2017 оны 05 сарын 13

З.Занабазар /Молекул биологич, Доктор/

Энэ удаагийн дугаартаа адууны удамзүйн мэргэжлийн үйлчилгээний нэр төрлийг бодит жишээгээр тайлбарлая гэж шийдэв. Сайныг ерөөж 2018 он гэдэг цаг хугацааны баримжаа авч нийтлэлээ зөгнөл маягаар бичив. Зөгнөл гэхээр бодит байх боломжгүй гэж хүлээж авч болохгүй бөгөөд дурдсан бүх мэргэжлийн үйлчилгээ нь бүгд биелэх боломжтой. Уг дугаар дээрх нийтлэлийг өөрөөр бол “14-асуултын хариу” гэж гарчигладаг юм уу гэж жаал бодлоо. Лааз өшиглөж явахаар глобал ертөнцөд хүчээ үзье гээд гадагшаа “дүрвэж” байгаа нарийн мэргэжлийн эрдэмтэн судлаач, менемжентийн баг хамт олон, хүний нөөцөө эргээд эх орондоо татвал 2018 он гарахтай зэрэгцээд одоо дурдах жишээ ажил үйлчилгээ бүгд бодитоор хэрэгжих боломж 100% гэдгийг ам бардам хэлье.
Нэгэнтээ адууны удамзүйн эрдэм шинжилгээ ба бүтээгдэхүүн үйлчилгээг хослуулсан R&D арга барилаар ажилладаг орчин үеийн лаборатори байгуулагдсан цагт өнөөгийн технологи болоод хүний нөөцийн чадамж дээр суурилж доор жишээ асуудлыг бүгдийг шийдэх боломжтой. Үүнд,

Асуулт 1
Миний уралдааны морины сэрвээний өндөр дүрэмд заасан хэмжээнээс дөрвөн см давчихлаа. Эрлийз морины уралдаанд оруулмааргүй байдаг. Миний хүлэг морь үнэхээр эрлийз, гадны угшил хольцтой юу, үгүй юу, би мэдмээр байна.
Шинжилгээний хариу
Таны морь эцгийн талаас дээшээ дөрөвдэх үе дээр Арабын Хадбан үүлдрийн Кувейт, Катар улсуудад өргөн тархсан үүлдрийн цус сэлгэсэн байх магадлал 90% байна. Мөн дээшээ зургаа дахь үе дээр эхийн талаас Орловын хатираа угшил орж ирсэн байх магадлал 80% гэдгийг ДНХ шинжилгээ харуулж байна. Зураглал, тооцооллыг илгээв.

Асуулт 2
Би азарга тавих санаатай. Түүнийгээ хэд хэдэн морь шинжээчид харууллаа. Хүн бүр л өөр угшил, нутаг зааж таамаглаад байх юм.  Би чухам хэнд нь итгэх вэ гэдгээ мэдэхгүй байна. Миний тавих азаргын яг нутгийн угшил гэж байдаг бол тэр нь юу вэ? Би гаднын үүлдэр хольцтой гэж санаа зовохгүй байна. Тийм шинжилгээ надад хэрэггүй. Гол нь нутгийн угшил их сонин байна.
Шинжилгээний хариу
Таны азарганы нутаг угшлийг илэрхийлэх удмын мэдээллийн 75% нь өнөөг хүртэл манай Монгол Адууны Удмын Мэдээллийн Санд бүртгүүлсэн адуун дундаас Дорнод аймаг, Хэнтий аймгийн зүүн нутаг сумдын “Хан” угшил гэж бүртгүүлсэн адууны удмын бичиглэлтэй дүйцэж байна. Мөн удмын мэдээллийн 15% нь өнөөг хүртэл Банди угшил гэж бүртгүүлсэн морьдын дийлэнхтэй, 10% нь Хөвсгөл аймгийн хойд нутгаар элбэг тохиолддог адууны дийлэнхтэй дүйцэж байна.

