2017 оны 05 сарын 08

Анх хурдан морь унадаг уралдаанч хүүхдүүдэд 999 сорьцтой, нэг сая төгрөгөөр үнэлэгдэх алтан гулдмай өгч байна гэж сонсоод их гайхаж билээ. Бүр зарим нэг хүүхэд нь алтан гулдмайгаа зараад ээждээ машин авч өгнөө гэх яриа ч хүртэл гарсан дуулдаж байсан юм. Ганбаяр захирал аливаад их сэтгэлээсээ ханддаг, няхуур нямбай, хэлсэн үгэндээ эзэн болж чаддаг, хариуцлагатай хүн шиг санагддаг юм. Хүүхдүүдийн асуудалд олны анхаарлыг хандуулж чадсан нь түүний гавъяа билээ. Энэ жил тэрээр мөн л зүгээр суусангүй. Дэлхийн хоёрдугаар дайны ялалтанд өөрийн хувь нэмрээ оруулсан 500000 монгол мориныхоо сүнсийг баярлуулж, алдрыг нь магтан дуулсан сайхан хөшөө босгосныг нь сонсоод очиж ярилцсанаа уншигч олондоо сонордуулахаар бэлтгэлээ.

-Энэ жил ОХУ аугаа их ялалтын 70 жилийн ойгоо маш өргөн тэмдэглэлээ. Энэ дайны ялалтанд монгол морины оруулсан хувь нэмэр үнэлж байршгүй боловч түүнийг алдаршуулсан хөшөө дурсгал байдаггүй. Харин таныг ОХУ-д  сүндэрлэх Монгол морины хөшөөг хийсэн гэж сонслоо. Энэхүү буянтай ажлыг хийх санаа хэрхэн төрсөн бэ?
-Бид сүүлийн үед түүхээ мартаад байгаа юм шиг санагддаг. Түүхээ  зөв талаас нь харж, залуучууддаа үнэн зөв ойлгуулахын төлөө ажиллах хэрэгтэй гэж бодож явдаг юм. Би өөрөө Москва хотод 12 жил амьдарсан хүн. Тэр үеийг одоотой харьцуулахад  тэр сайхан найрамдалт харилцаа, ах дүүгийн холбоо алдагдаад байгаа нь ажиглагддаг. Тиймээс найрамдалт харилцаагаа аль болох сайжруулах хэрэгтэй. Ер нь Монгол улс хоёр хөрштэйгээ л сайн харилцаатай байж байж л хөгжинө шүү дээ. Өөр ямар ч гарц байхгүй. Яагаад гэхлээр Монгол улсад өөр гурав дахь хөрш гэж байхгүй. Манай улс импортоор оруулж байгаа бараа бүтээгдэхүүн, экспортонд гаргах бараа бүтээгдэхүүнүүдээ зөвхөн машин, төмөр замаар л зөөнө. Бид чинь хоёр том гүрэнтэй хиллэдэг улс.Миний хувьд сайхан түүх өгүүлсэн, найрамдалт харилцааны илэрхийлэл болсон  энэхүү  морины хөшөөг хийх санаа  ялалтын баяраас бараг дөрвөн сарын өмнөөс төрсөн. Аугаа их Ялалтын баярын 70 жилийн ой гэдэг чинь түүхэн, тэмдэглэлт баяр шүү дээ. Энэхүү олон улсын том баярт Монголчууд маань хэрхэн яаж оролцвол зохилтой вэ гэж бодсоны эцэст зориглон энэ сайхан хөшөөг захиалж хийлгэсэн юм. Хэдийгээр өнөөдөр эдийн засаг ийм их хямралтай хүнд хэцүү байгаа ч гараа хумхиж суулгүй, өөрийн хувь нэмрээ оруулж, байгаадаа баяртай байна. Энэ хөшөөг босгохдоо би ах дүү нартаа яаж туслах вэ гэсэн сэтгэлээр л хийлгэсэн.
