2017 оны 02 сарын 07

Гал тахиа жилийн хаврын тэргүүн сарын билгийн улирлын шинийн нэгэнд зориулсан өсвөрийн барилдаан хоёрдугаар сарын 25-нд МБӨ-нд болох юм. Олон жил тасралтгүй хийж байгаа өгөөжтэй энэ барилдаанд манай улсын шилдэгүүд бага насны уран барилдаанаа хийж байв. Өнөө жил  улсын аварга Н.Чиеэгүнбаатар, улсын шонхор Б.Адъяасүрэн, улсын шандас Г.Болор-Очир, дэд аварга А.Баянмөнх, Булганы Ширнэндагва, Б.Очирсуурь, С.Сүхбат, Ж.Мягмардэмбэрэл, Орхоны Э.Мөнхбаатар тэргүүтэй сайчууд шинийн баяртаа зодоглох боломжтой билээ. Мөн өдөр нийтийн монгол бөхийн барилдаантай.

1997 оны өсвөрийн барилдаанд сумогийн их аварга Долгорсүрэнгийн Дагвадорж, аймгийн арслан Тогоогийн Отгонзоригт нар тэргүүн байр булаалдаж байлаа. 

1998 онд Орхоны Батмөнхийн Алтанхүү түрүүлж, Пүрэвнямын Амарсанаа үзүүрлэж, жүдогийн Гантөмөрийн Дашдаваа, Орхоны Б.Ганхүү нар их шөвөгт үлджээ.

1999 оны хоёрдугаар сарын 14-нд  96 бөх барилдаж Р.Баяржаргал түрүүлж, Р.Ганжаргал үзүүрлэж, аймгийн арслан Б.Ариун-Эрдэнэ гуравт үлджээ.

2000 онд сумод явдаг Рэнцэндоржийн Гантөгс түрүүлж, улсын заан Мөнхсайханы Өсөхбаяр үзүүрлэв. Их шөвөгт Ч.Мөнхбаяр, С.Хатанбаатар нар шалгарсан.

2001 онд сумод явдаг Э.Одгэрэл түрүүлж, Завханы Б.Сосорбурам үзүүрлэж, У.Бямбажав, Б.Амармэнд, Р.Гантөгс нарын ирээдүйн сумочид шөвгөрлөө. 

2002 онд хожмын улсын начин Лхагвасүрэнгийн Гантулга түрүүлж, аймгийн начин болсон Ядамсүрэнгийн Болд үзүүр булаав.

2003 оны нэгдүгээр сарын 29. Усан хонин жилийн сар шинийн барилдаанд Товуужавын Мэндтулга түрүүлж, Чойжоогийн Дагвадорж үзүүрлэв. Их шөвөгт Н.Төгсбаатар, 42-р сургуулийн Т.Үүрийнцолмон нар шалгарсан байна. Сонирхолтой нь тус барилдааны гурвын даваанд Хүй Мандалын Б.Золбаяр 39-р сургуулийн Ж.Бат-Эрдэнэ нар таарч ирээдүйн гарьд давж байжээ.

2004 оны хоёрдугаар сарын 18-нд МБӨ-нд болж 128 бөхөөс өдгөөгийн жүдо барилдааны -100 кг-ийн шилдэгүүдийн нэг Б.Тэмүүлэн түрүүлж, Б.Мөнгөнтулга үзүүрлэв. Их шөвөгт Т.Мэндбагана, Лутын Батзориг нар үлдсэн байна.

2005 оны хоёрдугаар сарын 6-нд МБӨ-нд 128 хүчтэн барилдаж Баттулгын Тэмүүлэн дахин түрүүлж үзэгч олноо баясгав. Үзүүрт Лутын Батзориг хүрсэн байна. Зоригоо заан 34-р сургуулийн сурагч байжээ. Их шөвөгт Гарьд дэвжээний Пүрэвсүрэн буюу одоогийн Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат аймгийн начин Г.Пүрэвсүрэн, 34 дугаар сургуулийн Т.Мэндбагана нар үлдэв.

2006 оны нэгдүгээр сарын сүүлээр болж одоогийн аймгийн начин Т.Далайням түрүүлж, Баянзүрх дүүргийн Ч.Мөнхболд үзүүр булаав. Далайням нь улсын начин Д.Төмөрбаатар агсны хүү билээ. Их шөвөгт Сүхбаатарын Ган-Идэр, Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн сурагч В.Мөнхболд нар шалгарав.

2007 онд Сүхбаатарын Ган-Идэр долоо даван түрүүлж, Өвөрхангайн Т.Түвшинтулга үзүүрлэв. Их шөвөгт Завханы Б.Бадамсүрэн, Дармаагийн Тамир нарын ирээдүйн шилдэг цолтнууд үлдлээ.