Асуулт 3
Миний уралдуулдаг хэд хэдэн насны морьд бий. Өвөө маань уралдуулдаг байсан азарганы төл юм. Манайхны морьд нутаг усандаа бусдаас бие бүтэц, зүсний хувьд өөр юм шиг надад харагддаг. Манайхан өөрсдөө Хорьдол угшил гэж нэрийдье гэж ярилцаад байгаа. Би угшилынхаа удмын мэдээллийг хадгалуулмаар байна, холбогдох мэдээллийг авмаар байна. Ер нь миний адуу бусад адуунаас ялгаатай юм бий болов уу?
Шинжилгээний хариу
Таны бидэнд илгээсэн нийт 8 хүлэг морьдын үсний дээжин дээр шинжилгээг гүйцэтгэв. Тус морьд нь хоёр азарганы үр төл болох нь 99% баталгаатай илрэв.  Тус хоёр азарга нь өөр хоорондоо долоон үеийн дээр ураг салсан, төрөл ойр азарганууд байна. Нийт морьд өөр хоорондоо 85% ураг төрлийн холбоотой байна. Нийт морьдын угшил-онцгой удмын мэдээллийн агууламжийн 45% нь өнөөг хүртэл Галшар гэж бүртгүүлсэн нийт адууны 90%-тай; 30% нь өнөөг хүртэл Тэс гэж бүртгүүлсэн нийт адууны 85%-тай; 25% нь Ховд, Говь-Алтай аймгуудын өмнөд нутгаас шинжилгээнд хамрагдсан адууны 80% удмын бичиглэлтэй тус тус дүйцэж байна. Таны сүргийн угшлийн агууламжийг таны хүссэн Хорьдол нэрээр нэрлэж бүртгэлдээ авлаа. Цаашид ижил агуулгатай морьдыг Хорьдол угшил гэж таны адууны удмын бичиглэлтэй шууд дүйцэж бүлгэмдлийн тооцооллыг хийх болно. Таны адууны удмын мэдээллийг зохих мэргэжлийн ажлын талбай дээр хадгалав. Батламжийг хүлээж авна уу.

Асуулт 4
Миний хурдан үрээ байна. Түүний угшил эцгийн талаас Дарьганга, эхийн талаас Оросын Кавказаас ирсэн, Англи Араб үүлдрийн эрлийз байсан гэдэг юм. Би өөрөө эцэг эхийг нь хараагүй. Тийм болохоор яс баталгаа өгч чадахгүй байгаа юм. Эхийн талаасаа ийм их гадны үүлдрийн агууламжтай гэдэг нь үнэн үү? Харахад нутгийн морьдтой ижил, сэрвээний өндөр шаардлага хангадаг ч нэг бус уралдаанаас хасагдаж байсан юм. Үнэхээр гадны ямар угшил хэдийд холилдоод ингээд байгаа нь мэдэж авмаар байна. Мөн би өөрийн үрээний удмын мэдээллийг хадгалж авмаар байна.
Шинжилгээний хариу
Таны үрээний угшил агууламж нь 4% манай мэдээллийн санд цугларсан дээжийн Оросын Буденный үүлдрийн нийт 52 адууныхтэй дүйцэж байна. Мөн манай санд Булган, Сэлэнгийн өмнөд хэсгээр нутагладаг адууныхтай 59%, Банди угшил гэж бүртгүүлсэн адууныхтай 22% , Дорноговь аймгийн өмнөд хэсгээр нутагладаг адууныхтай 15% дүйцэж байна. Таны үрээнд Англи болон Араб үүлдэр тус бүртэй ойр угшил, гарал үүсэлтэй ижил удмын мэдээлэл байхгүй байна. Геномын бүрэн кодыг тайлсан. Та ирж хард дискээр авна уу. Таны үрээний мэдээлэл нь манай мэдээллийн санд үнэтэй хувь нэмэр болж байна. Цаашид шаардлагатай ямар ч шинжилгээг нэмэлт биологийн дээж олгохгүйгээр хийлгэх боломжтой болж байна. Батламжийг татаж авна уу.

