2017 оны 05 сарын 02


Зуун дамжин алдаршсан тод манлай уяачтай ярилцлага хийх завшаан олдсонд баярлан Өлзийт хороог зорин очсон юм. Өмнө нь тэднийд хэд хэд очсон болохоор саадгүй явсаар хашаанд орвол зочидтой байгаа бололтой, гурав дөрвөн том хар тэрэг эгнэн зогссон харагдана. Бид ч өмнө нь ярьж тохиролцсон болохоор шууд л яваад орчихлоо. Хол ойрын хэдэн зочид хоол цай хийлгэн ихэд тухлан, яриа өрнүүлэн сууцгаана. Уяач маань биднийг өөр өрөөнд оруулан  ярилцлагаа эхэллээ. Ард түмэн түүнийг “Хурдан морины нэвтэрхий толь” хэмээн нэрлэдэг ч бид харин  үүнээс ч дутахааргүй малч ухаан, өргөн мэдлэгтэйг нь бишрэн суусан юм. Ингээд түүнтэй хийсэн ярианд анхаарлаа хандуулана уу.
-Энэ удаад бид таниас адууны үржүүлгийн талаар асууя гэж бодлоо. Монголчууд бид дээр үеэсээ л үе үе адууныхаа цусыг сэлбэж ирсэн байдаг. Өвгөн ноёны үед ч маш амжилттай хурдан адууны үржүүлэг хийж байсан. Сүүлийн жилүүдэд бодлоготойгоор адууны цус сэлбэж байгаа хүмүүсийн нэг нь таныг гэж боддог. Энэ талаар яриагаа эхлэе?
-Өвгөн ноён Пүрэвжав гэдэг хүн Цэцэн хан аймгийн цэргийн жанжин байсан. 1844-1932 оны хооронд амьдарч байгаад адууныхаа гурван үеийг хурдлахыг үзсэн хүн байгаа юм. Тухайн үед Швед улсын иргэн А.Ларсон гүн /VIII богдоос гүн цол хүртэж байсан/ Цэцэн ханы нутагт хурдны чиглэлийн адууг авчирч үржүүлж байсан байдаг юм. Хамгийн сүүлд бичиж үлдээсэн тэгдэглэл нь байдаг. Түүн дээр нь монголын бэлчээрийн адуутай хамгийн сайн нийцэх адуу бол араб адуу юм байна гэж дүгнэн, бичиж үлдээсэн байдаг юм билээ. Бусад өөр янз янзын зүйл бас оруулсан л байдаг. Ер нь дэлхийн олон оронд адууны үржүүлэг хийхдээ араб адуу оруулж байж хурдны хэвшлийн адуу гаргаж байсан байдаг юм. Адууны үржүүлэг гэдэг чинь цаг хугацааны асуудал ш дээ. Хурдны хэвшлийн адууг цөм дотор нь байлгаж, бодлоготой үржүүлэх хэрэгтэй. Түүнээс биш дураар нь энэ хурдан гэсэн гээд үржүүлэх юм бол хурдан адуу гарахгүй.  Азарганыхаа эхийн удмын адууг азарга тавьсан адуундаа хураалгаж байж хэв хэвшил гэдгээ барьж явдаг. Азарга тавьж байгаа адуу байлаа гэж бодоё л доо. Тэгвэл өөрийн унаган гүүнээсээ гарсан сайн, сайжруулагдсан адуунд  хэдэн гүү тавиад,  арай гайгүй гүүнээс нь хурдан адуу гарахаар нь эхийн удмын адууг буцаагаад гаргасан адуундаа хураалгана. Тэгж явж байж л байнгын нэг хийцний,  хэвлээд гаргадаг хэв шиг тийм гүүтэй болно. Ингэж хэв нь тогтоно. Тэгэхгүй өөр өөр юмтай нийлүүлээд байх юм бол хурдан адуу гарна гэхэд хэцүү. Гүүнээсээ шалтгаалахгүйгээр ямар ч хэв хийцээ алдахгүй азарга гаргая гэж бодоё л доо. Өөрт чинь нэг сайн азарга байлаа гэхэд түүнийхээ эр төлийнх нь охин төлийг буюу ачийг нь буцаагад тэр сайн азаргандаа хураалгах юм бол бүүр илүү  их батжаад өөрийнхөө хэв хийцийг ямар ч адуунд алдахгүйгээр гардаг