2017 оны 01 сарын 18

Гаргасан бүтээгдэхүүн бүр нь зах зээлд амжилт олон гялалзаж яваа “Three Flames” ХХК-ийн захирал Т.Хонгорзултай уулзаж ярилцлаа. Өрхийн үйлдвэрлэлээс эхтэй тус компани 2015 оны 11 сарын 26-нд албан ёсоор үүсгэн байгуулагдсан ч Flames брэндийн аяны хөнжил, ангийн бууны гэр, гадуур хувцас зэрэг нь өөрийгөө хүндэтгэдэг эрхмүүдийн трэнд болоод буй юм. Гэхдээ бид энэ удаа сүүлийн үед хэрэглэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй Хадлан загварынх нь талаар тодрууллаа. 
-Сошиал ертөнцөд шуугиан дэгдээгээд байгаа Хадлан дээлнийхээ талаар манай уншигчдад мэдээлэл өгөөч.
 
-“Three Flames” компанийн бас нэгэн шинэ бүтээгдэхүүн л дээ. Даяаршлын эрин зуунд амьдарч буй бид өөрийн үндэс угсаа, өв соёлд гүн хүндэтгэлтэй хандаж, үнэт чанрыг нь гээлгүй орчин үетэйгээ хослуулж авч үлдэх учиртай. Хадлан загварын дээл бол яг л ийм бүтээгдэхүүн юм. Дээл хийх санааг манай нэг хэрэглэгч, та бүхний сайн танил УИХ-ын гишүүн асан М.Зоригт ах маань өгсөн.Орчин үеийн шаардлага нөхцөлд нийцсэн монгол дээл хийж үзээч гэж. Нээрэн яагаад хүн болгоны өдөр тутмын хэрэглээнд нийцсэн дээл хийж болохгүй гэж. Ингэж бодоод ямартаа ч хийгээд үзье хэмээн шийдсэн. Тэгсэн Зоригт ах “ах нь нэрийг нь өгье” гээд “Хадлан” нэрийг санал болгосон. Энэ нэр надад ч гэсэн өвөрмөц, басхүү сонсголонтой санагдсан учраас зөвшөөрсөн. Тухайн үед Зоригт ахын продюссероор нь ажилласан “Шүүдэр дундуур” кино олны хүртээл болж, ид шуугиан тарьж байсан үе л дээ. Дээл бүтсэн тухайд товчхондоо ийм. Гэхдээ нэлээд хугацаанд судалгаа хийсэн. Бид ер нь аль ч бүтээгдэхүүнээ хийхээс өмнө судалгаа явуулдаг. Өнөөдөр бүтээгдэхүүнүүд маань хэрэглэгчдийн таашаалд нийцэж байгаа нь үүнтэй ч холбоотой байх. Өөрөөр хэлбэл анхнаасаа хэрэглэгчийнхээ хүсэл, сонирхол, хэрэгцээг нарийн судлан тусгаж өгдөг. 
