2017 оны 05 сарын 11

-Ирландад адууны генетикийн талаар их нарийн судалгаа шинжилгээнүүдийг хийдэг гэж сонсож байсан. Энэ талаар манай уншигчдад дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу?
-Ирландад адууны генетикийн маш нарийн шинжилгээнүүдийг хийдэг. Адууны генийн мэдээллийг хадгалах ДНХ-д удамшлын олон төрлийн шинжилгээг хийдэг PLUSVITAL нэртэй байгууллага байдаг юм. Сая бид нар Ирландад очихдоо худалдаж авсан азаргануудынхаа шилжилгээг хийлгэсэн. Мөн энэ байгууллага маань өөрөө адууны тэжээл үйлдэрлэдэг, адууны чиглэлээр мэргэшсэн 100 орчим  эрдэмтэн, докторууд ажилладаг юм байна. Гаднаас цэвэр цусны англи адуу худалдаж авч байгаа хүмүүс тэр судалгаа, тестүүдийг хийлгэхэд хэцүү юм байна лээ. Тэднийх зургаан төрлийн тест хийж байна. Заавал цэвэр цусны англи адуу гэлтгүй бусад адуун дээр ч хийж болно гэж байна лээ. Хамгийн гол нь их мөнгө эргэлддэг гэдэг утгаараа  цэвэр цусны англи адуун дээр илүү их ач холбогдол өгч, генийнх нь шинжилгээнүүдийг хийдэг. Ер нь адуу болгонд хурдны ген гэж байдаг ба тэр генээрээ ангилагдаж байна. Ямар ген агуулж байгаагаасаа хамаараад тухайн адууны булчингийн бүтэц өөр өөр байдаг.  Булчингийн бүтцээсээ хамаараад, ямар зайнд уралдах вэ гэдгийг нь тодорхойлдог юм байна. ДНХ-ийн коднууд үсэглэлийн дарааллаар явдаг. Харин тэр дотроос нь хурдлах чадварын генийн дарааллыг нь олоод тодорхойлж байна.Тэгээд тэр генийн дарааллаа уншаад, адууг уралдлаа гэхэд энэ адуу ямар зайд хамгийн өндөр амжилт гаргах боломжтой вэ гэдгийг нь тогтоох боломжтой болсон байгаа юм. Ерөөсөө дөнгөж төрсөн унагануудыг  маргааш нь л тодорхойлох боломжтой.
-Тэгэхээр тэр шинжилгээг хийлгэсэн байх юм бол адуу авч байгаа хүмүүс эргэлзэх юмгүй гэсэн үг биз дээ. Хүмүүс нь ч гэсэн энэ үнэд хүрэх адуу юм байна гэж үзвэл  шууд л шинжлүүлээд тодорхойлох нь байна ш дээ...
-Тэгэлгүй яахав. Тухайлбал Дэлхийд тэргүүлэх Goolmore stud гээд цэвэр англи адууны үржүүлгийн газар байгаа. Тэдний бүх адуунууд тэр шинжилгээг хийлгэчихсэн байна лээ. Галилей гээд маш алдартай хурдан адуу байдаг. Тэгэхэд түүний генийн шинжилгээг хийгээд хамгийн хол зайд өндөр амжилт гаргах юм байна гэдгийг нь тодорхойлоод өгчихсөн байгаа юм. Галилейгийн кодыг Т Т гэж байгаа. Энэ нь генийхээ кодоор нэг юмуу, хоёр км-т амжилт гаргахгүй. Харин 2.5 км-ээс дээш байж уралдаж байж амжилт гаргана гэж үзэх хэрэгтэй. Дээрээс нь насны хувьд бол  Т Т гэсэн кодчилолтой адуу нь 2.5 км-т амжилттай уралдахаас гадна манайхаар бол хязаалангаас дээш настай байж байж л  амжилт гаргах боломжтой гэсэн үг юм.  