тийм азарга болдог байхгүй юу. Тэрний хэр хурдлахыг нь зөвхөн гүү шийдэхээс биш, тэр хэв хийц бол хамаагүй. Хурдлах чадвараа авч явна гэдэг нь тэр азарганыхаа эхийнх нь удмын гүү талыг хураалгасан адуу бол илүү их хурдлах чадвар сайтай болно. Өвгөн ноёноос хойш  социализмын үед Жаргалантын морин завод гэж 10000 адуутай том аж ахуй байсан. Энэ нь Жаргалант хурдны хэвшлийн адуунууд юм. Одоо энэ хурдлаад байгаа сайхан адуунуудыг  яриад судлаад үзэхээр нэг бол  Галшар луу орно, нэг эсвэл Жаргалант адуу руу орно. Сүүлийн үед Жаргалант адуу давамгайлж байна. Жаргалант адуу гээд байгаа нь морин тойруулга адууг хэлээд байгаа. Миний хувьд 1980 онд цэргээс халагдаж ирээд 10 гаруй жил нэгдлийн адуу хариулж байсан. Түүний дараагаар 1980-аад оны дунд үеэс морь уяж эхэлсэн л дээ. Хүмүүс мэднэ дээ. Би 1993 оны хавар морин тойруулгаас 11-н адууг 30-н адуугаар сольж авч байсан. Тэр үед Сайнцог хурандаа дарга нь байсан юм. Тэгээд журмынх нь дагуу зөвшөөрлийг нь авч, сольж байлаа. 1993 оноос хойш 24 жил болж байна. Одоо давхиад байгаа адуунууд маань тэр Жаргалант адууны л үр төл явж байгаа юм. Миний нэг их айхтар уяна ч гэж юу байхав. Тухайн үед хүнээс урьтаж харсан нь юу гэхээр Гарамжав гуайтай нэг жил саахалт бууж морь уяад, тэднийх эрлийз тойруулга адуутай, дан түрүүлж ирээд байдаг. Миний уясан морьд дан ард нь ирдэг байлаа.  Тэгээд энэ тойруулга адууг уяхгүй бол болохгүй юм байна гээд тойруулгаас хэдэн адуу авч байсан.
-Буцаад цусанд нь нийлүүлнэ гэхээр адуунд цус ойртолт болохгүй юу?
-Дэндүү их ойрхон байж болохгүй. Тухайлбал нэг азарганы хоёр төлийг нийлүүлж болохгүй. Эцэг талаараа нийлүүлж болохгүй гэсэн үг. Нэлээд ойртоод ирэхээр нь дунд нь сайжруулагч хийгээд буцаагаад эргэж цусанд нь нийлүүлэх хэрэгтэй. Гаднаас орж ирсэн морьдын паспорт надад байна. Эдгээрийг харахаар ойлгомжтой харагддаг. Дунд нь заавал нэг сайжруулагч орсон байдаг. Миний адуундаа оруулж ирсэн адуунууд бол араб адуунууд байгаа юм.  Тэгэхдээ тэд дан нэг удмын адуунууд байгаа. Тэгэхгүй бол өөр өөр юм авчихвал энэ чинь үр дүн нь гарахгүй болно.
-Сүүлийн үед баяр наадмуудаар эрлийз Монгол гэсэн маргаан их гарч байна. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?
-Нэгдүгээр үеийн эрлийз адуу бол монгол адуутай угаасаа уралдахгүй ээ. Монгол адуунаас илт давуу хурдан. Тэрнээс доошхи нь бол монгол тал руугаа ороод явчихна. Давхиад байгаа адуунууд ихэнхи нь цустай адуунууд ш дээ. Үүнийг ганцхан мань мэтийн хэдхэн хүмүүс үржүүлээд байгаа юм биш, улс даяараа л юм болж байна ш дээ. Хурдан морины уралдаанд хурдан адуугаараа л уралдах ёстой биз дээ. Түүнээс биш хүн харахад ч гэсэн урамгүй, арай хийж цогисон юм бол хэцүү ш дээ. Манай монгол адуу бол тэсвэр тэвчээртэй адуу болохоос хурдны адуу бол биш.