-Их утга учиртай сайхан хөшөө болсон байна. Өнгөрсөн цагийн сайхан түүхийг сэргээсэн,  цаг үеэ олсон бүтээл болжээ...
-Дайны үед Монголчууд маань цагийн хэцүүг эс тооцон, иргэн бүр л сэтгэл зүрхээрээ оролцож, нэг морьтой нь нэг морио өгч, хоёр морьтой нь нэгийгээ өгч, нэхий, ноос гээд аль болох байгаа зүйлээрээ тусалсаны хүчинд Монголоос бүхэл бүтэн танкийн хороо, нисэх скадрил, 500000 агт морьд явуулж байсан түүхтэй. Иймээс би хямралын үед эдийн засгийн хүнд хэцүүг эс тооцон дайны хүнд хэцүү нөхцөлд их буу чирээд, намаг шавар дундуур бартаа туулж яваа хоёр монгол морины хөшөөг бүтээлгэж, мөнгө санхүүг нь зохицуулж, залуу хойч үедээ монгол морьдоороо бахархах сэтгэл төрүүлэх, түүхэн үйл явдлаа эргэн сануулах үүднээс энэхүү ажлыг санаачилж хийсэн юм.
-Дайны үед Монгол улс маань бүхнийг  фронтод гэсэн уриатайгаар  хандив тусалж байсан гэдэг шүү...
-Саяхан болж өнгөрсөн ялалтын баярын 70 жилийн ойгоос харж байхад  Монголчууд маань их юмаар,  ингэж тусалж байсан гэж ярих биш, харин бид нарын үүрэг байсан гэдэг талаас нь ярих юм бол хөрш улсууд маань зөв ойлгоно гэдгийг анзаарсан болов уу. Сүүлийн үед манайхан нэг өрийн бичиг юм шиг яриад байдаг болсон байна. Ингэж болохгүй. Монголчууд бидэнд сайхан үг байдаг.  Юу гэхлээр Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад тэвнээр тусал гэж. Энэ  агуу үгийг санаж, зарчмыг нь дагаж явах  хэрэгтэй гэж би боддог юм.
-Энэхүү хөшөөг урласан дархан нь хэн бэ? Загварыг нь хэн гаргасан бэ?
-Найз Болдбаатартайгаа зөвлөлдөж байгаад Дорнод аймгийн Очирболд гэж залууг сонгож олон сарын турш Бээжин хотод хийлгэсэн юм. Захиалгаа өгөхдөө би нэлээд бодож байгаад  нэг биш хоёр морийг дүрслэхээр шийдсэн. Яагаад гэхлээр Монголчууд хос морийг их бэлгэшээж, ач холбогдол өгдөг. Ерөнхийлөгч хүртэл зургаа авахуулахдаа хос морьтой авхуулдаг. Эртнээс  монгол  түмэн маань хос морь унаж, хол замд сэлгэж унаад зорьсон  газраа хүрдэг байсан шүү дээ.Тиймээс их буу чирж, бартаат замаар зүтгэж  яваа хоёр монгол морины хөшөөг олон талаас бодож, нягталж байж хийлгэхдээ хүмүүс морийг нь унаж зургаа авахуулах боломжтойгоор, хүмүүстэй харилцаатай байх талаас нь бодолцож загварыг нь гаргаж хийлгэсэн юм.
-Аугаа их ялалтын баярт зориулж хийсэн баатарлаг монгол морины хөшөөг  ОХУ-ын засгийн газраас хэрхэн хүлээж авсан бэ?
-Би энэ талаар Монгол улсад суугаа ОХУ-ын элчин сайд ноён Азизовтой уулзаж зөвлөлдсөн л дөө. Ноён элчин сайд их таатай хүлээж аваад маш сайхан үг хэлсэн.  Юу гэхлээр “Энэ хөшөөг оросын ард түмэн хийх ёстой.  Яагаад гэвэл танай монгол морины байгуулсан гавъяанд оросын ард түмэн талархаж, түүнийг  мөнхжүүлэх ёстой байсан. Гэхдээ үүнийг Монголын жирийн нэг бизнэсмэн сэтгээд хийж байгаад нь бид маш их баяртай байна. Би дэмжье. Мөн чи өөрөө Монгол улсынхаа төр, засгийн удирдлагуудтай ярьж, дэмжлэг аваарай” гэж хэлж байсан.
