2017 оны 05 сарын 13


Би түүний зурагнуудыг хараад шууд л ухаан алдах шахав гээд хэлчихвэл мэдээж олон хүмүүс шүүмжлэх байх л даа. Гэхдээ л саяхан фэйсбүүкээр хэсүүчилж явахдаа түүний зурагнуудыг хараад их л баярласан юм даг. Надад ямар нэг маш содон, шинэ мэдрэмжийг төрүүлэх шиг, эрж хайж байсан зүйлээ олсон ч юм шиг. Тиймээс түүнийг ахин дахин хайсаар, олж уулзахаар болсон юм. Түүний зурагнууд их содон, бас орчин үеийн санагдсан шүү.

-Таны зурагнуудын чинь өнгө будаг дүрслэл нь өвөрмөц юм. Ямар төрөл чиглэлээр зургаа зурдаг вэ?
-Би Модерн кубизм чиглэлээр зурж байгаа. Дүрслэх урлагийн дээд сургуулийг Баттөр багшийн удирдлаган дор  Амгалан урланд төгссөн. Модерн кубизм гэдэг урлаг бол куб дүрсүүдийг ашиглаад өөрийнхөө илэрхийлэх гэсэн өнгө аясыг гаргаж ирдэг урлаг юм. Модерн бол цул өнгөтэй орчин үеийн урлаг. Кубизм гэдэг нь урсгал байдаг л даа.   
-Модерн кубизмын хамгийн том төлөөлөгч ямар зураач байдаг вэ?   
-Пикассо байна. Саяхан манайд үзэсгэлэн нь гарсан шүү дээ. Би бол бүр бага байхдаа л энэ чиглэлээр зурдаг байсан байна лээ. Тэр үедээ  тэрийгээ кубизмаар хийж байгаагаа ойлгохгүй, мэдэхгүй л байсан байгаа юм. Сүүлд Энх-Од багшид шавь ороод зөндөө юм сурсан.
-Өөрийг чинь саяхан хятадад ажиллаж байгаад ирсэн гэж сонссон, энэ талаараа ярина уу?
-Хятадад Хөх хотод дөрвөн сар байсан. Тэнд захиалгат зураг зурах, интернетээр зургаа борлуулах гэх мэт ажил хийдэг байлаа. Хятадад уран зураг сонирхогчид Монголоос илүү их байдаг юм шиг санагдсан. Магадгүй хүн ам олон болохоор арай илүү байгаа байх. Ялангуяа миний энэ кубимз чиглэлийн зургуудыг ихэд сонирхоод асууж байсан. Тэгээд ихэнхи зурагнуудаа зарсан. Хятадад монгол зураачид олон байдаг юм байна лээ. Тэд нараас бас их зүйлийг суралцсан.
-Хэдэн онд дүрслэх урлагийн дээд сургуулийг төгссөн бэ?  Үзэсгэоэнгээ гаргаж байв уу?
-Би 2009 онд дүрслэх урлагийн дээд сургуулийн монгол зургийн ангид хоёр жил сураад, дараа нь гараад намар нь уран зургийн ангид нэгдүгээр курсээсээ сурсан л даа. Тэгээд 2015 онд төгссөн. Төгсөөд бие дааж үзэсгэлэнгээ гаргаагүй байгаа. Хамтарсан үзэсгэлэнгүүдэд бол нилээд хэдэн удаа оролцож байсан. Оюутан байхдаа Амгалан урлан гээд манай ангийнхан нийлж уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байсан. Тэгээд дараа нь бас курсынхэнтэйгээ нийлж үзэсгэлэнгээ гаргаж байсан. Арван жилд  сурч байхдаа 2008 онд ангийнхантай сургууль дээрээ өөрийн үзэсгэлэнгээ гаргаж байсан.
-Монголд Модерн кубизмын чиглэлээр зурдаг хэр олон зураач байна?
-Зөндөө байдаг. Би өөрийнхөө зургийг монгол өнгө аяс оруулж зурдаг. Монгол аж ахуй, монгол түүхийн сэдвийг оруулж зурдаг. Монгол морины хэлбэр дүрс донжийг нь алдагдуулахгүй зурахыг хичээдэг. Ялангуяа монгол морины толгойн хэсгийг тэр чигээр нь гаргахыг хичээж зурдаг.
-Сэтгэлээс чинь гарсан бүтээл болоод ч тэр үү энэ зураг нүдэнд их сайхнаар тусч байна  л даа. Хараад л баймаар... Түүхийн тодорхой нэг цаг үед оччихсон юм шиг л...Нэг тийм мэдрэмж төрж байна. Зохиомжийг нь өөрөө гаргасан уу?
-Энэ зургийг би дипломын ажлаа болгож зурж байсан. Сүүлд нь бас өөртөө зориулж жижгээр зурсан юм. Эрдэнэ зуу хийдэд шавь суулгасан хүүхдээ тосож авах гэж байгаа дүр төрхийг харуулсан. Зургийнхаа санааг өөрөө ургуулан бодоод зурсан.
-Та багаасаа л зураг зурдаг байсан уу? Зургийнхаа сэдвүүдийг хаанаас олдог вэ?
-Би багаасаа гурван настайгаасаа зураг зурж эхэлсэн. Манай аав ээж хоёр Өвөрхангай аймгийн Хархорин сумын ерөнхий боловсролын II сургуулийн зураг, хөдөлмөрийн  багш хүмүүс. Би ээжийнхээ  шавь байлаа. Ээж намайг улсын болон аймаг руу тэмцээн уралдаанд их авч явдаг байсан. Би ч өөрөө зураг зурах их сонирхолтой. Өрөөндөө зураад л  сууж байдаг хүүхэд байсан. Зарим үед зураг зурах санаа гэнэт ороод ирдэг. Заримдаа сонин сэтгүүл ном зохиол уншиж сэдвүүдээ олж авдаг. Энэ зургийг гэхэд цуутын цагааг ч гүү гэдэг зохиолоос сэдэвлэн хийж  байгаа. Би ер нь бага байхаасаа л  морь их зурдаг байсан. Арван жилд байхдаа кубизмээр зурдгаа мэддэггүй байсан юм байна лээ. Дараа нь мэргэжлийн сургуульд ороод, энэ чиглэл дээрээ дөрөөлөөд зурж эхэлсэн.

