2017 оны 05 сарын 27

    Хятадын баруун өмнөд хязгаар Юнань мужид дөхөмхөн  тойроод ирэхэд надтай тааралдсан гурван морийг  тодруулан сонирхуулья. Энэ газар монгол хүн  дөрөө мултлаад 754 жил болж байна. Түүх үүнийг тодорхойлж байна. Юнаньд 28000 монгол хүн байдаг гэсэн тоо гарчээ. Ер нь бол монгол үндэстэн төвлөн суудаг  тосгон гэж байдаг. Тэр нь Юнань мужийн  Үйший хотын  Тунхай шаны  Шинмэн  шиан буюу бидний ойлголтоор  жижигхэн тосгон юм даа. Энэ тосгон 6000 гаруй хүн амтай.  Түүний 5600 нь улсынхаа бүртгэлд МОНГОЛ  хэмээн бүртгүүлжээ. 754 жилийн тэртээгээс өнөөг хүртэл  гэрийн түүх цадигаа бичиж, үе дамжуулан  хадгалсан, бас ч өөрийн гэсэн  Кажу хэлтэй,  монгол үндэсний соёл  зан заншилтай тийм л  цөөн тоот үндэстэн.  Юнань мужид 26 үндэстэн аж төрдгийн нэг нь болж байгаа болохоор  монголчуудын том төлөөлөл юм.  Энд үзсэн миний эхний морь бол Шинмэн тосгоны  засаг захиргааны  байрны дэргэд байх нэгэн сүмийн чимэглэл дээр сийлсэн морь юм.  Ази дорно дахины загвар бүхий  олон зуун сумд байхгүй нэг чимэг бол энэ сүмийн дээврийг морины толгойг дүрслэн уралсан  гоёл чимэглэл юм.  Эргэн тойронд нь хэд хоноход  олж үзээгүй адуугаа уран сийлбэрээс олж үзсэн минь энэ... Их эртнээс нааш морь /адуу/-г  шүтэн дээдэлж ирсний баталгаа буюу.
            /Сүмийн зураг/
Дараагийн морь бол  Юнаньд монгол хүн хөл тавьсны  750 жилийн ойд  зориулан босгосон  морины толгой бүхий хөшөө юм. Энэ хөшөө мөн л Шинмэн монгол үндэстний суурин  байгаа юм. Хөшөөний  нүүрэн талын боржин суурин дээр  “Монгол хүн  Юнаньд суурьшсан 750 жилийн ойн дурсгал”  хэмээн босоо монгол бичгээр сийлжээ.  Энд яагаад  монгол хүний дүрс  сонголгүй морины толгой  уралсан бэ... Яалт ч үгүй монгол хүн морьтойгоо л ирсэн. Монгол хүн морь хоёрын түүхт харилцааг  тодруулжээ. Тийм ч болохоор дэлхийн олон улс оронд монголчуудын түүхийг морин дээр бичсэн түүх хэмээн онцолдог  нь бас л энд батлагдаж байх жишээтэй. Тэгээд ч энэ тосгоны  зүүн хойд зүгт  нэгэн домог бүхий газар бас байна.  Тэнд битүү модтой уулын бараг оройд машин тэргээрээ давхисаар хүрлээ. Унаж явсан тэргээ зам дээр орхиод явган замаар уруудвал нэг сонин газар байна. Тал талаас нь чулуугаар хашиж нандигнасан тэр газар бол  Хубилай хааны домогтой түүхт газар аж.  Хубилай хаан цэргүүдтэйгээ энэ аглаг ууланд явж байгаад ус олдохгүйд хүрч морь мал, цэрэг дайчидгүй хэцүүджээ. Тэгтэл  Хубилай хааны унаж явсан морь нь  зогсосхийж газар цавчилжээ.  Яг л тэр цавчсан газраас нь булаг оргилжээ. Ингээд  хүн малгүй ууж ангаагаа тайлсан гэнэ. Тэр цагаас хойш энэ булаг одоог хүртэл ундарсаар аж. Яг л уулын орой дээр шүү дээ. Яг л нэг түвшинд   халих ч үгүй, хатаж ангах ч үгүй байсаар өнөөг хүрч  үзэж сонирхох  амсаж ундлах хүмүүсийн цуваа ч тасрахаа больжээ.  Энэ хөшөөний нэг хажууд түүх домог болоод  бусад  дэлгэрэнгүй танилцуулгыг сийлсэн байх юм билээ.

                                  /морины хөшөөний зураг/
Гурав дахь  морь бол Юнань мужийн  нийслэл  Кунмины Олон үндэстний цэцэрлэгт хүрээлэнд байсан морины шуумал  хөшөө юм. Энэ бол нэлээд цогц хэд хэдэн үйл үйлдэл хийж байгаа морины баримлаас бүрдэж байна.  Уралдаж байгаа морины  баримал энд  байсангүй. Ачаа ачаад зүтгэж байгаа, ачаагаа буулгаад амсхийж байгаа, тааваараа сул алхаж байгаа гурван морь, дэргэд нь  морины тахан дотор газар нутгийнхаад дүрсийг хийж, цайны замын  зураглалыг  зурсан  байна. Ийм л цогцолбор  талбай байна.
        /Ачаа ачсан морины дүрс дэргэд нь тах хэлбэртэй газрын  зураг болон             сул адуу ,  ачаагаа дэргэдээ буулгасан  адууны дүрс  бүхий 4 зураг/
Юнань бол аргагүй л дэлхийд хятад орондоо  цай тамхиараа алдартай  нутаг юм билээ. Мөнхүү гурван зургийг ажиглаж сонирхож ахуйд  монгол морь гэдэг ямар гайхалтай вэ гэсэн нэг омогшил  сэтгэлд тодроод байсан шүү...

                                                                                                                                                                                        Сэтгүүлч, яруу найрагч Лханаагийн МӨНХТӨР

Сэтгэгдэл