-Манай төр засгийн удирдлагууд  хэр зэрэг дэмжлэг өгсөн бэ?
-Би Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Батлан хамгаалахын сайд нарт танилцуулж, ОХУ-ын Москва хотод байршуулахад тусална уу гэсэн  утгатай  албан бичиг хүргүүлсэн.  Үүнийг ерөнхийлөгч маань ихэд уриалгахан хүлээн авсан. Тэгээд Ерөнхийлөгчийн Тамгын Газартай хамтарч хөшөөгөө энд ирэхээр нь шууд Москва хот руу явуулсан.  
-Манайхааас энэ үйл хэрэгт тантай хамтарч ажилласан байгууллагууд бий юу?
-Ер нь бол энэ ажилд Монголын олон компаниудыг оролцуулах бодолтой байсан. Гэтэл тухайн үед ерөнхийлөгчийн тамгын газраас ОХУ-д хөшөө байршуулах газар нь олдохгүй байж магадгүй. Мэдээллээ тодорхой хэмжээнд хаалттай болгоорой гэсний үндсэн дээр энэ ажлаа хийхдээ нилээд хаалттай хийсэн. Гэхдээ энэ их ажилд маань  гар бие оролцож, тусалсан нэг байгууллага, нэг хувь хүн байгаа. Анх Оросын элчин сайдтай уулзаж байхад“Орос,Монголын хамтарсан байгууллагуудыг хамруулж, хэрхэн оролцсон талаарх мэдээллийг нь мэдээллийг нь өгөөрэй. Би ОХУ-ын засгийн газарт мэдэгдэнэ” гэж зөвлөсөн юм. Түүний дагуу Төмөр замын удирдлага, хамт олон маш найрсаг хүлээн авч оролцоод, хөшөөг маань 100 хувь өөрсдийн зардлаар тээвэрлэж  Москвад хүргэсэн. Төмөр замын лого гэхэд хоёр загал байдаг болохоор хамт олон ч маш их бэлгэшээж хүлээж авч, тусласан л даа. Нөгөө нэг тусласан хувь хүн нь Дундговь аймгаас сонгогдсон УИХ гишүүн Б.Наранхүү гэж манай намын гишүүн хүн бий. Алдарт шарга азарга, монгол хээр гэсэн сайхан хурдан хүлгүүдээр нь монгол түмэн андахгүй мэднэ. Наранхүү маань морины үйлсэд чин сэтгэлээсээ хувь нэмрээ оруулж байдаг, олон жил нөхөрлөсөн найз минь байгаа юм. Танай сэтгүүлээр дамжуулаад Төмөр замын хамт олон болон Наранхүүдээ талархсанаа илэрхийлье. Цаашид Эрдэнэт үйлдвэрийг энэхүү ажилд оролцохыг хүссэн байгаа. Хамтарч ажиллана гэдэгт найдаж байна. Ер нь монгол адуугаа мөнхжүүлье гэсэн санаа маань төрснөөс хойш олон хувийн хэвшлийн байгууллагууд хандиваар оролцох санал, хүсэлт тавьсан. Хямралын үед хэцүү байгаа болохоор оролцох боломжгүй гэсэн хариулт ч өгч байсан газрууд бий. Энэ бүхнээс үүдээд би өөрийгөө “Бусдын боддогоос миний бодол арай өөр юм байна” гэж дүгнээд байгаа. Яагаад гэхлээр энэ хөшөөг хийхдээ өнөөдөр ах дүүгийн холбоотой хоёр улсын харилцаанд сэв сууж, холдох вий гэсэн бодлоор хандсан. 70 жилийн өмнө манай хоёр улс ямар харилцаатай байсан, ОХУ-д монголчууд хэрхэн ханддаг байсан тэр сэтгэлгээг сэргээж, залуучууддаа үлгэр дууриал үзүүлж, түүхээ зөв харж байх хэрэгтэй гэсэн үүднээс бодож энэ ажлыг хийсэн юм. Урьдын тэр сайхан харилцаагаараа би хойд хөрштэйгээ цаашид харилцах хэрэгтэй.