-Уран зураг гэж юуг хэлэх вэ?
-Уран зураг бол өөрийнхөө бүх зохиомж, дүрслэлийг дотоод сэтгэлээсээ гаргаж ирж, түүнийгээ буулгаж, бодит болгодог зүйл. Тэгж байж л тэр хүний уран бүтээл болж байдаг.
-Фото зурагнаас харж зурсан зураг уран зурагт багтах уу?
-Фото зурагнаас харж зурсан зургийг фото реализм гэдэг. Уран зураг талруугаа орно. Одоо үед фото реализм  хөгжиж байна. Үүнээс гадна кубизм, сэтгэлгээний урлагууд илүү хөгжөөд байгаа юм шиг санагддаг. Тэгээд би тэрлүү ороод байгаа. Реалистыг хүн болгон хараад зурж байгаа. Миний хувьд реалист гэхээсээ илүү өөрийн сэтгэхүй дотор юу байна гэдгийг олж уудалж, зурахыг хичээдэг
-Би австракт зургийг бүр сайн ойлгодоггүй юм л даа. Австракт зургийг чи юу гэж хэлэх вэ?
-Австракт зураг гэдэг бол хувь хүний дотор байгаа зүйлээ өнгө будгаар тоглож, гаргаж ирж байгаа бүтээл л хэлэх байх даа.
-Ахин давтагдашгүй бүтээл гаргана гэдэг хөдөлмөр зүтгэлтэй холбоотой байна уу, онгодтой холбоотой байна уу?
-Яалт ч үгүй хөдөлмөр зүтгэл аяьяастай холбоотой. Онгод гэдгийг би сайн ойлгодоггүй юм. Онгод гэдэг бол миний бодлоор зурган дотор ороод зурахыг  хэлдэг юм болов уу гэж боддог. Миний зурагнуудын хувьд зохиомж нь өвөрмөц, өөр л дөө. Би зургаа зурахын тулд их юм уншиж судалдаг. Бусад монгол зураачдынхаа зургийг зөндөө судалсан. Тиймээс өөрийнхөөрөө байж, өөрийнхөө өнгө аясыг оруулаад кубизм чиглэлээр зурж байгаа.
-Чиний хувьд монголын уран зургийн урлаг ямархуу түвшинд явж байна?
-Ер нь гайгүй л гэж бодож байна. Монголчууд маань уран зургийг ойлгох талдаа тааруухан байна. Манайхан цэнхэр тэнгэр, уул ус, морь амьтан гээд реализм талруугаа илүү их ойлгодог. Сэтгэлгээний урлагийг зураач нар хоорондоо л ойлгож байгаа болохоос гадуур хүмүүс тийм ч сайн ойлгож чадахгүй л байна.
-Монголд кубизмаар зурдаг хүмүүс сүүлийн үед л шинээр гарч ирж байна уу?
-Өмнө нь бол байсан. Гэхдээ зураач нар өөрийн онцлогоо гаргахын тулд кубизм австракт чиглэлээр зурж байгаа. Энэ нь орчин үеийн сэтгэлгээний урлаг болж байна. Би бол ихэвчлэн морийг кубизм чиглэлээр зурж байгаа. Дараа нь мориноос өөр амьтдыг кубизм чиглэлээр зурж, өөрийнхөө хэв маягийг эвдэж үзье л гэж бодож байгаа.
-Хөх хотод ажиллаж байхад тэндхийн зураач нар ямархуу байх юм?
-Хятад зураач нар чимэглэлийн ажлыг сайн нарийн хийдэг юм байна лээ. Орчин үеийн сэтгэлгээний урлаг бараг байхгүй. Миний зургийг хүмүүс их сонирхож худалдаж авч байсан.
-Зураг зурахын сайхан нь юундаа байна?
-Зураг зурах их сайхан. Өөрийнхөө илэрхийлэх гэсэн зүйлээ зургаар илэрхийлнэ гэдэг нь сайхан. Мэргэжил дундаас хамгийн сайхан мэргэжил бол зураач мэргэжил гэж боддог. Хүмүүс надаас асуудаг л даа. Зураг зурахад юу нь хэцүү вэ гээд л. Надад хэцүү юм ерөөсөө байхгүй. Миний дотор юу байна тэрийг илэрхийлж байгаа болохоор амархан санагддаг. Надад зураг зурахаар их урамтай байдаг. Зураг маань дуусахаар хамгийн гоё мэдрэмж тэр л байдаг.

