумандаа түрүүлсэн бөх улсад нэг хоёр давах нь маш эргэлзээтэй бол, суманд түрүүлсэн морь улс, бүс, Их хурдад шууд ирээд түрүүлэх магадлал өндөртэй. Үүний нэг тод жишээ бол энэ жил улс, бүс, Их хурд урадаанд уралдаж амжилт гаргаагүй, хурдан морь сонирхогчдод танигдаж, дуулдаагүй Өвөрхангайгаас ирсэн хонгор халзан морь түрүүлж цахиур хагаллаа.

  Нөгөө талаас нүүдэлчин ахуйн соёлын оргил бол үндэсний хурдан морины уралдаан бөгөөд  Монгол үндэсний соёлын ноён оргилын нэг болдог. Учир нь зөвхөн морь уралдахдаа бус аа, харин морин уралдааны  зан үйлийн бүрэлдэхүүн нь нүүдлийн агуу соёлыг өөртөө шингээсэн байдаг болму. Аливаа морин уралдаан, ялангуяа Их хурд бол хамгийн хурдан морийг тодоруулахаас гадна энэхүү агуу соёлыг маш ихээр тээж, түгээдэг. Чухамдаа  Монголчуудын үндэсний соёлын хамгийн том дархлаа  нь болдог. Энэ үүднээс Их хурд уралдаанд аль болох олон хүмүүс, ялангуяа бүх аймгийн уяачид, хурдан морь сонирхогчид, морьдыг өргөн хүрээтэй хамруулж байх нь Монголын үндэсний морин уралдааны нэг онцлог хийгээд түүхэн үүрэг нь байх ёстой. Тэгэхлээр Их хурд уралдаанд бусад уралдаанаас арай өөрөөр хандах шаардлага байна.

    1: Үүнд юун түрүү Их хурд уралдааны мөн чанарыг тодорхойлж, түүний хэрэгжүүлэх журам, зохих стандартыг боловсруулж, тогтмол мөрдөж, мөн байнга сайжруулж байх нь хойч хойчдоо сургамжтай, түүний цаашдын хөгжилд их чухал нөлөөтэй байх болно.Эс авбаас тухайн үеийнхээ Холбооны удирдлагын хүмүүсийн үзэмжээс хамаарч өөр өөрөөр зохион байгуулагдах, тэр нь түүний нэр төрийг  унагах үндэслэл байж болох үндэслэл  харагдаж байна.

     2. Дээрх журам, стандартын хүрээнд Их хурд болох жил бүсийн болон бусад томоохон уралдааныг  аль болох багасгах, заримдаа ерөөсөө өнжөөх явдал нь Их хурдад аль болох олон хүмүүсийг хамруулах нэг нөхцөл болж болох  юм.  Ер нь Их хурд  уралдаанд биеэр оролцож, морьдын уяа сойлгыг харж, ямар уяатай, ямар галбир хийцтэй морьд илүү хурдалж байгааг нүдээр харах бол маш их сургамжтай, академик боловсрол байх ёстой. Чухамдаа чансаа өндөртэй морин уралдаанд л уяач, морь хоёр уралдаж байж л өөрсдийнхөө чанар чансаа, уяа сойлгынхоо ололт,дутагдалтай талуудыг хамгийн зөвөөр олж харж, ойлгодог, маш  сургамжтай, мэргэжил дээшлүүлдэг  дамжаа байдаг болмуу.

   3. Их хурд уралдааныг зохион байгуулдаг хугацааны  эргэн харах шаардлага байна. Гурван жил өнгөрөхөд хурдан байсан морь хөлгүй болох, эндэх, цаашилбал хурд нь биологийнхаа жамаар саарах зэрэг нөхцлийг бүрдүүлдэг. Иймд адаглаад хоёр жилд нэг удаа, болж өгвөл жил болгон зохион байгуулдаг байх талаар бодолцох.  Энэ жил Холбооний ерөнхийлөгчийн нэрэмжит Хамгийн хурдан адууны уралдаан зохиогдлоо. Энэ бол Холбооны ерөнхийлөгчийн эрхийн асуудал тул байж болох, байхгүй  байж болох асуудал болно. Харин Их хурдынх уралдааны бүрэлдэхүүнд соёолон насны морьдыг уралдлуулах асуудлыг авч үзэхэд буруугүй юм. Учир нь дараагийн Их хурд уралдааны өнгийг чухамд энэ насны морьд  тодорхойлно шүү дээ.

