2017 оны 05 сарын 10

Түүний зурагнуудыг харангуут үнэтэй торгон алчууран дээр зуруулаад зүүчихмээр нэг л тансаг, бас зурааснууд нь их тод, маш гоё, содон санагдсан юм. Бараг бүхий л зургандаа нүүдэлчдийн амьдрал, тэмээн жин, гэр, морь, үхэр тэрэг.., гэх мэтчилэн дүрсэлсэн байх бөгөөд үүлэн, салхин, өлзий хээг монгол гэртэй хослуулан түлхүү ашигласан нь тун өвөрмөц байлаа. Бүтээлүүд нь ерөнхийдээ уран сэтгэмжийн гэмээр, ихээхэн бэлгэдэл агуулсан, өвөрмөц, сонин сайхан зохиомжтой. Нүүдэлчдийн ахуй амьдралыг дүрсэлсэн монгол зураг яг л үүлэн дээр хөвж яваа мэт, үүлний дүрс, өнгө хувирал адил уран хөвсгөр, хөнгөхөн,  амар амгалан байдлыг мэдрүүлж байх шиг...Ийм учраас л зураач маань үзэсгэлэнгээ “Үүлэн дүрс” хэмээн нэрлэж, цувралаар гаргадаг гэдгээ  бидэнд ярьж байлаа.
-Зарим зураачид гэнэтхэн онгод ороод ингэж зурлаа гэж ярьдаг. Харин таны хувьд онгод орж ирдэг үү?
-Уран бүтээлчдэд онгод гэдэг зүйл цаанаасаа л тавиастай байгаад байх шиг санагддаг юм. Гэнэтхэн онгод ороод зураад байх нь ховор байхаа. Миний энэ зурж байгаа зураг гэхэд л яг суулгадаг. Зураг бол төгсгөл байхгүй. Шинэ шинэ дүрс, хэлбэр нэмэгдээд л, зураад л сайжраад л байдаг. Зургаа зурахдаа би юунаас ч харахгүй, нэг ч харандаа барихгүй, шууд нэг талаас нь хөөгөөд хөөгөөд л зураад зурчихдаг. Энэ нь монгол зургийн бас нэг онцлог. Тэгэхээр онгод гэхээсээ илүү арга техник, ур чадвар, уран сэтгэмж нь чухал юм уу гэж боддог.
-Үүлэн дүрсийг зургандаа яагаад ашиглах болов? Харахаар монгол хээ ч юм шиг л харагдаж байна.
-Анхны үзэсгэлэнгээ гаргах гээд нэр бодож байгаад Үүлэндүрс гэж нэрлэсэн. Монгол зураг бол  их хөнгөхөн, агаарлаг намуун хөг аястай боловч морин дээр давхиж буй мэт байдаг. Үүл ер нь маш олон хувирлыг үзүүлнэ шүү дээ. Өнгөтэй бол өнгөтэй. Хэлбэр дүрс нь бас их өөрчлөгдөнө. Энэ утга агуулгаар нь бид Үүлэн дүрс гэж нэрлээд,1997 онд анхны үзэсгэлэнгээ гаргаснаас хойш үзэсгэлэнгүүдээ дандаа Үүлэн дүрс гэж нэрлэсэн. Миний хувьд монголдоо бие даасан таван үзэсгэлэн гаргасан байдаг юм. Гадаад дотоодод нийлээд бие даасан 10 гаруй үзэсгэлэн гаргасан байгаа. Би өөрийгөө Монгол зургийг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахын төлөө л бүтээж байгаа гэж боддог. Байгалийн мөнхийн, тэр нэг хөг хөдөлгөөнийг л бүтээлдээ илүү харуулахыг хүсдэг. Тийм болохоор миний үеийнхэн намайг Үүлэндүрсийн гэж нэрлэдэг.  Сэтгэлгээ болон дүрслэлийн  хувьд  өвөрмөцөөр зурахыг боддог.
-Ер нь олон зураг зурсан байх даа.
-Олон зураг зурсан, тоог мэдэхгүй болсон.Зураад л байна, хүмүүс цуглуулаад л...
-Та аль сургуулийг төгссөн бэ?
-Дүрслэх урлагийн дээд сургуулийн монгол зургийн ангийг Ардын зураач, төрийн соёрхолт Д.Амгалан, Төрийн соёрхолт Ц.Цэгмид багш нарын урланд суралцаж төгссөн.
