2017 оны 05 сарын 17

Кисбир Фелбер үүлдэр нь Унгар улсын уугуул адуу болох кисбир адуунаас гарал үүсэлтэй юм.1853 онд Унгарт байсан 60.702846 хавтгай дөрвөлжин км  нутагтай сайхан ферм байгуулснаар улс орныхоо адуу малыг эх нутагтаа өсгөн үржүүлэхэд үнэт хувь нэмэр оруулсан  байна.
Унгарчууд энэхүү сайхан фермээ байгуулмагцаа л хурдан удамт троубредийн угшилтай цус сэлбэх үржүүлгийн ажлаа шууд эхлэсэн аж. Зөв зүйтэй бодлого баримтлан явуулснаар унгар морьд дэлхийд эд хаваа гайхуулж эхлэжээ. Кисбир үүлдрийн хурдан морьдоос "Ипсом Дерби" болон "Геннисийн Номонд" дэлхийн дээд түвшинг 54 удаа тогтоосон гайхамшигт хурдан гүү хүртэл байдаг нь үнэхээр бахархалтай юм. Энэхүү Кинсэм гэдэг домогт хурдан гүү хурдан, хэзээ гүйцэгдэж үзээгүй тул түүхэнд мөрөө мөнхлөн үлдээжээ. Түүнчлэн Кисбир үүлдрийн хурдан морьд нь троубредийн уралдааны түүхэнд арилашгүй ул мөрөө үлдээсэн төдийгүй дэлхийн хамгийн үзэсгэлэнт спортын морьдыг гаргаж чадсан нь жинхэнэ гайхамшиг хэмээн адуу судлаачид, сонирхогчид толгой сэгсрэн магтдаг билээ. Ийм сайхан үүлдрийг гаргахдаа Унгарын эрдэмтэд маш хянуур болгоомжтой төлөвлөж, хээлтүүлэг үржүүлэгийн ажлыг шинжлэх ухааны дагуу нарийн нягт хатуу хяналтын дор явуулж чадсанаар зуу гаруй жилийн өмнө  Кисбир Фелбер үүлдрийг гаргаж чадсан юм. Эдгээр сайхан адуу нь орчин үеийн эрэлт хэрэгцээ ихтэй морин спортод яв цав таарч тохирсон, спортын чадавхи сайн, хөдөлгөөний эвсэл, хөлийн зогсолт, гишгэлт цэвэр цэмцгэр, сонор соргог, нарийн хөдөлгөөн хийхэд зохицсон хийморьтой сэргэлэн сайхан адгуус юм.
Дэлхийн удаа дараагийн дайны хөлд өртсөн улс орнуудын нэгэн яахын аргагүй Унгар улс билээ. Дэлхийн I болон II дайны гамшигт жилүүдэд эдгээр гайхамшигт адуу бараг сөнөн устахад дөхсөн байна. 1945 оны сүүлээр талаас илүү хувь нь ул мөргүй алга болж, өөр адуутай цус холилдсон нь Унгарчуудын сэтгэлийг ихээр түгшээсэн байна. Сайхан адуугаа 1947 онд улсын дуудлага худалдаанд оруулан зарж эхлэснээр цус хамаагүй холилдож эхлэсэн харамсалтай үйлдэл эхлэсэн гэдэг. Иймээс 1961 онд Далманд үүлдрийн нийгэмлэгийхэн цус холилдоогүй Кисбир Фелбер үүлдрийг хамгаалалтанд авч өнөөдрийг хүртэл арчлан өсгөсөөр байгаа юм. АНУ дахь армийн адуу үржүүлгийн газар Ремоунт хэмээх нэртэй газраас 150 тоо толгой цэвэр цусны Кисбир Фелбер адууг зориуд шилэн сонгож байж оруулсан аж. Кисбир Фелбер үүлдрийн адууг жинхэнэ морь мэдэх хүмүүс үнэ цэнийг нь тогтоодог бөгөөд мятаршгүй зан авиртай тул "Heavenly Horses"  буюу "Бурханы Унаа, Диваажингийн хүлэг" хэмээн америкчуудын дунд нэрлэгдэж, хайрыг нь татдаг байна. Ийнхүү Унгарын засгийн газрын оролцоо, шинжлэх ухааны байгууллагууд, эрдэмтдийн ачаар энэ улс нь өөрсдийнхөө адууг аварч чадсан хэдий ч дэлхийн дээр ердөө 2000 Кисбир Фелбер байгаа юм байна.
Үзэсгэлэн төгөлдөр үнэхээр ховор Кисбир Фелбер үүлдрээ авч үлдэхийн тулд Унгар улс европ болон Америк тивийн анхаарлын төвд аваачиж, адуугаа авч үлдэх, хамгаалах ажлуудыг хийж эхлэжээ.
Кисбир Фелбер үүлдрийг хамгаалах нийгэмлэгийн гол зорилго нь адууныхаа давуу хүч чадварыг олон улсын спортын тавцан дээр илүү ихээр гаргаж, морьдын гоо үзэсгэлэн, хүч чадал, тогтвор хөл, тэвчээртэй араншин нь морин спортын олон төрөлд гайхуулан харуулахыг хүсэж, бас төлөвлөж байгаа юм байна. Учир нь Кисбир Фелбер адуу орчин үеийн морин спортын маш олон төрлийн стандартын шаардлагад тэнцэж байгаа юм.    
Кисбир Фелбер адууны зүс нь:
Үндсэн зүс нь хул, хүрэн гээд бүгд багтах бөгөөд цагаан дэлтэй хилэн хар зүс байх төдийгүй бүр буган арьс шиг хүртэл өвөрмөц өнгө зүс бий.
Адууны өндөр:
 Дунджаар 160- 173 сантиметр хооронд байх нь элбэг.
Нэрийн хувьд Кисбир Фелбер гэдэг нь хагас үүлдэр гэсэн утга бүхий унгар үг агаад жинхэнэ утгаараа морин спортод тохирсон ховорхон адуу юм. Энэхүү гайхам сайхан адуу нь дэлхийд нэр гараагүй хэдий ч морин спортынхны хүсэн мөрөөдөх сайхан адгуус мөн аж.  

                                                                                                           Д.Аззаяа

                                                      

 

Сэтгэгдэл