Сая явахдаа манай монголчууд багаараа очиж санал солилцоод, лекц сонсоод, дээрээс нь гадаадын адууны генетикийн шинжлэх ухаан ямар хөгжчихсөн байна вэ гэдгийг нь хараад ирлээ.
-Та бүхэн өмнө нь очиж бас дэлхийд алдартай азарга Галилейгийн төл Жоржийг монголд авчирч байсан. Тэр үед энэ шинжилгээг хийлгэж байсан уу?
 -Бид 2015 онд Ирландаас худалдаж авсан зарим азарга, үрээнүүддээ уг шинжилгээг хийлгэсэн. Жорж гэхэд л Галилейгийн төрөлд буюу Т Т ангилалд багтаж байгаа юм.  Холын зайд уралдахад тэсвэр тэвчээр нь сайн  гэсэн үг. Адууны үржүүлэг бол бас нэг төрлийн бизнес шүү дээ. Бид нар энэхүү шинжилгээг урьдчилсан төлөвлөгөө, үржлийн бодлогоо гаргахад хэрэгтэй шинжилгээнүүд юм байна гэж үзэж байгаа. Тэр ч утгаараа цэвэр адуу оруулж ирж байгаа, цэвэр адуугаар үржүүлэг хийж байгаа хүмүүс ийм тестүүдийг адуундаа хийлгэвэл зүгээр юм байна лээ.Тэр байгууллага бол хурдны, цэвэр цусны англи адууны генд шинжилгээ хийж байгаа дэлхийн анхдагч байгууллага. Мөн уг компаний доор харьяалагддаг адууны тэжээлийн болон судалгааны байгууллагууд байдаг.
-Ирландчууд энэ шинжилгээндээ өөрсдөө хэр зэрэг ач холбогдол өгдөг юм бол?
-Ирландын хамгийн нэртэй бизнесмен, дээрээс нь уяач, хурдан адууны үржүүлэг хийдэг Жем Болжер  (Jim Bolger ) гэж хүн байдаг.Тэр хүний хурдан морины уяаны зүчээн дээр очиж үзлээ. Тэнд 100 гаруй морьд уяагдаж өдөртөө 20 гаруй унаач ирж морьдынх нь ажлыг хийж байна. Тэгэхэд тэр цаасан дээрх адууны жагсаалтаа гаргаж ирж байгаа юм. Тэр жагсаалтан дээр нь, хамгийн арынх нь баганан дээр нөгөө тестүүд  байж байсан. Жишээлбэл С С , Т Т гэх мэт байж байна лээ. С С нь хамгийн богино зайд маш өндөр хурд гаргах боломжтой адуу гэснийг тодорхойлж байгаа хэрэг. Богино зай гэдэг нь 1.5 км хүртэл байна. Насны хувьд бол гурван наснаасаа дотогшоо, залуудаа амжилт илүү гаргадаг. Т Т нь болохоор зай нь холдоод, нас нь арай дээшлэх тусмаа амжилт гаргах илүү боломжтой гэдгийг илтгэж байгаа юм. Эрхэм Жем Болжер 100 гаруй адуундаа бүгдэд нь тест хийлгэчихсэн. Тэр бүртгэлээсээ харж байгаад адуунуудаа ямар уралдаанд оруулахаа сонгодог гэнэ. Жилдээ Ирландад 350 гаруй уралдаан болдог. Тэр уралдааны 100 орчим нь богино зайны уралдаан байгаа юм. Тэгэхээр богино зайны уралдаанд Т Т ангилалтай адуунуудаа явуулж болохгүй нь  байна ш дээ.