   4. Их хурд уралдааны нэр төрийг өндөр өргөхийн тулд энэхүү уралдааныг Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжит болгох алхам хийх хэрэгтэй. Монгол улсын түүх соёл, тусгаар тогтнолыг нуруун дээр үүрч ирсэн энэ буянтай малд Монгол улсын тэргүүнээс хүндэтгэл үзүүлэхийг манай ард түмэн ч хүссээр байгаа бөгөөд түхэн туршдаа хүссээр ирсэн. Харамсалтай нь түүхэн туршдаа өөрийнхөө болон төр засгийн нэр төрийг өндөржүүлэх үүднээс зөвхөн хэрэглэгч, хувийн эрх ашгийн үүндээс морин уралдааны зохиож, шулан мөлжиж ирсэн байдаг. Иймд  Их хурд ууралдааны төрийн эвээлд авч, Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар хурдан морь, уяачидад төрийн цол хэргэм олгодог байх шаардлага байна. Энэ нь Их хурдад хурдалсан морьд болон уяачдад олгодог цол зэргийг өндөршүүлнэ. Учир нь Морин тойруулгын уралдаан их хөгжсөн гадаадын аливаа оронд тухайн улсынхаа ерөнхийлөгчийн нэрэмжит цомын уралдааныг жил болгон заавал  зохиодог уламжлалтай байдаг бөгөөд тэрхүү уралдаанд маш их ач холбогдол өгч оролцдог нь  бидэнд нэгийг хэлээд байгаа юм.

   5. Их хурд нь бусад уралдаанаас заавал ялгаатай байх ёстой бөгөөд энэ бол уралдааны зай юм. Хэрэв үндэсний морин уралдаан нь монгол адууны тэвчээр хатуужлыг шалгаруулах замаар хөгжиж ирсэн, энэ нь Монголын түүхэн хөгжлийн замналтай шүтэлцээтэй байсан юм бол өвгөд дээдсээс тогтоосон зайнд уралдваас зохистой.Энэ бол Их нас 30, Азарга 28 км заавал уралддаг байх. Сүүлийн үед морин уралдааны зайг жилээс жил хассаар байгаа нь Монгол адууны үржлийн ажилд сайнаар нөлөөлөхгүй байна. Үнэнийг хэлэхэд  эрлийз адуу л илүү хурдлах  зайнд ил далд байдлаар ойртуулсаар байна. Баярмагнай гуай  уралдааны зайг цаашид  багасгах хэрэгтэй гэсэн санаа ярьж явна  лээ. Энэ бол маш буруу. 1995 оноос өмнө морьдыг тэжээдэггүй, өвөл, хаврын уралдаан байдаггүй, унаж эдзлэх боломж маш хязгаарагдмал байсан учир их нас, азарга уралдаж ирээд эндэх, бие нь эвгүйтэх асуудал бол сайн сайн уяачдын морин дээр хүртэл гардаг байсан. Харин өнөө үед жилийн турш бэлтгэлтэй,хүчит тэжээллээр хангагдсан,сунгааг сайн хийдэг болсон тул өвгөдийн тогтоосон зайд уралдахад ямарч саадгүй бөгөөд чухамдаа энэ зай л Монгол адууны шилдэгийн шилдэгийг тодруулж чадна.

   Манай өтгөс, дээдэс л бага насны адуу хурдлахын нэг их ойшоодоггүй, харин их насны морь төрж байгаа айлын адууг хүндэлдэг байсан нь тэнэг зан биш, харин ч монгол адууны чансааг жинхэнэ тодорхойлж чаддаг хамгийн зөв зай, нас  гэж үзсээр иржээ. Би үүнтэй 100 хувь санал нэг байна. Бидэнд түүхэн үүднээсээ дэлхийд морин тойруулгын хамгийн хурдан адуу гаргах гэсэн хоосон  мөөрөөдөл байх  ямарч шаардлагагүй бөгөөд түүхэн хувь заяагаар бидэнд ноогдсон дэлхийн хамгийн тэсвэр хатуужилтай адуугаа орчин үеийн нийгмийн хөгжил, шинжлэх ухааны шаардлагын хүрээнд хөгжүүлээд аваад явах ганцхан түүхэн үүрэг , хувь заяа ноогдсон бөгөөд түүнийг зөвхөн бид л хэрэгжүүлэх ёстой.     