-Таны хувьд Монгол адуу гэхээр ямар тодорхойлолт хэлэх вэ?
-Манай монгол адуу Понигийн төрөлд ороод байгаа ш дээ. Пони гэдэг нь сэрвээний өндөр нь 145 см-ээс доош өндөртэй бол понигийн төрөлд ордог. Түүнээс дээш бол үүлдрээр нь ялгачихсан байдаг юм. Манай монгол адууг дэлхийн адууны бүртгэл дээр монгол адуу гэж бүртгэлтэй газар юу ч байхгүй. Сэрвээний өндөр 145 см-ээс доош болохоор понигийн төрөлд оруулаад бүртгэсэн байдаг. Оросууд агт авсаар байгаад монгол адууг жаахан болох тал руу нь бүр оруулсан. Сэрвээний өндөр 135 см-ээс дээш адуу авна гэсэн стандарт тогтоогоод 40,50 жил монгол адууг дээрээс хяргачихсан байхгүй юу. Одоо үед энэ стандарт тогтоогоод байгаа сэрвээний өндөр 135 см гээд Самданжамц гуай эд нарын гаргасан стандарт бол бүдүүн адууны стандарт. Өмнө нь бол сэрвээний өндөр 135 см-тай шүдлэн хязаалан байсан. Тэгээд тэрийгээ өгөөд л явуулдаг байсан байгаа юм. Тэгэхээр томыг нь сорчлоод, жижиг адуунууд үлдэхээр жижиг л байдаг юм байгаа биз дээ. Монгол адуу маань миний бага үед том товир сайхан байсан л даа. Одооны энэ атигар юмнууд шиг адуу байгаагүй юм. Одоо бол монгол адуу дэндүү жаахан болсон. Яагаад гэхээр багадаа давхидаг адуу мах булчингийн хөгжил сайтай, хүнээр бол жижиг жингийн бөх шиг байдаг. Тийм адуугаар азарга тавихаар том товир адуу гардаггүй.
-Хөдөө орон нутгийнхан наадамд оролцоход хэцүү боллоо гээд дурын азаргаа тавьж замбараагүй цус сэлбэлт хийж байгаа гэж хүмүүс яриад байна. Тэгэхээр Монголд адууны генийн санд аюул учирна  гээд байгаа. Үүн дээр та ямар бодолтой байна вэ?
-Олон жил адуу, үхэр, мал бүгд л цус ороод яваад байсан. Увс, Завханы хойд хэсгээр гэхэд Тува адуу орж ирсэн. Манай Тэсийн адуу хурдан гэж ярьцгаадаг нь цаанаасаа Тува адууны цус орсонтой холбоотой. Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын хойд хэсгийн адуунд  хойноосоо цус орчихсон. Сүхбаатар аймаг гэхэд зүүн урд талаасаа Барга адууны цус орж ирсэн. Ерөөсөө жинхэнэ монгол адуу бол төв халхад бий. Архангай, Өвөрхангай, Булган, Төв аймгуудад саам сүүг нь авдаг тийм монгол адуу байна.
-Таныг ханагар давхилттай уяаг  гаргасан гэж танай хүү Батбилэгтэй ярьж байхад хэлж байсан. Энэ тухай ярина уу?
