2017 оны 05 сарын 16

Энэ жилийн Улсын их баяр наадмын шүдлэн морины уралдааны аман хүзүүнд хурдалсан хонгор шүдлэнгийн эзэн Цагдаагийн Нүүдэлтэй уулзаж ярилцах завшаан бидэнд олдсон юм.Түүнтэй ярилцаж суухад илэн далангүй, шулуун шударга яриатай, маш олон талын авьяастай, хөдөлмөрч, нөхөрсөг хүн шиг санагдлаа.

 

 

-Юуны өмнө Улсын их баяр наадамд хонгор шүдлэн чинь айрагдсанд баяр хүргэе. Таны хувьд улсын наадамд анхныхаа айргийг авч байна уу?

-Баярлалаа. Улсын наадамд бол анхных. Өнгөрсөн жил хонгор шүдлэн маань Увс аймгийн Малчин сумын 90-н жилийн ойгоор дааганы уралдаанд айрагдсан. Замдаа найм есөн хоног явсан болохоор даага маань мордуулах тэрхэн агшинд бүрзгэр байлаа. Завханы Сонгино суманд гурван хоног өдөр шөнөгүй бороонд нухчуулаад нилээд ядарсан байсан л даа. Уяачтайгаа, дүүтэйгээ гурвуулаа ярилцаж байгаад мордуулсан. Даага 12 км-т уралдсан юм. Миний хонгор даага 11 км хиртэй хол тасарч яваад үзүүр дээрээ суугаад, айргийн тавд орж сумынхаа 90 жилд анхны айргаа аваад их баярлаж билээ. Хонгор даага маань нутагтаа айрагдаад ярилцлага өгөх гэтэл нүдийг минь нулимс бүрхээд, хоолой зангираад,  аяндаа л уйлчихсан. Хүний төрсөн нутаг гэдэг чинь хүйн холбоогоор цөглөгдсөн байдаг юм байна лээ. Нутаг минь сэтгэлд хургаад, бодол санааг алсад хөтлөөд, цаанаа л сайхан шүү төрсөн газар шороо, уул ус минь.

-Та тэр уралдаанаас олон айраг түрүү авсан гэсэн. Тэр талаараа ярихгүй юу?

-Нийтдээ зургаан айраг түрүү авч их сайхан наадсан.Дааганы дараа шүдлэнгийн уралдаанд гурван шүдлэн маань уралдаж түрүү, хоёр айраг авлаа. Дараа нь хязаалан уралдахад нэг, хоёрт нь миний хоёр хязаалан ирсэн. Барианд орохоос өмнө миний хоёр хязаалан хол тасарчихсан явж байсан. Би морьдоо дагаж явж байсан болохоор арын морь ойрхон байна уу? гээд уяач залуугаасаа асуухад, ойрд харагдахгүй байна гэсэн. Яг тэр агшинд бас л нулимс бүрхээд ирсэн шүү. Тэр өдөр морь барианы хашаа манай ах дүү, хамаатан садангуудаар дүүрчихсэн байсан даа. Ихэнх нь миний нагацууд байлаа, нагацууд маань бүгд л их хөдөлмөрч, их сайхан малч улсууд байдаг. Улсын хошой аварга, улсын аварга, аймгийн дөрөв удаагийн аварга хүмүүс байгаа. Манай сум чинь Тэсийн голын адуу ихтэй, Тэс сумтай зэрэгцдэг, хурд сайтай, захын хүн очоод айраг түрүү аваад байх дош биш л дээ. Тэгээд ч гаднаас маш их хурд очсон доо. Нутгийн сахиус, түмэн олны минь хайр буян намайг дэмжсэн байх.

-Хурдан морио ачаад өөр газар очиход  уяа сойлгын хувьд өөрлөгдөнө биз?