-Анхны үзэсгэлэнгээ хэзээ гаргаж байв?
 -Анхны бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ оюутан байхдаа сургууль төгсөх жилээ 1997 онд гаргаж байлаа. 20-н жил болсон байна. Би багшаасаа сургууль төгсөхдөө үзэсгэлэн гаргаж  болдог уу гэж асууж байсан. Тэгсэн багш маань “Үзэсгэлэн гаргаж төгсөж болно” гэсэн. Миний үзэсгэлэн тэр жил Шведэд гарах байсан. Тэгээд л үзэсгэлэн гаргаж үзэх хүсэл ихтэй байсан. Ингэж л анх үзэсгэлэнгээ эх орондоо гаргая гэж бодоод гуравдугаар сарын таванд анхны үзэсгэлэнгээ гаргаж байлаа.
-Тэмээний бие  хэсэгт яагаад гэр оруулж зурсан юм бэ?
-Тэмээн жин, нүүдэл суудал зурахдаа гэр бараа эд хогшил энэ тэрийг бодьчилоод зурахыг урьтал болгодоггүй. Миний энэ хэлбэр, хэв маяг, сэтгэлгээ аль болохоор зурган дээр байгаа утга агуулга  уран сэтгэмжтэйгээ их уялддаг юм.Тийм болохоор тэмээн дээр гэрээ ачаад явж байгаа нь минийхээр тэгж л илэрхийлэгдэж  байгаа гэсэн үг л дээ. Их олон янзаар зурсан даа. Тэгсээр байгаад сүүлдээ өөрт болон өөр хүнд сонин ч юм шиг, гоё ч юм шиг л харагддаг болдог байх. Нэг үгээр хэлбэл өөрийнхөө уран санаа сэтгэмжийг уран бүтээлээрээ илэрхийлж, түүнийгээ хүлээн зөвшөөрүүлж чадаж байна гэсэн үг л дээ.
-Зурж эхэлж байх үеэсээ эхлээд өнөөг хүртэл ертөнцийг үзэх үзэл чинь хэрхэн өөрчлөгдсөн бэ? Таны бүтээл дээр дүрслэгдэж харагддаг уу?
-Тэгэхээр энэ асуултанд хариулахын тулд миний зургийг 10, 20 –н жилийн өмнөхтэй нь харьцуулаад харчих хэрэгтэй. Өөрчлөлт нь зурган дээр л харагдах байх. Уран зургийг нэг их  ярьж тайлбарлах  хэрэггүй байх гэж боддог. Зураг өөрөө хүн бүхэнтэй өөр өөрөөр ярьдаг болохоор. Тэнд л үзэл санаа их харагдана даа.
 -Та зургаа зурахдаа ямар арга техник ашиглаж зурдаг вэ?
-Зургийг зурдаг олон арга техник байна ш дээ. Усан будгаар, гуашь, тосон будаг гээд л. Миний бодлоор оюун ухаан дахь уран санаа сэтгэмжийг гаргахад  материалын үүрэг их байна. Өөр өөрийн уран бүтээлийн мөн чанараас шалтгаалж ямар материалаар бүтээхээ уран бүтээлчид сонгодог. Миний хувьд уламжлалт монгол зургийн хэв шинжид их тохирсон материал бол шороон будаг буюу гуашь, байтуудсан даавуу буюу цардсан даавуу илүү сайн тохирдог. Монгол зураг нарийн хийцтэй, чамин, өнгө тунгалаг болохоор гуашь-аар зурахад тохиромжтой байдаг. Тосон будгаар бол нарийн зураасыг зурахад тийм ч тохиромжтой биш юм байна лээ. Тосон будаг хичнээн шингэлээ ч гэсэн тос болохоороо сайн гүйдэггүй. Тийм учраас энэ шинж чанартайгаа холбоотойгоор гуашаар даавуун дээр зурдаг.
-Өлзий хээ, тэмээ, гэрийг зургандаа их оруулж зурах юм. Энэ бүхэн таны сэтгэлд үлдсэн дүр зураг уу?