   6. Цаашилбал Их хурдыг зөвхөн уяачид биш, Монголын нийгмийн анхаарлын төвд байлгахын тулд тодорхой өвөрмөц  арга хэмжээг зохиодог байх, түүнд монгол хувцас хунар, эмээл хазаар, хөөрөг, хос морь унасан гэр бүл гэх мэтийн үндэсний соёлын  хэлбэрийг оруулдаг байхад буруугүй байна.. Дэлхийн том том морин уралдаанд хээнцэр ганган эмэгтэйчууд хувцас, ялангуяа малгайн модоор чимдэг уламжлалтай. Энэ нь морин уралдааны арга хэмжээг чимэж, уламжлал болон хувирсан байдаг. Тэгэхлээр зөвхөн малгай мод, гоёлын үзэх гэж моринд сонирхолтой бус хүмүүс, хэнцэр ганган эмэгтэйчүүд,гадаадын жуулчдыг ихээр цуглууралдаг. Иймд Их хурд уралдааны үеэр олны сонирхолыг татдаг арга хэмжээг зохиодог уламжлал буй болгох нь чухал. Харин нийтлэг арга хэмжээ болох бөх барилдах,ном сум харвах нь бусад баяр цэнгэлээс ялгардаггүй. Мөн зөвхөн Их хурд уралдааны үед үндэсний морин уралдаанд тохирсон татализатарыг  ч ажлуулдаг байж болно.  Энэ мэтээр олон санал дэвшүүлж болох боловч түүнийг ажил хэрэг болгох  байгууллага нь ММСУХ шүү дээ..

  Тодруулга: “Эрлийз адуу гэж ярьдаг бол буруу,шинэ монгол адуу гэх нь зөв.”  гэдэг ярилцлагандаа А.Баярмагнай гуай дараах зүйлийг өгүүлсэн учир   тодорхой тайлбар өгөхөөс өөр арга алга байна. Харин уншигчид маань намайг А.Баярмагнай гуайтай дандаа зөрчилдөөд байх юм гэж битгий бодоорой. Би монгол хүмүүжлээр хүмүүжсэн, ахмад хүмүүсийг их хүндэлдэг, бас гайгүй боловсрол эзэмшсэн хүн. Гэвч шинжлэх ухааны эрин үед өөрөө юу ч ойлгохгүй асуудлаар хэвлэл, мэдээллээр илүү, дутуу юм яриад байгаад санаа зовж, мөн  тэрхүү хэлбэрээр нь зохих тайлбар өгөхөөс өөр аргагүй болдог. Жишээлбэл, энэхүү ярилцлагыг би ТВ-үзээгүй, сонсоочгүй байхад миний хичээлд сууж байсан нэг залуу үзээд, өөрөө шивээд, е-майл хаягаар  надад явуулахдаа тайлбарыг нь сэтгүүл, сайтаар өгнө үү? гэж гуйсан байх жишээтэй. Сэтгүүлч хүнийг биологийн асуудлаар шүүмжлээд байгаа нь утгагүй мэт ойлгогдож болох боловч өөрөө хүмүүсийн оюун ухаанд нөлөөлөх үүднээс хаа хамаагүй юм яриад  байгаад л  сөргөлдөөний учир, начир нь байгаа юм.

      А. Баярмагнай:“Ер нь эрлийз гэсэн нэр томъё бол маш буруу нэр томъёо юм. Эрлийз гэдэг чинь “хоёр өөр зүйлийн амьтан дундаас гарсан үр төлийг эрлийз гэнэ”.  Гэтэл одоо шинжлэх ухааны хэлээр бол  хоёр өөр үүлдрийн адууны дундаас гарсаныг эрлийз гэдэг чинь буруу нэр байгаа юм. 