-Зүүн аймгуудыг бодоход баруун аймгийн өвс их тачирхан байдаг. Манай уяач Дорнодын хүн л дээ. Хяргас нуурын хажуугаар явж байхад 11 цагийн үед хонь мал нь цадчихаад хэвтэж байхыг хараад “Энэ хонинууд чинь юугаа идчихээд цадаад хэвтэж байдаг байнаа” гэж гайхсан байдалтай надаас асууж байсан шүү. Аргагүй шүү дээ. Тэр гайхалтай өвстэй нутгийн хүүхэд юм чинь. Өвс нь тачирхан хэрнээ их тэжээллэг шимтэй байдаг шүү нутгийн минь ургамал. Өөр нутгаас ирсэн адуу мал тэр өвсийг идээд хоолшиход хэцүү л дээ. Хазахаасаа эхлээд л асуудал гарна. Тэр бүгдийг тааруулна гэдэг бол уяач хүний эрдэм ухаан юм. Тэгэхдээ бас хоолыг нь зөв тааруулахаас гадна хурдан төрсөн адуу бол хаа ч хурдалдаг л даа.

-Таны морьдыг хэн уядаг вэ?

-Миний төрсөн дүү Нямжав гэж залуу морьдыг минь арав гаруй жил уясан. Сүүлийн гурав дөрвөн жилд Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат Болорхуяг гэдэг залуу морьдыг маань гардан уяж байгаа. Бид чинь ажлын хуваартай ажилладаг. Нямжав маань одоо машин тэрэг, эм, эмчилгээ, хадлан тэжээл хариуцаж байгаа, Болорхуяг мориныхоо уяаг хариуцана, би ерөнхийд нь хариуцан ажилладаг даа.

-Хонгор шүдлэнгээ Хангайн бүсийн уралдаанд давхар уяагаар уралдуулав уу? Ямар амжилт үзүүлсэн бэ?

-Хангайн бүсийн даншигт хонгор шүдлэнгээ уралдуулах гэтэл хүүхдийг маань гуталгүй байна гээд, гутлыг нь олоод очтол үрээг минь нэг см өндөр байна гээд хасах гээд. Тэгсээр байж арай хийж мордуулахаар болж, зурхай руугаа гараад найм, есөн км явчихсан морьдын араас гүйцэж очиж уралдсан даа. Ерөнхийдөө хоёр талдаа уралдсан гэсэн үг. Шүдлэн маань их сайхан явж байсан. Би өөрөө дагаж явж байсан л даа.  Хүмүүс надруу залгаад шүдлэнгээ жаахан шахвал яасан юм бэ гэхээр нь би шахуулаагүй. Өөрийнх нь тааваар явуулаад долоод ирсэн дээ. Жаахан шахуулсан бол орохоор л байлаа.

-Танай адууны удам угшил хаанахын голдуу адуунууд байна. Олон талаас адуунууд цуглуулсан уу?

-Ер нь олон талаас адуунуудаа цуглуулсан. Увс аймгаас авчирсан сайхан гүүнүүд байна. Завхан аймгийн Баянтэс, Тэс сумаас авсан гүүнүүд бий. Жаргалант гүү, адуу байна. Дорнод аймгаас сүүлийн үед олон адуу авлаа, Сүхбаатарын Асгатаас авсан. Ер нь угшилтай удамтай газруудаас цуглуулсан гэж болно доо. Сүүлийн үед адууны цусыг сайжруулахын төлөө уяачид маш сайн ажиллаж байна. Өдрөөс өдөрт хурдан адууны хурд сайжирч байна. Сүүлийн үеийн наадмуудын морьдын давхил харж байхад гарсан морьд таралсан чигээрээ барианд орж ирж байна шүү. Өнгөрсөн жил Увс аймгийнхаа 90 жилийн ойгоор явж байгаад адуунуудын угшлыг асуухад Дорнодын, Сүхбаатарын, Хэнтийнх гээд эсвэл энэ адууны эцэг нь Хэнтийн, Сүхбаатарын, Дорнодынх гэх жишээтэй. Хуучин чинь цагаан зээрийг нутаггүй гэдэг байсан бол одоо адуу нутаггүй болсон байна. Адууг ачаад явчихдаг болж. Хурдан адуунд угшил их чухал. Хурдан удмын адуунаас л хурдан адуу гардаг болохоос, хонины морь гардаг гүүнээс хэзээч хурдан адуу гардаггүй.

