2017 оны 05 сарын 11

Уран бүтээлчид тэр дундаа зураач нар этгээд сонин улс шиг санагддаг юм. Хэний ч санаанд ормооргүй сонин хачин зүйлийг сэдэж, гайхашруулах нь бий. ‘Морины Мо’ гэх нэрээрээ cүүлийн үеэс олны дунд алдаршиж буй  зураач, яруу найрагч, ”Хөх бичиг” бичиг соёлын академи ТББ-ын тэргүүн  /МУСТА/ Ганзоригийн Мөнхбаатарын зурагнууд ч гайхашруулна. Түүний уран бүтээлийн ертөнцөөр аялсны дараа танд ч бас гүн сэтгэгдэл үлдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Юунд ч баригдахгүй, чөлөөтэй сэтгэдэг тийм л нэг авьяаслаг уран бүтээлчдийн нэг бол Г.Мөнхбаатар ажээ. Ингээд уншигч таныг түүний ертөнцөд түр саатуулая.
-     Таны урланд ороод ирэхэд хурдан морины хөлс үнэртэх шиг болж байна. Учир нь таны уран бүтээлийн ихэнх нь энгийн нэг морь давхиж байгаагаар бус их утга агууламжтай, зохиомжтой зурагдсан харагдаж байна. Хурдан морийг амьтантай хослуулан зурж байгаа нь их сонирхолтой байна л даа. Та ер нь зургаа ямар урсгал чиглэлээр зурдаг вэ?
-Ер нь бол шидэт реализм. Монголын уламжлалт ахуйн сэтгэхүй дотор байдаг хийсвэрлэл. Монголчуудын хурдан морь уях арга ухаан нь төгс шинжлэх ухаан болтлоо хөгжсөн. Түүнийгээ дагаад монгол ахуйн бэлэгдлүүд их байдаг. Шувуу, шаазгай, чоно, буган шинж, туулайн шинж гээд энэ болгоныг бүтээлдээ шингээж, тэднийг ямар нэгэн байдлаар сүнслэг болгож дүрслэн дүрслэлээ ил болгож байгаа юм. Тухайлбал энэ Шарга азарганы зураг “Морин цаг буюу магтаал” гэдэг нэртэй зураг. Морин цаг гэхээр 09.40-11.40 хоорондох буюу үдээс өмнөх цаг. Энэ хооронд шаазгайг үнэн ярьдаг гэдэг. Ер нь бол шарга азарганд худлаа магтаал хэрэггүй. Ард түмэн түүний тухай үнэнийг л ярьж шагшин магтдаг. Тийм болохоор медалын оосор дээр нь шаазгай суугаад Шарга азарга наана нь давхиж байгааг харуулсан бэлгэдэлээр зурсан юм.
Шарга азарганы зураг.............
-Монголд шидэт реализм төрлөөр танаас өөр зурж байгаа зураач байна уу. Дэлхийд энэ төрлийн гол төлөөлөгч ямар зураачид байдаг вэ?
-Кубизм, реалист, австракт гэх мэт зөндөө олон чиглэлүүд байдаг л даа. Би бол ямар чиглэлд орох уу гэдэг утгаар нь хариулт өгч байна. Бодит байдлаасаа халиад өөрөөр дүрслээд ирэхээрээ шидэт реализм гэдэг дүр дүрслэл гараад ирж  байгаа юм. Миний мэдэж байгаагаар бол яг энэ шидэт реализм гэдэг төрлөөр олонд алдартай тийм дагнасан зураачийг би сайн мэдэхгүй байна. Байдаг байж магадгүй. Тэгэхдээ Сальвадор Далигийн зарим зурагнуудад нь шидэт реализм чиглэлийн зурагнууд бас байдаг.
-Уран бүтээлч хүн сэтгэлгээний хувьд илүү их задгай ямар нэгэн зүйлд баригддаггүй. Таны зураг уран бүтээлч хүний дотоод мөн чанар сүнслэг ертөнцийг илүү их тусгаж өгсөн юм шиг харагдаж байна.