Асуулт 5
Миний хурдан морь гэж шинжээд шүдлэн насанд нь худалдаж авсан хүлэг жил дараалж уяж сойгоод амжилт гаргахгүй байна. Уул нь эцэг нь Энхбаатарын Гуулин Зээрд азарга, эх нь өвөрмонголын Баргаас авчирсан “Гоёхүрэн” азарганы төл гэсэн юм. Энийг шалгуулж үзмээр байна.
Шинжилгээний хариу
Таны хурдан морь нь манай мэдээллийн санд Энхбаатарын Гуулин Зээрд нэрээр бүртгэлтэй азаргатай төрлийн холбоотой, Гуулин Зээрдийн төл мөн болох нь батлагдав. Эхийн тал нь Говь-Алтай аймгийн өмнөд сумдаар тархсан адууны 70% нь тохиолддог хэвшинжтэй дүйцэж, мөн эхийн талын удмын бичиглэлийн агууламж нь Барга нутгийн гэж бүртгүүлсэн адууныхтай 5% дүйцэж байна. Энэ нь эцэг болоод эхийн талд Барга нутгийн угшил оролцсон бололцоо тун хомс гэдгийг харуулж байна. Батламжийг татаж авна уу.

Асуулт 6
Миний хурдан морь гэж шинжээд шүдлэн насанд нь худалдаж авсан хүлэг жил дараалж уяж сойгоод амжилт гаргахгүй байна. Угшил сайн гэж хэн нэг нь хэлж зөвлөөгүй атлаа миний зэрэг уясан өөр нэг морь маань нэг уралдаанд орохоор хавьгүй дээгүүр барианд орж ирээд байх юм. Энэ одоо уях арга барилд байна уу эсвэл удмын хүчин зүйл гэж бас байна уу?
Шинжилгээний хариу
Таны илгээсэн хоёр адууны дээж дээрх булчингийн үйл ажиллагаа, мөн зүрхний үйл ажиллагаанд оролцдог удмын хүчин зүйлүүдийн (генүүд) хэвшинжийг шинжилж тодорхойлов. Эхний адууны булчингийн үйл ажиллагааны генүүд нь ойрын болон дундын зайн уралдаанд амжилт гаргадаг морьдын 85% дээр байдаг хэвшинж бөгөөд, зүрхний үйл ажиллагаанд оролцдог генүүдийн хэвшинж нь мөн дурдсан морьдын 90% дээр тохиолддог хэвшинжтэй дүйцэж байна. Эхний адуу нь ойрын болон дундын зайд уралдахад тохиромжтой байх бололцоотой. Удаах адууны булчингийн үйл ажиллагааны генүүд нь алсын зайн уралдаанд амжилт гаргадаг морьдын 80% дээр байдаг хэвшинж бөгөөд, зүрхний үйл ажиллагаанд оролцдог генүүдийн хэвшинж нь мөн дурдсан морьдын 80% дээр тохиолддог хэвшинжтэй дүйцэж байна.

Асуулт 7
Миний морь аймгийн даншиг наадмаар барианд ороод удаагүй байхдаа амьсгаа нь зогсч амь нь тасарсан. Үхлийн шалтгааныг тогтоомоор байна.
Шинжилгээний хариу
Таны морины цогцос дээр хийсэн шинжилгээгээр хорт бодисын хэрэглээний индикатор генүүдийн нийлэгжил хэвийн байна. Зүрхний хэвийн үйл ажиллагааг огцом түргэсгэдэг сэргээшийн чанартай бодисын агууламжийн индикатор генүүдийн нийлэгжил илт өндөр гарсан байна. Тиймээс зүрхний сэргээшийн төрлийн бодис тарилгаар удаан хугацааны туршид өндөр тунгаар хэрэглэсэн байх боломжтой.

Асуулт 8
Миний даага өнгөрөгч долоо хоногт алга болчихлоо. Эцэг нь их үнэтэй азарга гэж авсан юм. Зүүн хөндийгөөс жижиг биетэй адууны шинэхэн ясны үлдэц гэмээр юм оллоо, чоно мэрсэн бололтой. Дэл сүүл болоод бусад таних тэмдэгний зүйл огт үлдээгүй байна. Миний морийг үнэхээр чоно бариад яс үлдээчихэв үү эсвэл үгүй гэдгийг мэдмээр байна.
Шинжилгээний хариу
Таны таамагласан ясны үлдэц, мөн таны морины ах болон эгч нь гэж та мэдэгдсэн, харьцуулах морьдын дээж дээр шинжиглээг гүйцэтгэж дүйцүүлж үзэв. Таны зүгээс олгосон адууны цогцосны үлдэц нь таны олгосон хоёр адууныхтай ургийн ойрын холбоо байхгүй болох нь шинжилгээгээр харагдаж байна. Тиймээс таны алдагдсан адуу биш байх боломжтой.