-Хаа сайгүй л адууныхаа цусыг сэлбэж байна. Гэтэл баяр наадам, томоохон уралдаан болохоор эрлийз монгол гэж их маргах болж. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Би боддог л юм. Яг монгол, эрлийз адуу гэж ямар адууг хэлэх юм бэ гэдэг тал дээр тийм стандарт байхгүй. Манай эрлийз адууны ойлголт буруу байхгүй юу? Монгол ч гэсэн өндөр сайхан адуунууд байдаг биз дээ. Том жижиг өндрөөр нь эрлийз адуу гэж ялгах нь буруу гэж бодож байна. Би чинь тавин хэдэн оны хүн. Тэр үед гоё гоё дааганууд их байдаг байлаа. Одоо бол тэр даагануудыг бүгдийг нь эрлийз гэх юм байна л даа. Монгол адуу гэхээр навсайсан, толгой нь доошоо унжийсан, том бүдүүн гэдэстэй, намхан богино хөлтэй тийм адууг хэлэх юм гэнэ шүү. Эсвэл  адууны муу царай зүстэйгийн монгол адуу гэх гээд байгаа юм уу. Би тэр эрлийз адуу гэж ялгаад байгаа хүмүүст итгэдэггүй юм. Тэд ямар мэргэжилтэй улсууд байнаа. Зүгээр хурдан адууны дэргэд байгаа маний өрөөсөн дугуй шүү дээ. Эрлийз, монгол адууны стандарт монголд байна уу, байхгүй. Нүдээр хараад монгол эрлийз адууг таньдаг мэргэжилтэн монголд лав байхгүй. Гэтэл комисс нэртэй нөхдүүд наадмын хэрүүлийг жинхэнэ бузарлаж байгаа шүү.Тэд нар бол жаахан цэвэрхэн, нүдэнд өртсөн морьдыг хасдаг. Энэнээс болж маш олон монгол адуу хэлмэгдэж байна. Өөрөөр хэлбэл цэвэрхэн төрснүүд нь хэлмэгдээд байгаа юм. Дургүйгээ хүрсэн адууг комиссынхон бас хасна, энд, тэнд сайн давхиж байгаа адууг захиалгаар бас хасна. Их будлиан байна даа. Эрлийз адуу гэдэг ойлголт Монголд бүдэг харанхуй, буруу ойлголт явж байгаа гэж бодож байна. Монгол нутагт төрсөн адууг монгол адуу л гэж хэлмээр байгаа юм. Нүдээр харж ялгана гэдэг бол үнэхээр байж  болохгүй. Чингис хаан улс гүрнүүдийг эзлэхдээ адууг нь эзлээгүй байна гэж байхгүй.  Тэгвэл монгол аль эртнээс эрлийзсэн баймаар даа. Миний мэдэхэд ардын хувьсгалын баяр наадмуудад ихэнхдээ эрлийз л адуу орж байна шүү дээ.Монгол адууны цус хаа сайгүй тархсан байгаа. Сүүлийн үеийн наадмуудыг харж байхад дандаа хэрүүлтэй. Хэрүүлгүй наадам гэж байхаа больчихсон. Зарим уяачид адууг өндрөөр нь хасна гэж байх юм. Өндөр хэрнээ монгол адуу зөндөө л байдаг. Хүн дээр жишээ аваад үзэе л дээ. Тэгэхээр өндөр Гонгор, Шаравжамц нар Монгол биш бол таарч байна уу. Үүнтэй л адилхан. Зөндөө олон уяачид хурдан морьдоо уралдуулж чадахгүй хасуулж байна. Хамаг хөдөлмөр нь талаар болж, адууных нь уралдах нас нь өнгөрдөг. Миний адуунуудыг ч гэсэн өндрөөр нь хасаж л байсан.  Эрлийз адууны асуудал яаралтай шийдэх асуудлын нэг шүү.