-Дээхэн үед хурдан морийг бол хөлс тар гээд л явдаг байсан. Ойрхон газар тарлаж хурд суулгана гэсэн ухаантай юм. Хурд орох биш хий дэмий сэтгэл нэмж байгаа. Хурд бол цаанаасаа төрмөл юм байгаа шүү дээ. Би болохоороо уралдааны замыг гурав хуваачихсан. 24 км-т уралдлаа гэхэд түүний гуравны нэг нь бага сунгаа юм. Харин ханагар давхилт чинь бага сунгааны гуравны нэг юм байхгүй юу. Тэгэхээр найм км-ийн гуравны нэг гэхээр 2.5 км орчим байна гэсэн үг. Тэгээд өөрийнх нь дураар өдөр өнжихгүй яваад байхаар хурдны хэмжээ нь улам нэмэгдээд л яваад байна. 40 милл-тэй явдаг байсан бол 45 милл дээр хурд нь тогтоно. Сүүлдээ сэтгэл нь тогтоно. Тэгээд давхил тогтдог юм. Сэтгэлээ тогтоочих юм бол явдаг тааваараа л явна. Ийм зарчмаар энэ ханагар давхилттай уяаг гаргаж ирсэн юм. Уралдах газрынхаа гуравны нэгд хаанаас ч гарсан тархинд гараад ирэх юм бол угаасаа ханагар давхилт хийгээд сэтгэл нь тогтчихсон учраас гараад ирнэ. Сэтгэл нь тогтоогүй, сэтгэл нь түрүүлчихсэн юм бол цаашаа явах замдаа Цагаан хөтөл ороход л хар хөлс цуваад хамаг юмаа барчихна. Цанын бааз өнгөрөөд цаашаа хуучин Баянцогтын урдуур очихын хавьд хоол нь хөнгөрчихнө, сэтгэл нь яараад түрүүлчихсэн юм чинь. Сэтгэлийг нь тогтоочихсон, хөлсийг нь цааш нь хийчихсэн, хадгалчихсан морь бол тэнд очиход л зөвхөн мах нь халаад л хөлс нь чийхраад яг ид сайхан явдаг дээрээ болоод уралдах дур нь хүрээд эргэхэд бэлэн болдог. Тэгээд хоол нь ч бас хадгалаастай явна ш дээ. Манайхан бие биендээ хэлж байх ёстой. Ингэж уядаг юм шүү гэж.
-Таныг адууны анатомыг маш сайн мэддэг гэж А. Баярмагнай ах /Түүхийн ухааны доктор, сэтгүүлч/ хэлж байсан. Энэ мэдлэг тань адууг шинжихэд их хэрэг болдог байх даа...
-Яагаад зүүн урагшаагаа хурд их байна гэхээр ясных нь бүтцээсээ болдог. Адуу өвс идэхдээ хоёр хөл нь заавал зөрж иддэг байхгүй юу. Унага байхдаа шилбэ нь хамгийн  урт байдаг. Тэр шилбэ нь цаашид уртаашаа өсдөггүй юм. Унага байхдаа шилбэ урт болохоор өрөөлдөж, ташиж зогсож иддэг. Даага болохоороо нэг туурын хэмжээгээр урагшлаад, шүдлэн болоод дахиад нэг туурын хэмжээгээр урагшлаад, хязаалан болоход мөрний хэмжээтэй болж яс нь тогтдог юм. Тэгэхээр хар сээр чинь хойшоо налуу,  шонтгор мөр нь дээшээ болж, ясны бүтэц нь тогтдог байхгүй юу. Дал чинь хавиргыг дарж байдаг юм. Тэгэхээр хавирганы матаас нь их болж тэгж  ясны бүтэц нь тогтдог. Ингэснээр ууц нуруу нь дээгүүрээ богино болж, доогуураа тавиу болдог. Гэтэл өндөр уулын бүсийн адуу голдуу хоёр хөлөө нийлүүлж газрын өөд юм уу эсвэл жалга судганд ороод өвсөө идчихдэг. Тэгэхээр шонтгор мөр нь доошилчихдог юм. Тэгэхээр тал хээрийн бүс  өөрөө адууны ясны бүтцийг бий болгодог. Толгой хичнээн урт байна, дал төдий чинээ урт байна гэсэн үг. Тэрний хэмжээгээр уушгины багтаамж, цээжний багтаамж их байдаг. Хурдалдаг зүйл нь зөвхөн хойд хөл юм ш дээ. Цээжийг татдаг нь толгой нь юм ш дээ. Толгой хичнээн урт байна, дал төдий чинээ урт байдаг. Тэр хэмжээгээрээ уушги, цээжний багтаамж нь их байдаг байхгүй юу. Толгой хичнээн урт, дух нь хичнээн өргөн байна түүгээрээ хамрын савхан яс нь өргөн байна. Тэр хэмжээгээрээ хамрын амьсгалын замын эрхтэн чөлөөтэй байдаг.  Тэгээд ер нь хурдан адуутай болоход бол сайн гүүтэй байх л хэрэгтэй. Сайн гүүнээс л сайн юм гарна.