Асуулт 9
Би хоёр жилийн өмнө танайд хандаж байсан нэгэн байна. Би унагаа өөр сумаас олох шиг боллоо. Алдах үед тамгалж амжаагүй байсан юм. Би зүс болоод таних тэмдгийг нь сайн санаж байна. Одоо эзэмшиж байгаа хүнтэй нь маргаад хэлэлцэж тохирч чаддаггүй. Тэр хязааланг би шинжилгээнд хамруулж үзүүлмээр байна.
Шинжилгээний хариу
Цагдаагийн байлцаатай, одоогийн эзэмшигчийн зөвшөөрлөөр бид таны таамаглаж байгаа адуунаас дээж авч шинжилгээг гүйцэтгэв. Удмын мэдээлэл нь таны адуун сүргээс түүвэрлэж авсан гурван адууны удмын мэдээлэлтэй бүрэн дүйцэж, нэг нь эцэг нэгтэй, хоёр нь үеэл морьд болохыг тогтоов.

Асуулт 10
Манай найз бид хоёр тус тусын хурдан хүлэгтэй. Өөрийн хурдан азаргын төл гүүг, найзын азаргаар гишгүүлэх санаа байна. Гэтэл энэ хоёр хоёул ганц хоёр үеийн өмнө Сүхбаатарын Дарьганга нутгийн ижил угшил гээд байгаа. Ураг салсан үе ойр, цус ойртвол үр удмын чадамж муу, ер нь дэмий гэж ярих юм. Гишгүүлэх үгүйг шийдмээр байна.
Шинжилгээний хариу
Таны гүү, найзын тань үрээ нь таван үеийн өмнө ураг салсан байх магадлал 95% байна. Өөрөөр хэлбэл хэлбэл таван үеийн өмнө нэг элэнц эхтэй байх магадлал 95%. Ургийн холбооны зургийг татаж авна уу.

Асуулт 11
Манай хурдан хүлэг сүүлийн гурван жилд олон тооны уралдаанд айрагдсан хүлэг юм. Цаашид уралдах хугацаа байна. Гэтэл саяхны хавраас эхлээд өвөлжөөний жүчээнд болон бэлчээрт байхдаа гэнэт гэнэт татаж унаад байгаа аятай огцом унах, шөрмөс нь татаж байгаа юм шиг ойчоод буцаад босч ирээд байдаг болчихлоо, бас харанхуйд маш харалган юм шиг ажиглагдаад байна. Би элдэв бодис урвалж, сэргээшийн нэмэлт тарилгын зүйл хэрэглэж үзээгүй, сайн арчилж тордсон юмсан. Хүлгийн өвөг эцэг азарга нь Америкийн Куартер ойрын зайн хурдны үүлдрийн үрийн шингэн хэлбэрээр хиймэл үр тогтоосон гэж холбогдох бичиг баримт дээр нь байна.
Шинжилгээний хариу
Таны хурдан хүлгийн удамшлын мэдээллийн агууламжинд Америкийн Куартер үүлдрийн агууламж 25% байх магадлал 99% байгаа нь холбогдох бичиг баримттай дүйцэж байна. Мөн адууны тань удмын бичиглэлийн 12.5% нь Мораб адуу байх магадлал 95% байна. Тантай ярьж зөвлөлдсөний дагуу тус хоёр үүлдэрт түгээмэл тохиолддог, үүлдэр өвөрмөц, нийт 6 янз удмын эмгэгийн шинжилгээг цусны дээж дээр гүйцэтгэв. Таны хурдан хүлэгт Араб адууны үүлдэрт түгээмэл тохиолддог Лавендер Фоолын хамшинж хэмээх удмын эмгэгийн хөнгөн хэлбэр байгаа нь шинжилгээгээр батлагдав. Холбогдох нэмэлт мэдээллийг авна уу.