-Таны бага насны чинь тухай дурсамжаас сонирхвол…

-Би чинь эмээлдээ бугуйл суурилсан, толгой хаялсан морь унасан мундаг хүү байсныг Увс аймгийн Малчин сумынхан мэднэ. Энэ сүүлийн үеийн бацаанууд юу мэдэхэв дээ. Манай суманд Улсын аварга адуучин З.Довоо /миний нагац ах/, адуучин Цагдаа /миний аав/, Дамиран, Ядам, Цээсүрэн, Цэвээн гээд дээр үеийн ахмад мундаг адуучид олон байлаа. Энэ хүмүүсийн яриаг чагнаж, адууныхаа тоосонд борогшиж өссөн. 1974 оноос би Улаанбаатар хотын сургуульд ирснээр хотын хүн болж байлаа. Аавынх маань Төв аймгийн Батсүмбэрийн САА-д 1980 онд шилжин ирсэн.Ингэж нутаг минь  ард үлдэж, Батсүмбэрт аав, ээж хоёр минь, би Улаанбаатарт үүрээ засаж эхэлсэн түүхтэй. Тэр үеийн хүмүүсийн амьдралын жишгээр аав ээж хоёр минь зүтгэж, би ном соёлын мөрийг хөөж, социализмын материал техникийн баазыг байгуулалцаж явтал, социализм нурж чөлөөт  зах зээлийн эдийн засагт улс орон минь шилжиж, өмч хувьд очиж, аавынх маань хэдэн адуу малтай болж билээ. Хувьчлалаар ирсэн ганц хар гүүгээ Бурмаа гэж хүний хурдан хар азарганд тавьснаар манайх хурдан хар азаргатай болж, бид хэд тэр азаргаа уралдах бүрийд нь очиж магнайгаа тэнийлгэн хардаг байсан нь, миний хуучин адуунд хорхойтой байсан дур хэмээх өвчнийг дахин сэдрээх анхны үндэслэл болсон гэж боддог доо. Хар азарга маань Төв аймгийн Батсүмбэрийн наадамд олон удаа айрагдсан. Хар азарганыхаа шийрийг хатаах гэж энд тэндээс адуу цуглуулж яваад нэг мэдэхнээ нилээдгүй олон адуутай  болчихсон байсан. Тэгж л жуулчин-уяач болсон түүхтэй гэх үү дээ.Жуулчин-уяач гэдэг нь ажлаа ч хийнэ, морио ч уяна гэсэн үг. Тэгж морь уях хэцүү шүү. Мориороо тоглоод хаячихдаг юм.

-Морь уяна гэдэг маш нарийн мэдрэмж шаардсан ажил. Ажлынхаа хажуугаар энэ бүхнийг амжуулна гэдэг хэцүү байв уу?

-Би хийе гэсэн зүйлээ хийхийг л боддог хүн. Судалгаа хийж эрдэмтэн болов. Оюун ухаанд эргэлдэн буй манан будан мэт онгод юугаа бясалган зохиолч, яруу найрагч боллоо. Амьдрахын тулд бизнес хийлээ, гэх мэтчилэн хүний хийдгийг л хийж явна даа. Мэдээж аливаа зүйлийг эхэлж барьж авахад амар хялбар зүйл гэж байдаггүй юм. Гагцхүү давж гарах нь л хувь хүнээс шалтгаална. Одоо энэ хүрсэн өндөрлөгөөсөө эргээд харахад морь уях шиг хэцүү, хүнд ажил надад тохиолдож байсныг санахгүй байна. Мориноос бусад бүх л ажлыг өөрийн санаагаар хийж зохицуулж болно. Морь уях гэдэг бол оньсого л гэсэн үг. Зөв тааж чадвал аз, буруу таах юм бол алдаа хийнэ. Энэ мориноос хөлс авах уу? авахгүй юу гэдэг даан ч хэцүү дээ.

-Таны хувьд хурдан морь танихдаа хэр вэ?