-Би нэг зүйлийг огт ойлгохгүй байгаа юм. Эмч хүнтэй уулзаж байгаа болохоор энэ талаар асууя гэж бодлоо. Хурдан адуу үржүүлж байгаа хүмүүс /гадныхан ч тэр, манайхан ч тэр/  цусанд нь буцаагаад нийлүүлнэ гэж яриад байгаа юм. Манай монгол азарганууд үр төлөө гишгэдэггүй, хасаад хөөчихдөг гэж ярьдаг ш дээ. Гэтэл үржүүлэг хийж байгаа хүмүүс эргээд цусанд нь нийлүүлээд байхаар цус ойртолт болдоггүй юм болов уу? Энэ арай харгис биш гэж үү. Бид бурхны бүтээлийг өөрчилж болно гэж үү?
-Монгол уламжлалаараа бол манайхан аль болох цус ойртуулахгүй байхыг боддог. Гадаадад, тэр тусмаа цэвэр англи адууны үржүүлгийн дотор төрлийн нийлүүлэг маш их байгаа. Төрлийн нийлүүлэггүй удамтай адуу их ховор болсон. Төрлийн нийлүүлгийг зөв хэрэглээд, зөв гаргаж авах юм бол үр дүн нь мэдээж сайн байдаг. Нөгөө талаараа төрлийн нийлүүлэг генийн гажиг үүсгэх магадлалтай. Манай Монголд генетикийн шинжлэх ухаан, тэр тусмаа адуун дээр өндөр хөгжөөгүй байгаа гэж бодож байна. Малын эмчийн зүгээс тодорхой хэмжээний төрлийн нийлүүлэг, ялангуяа хурдны угшлын адуун дээр байх боломжтой л гэж үзэж байна. Түүнийг хэт ойртуулж болохгүй. Олон улсын хэмжээнд төрлийн нийлүүлгийг гурван үеэр тооцсон байдаг. Ер нь адуу худалдаж авлаа гэхэд тодорхой хэмжээний төрлийн нийлүүлэг орсон байдаг. Үүнийг бас бүүр үгүйсгэж болохгүй. Монголд ч гэсэн сүүлийн үед зарим уяачдын  төрлийн нийлүүлэг хийж гаргасан адуунууд нь  хурдалж байна л гэж сонсогдож байдаг.
-Таны яриад байгаа генийн кодыг уншиж, тайлдаг тэр байгууллага хурдан адууны ямар чадваруудыг нь тестелдэг юм бэ?
-Энэ байгууллагын тухайд бол дараах тестүүдийг хийж шинжилгээ авдаг.
-    Хурдлах чадварын тест
-    Уралдах зайг нь нарийн гаргасан тест.
-    Уралдааны замын ямар гадаргуун дээр илүү уралдаж чадах, чадварыг нь гаргах тест
-    Уралдсан, уралдаагүйг нь мэдэх тест
-    Биеийн өндөр нь нас гүйцэхэд хэр болох вэ гэдгийг мэдэх тест гэх мэтчилэн энэ бүх тестүүдийг унага  эхээс гарсны маргааш нь л хийх боломжтой гэж байгаа юм.
Гадаадын адуунууд эр охингүй л уралддаг. Дуудлага худалдаан дээр гэхэд эх нь нэлээн олон уралдаад сайн давхисан бол тэр адуу өндөр үнэ хүрдэг. Хичнээн сайхан хийцтэй гоёмсог адуу байлаа ч  хурдан удам байхгүй бол үнэд хүрдэггүй.