-Өлзий хээг сүүлийн үед зурагандаа оруулж зураад байгаа. Эхлээд янз бүрээр зураад л байсан. Өлзий хээг бурхан шашны холбоотой гэхээс илүү эрт дээр үеэс монголчууд хэрэглэж байсан л хээ дүрслэл юм. Тухайлбал биднийг бага байхад айлуудын  хашааны хаалга, гэрийн үүдийг өлзий хээгээр чимэглэсэн  байдаг. Одоо ч байна. Айлд ороход авдар дээр нь хүртэл өлзий хээ байж байдаг. Энэ хээ нь монголчуудын хувьд сайн сайхан зүйлийг урин дуудах, учран золгох, муу зүйлээс хол байх гэх зэргийг бэлгэддэг ч байж болох юм. Энэ бол бэлгэдлийн утга агуулгыг бүхий л талаас нь зурж байгаа хэрэг. Мөн  зураач хүн зургаа зурж байхдаа сайн сайхан бодол санаатай байх хэрэгтэй юм шиг байгаа юм. Сайхан зүйл бодох хэрэгтэй. Урлаг бол сайхныг л хүлээж авдаг. Ингэснээр тухайн зургийнхаа энергийг бүрдүүлээд байдаг. Тэгж байж хүнд тэр бүтээл сайхан харагдана, сайхан сэтгэгдэл төрүүлнэ. Бас нэг чухал зүйл ажиглагдаад байдаг. Тэр нь бүтээл дотор юу шингээгээд байна гэдэг чинь маш чухал зүйл. Хэрвээ зураагүй бол тэр орон зай хоосон л байна. Би  энэ зургийг зурахгүй бол хүмүүс энэ зургийг хэзээ ч харахгүй. Зарим нэг нь үүнийг ойлгодоггүй юм. Хаа сайгүй байх ёстой юм шиг л боддог юм шиг байгаа юм. Тийм биш болохоор л хүн төрөлхтөн оюуныг дээдлэдэг. Түүнд цаг хугацаа, орон зай, бидний амьдралын хэв маяг, хүсэл тэмүүлэл гээд олон зүйлийг хойч үед дамжуулан тээж явдаг шүү дээ.
-Дүрслэх урлаг, уран зураг гэдэг нэршлийн ялгааг хэлнэ үү?
-Дүрслэх урлаг өргөн дэлгэр ойлголт. Дүрслэх урлагийн бүтээл оюуны, нүдний, гарын урын нийлэмжээр бүтээгддэг олон төрөл зүйл байна. Тэр бүтээгдсэн бүтээлүүд бүгд цааш улам хөгжсөөр өөрийн урсгал чиглэл, үзэл санааг бид бүхэнд илэрхийлсээр л байна. Эртний хадны зургаас эхлээд алдар суут зураач, урчуудын бүтээлүүд, орчин үеийн шинэ урлаг хүртэл өөр өөрийн нэршил, чиглэлийг үүсгэсээр л байна.
-Зураач хүмүүст нэг зургаа дахин дахин зурах хэрэг гардаг байх. Жишээ нь хүмүүс зарим нэг зургийг чинь харчихаад яг л энэ зургийг чинь зуруулая гэж хэлдэг тохиолдол их гардаг уу?
-Би бол өөрийнхөө зургийг хуулаад яг адилхан зурж чаддаггүй ш дээ. Хааяа тийм тохиолдол гардаг л даа. Яг энэ зураг шигээ ахиад нэгийг зураад өгөөч гэдэг. Тэгэхээр нь тэр хүнтэй  маш сайн ярилцдаг. Яг үүн шиг үү гэдэг. Тэгэхээр яг үүн шиг л гэдэг. Яг үүн шиг адил болохгүй гэдгээ би хэлдэг. Ер нь бүтээл гэдэг чинь ганцхан л хувь байдаг. Харин үүнтэй ойролцоо зурж өгье гэж хэлдэг. Техник юмуу, үйлдвэрийн аргаар хийж байгаа  бол мэдээж өөр хэрэг л дээ. Тиймээс давуу тал нь энэ. Гол нь сайн зурчих юмсан, илүү зурчих юмсан гэдэг бодлоор л зурдаг. Тэгэхээр хүмүүс энэ зургийг ахин давтагдахгүй нэг л хувь юм байна гэдгийг илүү ойлгодог юм.
-Зураач нартай уулзаж байхад бусад салбарынхнаас ч илүү багшийгаа хүндэлж, дээдэлж ярьдаг. Таны уран бүтээлд багшийн тань арга барил, элемент, өнгө аяс туссан зүйл байдаг уу?