-Тэгэхээр изм-д баригдана гэдэг бол уран бүтээлч хүний ажил биш л дээ. Ийм чиглэлээр зурна, энэ бол сонирхолтой чиглэл байна. Тийм чиглэл гарчихсан юм чинь тэрийг даган дуурайна гэхээс илүүтэй дэлхийн хэмжээний том зүйл гаргадаггүй юм аа гэхэд өөрийн өнгө аясыг илүү гаргаж ирэхийн төлөө зүтгэдэг  уран бүтээлч буюу бүтээгч хүмүүс их байдаг. Уран бүтээлчид гэхээр уран зураач, хөгжмийн зохиолч, яруу найрагч  гэсэн хүмүүсийг хэлнэ. Манайханд нэг өрөөсгөл ойлголт байдаг. Дуучин хүнийг уран бүтээлч гээд яриад байдаг. Гэтэл дуучин хүн бол гүйцэтгэгч байдаг гэх мэт. Тэгээд ч ер нь уран бүтээлчдийг иймэрхүү чиглэлийн хүн байна гэдгийг судлаачид л гаргаж ирдэг.
-Таныхаар түүхэнд үлдсэн агуу зураачид, тэдний бүтээлүүд өдийг хүртэл үнэ цэнээ алддаггүй нууц нь юунд байдаг гэж бодож байна?
-Алдартай зураачдын зураг өндөр үнэд хүрдэг. Тэр зураач алдартай байхдаа үүсгэсэн үнэ цэнэ нь алдартай болохоос, тэр зураачийн зураг болгон үнэ цэнэтэй биш. Тэгэхээр тэр алдартай зураачийн зураг гээд мэргэжлийн нүдээр харахад тийм сайн зураг биш байхад их үнэд хүрч байх жишээтэй. Шинийг эрэлхийлж, өөрөө өөртөө үнэнч үлдсэн, энэ зүйлийн төлөө л явна гэсэн зураачид агуу байдаг. Тэр хүмүүсийн тод жишээ бол Микаланжело, Леонердо Да Винчи, Пикассо, Сальвадор Дали нар юм. Пикассо “Би 13 насандаа Рафаель шиг зурдаг байж өдий олон жил хөдөлмөрлөхдөө хүүхэд шиг зурж сурахын тулд л хөдөлмөрлөжээ” гэсэн байдаг. Уран бүтээлч хүмүүст анхаармаар бас нэг зүйл хэлж байсан. Юу гэхээр Пикассод түүний шавь нэгэн залуу зураач хэлсэн байдаг. Таны гар хөдлөх төдийд хийсэн зүйл миний сэтгэл зүрхээ шингээж хийсэн бүтээлээс хэд дахин илүү үнэтэй байх юм гэхэд, Пикассо “Би энэ зиндаанд хүрэхийн тулд 60 жил хөдөлмөрлөсөн юм” гэж хэлсэн байдаг юм. Юмыг цээлээр харж сурах хэрэгтэй. Тэгж байж үнэ цэнэтэй зүйлээ олж авна уу гэхээс биш өөрөө юу ч хийж бүтээгээгүй байж би авьяастай хүн гэж хэлэхээс илүү эцсийн эцэст хөдөлмөрлөсөн, хичээсэн хүн л үлддэг. Их хөдөлмөрлөж бүтээхээр хүний оюун санаа задраад цаашаа хөгжөөд явдаг. Авьяас, авьяасаараа байж байгаад шууд мундаг болчихдог юм биш.
-Оюун ухаан задрах гэдэг дээр би нэг зүйл асууя л даа. Ухаан задрах тэр процесс хүний уураг тархинд хоромхон зуур явагддаг. Зураач хүнд энэ мэдрэмж бодитоор мэдрэгдэх үү?
-Яруу найраг шиг л харваж орж ирдэг. Би өөрөө яруу найрагч болохоор адилхан байж магадгүй. Шөнө нойр хүрэхгүй сэрвэлзээд л, нэг юмны талаар ургуулан бодоод ямар гоё санаа вэ гэж байтал түүнээс гоё шинэ санаа дүрслэгдээд ороод ирдэг. Энэ бол зүгээр юу ч бодоогүй байхад орж ирдэг зүйл биш л дээ. Нэлээн хугацааны явцад бодож санасан юмны нийлбэр гэнэтхэн нэг өдөр учир нь олдоод хүний тархи, оюун ухаанд буудаг.
-Агуу зураачийг нийгэм цаг үе нь төрүүлдэг үү. Эсвэл ямар ч цаг үед энэ агуу зураачид төрж л байдаг уу?