    А. Баярмагнай: “Шинэ цагийн монгол адуу гэж болно. Одоо үндсэндээ нэр нь гараад ирсэн шүү дээ. Адуу нь бий болчихоод байна. Хүмүүс шинэ цагийн монгол адуу гээд нэг хэсэг ярьсан. Шинэ юм орж ирхээр заавал эсэргүүцэлтэй тулгарна шүү дээ. Тэгээд л ер нь цаг нь ирсэн үзэл санаанаас илүү хүчтэй юм нийгэмд байдаггүй”

   Тэгэхлээр зүйл буюу төрөл амьтан гэдэг бол нэг нь ардын хэллэгээр, нөгөө шинжлэх ухааны хэллэгээр хэлсэн үг. Хамгийн гол нь зүйлүүд нь нэг нь нөгөөгөөсөө зөвхөн бие галбир, гарал үүсэл, ижил төстэй байдлаар ялгарахаас  гадна зүйлийг тодорхойлдог биологийн үндэс болох  хромсомны тоогоороо ялгаатай.Хромсомны тоо ижил, нэг төрлийн  амьтныг нэг зүйл гэж хэлдэг. Бэлчээрийн мал аж ахуйд таван зүйлийн буюу төрөл малтай. Өөр хоорондоо эрс тэрс ялгаатай шүү дээ. Дэлхий дээр байгаа 240 гаруй адууны үүлдэр нь өөр хоорондоо бие галбир, ажлын чиглэлийн зорилгоороо өөр байдаг ч хромсомын тоогоороо адил. Харин Баярмагнайн ойлголтоор хоёр өөр зүйлийн хоорондоос гарсан амьтны “эрлийз” гэдэг нь хонь үхэр, тэмээг, адуутай хээлтүүлэгт оруулж гаргаж авах болж байна. Ийм зүйлийг орчин үед ярьж болох уу. Тэрч бүү хэл нэг овгийн, гэхдээ хромсомын тоо өөр илжиг, адуу хоёрын дундаас үр төл гардаг боловч тэрхүү төлийг “гибрид” гэж хэлдэг бөгөөд харин эр гибрид нь үр төл өгдөггүй. Мөн сарлаг,монгол үхэр хоёрыг хээлтүүлэгт оруулахад эр нь үр төлөө үлдээх чадваргүй байдаг бөгөөд түүний “хайнаг” гэдэг шүү дээ. Тэгэхлээр яаж үржүүлж олон болгох болж байна. Харин нэг зүйлийн өөр өөр үүлдэрийн амьтныг  өөр хооронд эвсэлдүүлэхэд ийм асуудал гардаггүй бөгөөд харин түүний “помесь-хольмог цустай”, эсвэл “полукровка-эрлийз” мал гэж шинжлэх ухаанд нэрлэдэг.

Гэхдээ ургамлын аймаг дээр  өөр зүйлийн ургамлыг зориудаар хүчиндэх байдлаар тоос хүртээж болдог бөгөөд эндээс оролцогч хоёр зүйлээсээ шал өөр төл өгдөгч  түүнийг цааш нь үржүүлж болгох талтай байдаг бөгөөд ийм шинэ ургамлыг гибрид,хэрэгжүүлж байгаа аргыг гибриджүүлэлт гэдэг юм. Гэвч ургамал, сүүн тэжээлт амьтан хоёрыг өөр хооронд биологийнхоо хөгжлийн төвшингөөр өдөр шөнө шиг ялгаатай, өөр түвшин шүү дээ. Тэгэхлээр ийм яриаг орчин үеийн бага сургуулийн хүүхдүүд ч уншаад ч инээд нь хүрэх байх. Би  Баярмагнай гуайгаас өөрийнхөө сэтгүүлд сурвалжлага авч, хоёр биенийхээ  үл ойлголцлуудыг нэг болгох нь зүйтэй гэж үзэж, санал тавьсан  чинь “зөвхөн сэтгүүлч хүн явуулбал сурвалжлага өгнө” гэж надад томорсон. Харин ТВ-ийн энэхүү  сурвалжлагч  асуудал тавьсан нь  буруугүй боловч, ямар хүнд, ямар асуудал тавихаа сайн тунгаагүй бололтой.