-Хурдан морийг их сайн таньдаг хүн хаана байгааг би сайн хэлж чадахгүй. Ганцхан жишээ хэлэе л дээ. Энэ том уяач нар баян эзнээ дагуулаад хаана сайн давхиж байгаа морь байна, тэр морийг л мөнгөөр цохиж,өндөр үнээр худалдаж аваад л уяж байгаа биз дээ. Хэрэв тийм л сайн морь шинжиж таньдаг юм бол адуун дотроос нь битүү морь таньж авч ирээд  уях хэрэгтэй. Адуун дотор хурдалж байгаагаас нь илүү ч морь явж л байгаашдээ. Ганц нэг хүмүүст аз таарч битүү морь худалдаж аваад сайн давхиж байгаа тохиодол байгаа л байх. Харин дээр үед бол ганц нэг морь сайн таньдаг буурал өвгөд байсан гэдэг. Нутаг нутгийн давхидаг морьд өөр өөрийн загвар хийцтэй. Загвар хийц нь бараг өөрчлөгдөнө гэж үгүй. Тэгтэл сүүлийн 20 гаруй жил адуу шиг их цус холилдож байгаа мал байна уу? Тийм учраас би л лав хурдан морь таньдаг гэж бүлтэрч чадахгүй.

-Таны нэр алдрыг дуурсгасан хурдан хүлгүүдээсээ дурсахгүй юу?

-Олон сайхан хурдан буян байсан. Тэр бүгдийг дурсаад барахгүй болов уу. Түрүүн дээр дурдсан хурдан хар азарга байсан даа. Олон ч наадамд айрагдаж, түрүүлсэн буян даа. Даан ч одооных шиг ачаад яваад байх чадал ч байсангүй. Тийм зав ч байсангүй. Сүхбаатар аймгийн  Асгат сумын Ганбаатарын унаган адуу Суман халзан гэж адуу байлаа. Мөн ч хурдан адуу байлаа. За тэгээд сүүл рүүгээ миний хурдан Шарга азарга, Наран зул, Гил хар, Талын ухаа, Салхин ухаа, загал, үзүүр халзан, гээд олон сайхан хүлгүүд заяаж магнайг минь тэнийлгэж, сэтгэлд минь оч бадрааж баярлуулж явна даа. Ах нь энэ олон сайхан хурдан буянуудаа харж баясаж, адууныхаа дэргэд очиж хийморио сэргээж, эрч хүч авдаг хүн дээ.

-Таныг бас шатар сайн тоглодог гэж сонссон. Энэ бас нэг хобби чинь үү?

-Ер нь хүний амьдрал чинь тэр чигээрээ шатрын нүүдэл гэсэн үг шүү дээ. Шатраа муу тогловол амьдрал чинь муу л байна. Харин шатрын нүүдлээ маш зөв оновчтой нүүвэл амьдрал чинь алдаагүй сайхан л урагшлана л гэсэн үг шүү дээ. Морь уях яг адилхан. Уралдаанд морио уралдуулахын өмнө маш олон шийдвэр гаргадаг. Мориноосоо хэдэн хөлс авах вэ? Хэдэн тар хийх вэ? Хэдэн удаа сунгаанд оруулах вэ? гээд, нэг л алдаа гаргавал, хэдий морь чинь хурдан байсан ч хойшилж давхина. Бүх ажил чинь талаар өнгөрнө. Уралдаанд ялагдана. Шатрын нүүдлээ буруу нүүлээ гэсэн үг. Би шатар тоглох маш их дуртай. Надад морины 100 гаруй медаль байгаа боловч шатар тоглож авсан нэг л мөнгөн медаль бий. Түүндээ хамгийн их хайртай даа. Оюун ухааны талбарт оюунаараа тэмцэлдэж авсан болоод ч тэр үү?

-Тэр медалиа та ямар тэмцээнээс авсан юм бэ?

-Би Баянгол дүүргийн ИТХуралд 2000-2004, 2004-2008 онд, СХД-ийн ИТХуралд 2008-2012 онд Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байлаа. 2010 онд Нийслэлийн болон Улаанбаатар хотын есөн дүүргийн төлөөлөгчдийн дунд шатрын томоохон тэмцээн болсон юм. Дүүрэг бүрээс нэг нэг төлөөлөгч, нийслэлийн нэг төлөөлөгч, ингээд нийтдээ 10 хүн халз тулалдаж би найман хүнийг хожиж, ХОЁРДУГААР байранд орсон юм даа. Ингээд л энэ медальдаа хайртай байдаг юм.


