2017 оны 05 сарын 03

Эс байх мөртлөө байх мэт орших хүн байдагтай адил адуунд дуртай монгол түмнийхээ дунд одоог хүртэл байгаа мэт дурсагдах  Буденнигийн нэгдүгээр үеийн эрлийз, Морин тойруулгын алдарт Тогоруу халтар азаргыг мэдэхгүй монгол хүн бараг л байхгүй биз ээ. Тогоруу халтар нь улсын их баяр наадамд 3 түрүүлж, 1 айрагдсан билээ. Тодруулбал 1979 оны АХ-ын 58 жилийн ойгоор зургаан настай хавчиг азарга түрүүлж, 1980 оны АХ-ын 59 жилийн ойгоор долоон настайдаа айргийн гуравт хурдалсан билээ. Улмаар 1983, 1984 оны АХ-ын 62, 63 жилийн ойн наадмаар тус, тус түрүүлсэн юм. Өнгөрсөн зууны тэргүүн хурдуудын нэг болох энэхүү алдарт азарганы  үр төл нь үе дамжин хурдалж тогоруу хэмээх угшлыг бий болгосон нь  өнөөгийн олон хурдан адууны алдарын өмнө ёс мэт дуудагдсаар байдаг. Тогоруу халтар азарга нь ХХ зууны нэрт хурдан хүлэг бол түүний төлийн төл болох Амгалан төрийн ажнай шарга азарга нь Монгол төрийн наадамд зургаантаа түрүүлж, хоёронтоо айрагдсанаас гадна шигшмэл морьдын ИХ ХУРД уралдаанд нэг түрүүлж, нэг аман хүзүүдэн, бүсийн наадамд 3 түрүүлж, нэг айрагдан энэ цагийн буюу ХХI зууны цуут хурдан буянаар тодорсон билээ. Ийнхүү хоёр зууны алдарт хүлгүүд болон ард түмнийхээ дунд өнөд дээдлэгдсээр байна.
Өвөг эцэгийнхээ амжилтыг хурдалсан алдарт амгалан төрийн Ажнай шарга нь өөрөө хурдлаад зогсохгүй түүний үр төлүүд нь хурдласаар байна. Тухайлбал Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Эрдэнэс МГЛ ХХК-ийн дэд захирал Г.Тэмүүлэнгийн хурдан халтар нь шарга азарганы төл гэдгийг манай морь сонирхогчид андахгүй. Адуу, хүн хоёр зайлшгүй удам дагадаг гэдэг. Тогоруу халтарын тэрхүү гайхалтай хурд ийнхүү үеийн үед дамжигдсаар байна гэдэг түүний ген ямар гайхамшигтай хүчирхэг болохыг нотолх мэт. МУТМУяач Э.Эрдэнэчулуун гуай нэгэн ярилцлагадаа “Өвгөн тогорууг дуурайсан адуу нэг л гарч өгөхгүй байсан юм. Харин Г.Тэмүүлэнгийн халтар даага л дээд удмаа татсан адуу гарлаа. Морин тойруулгын Тогоруу халтар гэдэг адуу дахиад төрчихлөө гэж боддог” хэмээсэн байдаг. Үнэхээр ч Тэмүүлэнгийн хурдан халтар ажнайг харж байхад Тогоруу халтар дахин төрөө юу гэмээр адилхан харагддаг гэж морь мэдэх зарим нэг нь хэвлэл мэдээллээр хэдэнтээ дурьдсан нь бий.
Тогоруу халтарын магтаалд айраг дундарах наадам
Товруу мөнгөн эмээлдээ эзэн нь гоёдсон наадам
Тогоруу халтарын салхинд туг нь намирсан Монгол оо...

 

 

Сэтгэгдэлүүд
  • зочин IP:202.179.31.58 2017 оны 05 сарын 08

    хэн ингэж мэдмэртдэг байна аа. Тонгоруу халтар монгол адуу юм уу? Монгол адуугаа л яримаар юм даа. Эрлийз адуу чинь ямарч үүдрийн адуу биш гэдгийг ойлгомоор юм. ХХААЯ-ны мэргэжлийн хүмүүс монголоо гэсэн мэргэжилтэн байдагүй юм болов уу?
  • зочин IP:202.179.31.58 2017 оны 05 сарын 08

    Монгол үндэстэн монгол наадамдаа монгол адуугаар л уралдаж наадах ёстой. Гадаад үүдрийн эрлийз адуу ямар хурдан байх нь бидэнд ямар хамаа байна аа. Гадаад адуу малчин монголчуудын " молор эрдэнэ" төрийн сүлдэндээ мөнхөлсөн адуу мөн үү? Монголчуудаа хэн болчихоод байна вэ?
  • зочин IP:202.179.31.58 2017 оны 05 сарын 08

    малчид монголчуудаа бүү доромжил.
Сэтгэгдэл