-Аяьяас бол орон зай, цаг хугацаа хамаарахгүй төрдөг юм. Гэхдээ бас үетэй давтамжтай байх шүү. Тухайлбал хоёр агуу зураач дэлхийн хоёр өөр өнцөгт төрөөд бие биенийхээ барааг хараагүй байж адил төстэй агуу зүйлүүдийг бүтээсэн тохиолдол байдаг. Нийгэм цаг үе ийм болчихсон болохоор авьяастай хүн төрөхгүй гэдэг юм уу эсвэл ийм нийгэм ийм гоё байгаа болохоор одоо мундаг хүмүүс гарна ч гэдэг юмуу тийм юм бол байхгүй. Авьяастай хүн хэний ч удамд, мөн ген, цаг хугацаа харгалзахгүйгээр төрдөг. Тэгэхээр авьяас гэдэг бол энд тэнд өдрийн од шиг харваж байдаг гэж боддог.
-Таны урланд уран зурагнаас гадна өөр сайхан зүйлүүд харагдаж байна. Мөн та монгол уран бичлэгээ түгээн дэлгэрүүлэх үйлст өөрийн хувь нэмрээ оруулж, олон хүнд калиграф буюу уран бичлэгийн хичээл заадаг гэсэн. Энэ талаараа дэлгэрүүлээч.
-Энд уран бүтээлч хүний чин сэтгэл явж байгаа. Яагаад гэвэл уран бичлэг бичдэг хүмүүс одоо хүртэл цөөхөн байгаа. Гарын арван хуруунд багтахуйц цөөхөн мастерууд байдаг. Тэдэнтэй мөр зэрэгцэж яваадаа хувь хүнийхээ хувьд, энэ төрөл рүү хожуу орсон ч гэсэн их баярладаг. Анх найз маань“Би нэг айлд очих гэсэн юмаа. Ийм каллиграф бичиж чадахуу?” гэхээр нь чаднаа гээд л сорьж үзээд авьяас билгээрээ хийгээд хэсэг явсан. Сүүлдээ хоёр хааны зарлигтай агуу бичиг, соёлоо өөрөө түгээн дэлгэрүүлж, маш сайн сурч, дүрэм хийгээд уран бичлэгийн дэг жаяг  ямар байдаг юм, эртнээс ямар үсэг зохиогдож ирсэн юм, монгол бичгийн түүх ямар байсан гээд олон зүйлийг судалж гаргаж ирсэн. Түүнийхээ дагуу “Хөх бичиг” бичиг соёлын академи гээд төрийн бус байгууллага байгуулсан. Төрийн бус байгууллагын статус дотор академи гэсэн үгийг авч болдог болохоор цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэг утгаараа академи гэж оруулсан. Одоо бол олон шавьтай. Цаашид уралдаан зохиох бодолтой байна. Энэ бол цэвэр уран бүтээлч хүний, тэр тусмаа  монгол хүний нийгмийн хариуцлага юм. Миний хувьд босоо бичгээ үгүй болгочихгүй юмсан гэж зүтгэж яваа олон хүмүүсийн л нэг.
Бурхан танд олон сайхан авьяасыг харамгүй хайрлажээ. Зураач, уран бичээч, яруу найрагч гээд л. Мөн таныг их сайхан дуулдаг, аливаа үйл ажиллагааг сайхан хөтөлдөг гэж сонсож байсан. Шүлэг бичих, уран зураг зурах хоёрын хоорондын ялгаа юу байна. Адил төстэй чанарууд байна уу. Та өөрийнхөө шүлэг бичих авьяасыг хэзээнээс таньж мэдэв?