-Бүтээгдэхүүн хэрэглэгчийн хувьд санал нэг байна. Үнэхээр 100 хувь нийцүүлж чаддаг шүү
-Баярлалаа. Ний нуугүй хэлэхэд дээлээ хийх гэж нэлээд удсаан. Ерөөсөө л нэг хүрч зүрхлэхгүй байсан. Бид өөрсдөө анзаарч мэдэрдэггүй болохоос биш монгол дээл бидний хувьд хамгийн хүндтэй хувцас юм билээ. Зоригт ах над руу байнга өмсдөг алдарт цэнхэр дээлээ явуулаад “анхны дээлээ ахдаа хийгээд өгчих” гэсэн юм. Би засвар үйлчилгээ хийлгэхээр авчирсан хувцас хэрэгслүүдийг нэг сагсанд хийдэг. Тэгсэн нөгөө дээлийг тэр сагсандаа хийж чаддаггүй. Эвтэйхэн гэгч нь эвхээд ширээн дээр тавьчихсан байсан. Тэгээд би яагаад энэнд хүрч чадахгүй байгаа юм бэ гээд бодсон чинь Монголчуудын хувьд дээл гэдэг хамгийн нандин хүндтэй хувцас нь байдаг. Тийм ч болохоор нь би хүрч чадахгүй эмээгээд байсан юм билээ. Ингээд юун түрүүнд тэрхүү хүндэтгэл хадгалагдах учиртай хэмээн үзэж харагдах байдлыг өөрчлөхгүй байхаар шийдсэн. Дараа нь хэрэглэгчдийн дунд судалгаа явуулж эхэлсэн л дээ. Яагаад дээл өмсдөг вэ? Яагаад дээл өмсддөггүй вэ? гээд. Энэ судалгаа материал болон хэрэглээний хувьд бидний шаардлагыг хангахаа больсон гэдгийг харуулсан.Тиймээс материалын болоод хэрэглээний хувьд шинэчлэл хийх ёстой юм байна гэдэг дүгнэлтэнд хүрч ус, салхи, чийг нэвтэрдэггүй материалыг сонгосон. Дараагийн алхам бол хэрэглээний шинэчлэл. Өдөр тутам өмсөх учраас гарт ойр байх зүйлсээ хийх халаас. Ингэж тооцоолоод хамгийн анхны дээлээ хийгээд Зоригт ахад хийж өгсөн. Анхны хэрэглэгч маань сэтгэл хангалуун, зургийг нь харсан хэрэглэгчид ч эерэгээр хүлээн авч, захиалга өгөх хүсэлтээ илэрхийлэн бидэнд иэхэхэн урам зориг өгсөн. Энэ дашрамд надад чадна хэмээн итгэл хүлээлгэсэн Зоригт ахда баярласнаа илэрхийлмээр байна. 
-Өмнө нь танай бүтээгдэхүү­нүүдийг хэрэглэж байсан чанарыг нь мэдэх учраас эргэлзээгүй байхаа?
-Тийм байх. Хадлан загварын дээл нь бүтэн нано дотортой, хэрэглээнд зохицсон халааснуудтай, салхи, ус нэвтрэхгүй, гэрийн нөхцөлд угааж цэвэрлэж болдог Монголын хамгийн анхны размертай дээл юм. Дээр дурдсан давуу талуудаас болоод туршилтын хугацаанд ч гэсэн олон хэрэглэгч бидэнд хандан захиалга өгөх хүсэлтээ илэрхийлсэн. Захиалагчид дунд “өмнө нь огт дээл өмсөж байгаагүй, танай дээлийг хараад өмсмөөр санагдлаа” гэсэн хүмүүс олон байгаа нь биднийг их зоригжуулсан л даа. Яагаад гэхээр бидний зорилго бол монгол хүн монгол үндэсний хувцсаа өдөр тутам өмсөж, эдлэж хэрэглэхийг дэмжих явдал байсан. Хадлан загварын дээл хэрэглэгчид хүрээд удаагүй ч монгол үндэсний хувцсаа өмсөх хүслийг нийтэд түгээж чадсанд баяртай байгаа. Ер нь бол “Хадлан” загварын дээлийг өөрийн нүдээр харсан хүн шууд захиалдаг.
-Биед эвтэйхэн, хөнгөн, авч явахад амар, дулаан. Дээр нь угааж цэвэрлэхэд асуудалгүй гээд олон давуу талууд байгаа нь танай бүтээгдэхүүнийг сонгох гол шалтгаан болж байгаа байх?
-“Хадлан” загварын дээл 1,5 кг орчим жинтэй ч үстэй дээлнээс илүү дулаан.Өмсөхөд биед эвтэйхэн, хөнгөн дулаан. Дээр нь биедээ байнга авч явдаг гар утас, цэнэглэгч банк, хөөрөг, чихэвч гэх мэт ойр зуурын хэрэглээний зүйлсээ хадгалах зөв суурилсан халааснуудтай. Дээлээ эвхээд тусгай зориулалтын бүсээр бүсэлж, зориулалтын уутанд хийчихдэг учраас үрчийж муухай болохгүй. 