-Байлгүй яахав. Уран бүтээлч, зураач хүний багш  гэдэг цаанаасаа л учирах ёстой зам дээрээ учирдаг. Намайг сургуульд ороход Амгалан багшийн шавь болох гэж олон хүүхэд шалгалт өгч байсан. Тухайн үеийн сайн зурдаг хүүхдүүдээс эхлээд, зөндөө л шилдэг хүүхдүүд орж байсан. Гэхдээ багшийн гарын шавь болох 12 хүүхдэд л энэ учрал ерөөл тохиосон. Миний хоёр багш монгол сэтгэлгээг уран бүтээлдээ нэвт шингээсэн байдаг. Түүнийгээ бас их өвөрмөц дүр дүрслэл, хэв маягаар илэрхийлдэг. Багш нар маань сэтгэлгээний хувьд их сониуч хүмүүс л дээ. Би ч энэ байдлыг нь бас өөртөө бий болгох, байлгах дуртай. Багшийн нэг зургийг та хараарай. “Ээжээ сайн байна уу” гэдэг алдартай зураг нь гэхэд л хүүхдийг нь томоор зураад, цаана нь ээжийг нь алслалтай зурж, нарыг томоор гаргаж өгсөн байдаг. Үүгээрээ тэр аз жаргал, баяр баясал гэдэг өргөн агуулгыг харсан хүн бүрт хүргээд байна л даа. Багш маань олон зураачдыг өөрийн гараар сургаж, хүмүүжүүлсэн хүн. Монголын зураачдын ихэнхи нь миний багшийн шавь шүү дээ. Сургуулийн далан жилийн ой болсон. Тэгэхэд манай ангийнхнийг хүмүүс хэлж байсан. “Амгалан багш маань бидний бүгдийн багш хэрнээ, ганцхан танай ангийг бие дааж төгсгөсөн юм байна” гэж байсан. Бид ч тийм л азтай нөхдүүддээ. Миний хувьд хоёр багшаасаа сурсан олон сайхан зан чанарыг өөртөө санаж бодож тунгааж явахаас гадна хүмүүсийн бодоогүй, санаагүй сонин зүйлийг сониноор илэрхийлэх арга барил нь надад бас жаахан туссан байх гэж боддог. Ер нь багшгүйгээр хүн бол юу ч биш л дээ. Монголчууд багш хүнээ аав ээжийнхээ хэмжээнд хүндэлдэг. Зураач уран бүтээлч хүний багш бол яндашгүй их далай байдаг. Тэр далайдаа гололгүй сэлүүлсэн багш нарын ачийг ер нь мартах учиргүй л дээ.
-Таны зурагнууд дээрх монгол гэрүүдийн өрх нь пирамид хэлбэртэй байх юм. Энэ нь сансрын энергийг шууд хүлээж авдаг гэсэн үүднээс юм болов уу гэж бодлоо. Яагаад үүнийг пирамид хэлбэрээр хийв?
-Та бас гоё л харж байна. Монгол хүний нүдний ур, төсөөлөл нь яагаад сайн хөгждөг вэ гэхээр, өлгийтэй хэвтэж байхааасаа л тооноор харагдаж байгаа үүл, нар, сар шувуу гээд нисээд өнгөрөх бүх л дүрслэлийг хараад байхаар нүдний ур нь хөгждөг байх нь. Өрхний хувьд бол эхний санаа маш энгийн. Өрхөө хойш татаад л гурвалжилсан байдаг. Огторгуйн орон зайд үндсэн гурван дүрс байдаг. Дөрвөлжин, гурвалжин, бөөрөнхий гээд... Оюун санааны нэг том илэрхийлэл бол бэлгэдлийн утга санааг бий болгож чаддаг. Миний зурганд бэлгэдэл их байна. Гурвалжин дүрс бол миний хувь их хөдөлгөөнтэй байдлыг илэрхийлээд байх шиг байдаг. Өдрийн цагаар хүмүүс ажил хөдөлмөр хийгээд хөдөлгөөн их байдаг шүү дээ. Үүнийг илэрхийлж байгаа ч гэх юм уу. Харанхуй болонгуут нам гүн болдог. Тэгвэл дөрвөлжин дүрсээр асар тайван амгалан, бат суурьтай байдлыг илэрхийлдэг. Харин дугуй бол