-Тэгэхлээр энэ хөшөө тань ганц таны биш Монгол түмнийг төлөөлөх томоохон бүтээл болжээ гэж ойлгож болох уу?
-Болно. Монголын бүх ард түмний нэг настай балчраас авхуулаад зуу насалж, зургаадай таягаа тулж буй настан буурлууд хүртэл аугаа их ялалтанд гар бие оролцсон шүү гэж хэлмээр байна. Тиймээс танай сэтгүүлээр дамжуулаад монголынхоо бүх ард түмний өмнөөс энэхүү монгол мориныхоо гайхамшиг, тэвчээрийг харуулсан хөшөөг босгосон юм шүү гэдгээ хэлье. Ийм сайхан буянтай үйл хийсэндээ би маш их баяртай байгаа. Дайнд оролцсон таван зуун мянган морьдынхоо хойдын буянд буян хийж байгаа буян гэж бодож байна. Монгол улс маань ч  удахгүй маш их хүчирхэг болж, хөгжинө гэдэгт би их итгэлтэй байдаг. Бид таван зуун мянган адууг жагсаагаад  цуваанд оруулаад  үзвэл 2000 км урт  үргэлжилнэ гэсэн үг. Адууны биеийн урт 2,30м-2,50м байдаг юм билээ. Түүний дээр морь хоорондын зай нэг метр гаруй байна гэж тооцоод нэг моринд дөрвөн метр  зай оногдож байна гэж үзээд хэмжихээр яг 2000 км болно. Цувааны сүүл нь Улаанбаатар хотод Сүхбаатарын талбайд байхад толгой хэсэг нь ОХУ-ын Красноярск хотод байж байна гэсэн үг шүү дээ. Одоо Монгол адуу маань хоёр сая гаран тоо толгой хүрсэн  байдаг. Мөн монгол адуу дэлхийн хоёрдугаар дайны үед маань ямар их тэвчээртэй, ухаантай болохоо нотолж өгсөн гэсэн олон сайхан түүх домог байдаг юм байна лээ. Бөмбөгдөгч онгоц ирэхэд монгол морьд цэргүүдээсээ түрүүлж мэдээд окоп руугаа гүйгээд орчихдог байсан гэдэг. Тэгэхээр цэргүүд нь онгоц ирж ирж байна гэж мэдээд нуувчиндаа ордог байсан гэж бодохоор бас их олон хүний амийг аварч байсан байгаа юм. Түүнээс өмнө  Чингис хааны байлдан дагууллын үед Монголчууд бид дэлхийн талыг эзэлэхэд мөн л монгол адуу гол үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тиймээс бид энэ сайхан адуугаа алдаршуулж, бахархах хэрэгтэй.
-Монгол адуу маань хүчирхэг түүхийг эзэнтэйгээ хамт бүтээж, төрийн их сүлдэндээ хүртэл заларсан байдаг.  Монгол хүнийг морьгүйгээр  үнэхээр төсөөлшгүй шүү...