-Авьяас гэдэг зүйлийг  хөгжүүлж болвол ямар ч зүйлрүү хөрвөж чаддаг гэдгийг одоо хожуу дүгнэж байгаа юм. Миний хувьд СУИС-ийн Уран зургийн ангийг төгссөн. Тэр дундуураа “Их Монгол” дээд сургуулийг Монгол хэл уран зохиолын багш мэргэжлээр төгссөн. Тэгж төгссөн шалтгаан нь хоёр дипломтой болчихоё, эсвэл уран зохиолын багш болчихоё гэсэнгүй. Тэнд Дарамын Батбаяр гэдэг хүн дугуйлан явуулдаг гэдгийг дуулсан. Дараа нь СУИС-ийн багш, шүүмжлэгч, зохиолч Пүрэвхүүгийн Батхуягийн “Үйлийн үрийн байшин” гэдэг номын зургийг зурах гээд очиход энэ сургуульд Дарамын Батбаяр багш байдаг юм  гэсэн. Тэгвэл энэ сургуульд чинь сурья гээд 3-р курсээсээ орсон юм. Тэгэхэд би СУИС-ийн 4-р курст сурч байсан. Дараа жил нь Их Монгол дээд сургууль болон СУИС-ийг зэрэг төгссөн л дөө. Тэр хүнтэй ингэж учир ерөөлөөр таарснаар  өнөөдөр “Өргөстэй саран” гэдэг яруу найргийн анхны номоо гаргалаа. Тав зургаан жил дарж байж одоо л цаг нь боллоо гэж үзээд гаргасан. Түүнээс биш би хөөрөөд, онгирооод бүр өмнө гарчихвал гаргаж болох л байсан. Зориуд маш олон шүлэгнүүдээсээ нягталж байж номоо гаргасан. Анхнаасаа үзүүртэй байгаагүй өргөс алсдаа үзүүртэй болохгүй гэсэн үг байдаг. Тиймээс би маш олон жил хийж, төлөвлөж байж үзэсгэлэнд оролцдог. Ямар нэгэн байдлаар оромдоод нэр зүүчихэе гэхгүйгээр чин сэтгэлээсээ хийж, өрсөлдөхүйц хэмжээнд байх хэрэгтэй.
-Яруу найргийн наадам их болдог. Хэр оролцож байв. Шагнал урамшуулал авч байв уу?
-яруу найргийн наадмуудад цөөнгүй оролцож байсан.  Тухайлбал: О.Дашбалбар, Л.Буяннэмэх, Д.Нямсүрэн гуайн наадмуудад орж тусгай байруудыг эзэлж байсан. Ер нь их сонин шүү. Би олон л яруу найргийн наадамд орж байсан тэр дундаа бурханы оронд заларч байгаа нэрт яруу найрагчдын наадамд тусгай юм уу, тэргүүн байр эзлэдэг. Тэгэхээр дээрээс тэр яруу найрагчид намайг ивээдэг юм болов уу гэж боддог. Харин  калиграф болон уран зургийн хувьд бол эсвэл хойгуур ордог, эсвэл бүр түрүүлдэг./инээв/ Намайг хүмүүс зураач нарын дунд суухаар манай энэ яруу найрагч гэдэг. Яруу найрагчдын дунд суухаар манай энэ зураач гээд байдаг. Каллиграфчдын дунд байхаар манай энэ зураач, яруу найрагч гэдэгч юмуу тийм тал байдаг. Миний хувьд бүгдийг хамт авч явмаар байгаа. Тэр тусмаа салбар салбарт нь.
- Тэгэлгүй яахав. Би энэ зурагны талаар танаас асууж, уншигчиддаа хүргэхгүй бол боломгүй санагдлаа. Миний өмнө далд агууламжтай их сайхан уран бүтээл оршиж байна. Энэ зургийг “Парисын дарь эхийн сүм” францын алдарт зохиолоос сэдэвлэн зурсан гэсэн. Та энэ зурагныхаа талаар тайлбар хийнэ үү?
-Сэдлүүд нь шинийг эрэлхийлэх гэсэн санаан дээрээс гарч ирж байгаа юм. “Парисын дарь эхийн сүм” гэхээр гоё хүүхэн зураад тэр нь монгол ч байх юм уу европ ч байх юм уу бүү мэд. Квазимодо гэхээр нөгөө бөгтөр, дүлий, царай муутай хүн байх  юм уу, тэгвэл энийг яах ёстой юм. Би өөрөө морь зурдаг хүн. Тиймээс би тэднийг үзэсгэлэнтэй адуугаар төлөөлөн зурсан. Квазимодог ч бас мориор төлөөлөн зурсан. Гэхдээ түүнийг эрэмдэг мориор зурж болохгүй. Урлаг гэдэг чинь түрүүлж гоо сайхан нь хөтөлж явдаг болохоос зүгээр шог зураг шиг юм байж болохгүй. Квазимодоод байгаа гол гоо зүй нь сайхан сэтгэл нь байгаа юм. Даанч түүнийг эргэн тойрныхон нь ойлгохгүй дүлий царай муутай хонхчин гэж ойлгодог. Тэр сайхан сэтгэлийг нь гадна талд нь гаргаад, үзэсгэлэнт сайхан хар азаргаар илэрхийлж, хөлийг нь богчилсон. Энэ нь түүний бэрхшээлийг харуулж байгаа юм. Эсмеральда бол сайхан сэтгэлтэй үзэсгэлэнтэй эмэгтэй. Түүнийг цагаан мориор илэрхийлэн зурсан. Харин ламтанг хэрээгээр илэрхийлсэн. Яагаад гэвэл бөөгийн ёсонд хэрээг элч төлөөлөгч гэдэг утгаар сайнаар илэрхийдэг ч ерөнхий массаараа хэрээ уаглахыг муу гэж үздэг. Тиймээс ламтанг хэрээгээр төлөөлүүлсэн. Хонх байхгүй бол Парисын дарь эхийн сүм илэрхийлэгдэхгүй. Тиймээс хонх оруулаад, дээр нь хэрээ суулгаад, хэрээний хөлийг нь хонх ороочихсон. Тэгсэнээр хонхноос салаад нисэж чадахгүй  байгаа нь сахил санваартаа баригдаж байгааг илэрхийлж байгаа. Лам хүн байж Эсмеральдатай сууж чадахгүй, хэл ам хийгээд байгааг нь харуулж байгаа юм. Улаан даавууг зохиолдоо тааруулан хүчтэй болгохын тулд оруулж өгсөн. Тэгээд мэдээж уран бүтээлч хүний шийдлүүд бас явж байгаа.