-Таны аварга хээрийг хүмүүс их сайхан хийцтэй адуу байсан гэж ярьдаг.  Одоо ийм адуу олоход ховор гэдэг...
-Хээр морь бол ховорхон төрсөн буян. Биений хувьд их сайхан том шүү дээ. Сүхбаатарын Уул баян сумын гаралтай. Манай дүү Сугар гээд залуу очиж авсан юм. Миний дүүгийн том хүү байгаа юм. Бас хар багаасаа адуу дагаж өссөн л дөө. Тэгээд нэг овооны наадамд түрүүлсэн гээд аваад ирж байсан юм.
-Таны алт шиг үнэтэй уяа сойлгын зөвлөгөөнүүд сошиалаар нэлээд сайн тарсан  байдаг.  Уяаны арга барилууд адууны онцлогоосоо хамааран өөр байдаг байхдаа?
-Адуу адууны хэвшил өөр ш дээ. Баруун аймгийн адуу нэг өөр, зүүн зүгийн адуу бас өөр. Зүүн зүгийн адуу бол бэлэн давхилтай. Махны бариа байхгүй, арьс нь нимгэн байдаг. Зээр гөрөөсний мах шиг хөвсгөр бүдүүн ширхэгтэй байдаг. Баруун тийшээгээ бол арьс нь зузаан, махны ширхэг нь нарийн байдаг юм ш дээ. Морь уях гэдэг ч бас хүний өөрийн унаган мэдрэмж байдаг байх даа. 20-оод жилийн өмнөх морь уях арганаас өнөө цагт морь уях чинь их өөр болж.  2005 оны дунд үед бол олон хөлсөлж болдоггүй байсан. Тэр үед цөлжөөд нэг хэсэг эвгүй боллоо ш дээ. 2010 он гараад арай илүү болж, цаг наашлаад урдаасаа зуншаад ирсэн. Сүүлийн үед би адуугаа зуншлагатай сайхан газар гаргаж байгаа. Дорнод руу манайх байдаг болоод байна. Адууныхаа байгалиас авсан өгөгдөл, тамир тэнхээг мэдэрч уяа хийх хэрэгтэй. Шилэмээ барьж үзээд, /шилэм гэдэг чинь адууны далан гээд өөх байгаа юм/ адуу чинь далантай байж байх юм бол хүч тамираа хадгалж байдаг юм байхгүй юу. Тэмээ бөх нь унаагүй, төлөг сүүлтэй байх юм бол тамир тэнхээтэй байна гэсэн үг. Түүнтэй л адил. Шилэмнийхээ голоос урагш далантай байх ёстой. Хар сэрвээнээс урагшаа дөрвөн хуруу хэртэй газар байдаг юм. Тэрнийг нь имэрч үзээд л, нимгэрээд яваад байхад нь хойд хавирганаасаа урагшаа, /турахаараа хавирга нь ярайгаад мэдэгдээд байдаг/ улаан суганаасаа хойш гурав дөрвөн хавирга битүү шилэмийг нь барих,  дөрвөн хуруу газар зөөлөн имэрч байгаад хурууны үзүүр хоорондоо үрэгдэж, мэдэгдэхээр болоход л хөл гарандаа ямар ч зовиур байхгүй, дээд бие нь гүйцэт хөнгөрчихсөн тамиртайгаа байдаг юм. Морь уяад байгаа хүмүүс яг тэрийг нь тааруулах ёстой. Тэгэхийн тулд эхлээд буруу таргатай байх юм бол /буруу таргатай гэдэг нь далан суучихаад мах нь суухгүй байх/ далангаа бараад, махыг нь барахгүй ажил хийх ёстой. Махыг нь барахгүй ажил хийнэ гэдэг нь хоолон дээр нь зөөлөн эдлэхээр мах нь үлдээд өөх нь явдаг байхгүй юу. Хоолыг нь авчихаад ширүүн эдлэх юм бол мах нь яваад өөх нь үлддэг. Морь унахад хүртэл учиртай. Унаж эдлээд зөв эдэлснийхээ дараа л  уяач болох ёстой юм.
-Хамгийн анхныхаа уралдаанаа дурсана уу?
-Хүү Батбилэгээрээ морио унуулаад 1989 онд улсад айрагдаж байсан. Тэр үеийн дурсамж их сайхан даа.