-Цаашдын болон ойрын зорилгоосоо ярина уу?
-Гадаадад гарч, сургуульд сурч мэргэжлээ дээшлүүлье гэж боддог. Германд урлагийн сургууль байдаг гэж судалсан л даа. Тэгээд Германд сурна гэж бодож байна. Тэгээд орчин үеийн Модерн кубизмыг хүмүүсийн хараагүй шинэ өнцгөөс нь хийж үзэх зорилготой.
-Пикассогийн талаар юу гэж хэлэх вэ?
-Дотоод сэтгэл нь агуу хүн гэж ойлгодог. Өөрийнхөөрөө бусад хүнийг илэрхийлж зурна гэдэг  агуу.
-Зарим зураг асар үнэтэй байхад зарим нь үнэд хүрч чаддаггүй. Ер нь зургийн үнэ цэнэ нь юундаа байдаг вэ?
-Хүний дотоод сэтгэлээс гарсан бүтээл л илүү үнэ цэнэтэй байдаг гэж боддог. Түүнийгээ хэрхэн илэрхийлж гаргаж байгаагаас, мөн тухайн хүний ур чадвар, авьяасаас бас хамаардаг.
-Өөрийн чинь гаргасан нийт хэдэн бүтээл байна вэ?
-100 гаруй бүтээл байгаа. Сүүлийн бүтээлүүдээс хамгийн их хайртай бүтээл энэ л дээ./Хамгийн сүүлд зурсан Чингэс хааны баатрууддын зургаа заав/
-Өнгөөр тоглохдоо ямар өнгийг илүү голчилдог вэ?
-Улаан шар цэнхэр өнгийг илүү голчилдог.
-Захиалгат зураг их зурж байна уу?
-Хүмүүс уран зургийг их сонирхдог болсон. Эхнэрээ, гэр бүлийнхнийгээ захиалгаар зуруулдаг болсон байгаа. Саяхан нэг хүний эхнэрийнх нь зургийг зурж өгөөд, өчигдөр хүлээлгэж өгсөн.
-Зураач хүмүүс бас сийлбэр хийхдээ сайн байдаг шүү дээ. Чи энэ чиглэлээр ажиллаж байв уу?
-Манай ээж, аав хоёрын ах дүү нар бас бүгдээрээ л гарын уртай хүмүүс байдаг юм. Саяхан би ээжийнхээ дүү нартай нийлж хадан дээр бурхан сийлсэн. Өндөр нь 2,5 метр цагаан дарь эх бурханыг сийлсэн. Энэ бурханыг бид ээжийн маань нутаг болох Увс аймгийн Өндөрхангай суманд байгалийн ургаа хадан дээр  сийлсэн.
-Зураг зурахдаа хэр удаан хугацаа зарцуулж байна. Зургийн ажиллагааны талаар яриач ?
-Дор хаяж гурваас дөрвөн долоо хоногийн турш өдөр шөнөгүй зурж байж л дунджаар нэг уран бүтээл гардаг.
-Сургуулиа төгсөөд багшилж байсан гэсэн. Ямар газруудаар багшилж байв?
-Би төгсөөд ангийнхаа хүүхдүүдээс хамгийн түрүүнд ажилд орж, Монгол хуур төв гээд сургалтын төвд уран зургийн багш хийж байсан. Багшлахад надад хэцүү зүйл ерөөсөө байгаагүй. Аав ээж хоёр багш болоод ч тэрүү амархан санагдсан. Ерөөсөө түүртээгүй. Өөрөө ч гэсэн багшлах сонирхолтой. Өөрийн гэсэн зөндөө олон шавь нартай болсон.
-Багшилж байхад юу анзаарагдаж байв?Дөнгөж зурж сурч байгаа хүүхдүүдийн дунд гоц авьяаслаг хүүхдүүд байх юм уу?
-Авьяаслаг хүүхдүүд олон байдаг. Бүр маш өвөрмөц сэтгэхүйтэй, өөрийхөөрөө зурдаг хүүхдүүд ч бас байдаг л юм. Бага ангийн хүүхдүүдийг өөрийн гэсэн сэтгэлгээгээр нь зуруулбал илүү тохиромжтой. Өөрийнхөөрөө, бусдаас хараат бус зурдаг хүүхдүүд сэтгэлгээ нь илүү их хөгждөг.
-Зураг зурахад зургийн туслах материалууд нь их үнэтэй байх уу? Хүмүүс зургийг нь л харахаас бус материалыг ямар зардал гардаг талаар боддоггүй байх, тийм үү?
-Тэгэлгүй яахав. Энэ модон раамнууд гэхэд л тавин мянган төгрөг. Тэгээд бусад туслах материал, будаг гээд л бас чамгүй зардал гарнаа.
-Чамд хэлэхийг хүсдэг зүйл байвал хэлж болно шүү дээ.
-Зураачдыгаа дэмжиж болдоггүй юм байх даа. Спортыг бол их л дэмжиж байна. Үзэсгэлэн гаргалаа гэхэд түрээс их үнэтэй байна. Энэ тал дэмжээд өгдөг бол сайн л байна.
                           
Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Чамд амжилт хүсэе.
                                                           Ярилцсан Г.Баянмөнх
                                                                          Б.Нанзаддорж

 

 

 

 

 

 

Сэтгэгдэлүүд
  • gansvh IP:27.123.214.122 2017 оны 05 сарын 20

    Shn bvteeel bnaaaa
  • bayar IP:202.70.46.217 2017 оны 05 сарын 26

    zuraachiin utsiig ugnu uu
  • зочин IP:103.10.22.55 2017 оны 07 сарын 24

    99915580 Мөнхболд зураач
  • Sain baitsganuu ta bvhendee udhgvi oorinhoo shine IP:202.179.24.74 2017 оны 08 сарын 29

    Sain baitsganuu ta bvhendee ooriin zursan shine uran bvteeleese toliluulii
  • Monhbold_25@yahoo.com IP:202.179.24.74 2017 оны 08 сарын 29

    Ta bvhendee bayrllaa
  • Од IP:122.201.21.118 2017 оны 08 сарын 29

    Зургийг чинь сонирхоод авья гэж бодоод 2,3 утасдаад авахгүй юм билээ Тэгэхээр нь гэртээ нэг зураач охиноор 5,6 зураг зуруулж бгаа
  • Monhbold_25@yahoo.com IP:150.129.141.138 2017 оны 08 сарын 30

    Timvv minii utas 99915580
Сэтгэгдэл