Зураг Парисийн дарь эхийн сүм
- Та сая Урлаг гэдэг чинь түрүүлж гоо сайхан нь хөтөлж явдаг болохоос зүгээр шог зураг шиг юм байж болохгүй гэж хэллээ л дээ. Гоо сайхан ертөнцийг аварна гэсэн үгийг хүмүүс янз янзаар тайлбарладаг. Харин таны хувьд?
-Эхлээд би жаахан оршил хэлэе. Гоо сайхан ертөнцийг аварна гэдгийн үнэ цэнийг сошиал медиагаар алдагдуулж байгаа юм. Нэг царайлаг эмэгтэйн зургийг тавингуутаа гоо сайхан ертөнцийг аварна гээд бичдэг. Энэ үг бол гадна талдаа биш, дотоод мөн чанарт нь гоо сайхан байдгийг хэлж байгаа юм. Хэн нэгнийг хүн муухайгаар бодоод байх юм бол сайн чанар нь алга болоод, муухайгаар төсөөлөгддөг. Тэгэхээр урлаг бол дандаа сайн сайхан талд нь зогсож, тэр нь ертөнцийг аварна гээд байгаа юм. Түүнээс биш нэг сайхан  мисс хүүхэн гарч ирээд дэлхийг аварчихна гэж байгаа юм биш л дээ.
- Мэдээж таны зурах авьяас бага байхаас чинь эхэлсэн байх. Та дээр ч хүртэл дурдаж байсан. Авьяасыг хөгжүүлэх л хэрэгтэй гэж. Ер нь та энэ авьяас мэдрэмжиндээ хөтлөгдөөд л өдий хүрсэн үү?
-Жүжигчин Чапигийн гоё үг байдаг. Жүжигчин мэргэжлээ хэзээнээс эхэлж эзэмшсэн бэ гэсэн чинь би жаахан байхдаа л хүн инээлгэдэг байсан. Тэр үеэсээ эхлээд энэ мэргэжлээр одоо хүртэл ажиллаж байна ш дээ гэсэн байдаг. Би сургуульд орохдоо л харандаагаар морь зурдаг байсан. СУИС-н уран зургийн ангид ороод зурах чиглэлээ өөрчлөөд мориноосоо жаахан холдох гэж үзсэн чинь чадаагүй.
-  Яруу найрагч хүн номоо гаргах гэж, дуучин хүн CD-гээ гаргах гэж харин зураач хүн үзэсгэлэнгээ гаргах гэж боддог байх. Таны хувьд бол анхны яруу найргийн номоо гаргасан байна. Харин морины үзэсгэлэнгээ гаргах төлөвлөгөө бий юу?