2008 онд Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат Гомбодоржийн Пүрэвдорж түрүүлж, Хархорины Төмөртогоогийн Түвшинтулга үзүүрлэлээ. Доржхандын Хүдэрбулга, Ганбаатар арслангийн хүү Мөнхсайхан нар их шөвөгт үлдэв. Өвөрхангайн гурван өсвөр бөх чөлөөтийн Хүдэрбулгатай их шөвөгт үлдсэн нь энэ юм.

2009 онд чөлөөтийн энэ цагийн шилдэгүүдийн нэг Д.Хүдэрбулга түрүүлж, уран барилдаант арслан Х.Оргилболд үзүүрлэлээ. Дорнодын Доржийн Анар, Говь-Алтайн Чинзоригийн Эрдэнэсайхан нар шөвгөрчээ.

2010 онд Энхтөгсийн Оюунболд харцага Болор-Эрдэнийн Номиндалайгаа хаяж түрүүллээ. Өлзийбаярын Дүүрэнбаяр их шөвөгт үлдлээ. Б.Серик, Аваргын Б.Батбилэг нар тавд шалгарсан.

2011 оны нэгдүгээр сарын 30-нд МБӨ-нд 160 өсвөрийн хүчтэн барилдаж одоогийн Баян-Өлгий аймгийн арслан Б.Серик түрүүлж, аймгийн начин Даваасүрэнгийн Аззаяа үзүүрлэв. Лхагвасүрэнгийн Энхсаруул гуравт, Увсын А.Отгонбаатар, Д.Цэнд-Аюуш нар тавд шалгарчээ.

2012 оны цагаан сараар 144 бөхөөс Баасанжавын Самданжамц түрүүлжээ. Үзүүрт одоогийн Ховд аймгийн начин Аварзэдийн Дэлгэрхангай хүрч, гуравт Аварга дунд сургуулийн Э.Сандаг шалгарав. Дундговийн Сугирын Лундаа, өсвөрт хоёр жил сайн хүч үзсэн Булганы Х.Нямдорж нар тавд үлдэв.

2013 оны цагаан сараар Эрдэнэбилэгийн Амартүвшин түрүүлж, улсын шандас Ганбатын Ганзориг үзүүр булаав. Их шөвөгт улсын шонхор Батжаргалын Лхагвадорж, Дундговийн Б.Одсүрэн нар үлдэв. Хэнтийн Г.Ганзориг энэ удаа улсын наадамд унасан даагаа Б.Лхагвадоржоос сайнтай нэхэж хаясан юм.

2014 оны цагаан сараар 96 бөх хүч үзсэнээс Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат улсын шонхор Батжаргалын Лхагвадорж торолгүй түрүүлж, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын харьяат Нэгдүгээр дунд сургуулийн сурагч Батбилэгийн Бямба-Эрдэнэ үзүүр булаав. Гуравт Булган аймгийн Сайхан сумын харьяат "дүүгүүр" Н.Намнансүрэн үлджээ. Зургаад Хилчиний Нямдоржийн Өсөхбаяр, Аваргын Даваадоржийн Эрдэнэтулга, Дорноговийн Батсуурийн Бат-Эрдэнэ нар шалгарав. Б.Лхагвадорж Сүхбаатарын Н.Өсөхбаяр, Б.Бямба-Эрдэнэ нарыг баруун золгооноос дүүгүүрдэж, зүүн талдаа тохож хаясан билээ.

2015 онд 104 өсвөр бөх хүч чадал авхаалж самбаагаа сориход улсын босоо шонхор Батжаргалын Лхагвадорж долоо даван түрүүлж, Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат М.Жамсрандорж үзүүрлэв. Их шөвөгт Хилчин спорт хорооны бөх Нямдоржийн Өсөхбаяр, Аварга лицей сургуулийн сурагч Завхан аймгийн Яруу сумын харьяат Мөнхтөрийн Лхагвагэрэл нар үлдлээ. 

Ноднин 112 бөхөөс Цагааннуурын Цэндийн Лхагва-Очир элдэвтэй бөх гэдгээ харуулан түрүүлж,  Тэргүүн байрын төлөө тэр Хөвсгөлийн Их-Уул сумын харьяат Нанжидсүрэнгийн Даваажамцыг давуулж барин бусгаж хаясан билээ. Түрүү бөх их шөвөгт  Аварга лицей сургуулийн Болдбаатарын Баянсүхийг гар ачин орхисон юм. Говь-Алтай аймгийн харьяат сумын начин Ч.Дамдинсүрэн их шөвөгт үлдээд Хөвсгөлийн хүүгийн арал бяранд ноёлуулан унаж байлаа. Улсын шонхор Э.Үнэнхүү гурвын даваанд түрүү бөхөд унаж, улсын шандас Т.Түмэнжаргал Өвөрхангай Б.Баянсүхэд тус тус унасан юм.

Сэтгэгдэлүүд
  • zorigoo bayar IP:49.0.186.22 2017 оны 02 сарын 10

    янзтай
Сэтгэгдэл