-Та хэдийн хувьд сая явахдаа дуудлага худалдаанаас адуу авсан уу?
-Сая нэлээн хурдан угшилтай гүүнүүд авсан даа. Англи, Ирланддаа хэд хэд түрүүлж айрагдсан гүүнүүд. Мөн азарга, азарган үрээнүүд авсан. Сайн адуу үржүүлэхийн тулд сайн угшилтай адуу хэрэгтэй байдаг. Тиймээс сайн уралдаж байгаа илүү удамтай адуунуудаас  сонгож авсан.

-Монголчууд гадагшаа явж хурдны адуу авчрах сонирхол их болсон. Үнийн хувьд хаана ямархуу байдаг вэ?

-Адууны үнийн хувьд хаана ч янз янз л байгаа. Адууныхаа тоо толгойгоор Америк хамгийн өндөр байдаг. Адууны тоо их байна гэдэг нь арай хямдхан байна байх магадлалтай гэсэн үг. Адуу худалдаж авч байгаа хүмүүст сануулахад хамгийн гол нь эрүүл адуу авах нь чухал гэдгийг хэлмээр байна. Олон жил дараалан адууны зөвхөн хурдлах чадвар дээр нь анхаараад байхаар бусад зарим талууд нь их хэврэг болсон байдаг. Тийм болохоор адуу худалдаж авахдаа хувиараа биш зуучлагч газруудаас авбал илүү найдвартай. Мөн таны авсан адуу үржүүлгээр дамждаг өвчнөөс ангид эрүүл байх ёстой. Дээрээс нь үржүүлгийн идэвхи сайтай байх хэрэгтэй. Мөн нас залуу байх хэрэгтэй. Адууны үржил насаа дагаж явагддаг. Гүүний хувьд бас үржлийн замын өвчингүй, цаанаа мал эмнэлгийн газраар шалгуулсан байх хэрэгтэй. Өмнө нь хээл хаяж байсан түүх, эмгэг гэх мэт олон зүйл дээр нь анхаарах хэрэгтэй.
-Та нарын явсан газраар уралдаан болов уу? Үзэж амжсан уу?
-Морин тойруулгын уралдаан хэд хэд болсон. Уралдааны хувьд манайхаас өөр л дөө. Манайх шиг уяачдын холбоо гээд ганцхан байгууллага  бүгдийг нь хийдэг биш. Ерөнхийдөө толгой нэг байгууллагатай. Бооцооны мөнгөөрөө хөрөнгө босгож, уралдаанаа зохион байгуулж, шагнал урамшууллаа өгдөг. Мэдээж тодорхой хэмжээний ивээн тэтгэгчүүд бий Тухайлбал дэлхий дээр хаана л томоохон уралдаан болж байна, түүн дээр нь ивээн тэтгэгчээр Longines брэнд, Land rover гэх мэт томоохон байгууллагууд оччихсон л байдаг. Ялангуяа LONGINES бол дэлхий дээр хаана л том морин уралдаанууд болно, тэнд байж л байдаг. Хаана ч мориныхон явж байсан LONGINES-ийг мэдэхгүй морины бизнэсмэн, уяач байдаггүй байх. Зөвхөн уралдаан ч гэлтгүй, дуудлага худалдаан дээр хүртэл эднийх байж байдаг. Мориныхон дотроо нилээд мөнгөтэй, чинээлэг хэсэг нь эдний цагийг зүүсэн байгаа харагддаг. Их том бренд. LAND ROVER ч гэсэн бас уралдаанууд дээр харагдаж л байдаг. Бооцооны хувьд бол ялангуяа сүүлийн хэдэн уралдаандаа сайн давхисан адуунууд түрүүлбэл мөнгө авах нь бага, битүү адуу амжилт үзүүлээд гараад ирвэл их мөнгө хождог. Тэгэхдээ тэнд бас бооцооны хэмжээний тухай хуультай байдаг юм байна лээ. Монголд  бооцоот уралдааны хуультай болоод уралдаан зохион байгуулж байх юм бол аялал жуулчлалыг татах гээд олон талын ашигтай. Аялал зуулчлалын  нэг хэсэгт морин уралдаан багтах хэрэгтэй байх. Жишээлбэл: Хил орчмын ойролцоо ч юмуу,  Замын үүдэд тойруулгын уралдаан болдог байлаа гэхэд цаанаасаа Хятад, Гонконгоос гээд л орж ирээд уралдчихаад, бооцоо тавиад яваад өгнө. Тэгэхээр олон улсын  уралдаан хөгжих маш том үүд хаалга нээгдэнэ гэсэн үг л дээ. Тэрийгээ дагаад наад зах нь гэхэд л Замын Үүд орчим их хөгжинө шүү дээ.
Ярилцсанд баярлалаа.

 


 
 

 

Сэтгэгдэл