-Өөр спортын төрлүүдээр бас хичээллэдэг гэж сонсож байсан. Энэ талаараа тодруулж ярихгүй юу?

-Би багадаа чөлөөт бөх, морин спортоор хичээллэж байсан. Аймгийн чөлөөт бөхийн спартакиадад 81-кг д барилдаж, 2-р байр эзэлж, чөлөөт бөхийн 2-р зэргийг хангаж байлаа. Бас 100 даага сургаж, эмнэг сургалтын спортын дэд мастерын цолны болзол хангаж байв даа. Энэ бүгд хойно үлдэж дээ. Харин одоо бол теннисээр хичээллэж байгаа Шатар бол яахав дээ. Хөгшин хүнийг дэндүү хөшөөх юм. Теннис бол жинхэнэ мань мэтийн насны хүний спорт юм шүү.

-МЗЭ- н шагналт зохиолч, МУСТАжилтан хүний хувьд уран бүтээлийнхээ талаар ярихгүй юу?

-Би багаасаа л шүлэг бичдэг хүүхэд байлаа. Харамсалтай нь хэнд ч, хэзээч шүлгээ үзүүлдэггүй, шүлэг бичдэг гэж хэлдэггүй, дэндүү ичимхий хүүхэд байсан даа. Дэвтрийн гол цаасан дээр хүүхэд насандаа бичсэн 100 гаруй шүлгээ хожим 1980-аад онд хүнд өгч бичгийн машинаар бичүүлэх гээд бор цаасан хавтсанд хийж сугандаа хавчуулан яваад гээчихсэн. Энэхүү шүлгүүд дотор ээж аавдаа, нутаг усандаа болон ганц нэг онц сурдаг царайлаг охидуудад зориулж бичсэн хүүхэд насны гэнэхэн зангаар сэтгэлээ очилсон, онгод юугаа асаасан мөрүүд байсан даа. Ингэж хүүхэд насны минь гэнэхэн шүлгүүд надаас үүрд холдон одсон билээ. Тэр л агшинд сэтгэл бүдрэн, цээж хоосрон, хязгааргүй орон зайд жингүйдэх мэт болж байсныг үгээр хэлэхийн арга байсангүй. Бичээч дээр хоосон хавтас аа барьж ороод л мэдсэн. Эргэж сандран гарч гүйгээд ирсэн замаараа хичнээн удаа явж харсан боловч олдоогүй дээ. Тэгээд дараагийн шүлгийн шинэхэн мөрийг эхэлсэн дээ. Анхныхаа Нүүдэл нэртэй яруу найргийн номоо 2000 онд гаргаж байлаа. Одоо яруу найргийн дөрвөн номтой болжээ. Дараа нь би СХДүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргын ажлыг нэг хэсэг хашиж байлаа. Хүүхдүүдийн оюун ухааныг хөгжүүлэх, тэднийг монгол зан үйл, ёс заншилтай танилцуулах, спортын уралдаан тэмцээн зохион байгуулах гээд маш олон тэмцээн удирдаж, зохион байгуулж байлаа.Хүүхдийн зохиол бүтээл, дуу шүлэг ерөнхийдээ манай монголд чинь ховор шүү дээ. Тэр үүднээс л хүүхдийн төлөө жаахан ч гэсэн уран бүтээл хийх сонирхол төрж, хүүхдийн 8,9 ном бичсэн. Хүүхдийн дууны 100 гаруй шүлэг бичиж хүүхдийн дууны гурван СД  гаргалаа. Хүүхдийн дууны гурван тоглолт UB паласт зохион байгууллаа. Жаахан ч гэсэн хүүхдийн төлөө өөрийгөө юм хийсэн хүн гэж өөрийгөө боддог шүү./инээв/


-Ярилцлагынхаа төгсгөлд таны хамгийн хайртай шүлэгнээс чинь уншигчидтайгаа хуваалцмаар санаглаа.