-Танай хүү О.Батбилэг 2016 оны шилдгийн шилдэг уяач болсон. Хүүхдүүд нь бас морь унаж байгаа. Хэдэн үеэрээ хурдан морьтой холбогдож, уяач болж байна. Энэ талаар таны бодол?
-Цаашдаа ч уяачид гарах байх. Миний хоёр хүүгийн гурван хүү байна.
-Залуу уяачдад болон малчдад хэрэгтэй зөвлөгөө өгнө үү?
-Мориноос гадна хөдөө амьдарч байгаа малчдад тулгараад байгаа асуудал их байна. Бэлчээрийн даац хэтэрнэ гэдэг болж байна. Үүн дээр бодлоготойхон байгаад малынхаа чанарыг сайжруулах хэрэгтэй. Ашиг шимгүй их мал үржүүлээд хэрэггүй биз дээ. Малчид өөрсдөө дор бүрнээ ойлгох ёстой л байхгүй юу. Мянган малтай гээд л байна. Охин хурга, охин төлгөө ялгаж байгаад ядахдаа зусаг хонинд нь хээл авхуулаад хургалуулах юм бол хонь чинь хүчээр том болох юм. Хургандаа бараг хээл аваад, төлгөндөө хургалж яваад байхаар улам жижиг болоод, ашиг шим өгөхгүй байна. 17, 18 кг мах гардаг төлгөөр яах юм бэ. Дээр нь өвс хайж амьдрах гэж тэмцэж, уралдаж гүйсээр байгаад цул булчин шөрмөс. Мах нь даагдахгүй ийм юм болоод байна. Үүнийг малчид ойлгох хэрэгтэй. Үхэр, адуу гэхэд адилхан ш дээ. Шүдлэн, байдас хээл аваад хязааландаа унагалах юм бол давжаа жаахан болно. Үхэр гэхэд л шүдлэн гунжинд нь хээл авахуулаад, хязаалан гунж  тугалах юм бол бас л жижигхэн давжаа болно. Тэгэхээр хязаалангаас  дээш насны малд хээл авахуулж байж, төлийг нь авбал том биерхүү мал гардаг. Дархлаа нь өндөр болно, салхины үзүүрээр өвчин тусдаггүй болно. Энэ мэтчилэн юмыг хийхгүй урсгалаараа л яваад байна. Нэгдэлд байхад бид суурь хоньтой байлаа гэхэд “Танай энэ хонь таван жил төлөө өгсөн. Одоо браклана” гээд л мах бэлтгэл нядалгаанд ордог байсан. Хуучны юманд бол буруу юм байгаагүй ш дээ.  Дээр үед малын тал дээр бол их зөв бодлого барьж байсан. Тэгээд тоотой, хязгаартай. Хангайн бүс, тал хээрийн бүс 50, 75-н толгой малтай байна гэсэн гэсэн тоо хязгаарт барихын тулд хүмүүс төлөг бага малаа хээлэнд гаргахгүй өнжөөж байгаад төлийг нь авахад нэгдлийн малаас том байдаг байлаа. Тэгэхээр тэрийг нь нэгдлээс ад үзээд байдаг тал байсан. Малыг нас биед нь гүйцэт хүргээд төллүүлбэл илүү жилбэтэй төрдөг юм. Энэ мэтчилэн ойлгох хэрэгтэй. 500 малаас 1000 малын ашиг шим авах ёстой. Тэгэх юм бол бэлчээрийн даац чинь сэргээд явчихна. Хэзээ говь тал руу адуу явж оторлож байсан юм. Хэврэгхэн өвстэй газар урт хөлийн мал очиж болохгүй ш дээ. Хойшоогоо өндөр өвстэй газар луугаа урт хөлийн мал явж өвөлждөг, отор хийдэг тийм зарчимтай юм. Малын үзэсгэлэн худалдаа гаргаж, хамгийн ашиг шимтэй малтай хүнийг шалгаруулж байх хэрэгтэй. Заавал том хүрээнд биш, сум багтаа