-Морины зургийн үзэсгэлэнгийн хувьд бол одоогоор  хамгийн сайн давхиж байгаа алдартай 21 хурдан буяныг зурж “Сувдан хөлс” гэсэн нэртэй үзэсгэлэн хийх бодолтой байгаа. Энэ үзэсгэлэнгээ нэг удаа гаргаад орхичихгүй. Жил болгон биш юмаа гэхэд хоёр, гурван  жилдээ нэг зохиогоод, Сувдан хөлс-1, хоёр, гурав гээд уламжлал болгон явуулах санаатай байна. Одоогийн байдлаар ер нь зургууд дуусч байгаа. Үлдсэн морьдыг зүгээр нэг уяан дээр зогсож байгаагаар нь биш шийдэлтэй, санаатай, сүнслэг зурахыг бодож байна. Уран бүтээл сайн хийхийн тулд цаг хугацаа хэрэгтэй байдаг. Сарын дотор гялалзуулаад хийвэл хийнэ л дээ. Гэхдээ би аль болох чанартай сайн бүтээл хийхийг зорьдог.
- Олны танил эрхмүүд “хоч” гэдэг ч юм уу аль эсвэл компанийнхаа нэрээр алдаршсан байдаг. Таныг бол хүмүүс Морины Мо гэх юм. Мэдээж хурдан сайхан хүлгүүдийг зурдаг болохоор “морины” гэж тодотгосон байх л даа. Харин Мо гэдэг ямар утга учиртай нэр вэ. Таныг бол Г.Мөнхбаатар гэдэг шүү дээ. Энэ нэрнийхээ талаар?
-Хүн эхлээд аливаа зүйлд дурлаж орохдоо өвчилдөг шүү дээ. Зургаа зүүдэлдэг, шүлэг яруу найраг бодогдоод, тэгж явж байхдаа л гэзгээ ургуулсан юм. Тэгээд гэзгээ сураар боогоод, хүрэм өмсөж, түүн дээрээ сүг зураг зураад, морьныхны өмсдөг түрийтэй гутал өмсөөд, хүн харахад их л сүртэй явдаг байлаа. Хүмүүс намайг Монголоо, Монголжингоо гэхчлэн дуудаад байгаа нь нэг талаараа магтаад байгаа юм шиг, нөгөө талаараа явуулаад ч байгаа юм шиг л санагддаг байсан. Тэр үед надтай хамт сургууль төгссөн Ганчимэг гэдэг жүжигчин  намайг Монголжингоо гэж дууддаг байсан нь явсаар байгаад сүүлдээ морины Мо болсондоо. Монголжингоо гээд дуудахаар хүмүүст их урт төвөгтэй санагдаад байсан юм шиг байгаа юм/инээв/
-  Энэ сайхан эрхмийн нутаг усыг дурдахгүй өнгөрч яахан болох билээ. Унасан газар угаасан ус, уугуул нутгийнхаа талаар бидэнтэй хуваалцаач?
-Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат. Өвөө маань Аймгийн алдарт уяач Жанцансамбуу гэж хүн. Аав маань САУяач Ганзориг гэж хүн бий. Одоо ч гэсэн би энэ тэндээс адуу мал аваад, адууныхаа цусыг сэлбэж, адуутай үргэлж холбоотой байдаг. Авьяас билгээрээ өөр харагдаад байгаа ч адуучин л хүн. Би хөнгөн жинтэй болохоороо азарга, их насны морьдыг тарлахдаа өөрөө унаад л уралдчихдаг. Тэгэхгүй бол санаа амардаггүй. Хүүхэд байхаасаа л хурдан морь унаж уралддаг байсан болохоор хурдан морины янз янзын шинжийг ялгаж мэддэг. Гаднах шинжийг ерөнхийд нь мэддэг болохоор зураг зурахад надад их дөхөм байдаг.
Бидний урилгыг хүлээн авч сонирхолтой яриа өрнүүлсэн таньд их баярлалаа. Таньд уран бүтээлийн өндөр амжилт хүсэе.
Баярлалаа.
                                                                        Ярилцсан Г.Баянмөнх
                                                                                       Б.Нанзаддорж

 

Сэтгэгдэлүүд
  • ааа IP:202.9.41.206 2017 оны 05 сарын 13

    Л.Буяннэмэх гэж хэн юм С.Буяннэмэхээ мэдэхгүй байж их хуцах юм энэ хоёр сэтгүүлчинцэр
  • Сда IP:202.9.41.206 2017 оны 05 сарын 13

    САУяач гэх мэт Яасан бохир заваан редактор нь ажиллаагүй сда шиг ярилцлага вэ Ийм юм сайтад тавихаа бол ь доо дадлагын хүүхдийн ноорог шиг Моо андыг доромжллоод хаячиж лалар гэж
Сэтгэгдэл