    Ер нь аливаа тусгаар улс байх юм бол л ийм, тийм адуу, үүлдэрийн мал  гэдгийг зөвхөн Улсын мэрэгжлийн байгууллага шалгаж үзээд, шаардлага хангасан бол баталгаажуулдаг. Энэ бол дэлхийн нийтийн нийтлэг шаардлага. Шинэ үүлдэрийн мал гэж бүртгэхэд маш олон стандарт шаардлагуудыг бодитойгоор хангасан байх ёстой. Адаглаад л тухайн малын үржлийн ажлын зорилго хэрхэн биелэгдсэн, ашиг шимт чанар  нь бусдаас юугаар ялгарч байгаа, түүний бүрдүүлж байгаа бие галбир нь сүрэгтээ аль зэрэг баталгаажсан, сүргийн бүтэц, бүтэц дэх хээлтэгч малын тоо, үүлдэрийнхээ малын  тоо хүртэл зохих шаардлагыг хангасан байх заалтай байдаг. Ийм мэрэгжлийн байгууллага Монголд байгаа шүү дээ. Тэгэхээс Баярмагнай гуайн ярьсан шиг, биологийн үржлийн ажилд “цаг нь ирэхээр өөрөө тодордог” асуудал байх боломжгүй. Тэрч бүү хэл, улсын мэргэлжийн байгууллагын шаардлагыг хангасан Монголын шинэ үүлдэр мал болох орхон, хангай үүлдэрийн хонь, үхрийн сэлэнгэ үүлдэр болон Өнжүүлийн ноолуур цагаан ямаа, Чойр дахь каракуль хонь одоо Монголын хөрснөөс халин одоод байна. Баярмагнай гуайн ярих дуртай, гэхдээ мэргэжлийн байгууллага хүлээн зөвшөөрөөгүй жаргалант,морин тойрууллага адууны үсний үнэр бараг байхгүй болжээ. Иймд ахмад сэтгүүлч, хурандаа, угсаатанзүйн ухааны доктор, адуу судлаач, хурдан морины зүтгэлтэй гэсэн нэрийн хуудастай, настан буурал маань өөрийнхөө сайн мэддэг зүйлээ  л олон нийтийн хүртээл болгож байваас зохистой. Цаашилбал үүнээс хойш  Баярмагнай гуай ч гэсэн биологийн асуудлаар янз бүрийн юм ярихаа больж, би ч гэсэн Баярмагнай гуайгаа шүүмжлэхээ болихыг л хувиасаа хүсэж байна.

Г.Төмөрхадуур

Сэтгэгдэлүүд
  • Болдоо IP:202.131.250.130 2016 оны 12 сарын 13

    Хадуур ахын зөв юм байнаа
  • Батбаяр IP:202.21.106.163 2017 оны 01 сарын 08

    их хурд уралдаан болох жил урилга авсан морьдыг бүгдийг ирүүлэхийн тулд бүсийн наадмуудыг багасгах гэсэн санааг бол дэмжиж байна. Бусад нь бол туйлширсан мэт санагдав. Харин нэг санаа нэмэж хэлэхэд анхны их хурдын нэвтрүүлгээр зартай хурдан хүлгүүдийн эзэдтэй уулзаж, хурдан морьдын танилцуулга хийсэн байдаг арга хэмжээ бол үнэхээрийн сайхан зүйл. Тиймээс үнэхээр халхын хурдан буянгуудыг цуглуулж уралдуулж л байгаа юм бол морьд, эзэдийг танилцуулах, морьдын хийц галбир, уяа сойлгын байдлыг харуулсан tv нэвтрүүлэг, видео контент цайлшгүй байхгүй бол ИХ ХУРДЫН УТГА УЧИР алга болоод байх шиг....
  • kharsor IP:202.179.26.64 2017 оны 06 сарын 23

    авах гээх юм байнаа . Гэхдээ надад Монголын морины хөгжилд эргэлт гаргахуйц бас хүн бүр алга ташин дэмжихуйц том санаа байнаа .
Сэтгэгдэл