Асуулт 12
Миний хурдан азарга бий, хул зүсмийн. Гишгүүлэх гүү нь хээр зүсмийн юм. Гишгүүлэх төлөвлөгөөтэй ч, сүүлийн жилүүдэд миний азаргын удмыг хадгалсан, сайхан хул зүсмийн унагатай болмоор байх юм. Үнэхээр хул зүсмийн унага гарах уу? Мэдэх арга бий уу?
Шинжилгээний хариу
Таны сонирхсон азарга болоод гүүний дээжин дээр хийгдсэн өнгө зүсний удмын шинжилгээг гүйцэтгэв. Хурдан хул азарга нь хул зүсээр гетерозигот буюу хагас юм байна. Нөгөө хагас нь одоо үзэгдэх өнгө зүс дээр илрээгүй, хөх зүсийг нөхцөлдүүлэгч удмын мэдээлэл юм байна. Таны гүү мөн хээр ба бор зүсээр эрлийз юм байна. Энэ нөхцөлд хул азарга гүүг гишгэсэн тохиолдолд гарах унага нь,
50% хээр,
25% хул
25% бор
0% хөх зүстэй төрөх тус тус магадлалтай юм байна. Батламж, нэмэлт мэдээллийг татаж авна уу.

Асуулт 13
Би өнгөрсөн долоо хоногт морио алдсан. Би адууны махны шинжилгээ хийлгэмээр байна. Үнэхээр миний адуу мөн үү гэдгийг мэдэх гэсэн юм. Хулгайд алдсан адууг янзлаад хүнсэнд хэрэглэсэн байх боломжтой.
Шинжилгээний хариу
Цагдаагийн байлцаатай, махны худалдаачны зөвшөөрлөөр бид махны дээж авч шинжилгээг гүйцэтгэв. Удмын мэдээлэл нь таны адуун сүргээс түүвэрлэж авсан гурван адууны удмын мэдээлэлтэй бүрэн дүйцэж, хоёр нь эцэг нэгтэй, нэг нь эх нэгтэй морьд болохыг тогтоов. Таны алдагдсан адууны мах мөн байна.

Асуулт 14
Миний хурдан хүлэг ..... гаралтай, эцэг нь ....., эх нь ....... гэж яригддаг. Олон удаа айрагдсан хүлэг. Би үүнийхээ үр төлийг арвижуулж, олон гүү гишгүүлэх санаа байна. Морь сонирхдог хүмүүс их уулзаж ярилцдаг юм.  Сүүлийн жилүүдэд гаднаас үр тогтоолт хийлгэх, гаднаас цөөн хэдэн азарга оруулсаныг морь уралдуулдаг хүмүүс сайн мэддэг. Үүнтэй холбоотойгоор, гадны азаргын үр төлийг цааш нь үржилд оруулая гэхээр өөр хоорондоо ямар нэг ургийн холбоо байх вий гэж санаа зовниж байна. Танай мэдээллийн санд байгаа нийт морьдтой миний хурдан хүлэг ямар ургийн холбоотой байгааг мэдмээр байна.
Шинжилгээний хариу
Таны адууны дээж дээрх цог удмын шинжилгээг гүйцэтгэж, мэдээллийг нь өөрийн мэдээллийн сан дахь бүх бичиглэлтэй дүйцүүлж, боловсруулалтыг гүйцэтгэв. Манай нэгдсэн санд бүртгэлтэй нийт 5,462 морьд дунд таны хурдан хүлэгтэй ураг төрлийн ойрын холбоотой нийт 15 хүлэг байна. Тэдгээр нь,
•    Дагвадоржийн бор азарга, хоёр үеийн өмнө нэг өвөө/эмээтэй байх магадлал 90%
•    Алтангадасын удам болох ..... соёолон, таван үеийн өмнө төрөл салсан байх магадлал 95%
•    ......
Нэг иймэрхүү. Дурдсан бүх шинжилгээг гүйцэтгэх боломжтой юм. Одоогоор дэлхий даяар мал аж ахуйгаар чиглэсэн эрдэм шинжилгээний тэргүүлэх хүрээлэнгүүд, хувийн хэвшлүүд тус шинжилгээг хэдийнээ гүйцэтгэж эхэлсэн билээ. Манай улсад хэзээ хэрэгжих бол гэдэг асуулт та бидний өмнө үлдэж байна. Сайныг ерөөгөөд 2018 он гээд энэхүү мэдээллээ дуусгая.

 

Сэтгэгдэл