-За даа. Олон сайхан шүлэг байгаа даа. Би боддог л доо хүний хамгийн сайхан нас бол 40 нас гэж,,, Тэгээд миний бичсэн Дөчин нас гэж нэг шүлэг бий. Энэ шүлгэндээ их хайртай.

Дөчин нас.

Дөрөөн дээрээ өндийсэн

Дөмөг дөчин нас минь

Дөрвөөн дарсан ат шиг

Аян даах яс минь


Ханат гэрийн хойморт

Заларч суух нас минь

Хан төрийнхөө үйлсэд

Зүтгэж явах нас минь


Уул уулыг давав ч

Хормой шуухгүй нас минь

Ус усыг гатлавч

Гутал тайлахгүй нас минь


Гүйж яваа моринд

Чөдөр үзүүлэхгүй нас минь

Гүехэн бүсгүйн илбэнд

Жолоо алдахгүй нас минь


Оргиж буцалсан зангаа

Огшоож чадах нас минь

Оргилуун гэгээн үйлсэд

Дүрэлзэж асах нас минь


Худлаа инээдний цаадах

Хутга шиг санааг мэдэх

Хууль шиг үгний ардах

Сүү шиг сэтгэлийг ялгах


Алаг хорвоогийн аашийг

Дааж явах нас минь

Амьдрал хэмээх хөсгийн

Ачааг чангалах нас минь


Төр гэр хоёроо

Төвхнүүлж чадах нас минь

Түмний өгсөн итгэлийг

Алдаж асгахгүй нас минь


Ур ухаан хоёрын

Ир нь ханасан нас минь

Улс монголынхоо төлөө

Цахиур хагалах нас минь


Дөрөөн дээрээ өндийсөн

Дөмөг дөчин нас минь

Дөрвөн цагийн монголдоо

Сүлд нь болох нас минь

 

Хүүгээ хүлээж суугаа ижий минь.

                  Ээж минь та гэрэлт хорвоогийн сар билээ

                  Ээж минь та илчит дулааны нар билээ

                  Ээж минь та эрдмийн их ухаан билээ

                  Ээж минь та энэ биений минь эхлэл билээ.