ч байсан болно шүү дээ. Орон нутагт биенийгээ түйчээлээд явдаг хүн байдаг ш дээ. Манай зарим малчдын бас нэг дутагдал бол 100 хонинд таван хуц тавих ёстой байтал манайхан хоёрхон хуц тавиад байгаа явдал юм. Тэгэхээр тэрний үр төлийн чанар ямар байхав. Өчнөөн юм хөөчихсөн эцэнхий туранхай хуцын төлийн чанар муудаж очно ш дээ. Тэгээд давжаа чанар муутай мал гарна. Ганцхан адуун дээр биш, бүх мал дээрээ анхаарч, хөгжлийн бодлогоо авч явахгүй бол мал чинь мал биш болоод байна. Хониных нь ноос, арьс нь үнэгүйдэх нь аргагүй ш дээ. Ямар ч шаардлага хангахгүй. Нил шивээнд идүүлчихсэн, арьс нь цоорхой, хачиг хувалзандаа баригдсан. 100 арьс авлаа гэхэд 30 нь л шаардлага хангаж байна гэж арьс ширэн дээр ажилладаг хүмүүс хэлж байна. Намар нядалгаа хийхдээ бараг л арваад шахуу хургалчихсан хөгшин хонио нядалдаг. Малын чинь ноосны чанар нь муудаад, арзайсан хялгас үлддэг. Энэ мэтчилэн зүйл зөндөө байгаад байна. Яам тамгын газраар гэхэд л мал мэдэхгүй хүмүүс байдаг. Энэ мянгат малчид зөвлөгөө хийгээд дор бүрнээ нэг чигтэй болох хэрэгтэй.
-Та уяач болоогүй байсан бол өөрийгөө ямар мэргэжилтэй хүн байсан байх гэж боддог вэ?
-Би угаасаа малын захад өссөн хүн. Уяач биш байлаа гэхэд хэдэн мал дагаад явж байсан байх даа. Миний дээд талын хоёр эгч багш хүн байгаа юм. Намайг сургууль соёлоор явуулах гээд, би хөдөө гарна гэж зугтаж явсаар байгаад долдугаар анги хальтхан төгссөн болоод хөдөө мал дээр гарсан даа.
-Олон жил морь уясан туршлагатай мундаг уяачдыг  уяачийн сургууль байгуулаасай гэж боддог юм. Та энэ тал дээрээ бодож байсан уу?
-Морь уяахыг хэлж яриад, заагаад ойлгохгүй. Хүний дэргэд ажиллаж, зарагдаж байж л юм сурдаг. Морь уяна гэдэг залхуу хүний ажил биш байхгүй юу. Хүн амьтныг дуурайгаад яваад байдаг зүйл биш юм.
-Гуравдугаар сард Дүнжингаравын уралдаан болно. Өвөл хаврын уралдаанд хүүхдийг хурдны морь унуулахыг хориглоно гээд байгаа.  Энэ тал дээр таны бодол ?
-Уг нь бидний бахархдаг, бидний цусанд байдаг зүйлс ш дээ. Монголчууд бид хурдан мориныхоо уралдааныг харж баярлаж, баясаж байдаг юм ш дээ. Монголчууд бид Европийн хөл бөмбөг хөөсөн явган хүмүүсийг хараад баярлахгүй. Бидний цусанд тийм юм байх ч үгүй. Бид чинь дангаараа том үндэстэн. Америкийг том гүрэн гээд байгаа юм. Энэ чинь тал талын цагаачид очсон ийм  улсын хүний эрх гэсэн юмыг оруулж ирээд хуулиндаа суулгадаг зүйл бол буруу. Цаанаасаа биднийг хагалах гээд гадны бодлого байдаг юм уу мэдэхгүй ш дээ. Дээр нь энэ олон нам энэ тэр гээд л олон зүйл бидэнд хэрэггүй.
 Таныг хүүхэд байхад өвлийн уралдаан хэр болдог байсан бэ?