ойгомжтой. Их тогтворгүй байна. Энэ байдлыг уран бүтээлийн гол санаа болгож зурах жишээтэй. Урлагт нэг сонин өөрчлөлт ирсэн байдаг. Энэ нь савтай будгийг хийснээс хойш урлаг шал өөр түвшинд очсон. Олон өнцгөөс хардаг болсон.1870-1880 оны үед зураачид байгалийн эрдэс чулуулаг, ургамлаас будгаа гаргаж авдаг байж. Түүнийгээ авч гараад гадаа зурахад тохиромж муутай  байж л дээ. Тиймээс байнга байшин  дотор л зураг зурагддаг байжээ. Тэр үеийн зураачид гадаа байгаа байгалийг харандаагаар зурж, өнгийг нүдэндээ тогтоож байгаад  зурдаг байсан нь ажиглагддаг. Тэр үед будгийг савладаг болсноор зураач нарт маш том боломж нээгдэж, гадаа гарч зураг зурдаг болсон байна. Жинхэнэ байгаль дотор орж  байгалаа зурдаг болсон. Тэгэхээр урлагт өчүүхэн жижиг өөрчлөлт гэхэд л асар их дэвшилтэнд хүргэж байгаа юм. Энэ үеэс олон хэв маяг, үзэл санааны  шинэ шинэ илэрхийллүүд бий болж эхлэсэн. Дараагаар нь дизайн гээд зүйл яригдаж эхлэсэн. Дүрслэх урлагийн төрөл зүйлүүдээс үүсгэлтэй. Урлаг уу, Дизайн уу гээд. Дизайн нь болохоороо хэрэглээтэй уялдаад эхлэсэн. Тэгээд ирэхээрээ нөгөөдүүл нь энэ бол урлаг бишээ гээд үзчихдэг. Тэгтэл таны наад сууж байгаа сандал чинь яагаад урлаг байдаггүй юм бэ гээд л асуугаад эхлэсэн байдаг. Одоо бол урлагт цоо шинэ төрөл гарч ирнэ гэдэг хэцүү ш дээ. Байх бололцоотой бүх зүйлүүдийг гаргаад ирсэн. Тэгэхлээр оюун санаан дахь дүрслэлийн хөгжил юуг бүтээж бий болгож байгаа нь тодорхой болж харагдаж байна. Та ч гэсэн миний нэг зургаар алчуур хийгээд зүүчих сонирхол бас байна. /инээв/
-Зураачид ярьдаг ш дээ. Хамгийн үнэтэй зураг бол тухайн үеийн хамгийн сэтгэл шингээж урлаж зурсан зураг гэдэг. Үүнтэй бол санал нэг биз.
-Та дараа надтай уулзаад, эртээд ярилцлага авч байхад зурж байсан зургаа ахиад надад зураад өгөөч гэвэл бас л өөр. Яагаад гэвэл өнөөдөртэйгээ энэ зураг үлдэж байгаа. Зурах бол миний дуртай ажил. Гэхдээ  зураг өөрийн цаг хугацаа, орон зай, оюун санааны өгөгдөл дотор оршдог. Түүгээрээ өртөөчлөн сайн бүтээл хийхийн  тулд олон жил, олон зураг зурдаг юм байна. Өнөөдөр Балдуугийн Шарав гэдэг зураачийн ”Монголын нэг өдөр” гэдэг сайхан бүтээл байна. Энэ бүтээлийг төрүүлэхэд зураач их олон зураг зурж байж энэ бүтээлийг  хийсэн  байгаа. Гэнэт зураад л нэг өдөр энэ бүтээл бий болоод л.... Тийм юм гэж  байхгүй. Тэгэхлээр тэр үнэ цэнэ хаана байна гэвэл түүнийг бий болгохын тулд бүтээлчээр амьдарсан уран бүтээлч, түүнээс гарсан туурвилд л хамгийн их үнэ цэнэ, сэтгэл шингэнэ гэж би боддог доо. Тэнд л бүтээлийн үнэ цэнэ оршин байгаа.
Бидний урилгыг хүлээн авч сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Танд амжилт хүсэе.
Уламжлалт өв соёлоо дээдлэн судлаж, түгээн дэлгэрүүлж байгаа танай сэтгүүлийн хамт олонд амжилт ерөөе.
Ярилцсан Г.Баянмөнх
Б.Нанзаддорж

 

Сэтгэгдэл