2016 оны 12 сарын 22
Улаанбаатар хот 2016-12-22-нд Барилдсан бөхийн тоо: 160

Хууль сахиулахын их сургуулийн нэрэмжит сумын заануудын уламжлалт барилдаан өнөөдөр тус сургууль дээр боллоо. Долоо дахь удаагийн барилдааныг Б.Улаалзгана, Б.Сэр-Од нар магнайлан барилдлаа. Ойрын үед хүч үзээгүй Увс аймгийн заан Батжаргалын Цэвээнравдан энэ барилдаанд ирж зодоглосныг нь дурдах хэрэгтэй болов уу. 160 бөхөөс гурвын даваа хүртэл сайчууд үндсэндээ нурсангүй. Харин Хөвсгөлийн Гомбосүрэнгийн Батсүх Завханы Б.Жигжидсүрэнг амлан хутгуулж уналаа. Дэлгэрдалайн Пүрэвдорж Говь-Алтайн Ж.Баатарцэрэнг амлан заларсан. М.Лувсандорж таваас Н.Бямбажаргалыг амлан тахимдуулав. Эрдэнэбилэгийн Гантогтох гурван бөхөөс Өнөрбаянгийн Батсуурь авч, цаана нь аравдугаар сарын түрүү бөх Х.Бөхбаяр, өмнөх сарын дуулиан Б.Сэнгэдорж нар тунав. Э.Гантогтох сугадаж тахимдан давсан бол Х.Бөхбаяр хутгаад залгуулж тахимдан давлаа. Дөрвийн оноолтод Б.Улаалзгана манлай Э.Өлзийбаярт этүүлэн унаж, Б.Сэр-Од Хөвсгөлийн Б.Булган-Эрдэнийг тахимдан орхив. Ч.Чойжилсүрэн Т.Батсүрэнг хөнтөрч яваад хивсний залгаан дээр хавируулж нэлээд хүчтэй унасан. А.Мягмаржав Х.Бөхбаяр нар таарлаа. Энэ улирлын хоёр барилдааны түрүү бөх. Дүү заан нь хутгахад нь эргүүлж дараад давчихлаа. Болдбаатарын Одсүрэн Норовсамбуугийн Бямбажаргалтай сонгоонд хүрч барилдаад мордон давсан. Энхтөрийн Мөнхбаатар Эрдэнэбилэгийн Гантогтохтой мөн л хаялцах барьцанд хүртэл үзлээ. Мөн ижил мэхээр Э.Мөнхбаатар давлаа. Д.Алтанцоож С.Заманбекийг тохоод залгаж мордон илт илүүрхэж хаяв. Будаагийн Батсайхан Б.Амарбаярыг сэнжигнээс татчихлаа.

Тавын даваанд Б.Сэр-Од магнай мөн л Б.Өлзийбаярыг амлаж зүүн талдаа мордуулан унасан юм. Э.Гансүх хоёр дээр босч ам аван Э.Мөнхбаатарт мордуулж уналаа. Б.Даваадалай Б.Одсүрэнг амлаж өргөөний барилдааны даагаа нэхэв. Д.Алтанцоож гурваас Х.Бөхбаярыг амлаж хутгаж түрүүлэн уналаа. Б.Батсайхан Т.Батсүрэн нар тунав. Талбайн зүүн захад Б.Батсайхан хөл авч дэрлэн дуусгав. Зургаа дээр Б.Даваадалай гоцоллоо. Э.Мөнхбаатар Э.Өлзийбаярыг амлан мушгиж давлаа. Б.Батсайхан Х.Бөхбаяртай тунаж мушгиад залгуулж сэгсэрч чирээд хэвтүүлэв. Гурваас Э.Мөнхбаатар гоцлож, Б.Даваадалай Б.Батсайханд зүүн тонгоруулж уналаа. Тэргүүн байрын төлөө хоёр бяртай заан удаан хүч үзсэнгүй. Б.Батсайханы алдарт зүүн сугадааг ч харамгүй өгөв. Харин яг мушгих агшинд нь дээр нь тус үлдлээ. Чойрын Мөнхбаатар заан ийнхүү том барилдааны анхны түрүүгээ авлаа. Тэр даваа бүхэндээ нягт илүүрхсэн барилдаан үзүүлж байв.

Соёмбо спорт хорооны ахлах дасгалжуулагч Д.Рагчаа гарьд бай шагнал гардуулж, Гуулин шим компани ивээн тэтгэлээ.

4-н даваа

5-н даваа

6-н даваа

7-н даваа

8-н даваа


Сэтгэгдэл