-Намайг хүүхэд байхад өвлийн уралдаан болдог байсан. Цагаан сар болгоноор ийм олон өргөн биш ч гэсэн сум сумандаа, дов довондоо, жалга жалгандаа уралддаг байсан. Харин бай шагнал  гээч зүйл байхгүй, янз бүрийн бооцоотой ч юм уу тийм уралдаан хориотой байсан.  Одоо  хөгжөөд нийтээрээ том уралдаан зохион байгуулж байна. Морь мал сонирхдог суурин газрын залуучууд чинь морь байхгүй бол тэгээд л гадны казинод л мөнгөө өгнө ш дээ. Тийм болохоор Монгол морь гэдэг чинь сайхан. Одоо энэ  Өлзийт хороо орчим дан морь малаар л амьдарч байгаа хүмүүс байна. Морь уядаггүй саалын үхэртэй хүн гэхэд л өглөө болгон манайд хоёр гурван портертэй хүмүүс хашаанаасаа адууны баас аваад явдаг. Тэжээлийн морины овьёостой баасыг үхэр идчихнэ.
-Дүнжингаравын уралдаанд хэдэн морь уяж байна вэ?   
-Нас насны тав, зургаа гээд нийт арваад морь сойх гэж байна. Хашаанд нэг 20, 30-аад юм байж байна. Эндээс уралдах юм нь их цөөхөн байгаа ш дээ.
-Сүүлийн үед адууны нийлүүлгийн өвчин их газар аваад байна. Урьд өмнө нь монгол адуунд энэ өвчин байдаггүй байсан гэж зарим хүмүүс ярих юм. Энэ тухайд ярина уу?   
-Байдаггүй байсан гэж худлаа яриад байгаа юм. Монгол адуунд л угаасаа байсан юм байна лээ. Гадны адуу дархлаа муутай. Тэгээд монгол адуунаас өвчин авдаг. Монгол адуу тэсвэр сайтай болохоор тээгч болоод явж байдаг. Нэгдлийн адуучин мань мэтийн үеийн хүмүүс  сайн мэднэ дээ. Хавар болохоор муусайн хусран гүү бөгсөө ороогоод л, чих нь дэлдийгээд, уруул нь муруйгаад л байдаг байсан. Энэ чинь нийлүүлгийн өвчин байсан юм байна лээ. Тухайн үед манайд чинь нийлүүгийн өвчин энэ тэр гэсэн бүртгэлтэй ч юм байгаагүй. Сүүл рүүгээ ялангуяа Сэлэнгэ, Тува гаралтай адуунууд бол бүр илүү нийлүүлгийн өвчин ихтэй байна. Нийлүүгийн өвчин нь турж эцэхгүй л бол мэдэгддэггүй өвчин.
Бидний урилгыг хүлээн авч сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Танд амжилт хүсье.
                                                                      Ярилцсан Г.Баянмөнх
                                                                                       Б.Нанзаддорж

 

Сэтгэгдэлүүд
  • battvshig IP:112.72.11.120 2017 оны 05 сарын 03

    Ta bol mori sain uydag ah bille tanair baharhaj ywdag shvv ah
  • Gagnuurch IP:122.201.21.77 2017 оны 05 сарын 03

    Ene huniig neg said darga bolgomoor yum doo.Mal bol yahav ee malchid mallana, uyachid chin harin shireenii ard contort suuh yostoi shuu dee
  • ЖУНАЙ IP:103.10.20.58 2017 оны 05 сарын 04

    Мундаг хөдөлмөрч сайхан ноен нуруутай хүн шүү
  • Ab IP:103.229.120.141 2017 оны 05 сарын 05

    saihan hun shu gaihamshigtai nevterhii toli. Hamgiin gol n joohon hanamaar bgamda sergelengiin oidoo erliiz daaga yalgalgui yavuulah har piar hiij joohon ner hundee aldsan daa ard olnoo naaduulahgui tertee tergui zondoo airag avchaad joohon muuhai ym bolson doo suminhaa 100jild nunjigtei naadaarai.... ugaasa ch hun bolgon erliiztei bolj bga tsag bainga orood baij chadahgui bizdee
  • Бямбажав IP:66.181.160.8 2017 оны 05 сарын 07

    Мал маллах ухаанаар морь уяах эрдэмийг сайн эзэмшсэн мундаг эрхэм хүн дээ
  • miigaa IP:202.70.46.215 2017 оны 05 сарын 08

    Xorood bga morig yaj yanzlax we
  • badamsuren IP:202.179.26.64 2017 оны 06 сарын 23

    saihan uyach shuu . ih yum meddeg bas heldeg aviyastai
Сэтгэгдэл