2017 оны 05 сарын 24

Сүүлийн  жилүүдэд  хурдан морь сонирхогчдын дунд нэр нь олонтоо дуурсагдах болсон хурдан морины залуу зүтгэлтнүүдийн нэг Архангай аймгийн Ихтамир сумын уугуул ГЕГ-ын газрын дарга Д.Жаргалсайханы Тод хээр нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын Алтанхуяг гуайн унаган адуу юм. Тод хээр морийг сарваа байхад нь Сайханбаяр (Бак) хэмээх хурдан морь шинжээч залуу анх онцлон авчирч Э.Эрдэнэчулуун Тод манлайд бэлэглэж байсан гэдэг. Дааган наснаасаа соёолон хүртлээ бүхий л сунгаануудад хол тасархай түрүүлдэг байсан тэрээр эрлийзүүдийг ч урдаа гишгүүлдэггүй байжээ. Түүнчлэн улсын наадамд гурав дараалан айрагдах хэмжээний амжилт үзүүлэх байсан хэмээн мэдэх хүмүүс нь ярьцгаадаг юм. Тодруулбал улс хувьсгалын 85 жилийн ой 2006 оны тѳрийн наадмын бүх насны морь будилсан байдаг. Тэр үед наадмын зохион байгуулалт хангалтгүй, одооных шиг гарааны төхөөрөмж байхгүй байсан учир морьд гараандаа хүрэлгүй эргэх, морины хүүхдүүд зориуд морь будлиулах явдал их байжээ. Тэр жил Тод хээр онцгой хурдан байсан гэдэг. Шүдлэн насандаа уралдаад морь будилсанаас болж арван хэдэд бичигдэж байсан гэдэг юм билээ. Одоогийн өндөрлөгөөс харвал үнэхээр манайхан морио уралдуулж чаддаггүй, булхай их гардаг байж дээ. Харин тэр үеэс  хойш  наадмын хурдан морины комисс эдгээр асуудлуудад ихээхэн анхаарал хандуулж, олон сайхан дэвшилттэй ажлуудыг хийсэн юм. Дараа жил нь 2007 онд Улс хувьсгалын 86 жилийн ойн баяр наадмын хязаалан насны уралдаанд Алтангэрэлийн хүрэн, Баацанбазарын сувдан зээрд, Цандэлэгийн тогоруу угшилтай хүрэн, Сүхбаатар аймгийн Бямбадоржын мѳнгѳн хѳлт хурдан азарганы гал тѳл зэрэг хурдан үрээнүүдтэй хурд хуваалцан  айргийн тавд хурдалсан. Мөн түүний дараа жил нь буюу 2008 оны улсын их баяр наадмын соёолон насны морьдын уралдаанд аман хүзүүнд хурдалж, мөн тэр жилээ Алтан Дарь Овооны их тахилга даншиг наадмын хурдан соёолон насны уралдаанд аман хүзүүнд хурдалжээ. 2008 оны тѳрийн наадамд Амгалан тѳрийн ажнай шарга азарга, Тод хээр, Максын Ганбаатарын хурдан халзан соёолонгуудын 22км¬-ын уралдааны замыг хамгийн богино хугацаанд туулсан амжилтыг одоог хүртэл эвдэж чадсан адуу байхгүй гэж ярьцгаадаг юм билээ.

 

Сэтгэгдэл