-Тиймээ. Гэхдээ энд би нэг зүйлийг дурьдахгүй өнгөрч боломгүй санагдаж байна. Монголчууд бид шинэ үндсэн хуулиа батлахдаа сүлдээ өөрчилсөн байдаг. Тэгэхдээ адуугаа модон морь шиг болгож, хөдөлгөөнгүй амьгүй мэт болгосон. Түүний дээр соёмбоо мориныхоо бие рүү оруулаад маш олон хуваасан байдаг. Аливаа их үйлийг бүтээж байгаа хүмүүс бэлгэдлийг ихээхэн чухалчлах ёстой гэж би боддог. Хуучин төрийн сүлд маань их сайхан, амьд сүлд байсан гэж их олон хүн ярьж байдаг юм. Надад ч бас тэгж санагддаг.Таван хошуу мал маань тавуулаа орсон, тэр дундаа адуу маань эзэнтэйгээ наран ургах зүг давхиж буйгаар дүрслэгдсэн нь үнэхээр сайхан бэлгэдэлтэй харагддаг. Одоо хүмүүс хуучин сүлдний энэ дүрсээр бүснийхээ аралыг их хийлгэж байгаа. Ер нь бид хуучин сүлдээ сэргээгээд хэрэглэж болдоггүй юм уу. БНМАУ гэсэн бичгийг нь Монгол улс болгож өөрчлөөд хэрэглэвэл зүйтэй болов уу гэсэн санааг танай сэтгүүлээр дамжуулан олон түмэнд хүргэе гэж бодож байна.
-Та хурдан морь унадаг уралдаанч хүүхдүүдийн төлөө маш их зүйлийг хийсэн хүн. Анх удаа уралдаанч хүүхдүүдийн асуудлыг гаргаж тавьж, тэдгээр хүүхдүүдийн хөдөлмөрийг үнэлж, олны анхаарлын төвд аваачсан гээд хэлчихвэл хэтрүүлсэн болохгүй байхаа. Моринд анхлан дурлах болсон түүхээ хуваалцвал...
-Би чинь таксины жолооч аавтай нийслэл хүү. 1969 онд төмөр замын төрөхөд Баасанжав гэж айлын дөрөв дэх хүү болж төрсөн. Аав минь бурхны орныг зориод 10 жил болж байна. Такси баазыг анх байгуулалцаж явсан жолооч хүн л дээ. Аав хүн гэдэг үр хүүхдэдээ хэлэхгүй мөртлөө үйлдлээрээ захиа даалгавраа үлдээдэг юм билээ. Миний аав цэрэгт явтлаа Завхан аймгийн Сонгино сумандаа улаач хийж байсан гэдэг, Тэр үеийн шуудан зөөгч гэсэн үг л дээ.  Аав минь өөрийгөө цэрэгт явтлаа адуучин байсан гэдэг юм. Би бизнес хийж, Москвад олон жил амьдарсан. Ирэх бүрт л аав маань надтай адууны тухай ярина, Завханд сайн хурдалж байсан хар азарганы тухай яриад л, авчихаач гэдэг байсан. Зургаан сая төгрөгөөр үнэлэгдэж байсан юм. Авах бололцоо байсан ч нас залуу байсан болохоор нэг их сонирходоггүй л байлаа. Ер нь аав маань надад өөрийн гэсэн нэг сайн хөөрөг, сайхан адуутай болоорой гэж хэлдэг байсан. Харин аавыгаа өнгөрснөөс хойш өөрийн гэсэн адуутай, сайхан хөөрөгтэй байх нь монгол эр хүнд байх ёстой зүйл хэмээн бодож, аавынхаа захидаг байсны дагуу адуутай болж морь уяж байна.
-Таныг хүүхдэд ивээлээ хайрласан уяач гэдгээр чинь монгол түмэн маань их хардаг болжээ. Танд ийм сайхан буянтай үйлс хийх санаа хэрхэн төрсөн бэ?