-Нээрэн уут нь их зүгээр юм билээ шүү?
-Угааж цэвэрлэх болоод ашиглах заавар бүхий мэдээлэлтэй дээлний адил өнгөтэй уутыг бий болгосон. Хээр хөдөө явахдаа дээлээ уутанд нь хийгээд дэрлээд унтаж болно. Манай компанийн нэр Three Flames. Flames гэдэг нэр халуун дулаан, тохь тухыг мэдрүүлээсэй хэмээн зорьж, бүхий л бүтээгдэхүүнүүдэдээ үүнийгээ шингээхийг хичээдэг. Өөрөөр хэлбэл Flames –ийн бүтээгдэхүүн гэхээр зөвхөн танд зориулагдсан, маш эвтэйхэн, дулаахан, тав тухтай байх ёстой. Хадлан загварын дээл маань бэлэн болоод эхний хэрэглэгчид хүрлээ. “Ямар санагдаж байна” гээд асуусан “бүх зүйл нь таалагдлаа. Монгол дээл өмсөхөд хацар л даардаг юм байна” гэсэн. Үүнээс улбаалаад “малгай хийх хэрэгтэй юм байна” гэдэг бодол төрж тусдаа, салдаг хэрэглэхэд амар дулаахан, нүүрэн хэсгийг хамгаалж өгөх үстэй малгай хийсэн. Хэрэглэгчид маань “энгийн үедээ малгай, буухаараа ороолт болчихдог их зүгээр юм байна” гээд ам сайтай сэтгэл хангалуун байгаа. Манай малгайнууд ангийн буюу үйлдвэрийн аргаар боловсруулсан оргинал чонын үстэй. Монгол дээлний өөр нэгэн дутагдал бол ханцуй өргөн учраас хүйтэн сэрүүний улиралд тэр хэсгээрээ их сийгдэг. Үүнийг нь салхи хаадаг сүлжмэл ханцуйвч хийж шийдсэн. Өөрөөр хэлбэл Хадлан загварын дээл хүрэм шиг давхар ханцуйвчтай гэсэн үг. Ийнхүү бид одоогоор Хадлан загварын дээлнийхээ шийдлийн 80 хувьд хүрчихсэн. Цаашдаа тухай бүрт нь сайжруулна. 
-Туршилтын хугацаа дууссан уу? Одоо захиалга авах уу?
-Өнгөний өргөн сонголттойгоор захиалга авч байгаа. Зоригт ахын хөх дээлний дараа гадагшаа явахаасаа өмнө танай бүтээгдэхүүнийг авмаар байна гэсэн хүсэлтийн дагуу эхний ээлжинд 10 дээл онцгой хэрэглэгчдэдээ зориулан үйлдвэрлэсэн. Түүнээс хойш ер нь захиалга тасраагүй дээ. Сүүлийн үед олны танил, бусдад үлгэр дууриал болдог залуус манай дээлийг сонирхон хийлгэхээр хандаж байна. Хадлан загварын бусдаас ялгарах бас нэгэн давуу тал дээл бүр өөрийн гэсэн дугаартай. Хүмүүс өөрсдийн төрсөн өдрөөрөө ч юмуу, дуртай тоогоо сонгоод дугаарлуулж болно.
-Миний сонгосон дугаар давхардахгүй гэсэн үг үү?