Намрын ууланд бугын дуу уянгалахад

Настай ээж минь хүүгээ хүлээж суугаа

Ариун сэтгэл нь бодлоо даган урсахад

Аврал эрэн хүслийн тэнгэрт шивнэн

          Хүүгээ хүлээж суугаа

Цастай өвлийн талд, жаврын үзүүр жиндэхэд

Цал буурал ээж минь хүүгээн  хүлээж  суугаа

Үүлтэй будантай хорвоод үр жиндэж санагдахаар

Үзүүрсгэн дээлийн нөмөрхөн сэтгэлээ илгээн

          Хүүгээ хүлээж суугаа

Хаврын сард дуучин хөхөө донгодоход

Хайлган ээж минь хүүгээн хүлээж суугаа

Тоосрох замын зэрэглээнд сэтгэл нь будилах бүрийд

Толгойтой үсэнд нь буурал хяруу хаялсаар

          Хүүгээ хүлээж суугаа

Аагим халуунд цэцэг гандан бөхийхэд

Ашид ээж минь хүүгээ хүлээж суугаа

Нүүдлийн шувуудын зэллэх жимийг хүлээж

Нууцхан мэлмэрх бүлээн нулимсаа арчин

          Хүүгээ хүлээж суугаа

Аянга цахилж газар дэлхий нийлэхэд

Аяархан шивнэн маань уншиж хүүгээн хүлээж суугаа

Алтан нар мөнгөн саранд хүслээн дайж

Алдрайхан хүүдээ  цайныхаа дээжийг өргөж

          Хүүгээ хүлээж суугаа

Сартай тэнгэрийн одод алсад анивчихад

Сайхан ээж минь зүүдээ ивэлгэн хүүгээ хүлээж суугаа

Сүүний үнэртэй бойтикийг минь үнэрлэн

Сэвэлзэх нойроо адуулан ээж минь

           Хүүгээ хүлээж суугаа

Ээж минь ингэж хүүгээ хүлээж суугаа

Ээж минь ингэж намайг хүлээж суугаа.
-Таныг юуны учир Ард түмний гавьяат гэсэн хүндэт цолоор шагнасан юм бэ?
-Аа тийм. Би UB паласт хүүхдийн дууны тоглолтоо гурван удаа тавьсан гэж дээр хэлсэн. Анхны тоглолтоо 2012 онд тавихдаа бараг үнэгүй шахуу тоглолт хийсэн юм. Томоохон газар тоглосон тоглолтыг үзэж чаддаггүй нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүд олон байдгийг би мэднэ. Иймэрхүү айлын хүүхдүүдийг нэг удаа ч гэсэн баярлуулах зорилготой, тоглолтын билетээ тэдэнд өгч, нилээд сайн зохион байгуулсан. Зах зэлийн ороо бусгай өнөө үед хүүхдийн төлөө ийм ажлыг хийдэг хүн ховордсон үед миний тоглолтын тухай, Монголын авьяастны холбооны удирдлагуудын сонорт хүрч, АРД ТҮМНИЙ ГАВЬЯАТ гэсэн шагнал авах эхлэл тавигдсан даа. Энэ шагналыг авсандаа баярлаж явдаг.Хүүхэд рүү чиглэсэн аливаа зүйл эдийн засгийн хохиролтой байдаг ч хүүхдийн баярласан сайхан сэтгэл мөнгөнөөс илүү их эрч хүчийг  өгч байдаг юм.                                                                                                                                                                                                                                               -Та улс төрийн ухааны доктор(Ph.D) хүн. Хэзээ докторын зэргээ авсан бэ?                                                                                                                                                                                                      -Би улс төрийг маш нарийн мэргэжил гэж боддог хүн. Гэтэл улс төрийн мэргэжил эзэмших нь битгий хэл улс орон, төр засаг гэж юу байдгийг мэддэггүй, зөвхөн мөнгө мэддэг хүмүүс улс төрд шургалаад байгааг би ер ойлгохгүй юм. Социализмд ч улс төрийн товчоонд мэргэжил харгалзаж ажиллуулж байлаа шүү дээ. Улс төрд математикийн багш, физикийн багш, орос хэлний  багш, багш битгий хэл мэргэжилгүй нөхдүүд, бөх хүртэл улс орныг удирдана гээд л дэвж байна шүү дээ. Арай ч дээ. Тийм учир улс орныхоо сайн сайхны төлөө зүтгэнэ гэж дотроо хатуу шийдээд, БИЕЭ ЗАСАЖ удирдлагын академид суралцан улмаар ФСЭХүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан болж, улмаар 2001 оны 01-р сарын 05-нд Улс төрийн ухаанаар 21-р зууны анхны докторын зэргийг хамгаалсан.
-Таныг өнгөрсөн жил их олон айраг түрүү авсан гэж сонссон. Нийтдээ хэдэн айраг түрүү авсан бэ?
-Уяач хүн ч том жижиг ямарч наадам байсан морь маань айрагдаж л байвал баярлаж байдаг улсууд даа. Өнгөрсөн жил би том, жижиг 40 гаруй наадмаас айраг, түрүү хүртлээ.
-Сумынхаа 100 жилээр очиж уралдах уу?
-Бурхан уралд гэвэл уралдалгүй яахав дээ. Морь минь нилээд чангарчихсан байх байлгүй.
Бидний урилгыг хүлээн авч сонирхолтой яриа өрнүүлсэн таньд маш их баярлалаа. Таныг хурдан морины босоо цагаан хийморь үргэлж ивээж яваг.

                                                                                                                                                                                          Сэтгүүлч Б.Нанзаддорж

2016 оны Төрийн наадмын түрүү шүдлэн

Зүүн гар талаас Ц.Нямжав, Ц.Нүүдэл, уяач Б.Болорхуяг

Сэтгэгдэл