2017 оны 05 сарын 23

-АСЕМ-ийн чуулганд зориулж урласан том гэрийг танайх хийсэн гэж сонссон. Тэр гэрийн нийт талбайн хэмжээ хэд вэ?
 22 метрийн диаметртэй. 380 метр квадрат талбайтай, 300 гаруй хүн хүлээн авах хүчин чадалтай обьект байгаа юм. Ханаар нь багцаалбал хорь гаран ханатай гэсэн үг л дээ. Төмөр угсармал карказтай, гадуур нь модоор бүрж хийсэн. Төмөр дээрээ тогтож байгаа баганагүй гэр л дээ.
-Та нар энэ гэрийг хийхдээ ямар хүмүүстэй хамтрав?
-Энэ гэрийг манай компани дангаараа хийсэн. Хоорондоо ярилцаж байгаад зураг шийдлийг нь гаргаад хийсэн.
-Яагаад заавал баганагүй хийсэн юм бэ?
-Хуралд зориулж байгаа болохоор баганатай байвал хүмүүсийн хооронд харах байдлыг хязгаарлаад байх байсан. Тэгээд баганагүй хийсэн юм. Энэ гэр маань эсгий, цаваг, туурга гээд л бүх юм нь монгол гэр шигээ л байгаа.
-Хэдий хэр хугацаанд хийж дуусгасан бэ?
 -2015 оны 12-р сараас эхэлж бэлдсэн юм. Бэлтгэл ажлаа дуусгаад, дөрвөн сарын эхээр газар дээрээ ажиллаж эхэлсэн. Тэгээд зургаан сарын сүүлээр долоон сарын эхээр дуусгасан. Нийтдээ хоёр сар орчимд газар дээр нь ажилласан.
-Та нарт АСЕМ-ийн  гэрийг урлах саналыг хэн тавьсан бэ?
-МCS-ийнхэн өөрсдөө гэр хийдэг компаниудаас судалгаа аваад явж байсан. Түүнд нь мэдүүлэг, зураг хөргөө өгчихсөн байсан. Манай үнэ энэ тэр нь боломжийн байсан л даа. Тэгээд ч бас яг ингэж баганагүй хийх газар байгаагүй юм.
-Нийт хэдэн хүн ажилласан бэ?
-Манай ажиллах хэсэгт  42 хүн ажилласан. Ерөнхийлөгч хийж байхад ирж үзсэн. Сайхан болж байна гэж байсан. Том гэрийг дууссаныхаа  дараа эргээд харахад яаж хийсэн юм бэ гэмээр л байсан. Ороод харахад цэлийсэн том заал шиг л харагдаж байсан.
-Монголчууд өмнө нь иймэрхүү баганагүй гэр хийж байсан уу?
-Урьд бол баганагүй гэр хийж байсан л юм байна лээ, Гэхдээ манайх шиг ийм том гэр хийж байгаагүй. Харин баганатай хэрнээ том гэр бол байдаг л юм байна лээ.
-Аюулгүй байдлын хувьд асуудалгүй гэж үзэж болох уу?
-Газар хөдлөлт болон, цас, бороо, салхи гэх мэт янз бүрийн эрсдлийн тооцоог гаргаж хийсэн. Тийм болохоор тэр тал дээр асуудалгүй л гэж бодож байгаа.
-Сүүлийн үед танайх ямар ажил дээл голлож ажиллаж байна вэ?
-Сүүлийн үед Индонези улсад Монголын соёлын төв байгуулагдсан. Тэдний бүх гэрүүдийг хийсэн. Япон руу жуулчдын хэдэн гэр хийсэн. Одоо Австрали руу явуулах хэдэн гэр хийж байна.
-Танайх бас олон сайхан айрагны сав хийгээд, интернэтээр зураг нь яваад, олон хүний анхаарлыг татаад байгаа. Дотрыг нь ямар материалаар хийдэг вэ?
-Хуучны айрагны савнаас арай өөр уламжлал шинэчлэлийг хослуулсан сав хийж байна. Зэвэрдэггүй, хүнсний зориулалттай нержэн савыг дотор нь суурилуулсан байгаа. Дан модоор хийхээр байнга чийгтэй л байлгахгүй бол хагараад байдаг талтай. Хийц загварын тал дээр бол  захиалж байгаа хүнтэйгээ тохиролцоод л хийж өгдөг.
-Танайх модны будаг болон лакны тал онцгой анхаардаг гэж сонсож байсан.  Эрүүл ахуйн шаардлага хангасан талаас нь илүү анхаарал тавьдаг уу?
-Тиймээ. Энэ тал дээр сайн анхаардаг. Дандаа орос будгаар буддаг юм л даа. Чанартай стандарт хангасан сайн будаг лакнуудыг л хэрэглэдэг.  
Та бүхний ажилд амжилт хүсье!!!                                                                                                                                                                                                                                                               - -Шинэ ондоо илүү их захиалга авч цехээ хөгжүүлээд маш том үйлдвэртэй болоорой гэж ерөөе. Гайхамшигтай бүтээл олныг хийж Монголын ард түмнийг их баярлуулаарай.
-За баярлалаа та бүхний ажилд ч бас амжилт хүсье

                                                                               "Ухаантай Морь" сэтгүүл №69

 

"Уянгын гурван эрдэнэ" ХХК захирал Б.Батзул

Сэтгэгдэл