2017 оны 05 сарын 16

Анандын Ариунсайханы Хөөрхөн зээрд

Заяанаасаа л төрмөл хурдан хүлэг гэж байдаг даа. Хөөрхөн зээрд бол үнэхээр тийм л адуу. Бусад адуунаас ялгарах онцлог нь тогтмол хурдаа барьж чаддаг. Суулт багатай, зоригтой, зүрх сайтай адуу. Гадна байдлаас нь харахад толгой, туурайны хэлбэр гээд ихээхэн ялгарч харагддаг, хурдан хүлгийн шинж бүрдсэн адуу хэмээн уяачид хуучилдаг. Сонсоход л эзнийх нь хайр шингэсэн болов уу гэж бодогдмоор “Хөөрхөн зээрд” гэх содон нэртэй энэ сайхан хурдан буян нийтдээ улс бүсийн наадмаас таван түрүү, дөрвөн айраг хүртээд байгаа юм байна. А.Ариунсайхан уяачийн хувьд яах аргагүй л ажигч, гярхай, хөдөлмөрч, хурдан морины үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулж яваа залуусын нэг юм. Хөөрхөн зээрд бол А.Ариунсайханы унаган адуу бөгөөд эцэг нь араб азарга /Макс группын ах дүү тод манлай уяачид болох Д.Цэрэнжигмэд, Д.Ганбаатар нар А.Ариунсайханд бэлэглэж байсан/, харин эх нь тойруулгын бор гүү байдаг /Б.Мөнгөн-Оньс гэдэг найзаасаа авч байжээ/. Бор гүүний эцэг тал нь Сүхбаатар аймгийн Халзан сумын Онгуу манлайн адууны угшилтай, эх нь Д.Онон манлайн адууны угшилтай, тойруулга гаралтай. Адууг сайжруулж, хурдан адуу гаргаж авахад азарга гүүний тохироо их чухал гэж уяачид маань ярьдаг. Түүний нэг жишээ бол энэхүү хурдан хүлэг юм. Анх даагандаа Говь-Алтайн наадамд айргийн гуравт хурдалж анхны гараагаа эхэлж байжээ. Тэр үед Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат Мөнх-Эрдэнэ гэдэг залуу уяач уяж уралдуулж байсан бол түүний дараагаар Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, ААУяач Золзаяагийн Алтан-Эрдэнэ /үеэл дүү нь/ одоо хүртэл уяж хурдлуулж байгаа юм байна.

                                                                                                                                                                                                                                                                                 Сэтгүүлч Б.Нанзаддорж

Уяач З. Алтанэрдэнийн хамт

Сэтгэгдэл