-Монгол хүн адуундаа хайртай, морин уралдаанаа харж баяссаар олон жил болжээ. Уяан дээр анх очоод харахад нүдэнд туссан зүйл бол хүүхдүүд. Хэн ч тоохгүй өрөвдмөөр. Унаач хүүхдүүдийг бүгдээрээ мартчихдаг. Би илүүдээ гарсандаа сая саяар нь мөнгө тараагаад байгаа юм биш. Хүүхдүүдийн ирээдүйн сайн, сайхны төлөө хийж байна.  Энэ хүүхдүүдийн нэрийг гаргах, алдаршуулах, хөдөлмөрийг нь үнэлүүлэх гэж ийм шагнал бий болгосон. Нэгдүгээрт, хүүхдүүд аюулгүй уралдаад ирэх ёстой, Эд нар чинь хэрэндээ хүндхэн хөдөлмөр хийж байгаа хүүхдүүд шүү дээ. Бид өөрсдийнхөө хүүхдээр морь унуулаад гаргана гэж бодож ч чаддаггүй. Тиймээс уяачид аюулгүйн нөхцөл боломжоор нь хангаж, эрсдлээс хамгаалж өгөх үүрэгтэй. Уралдаад ирж байгаа адуу нь удам судар, угсаа гарлаараа цоллуулж байхад хүүхэд хэн ч биш, нэр нь ч гарахгүй. Үүнийг эсэргүүцэж би их олон жил тэмцсэн Хүүхдийн байгууллагын дарга байсан Дулбаагийн Алтай, одоо даргаар нь ажиллаж буй Ишбадамын Нарантуяа нарт дандаа хэлдэг байсан. Өнгөрсөн наадмаас эхлээд унаач хүүхдийн овог нэр, гарал үүслийг зарладаг болсон. Энэ бол миний зүтгэлийн үр дүн болохоор үүндээ үнэхээр бардам байдаг. Энэ дашрамд Нарантуяа даргад баярлаж, талархаж байгаагаа хэлье.
-Энэ жил айрагдсан хүүхдүүдэд мөн л 1000000 төгрөгийн хадгаламжийн дэвтэр нээж өгөх ажлаа үргэлжлүүлэх үү?
- Энэ жил ч гэсэн би айрагдсан хүүхдүүд тус бүрт нэг сая төгрөгийн хадгаламж нээж өгдөгөөрөө л өгнө. Эдийн засаг хямралтай байна гээд болихгүй. Хүүхдүүдийн төлөө хийсэн үйлс бүхэн  их буян байдаг. Уралдаанч хүүхдүүдээ бид их зөв урамшуулж байх хэрэгтэй шүү дээ. Хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө хүн бүхэн анхаарч ажиллавал Монгол улс маань хөгжинө. Хүн ам маань олон болно. Дашрамд хэлэхэд залуучууд маань аль болох олон хүүхэдтэй болох хэрэгтэй.
-Танай “Цэнгэлийн Манлай” уяа Хүй долоон худгийн сэрүүн ногоон дэнж дээр үнэхээр өнгө нэмж харагддаг. Жил болгон л их олон зочид цуглаж, дайлуулж цайлуулаад, их л сэтгэл ханамжтай гарч байдаг шүү дээ. Цэнгэлийн манлай гэх сайхан нэрийг хэн өгсөн бэ?
-Манай уяа наадмаар жилдээ 4000-5000 зочин хүлээж авдаг. Уяачдын галд зочилж ирсэн хүмүүст олуулаа багтах тохилог гэр хэрэгтэй байсан болохоор энэ гэрүүдийг барьсан. Түүнээс гадна тухалж суугаад эрүүл хоол идэж болох шаардлага хангасан цайны газар ажиллуулъя гэж шийдсэн. Тавтай хооллосон хүмүүст цэвэрхэн тохитой ариун цэврийн газар зайлшгүй хэрэгтэй болдог. Энэ бүгдийг цогцоор нь шийдсэн газрыг анхлан нээж, уяачдадаа үлгэр дууриал үзүүлсэн гэж боддог юм. Анх миний найз Шивээ-Овоогийн үйлдвэрийн захирал Отгонбаатар маань надад санал болгоод, тэр жилээ би өндөр хүчдэл татаж, бүх гэрүүддээ сэрүүцүүлэгч тавьж, орчин үеийн тохилог ариун цэврийн өрөөтэй, цэвэрлэх байгууламжтай болсон. Өндөрлөг газарт  гэрээ барьсан болохоор салхи ихтэй, гэр хийсээд байсан болохоор дараа жилээс нь модон гэрүүд барьж илүү тохь тухтай болгосон. 2012 оны сонгуулийн өмнө болон дараа нь ч гэсэн ч Бат-Үүл дарга манай галаар хэд хэд ирсэн юм. Монголчууд наадмаа сайхан хийхэд хотын гүйцэтгэх үүрэг маш их юм байна гэж хэлээд Хүй долоон худагт хөрөнгө оруулалт хийж шинэчилж эхэлсэн. Санаачлага маань үр дүнтэй болж, Хүй долоон худагт хотын захиргаанаас өөрчлөлт хийж олон сайхан тохижилтын ажлууд хийж байгаад нь би их баяртай явдаг юм. Цэнгэлийн Манлай гэх нэр нь үргэлж баяр цэнгэл наадмын орой болж, халгиж цалгиж байхыг бэлгэдэж өгсөн ихэд бэлдэгшээлтэй нэр.