-Яг тийм. Дээлний дугаар дахин давтагдахгүй. Жишээлбэл Их аварга Асашёорюү Дагвадорж гэхэд л 68 дугаарын дээлтэй. Монгол дээлийн салшгүй нэг хэсэг нь бүс. Бид бүсийг хэрхэн шийдэх талаар нэлээд бодож судалсан даа. Тэгээд эцэст нь тэр хэвээр нь үлдээх ёстой юм байна гэсэн шийдвэрт хүрсэн. Яагаад гэхээр монгол эр хүний хийморь, малгай бүсэндээ байдаг. Малгай бүсээ тэр болгон солиод байдаггүй шүү дээ. Тэр утгаар нь уламжлалт бүсээ зүүх ёстой юм билээ. Энэ шийдвэрийг гаргахад нөлөөлсөн бас нэг зүйл миний дүү. Дүүгээ дээл өмсөхийг ажигласан. Бүсээ бүслэснийхээ дараа өөрийгөө илүү том хүчтэй болсон мэт мэдэрч буй нь анзаарагдсан л даа. 
-Хүмүүс сар шинийн гоёлоо зэхэж байна. Захиалга өгсөнөөс хойш ямар хугацаанд бэлэн болох боломжтой вэ?
-Бид сар шинийн өмнө бэлэн дээлнүүд худалдаанд гаргахаар зорин ажиллаж байна. Нийслэлийн хэрэглэгчид манай үйлдвэр дээр захиалга өгөхөд 7-10 хоногийн хугацаанд гарах боломжтой.
-Зөвхөн үйлдвэрийн дэлгүүрээр л зарж байна уу?
-Flames made in Mongolia гэсэн манай албан ёсны пэйж хуудсаар дамжуулан захиалга өгч болно.Удахгүй албан ёсны вэб сайттай болох төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр албан ёсны пэйж хуудас болон вэб сайтаараа дамжуулаад бүтээгдэхүүн худалдаалах цэгүүд болон бусад холбогдолтой мэдээллээ хүргэж байх болно.Одоогоор бол үйлдвэрийн байрандаа захиалга авч байна. Үйлдвэрийн байран дахь show room-д зочилж манай хийсэн бүтээгдэхүүнтэй танилцангаа өөрт таалагдсан өнгө материалаа сонгон захиалгаа өгөх боломжтой. 
-Гадаадаас хүртэл зорин ирж Хадлан загварын дээл хийлгэсэн гэж байсан. Энэ үнэн үү? 
-Үнээн. Нүүр номоос хараад Улаан-Үдээс зорин ирж дээл хийлгэсэн. Танай дээлийг хийлгэх гэж Улаанбаатар ирлээ гэсэн тэр хэрэглэгчийг маань Туяанаа гэдэг. 13 дугаарын дээлний эзэн болсон. Үүнээс гадна Канад, Австриас Хадлан загварын дээлийг маань авсан. Цаашдаа гадаадад ажиллаж амьдарч байгаа Монголчуудадаа дээлээ хүргэх арга замыг судалж байгаа. Түүнчлэн манай компани АНУ-ын Засгийн газраас санхүүждэг сайн дурын байгууллага болох Энхтайваны корпусынхантай хамтран ажиллаад нэлээд хэдэн жил болж байна. Компани байгуулагдахаас өмнө буюу өрхийн үйлдвэрлэл байхаас эхлээд хамтран ажиллаж байна. ОУ-ын нэр хүнд бүхий энэ байгууллага хувь хүнтэй гэрээ байгуулж байсан түүхгүй. Харин манайхыг бүтээгдэхүүний чанараас болоод сонгон ажиллаж байсан. Хадлан дээл үйлдвэрлэсэн сургаар танилцуулгаа өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Энэ хэрвээ ажил хэрэг болбол ОУ-ын байгууллагаар дамжаад дэлхийн өнцөг булан бүрт монгол дээл маань тэр дундаа Хадлан загварын дээл маань хүрэх боломжтой болж байгаа юм. 
-Чихэнд чимэгтэй сайхан мэдээ байна. Монгол дээлэнд шинэчлэл хийж шүүгээнээс гаргасан танай хамт олонд ажлын амжилт хүсье. Монгол хүн бүр өдөр тутам үндэсний хувцсаараа гоёх болтугай. 
-Баярлалаа.

Сэтгэгдэл