-Та наадмын үйл ажиллагаанд үнэхээрийн их ач холбогдол, өгч хөрөнгө мөнгө зарцуулж наадах юм. Бэлгэдэл байна уу?
 -Самбуу гуай Цэдэнбал даргад ажлаа өгөхдөө хоёрхон зүйл захисан гэдэг. “За, миний хүү төрийн наадмаа өргөн дэлгэр хийж, цагаан сараа сайхан тэмдэглэж байгаарай. Энэ хоёр баяраа өнгө зүстэй сайхан тэмдэглэчихвэл Монголын буян заяа түшээд явчихна шүү” гэсэн байдаг. Би өмнө нь гайхдаг байсан. Ядуу байж гэрээ зараад цагаан сар хийчихлээ гэхэд нь би шүүмжлэлтэй ханддаг байсан үе бий. Гэтэл үүнийг шүүмжлэх хэрэггүй. Цагаан сар бол Монголын уламжлалт баяр. Хичнээн ядуу байсан ч баяраа сайхан тэмдэглэдэг байх хэрэгтэй. Ерөөл бэлгэдлийн баяр. Өргөл барьц өгч, буян үйлдэх хэрээр ашиг орлого нэмэгддэг гэдгийн цаана монгол ахуйн бэлгэдэл байсныг хожуухан ч гэсэн би ухаарсан. Ирэх жилийн сайхан буян хишиг эдийн төлөө өнөөдрийн гэрээ өгөх дээр Монголчууд нэг их ач холбогдол өгдөггүй бэлэгшээлтэй ард түмэн юм. Монгол улс их баян улс гэж би хувьдаа боддог. Эв эеэ хичээж, зөв явчихвал Монол улс маань хөгжихөд бэлэн байна.
Танай сэтгүүлээр дамжуулаад Монголын ард түмнээ манай галаар зочлохыг урьж байна. Таньдаг мэддэг хүмүүс маань ч гэсэн урилгагүйгээр ирээрэй. Наадмаар Монгол түмэн урилгагүйгээр бие, биенийхээрээ орж гарч байдаг ард түмэн. Манай Цэнгэлийн манлай уяачдын галын хамт олон ч мөн л олон хүн орж гарахыг тооцоолж, тэр хирээр бэлтгэлтэй ажилладаг. Сүүлд нь хэлэхэд Дэлхийд ганцхан Монгол наадмаараа дэнж хотойтол сайхан наадацгаагаарай гэж Монголчууддаа ерөөе.

                                                         /"Ухаантай Морь" сэтгүүлийн 2015 оны 6 сарын дугаараас. . ./

 

Сэтгэгдэлүүд
  • зочин IP:202.179.31.58 2017 оны 05 сарын 08

    Монгол эр хүнд баярах хэрэгтэй. Монгол адуугаа дээдлэгч энэ залууд төрийн жолоог атгуулах юм сан. хэзээч эх орноо худалдахгүй л болов уу? АН -д ийм хүн хэд бол оо. Үндэсний үзэл зүрхэнд нь байдаг ийм залуучууд л хэрэгтэй байна даа.
Сэтгэгдэл