2017 оны 05 сарын 27


-Та сайхан өвөлжиж байна уу?
-Сайхан өвөлжиж байна. Цас багатай сайхан өвөл болж байна. Өмнөговь аймгийн Баяндалай сумаас 700 км яваад ирлээ.
-Өнөөдөр олон улсын тэмцээнд байр эзэлсэн жороо саарал морийг алдаршуулах арга хэмжээ болж байна. Энэ арга хэмжээний жороо морины уралдаанд оролцохоор жороо морьдоо авчирсан гэсэн. Өвлийн хүйтэнд холоос ирэх хэцүү байв уу?
-Говь нутгаас хүйтэн гэхгүй зорьж ирлээ. Монгол түмэн чинь эрт дээр үеэсээ л сайн атан тэмээ, сайн морь, сайн эр гурав хүйтэнд живхэрч байсан гэж ярьцгаадаг. Олон зуун жил бидний өвөг дээдэс аян жингээ тээж, улс орноо тэжээж, үүгээрээ төрийн албаа залгуулж, өртөө улаагаа хийж ирсэн. Ийм учраас хүйтэн гэсэнгүй, Баяндалай сумынхаа жороо морьтой Тогтуунбаяр гэж хүүгээ, Хүрмэн сумын Отгонбаяр гэж мянгат малчин, аймгийн сайн малчин хүүгээ /хоёр сумын, хоёр төлөөлөл/ дагуулаад ганцаараа биш гурвуулаа ирсэн.
-Та багадаа хурдан морь их унаж байв уу?
-Өө уналгүй яахав. Миний эцэг Гомбо гээд хүн Монголд өртөөний албыг олон жил залгуулж байсан, өртөө Гомбо гэж алдаршсан хүн байлаа. Миний эцгийн ах ноосон Дамдин гэж уяач хүн байсан. Би ч таван настайгаасаа л хурдан морь унаж эхэлсэн. Монголчууд маань хүүхдээ тэгж л багаас нь чангаруулж, өглөө босгоод л, дээлийг нь өмсгөөд, бүсийг нь чангалаад тавьчихдаг. Тийм үед л өсөж торниж байсан хүндээ. Миний хувьд бол бага наснаасаа эхлээд адуу малтай холбоотой янз янзын ажил хийж байсан. Ер нь олон жил ч хурдан морь уналаа. Тэр үед хурдан морийг тэжээлээр биш яг байгалиар нь уядаг байлаа. Жилдээ цөөхөн наадам хийдэг байсан. 30 км-ээс морьдыг тавьдаг. Түүнд тохируулан уяаг сойлгыг нь тааруулдаг байлаа.
-Таныг хурдан морины үйлсэд хувь нэмрээ их оруулсан хүн гэж сонссон энэ талаар ярина уу?
-Монголд морин спортыг хөгжүүлэх гэж нэг насыг зориуллаа. Өмнөговь аймгийн уяачдын холбооны тэргүүн Р.Буянтогтох, Г.Буянхүү гэж хурдны морийг хөгжүүлэх гэж нэлээн олон жил санаа сэтгэлээ зориулж яваа хүмүүс бас бий. Дээр нь  аймгийн засаг дарга Бадраа, Хаан банкны захирал Идэрцог, тамгын газрын дарга Түвшинбаяр, Батаа, аймгийн цагдаагийн хэлтсийн дарга Отгонбат гээд бүгд л морины үйлсэд зүтгэж явна. Ах нь өөрийгөө эдгээр хүмүүсийг моринд дуртай болоход нөлөө үзүүлсэн гэж боддог.
-Говийн морьд их хурдан байгаа шүү. Танай нутгаас улсын наадамд олон морь айраг түрүү авч байгаа байхаа?
-Олон сайхан хүлгүүд Өмнөговь аймгаас ирж төрийн наадамд  уралдан айраг түрүү хүртсэн. Аймгийн засаг дарга Бадраагийн морь, том Түмэнбаярын морь, Халзан Өрнөх гээдзалуугийн халтар морь гэх мэт олон сайхан улсуудын маань морь улсын баяр наадамд сайн давхисан. Монголын морин спортод мөн “Уран уургач, бугуйлч”-ийн тэмцээн гэж байдаг. Улсын батлан хамгаалах нийгэмлэг Сайнцог даргатай, хагас цэргийн зохион байгуулалтай байх үед нь би Эрдэнэдалай суманд болсон Монголын уяачдын их хурал дээр Тод Манлай Уяач Д.Даваахүү гуайтай хамтарч  “Уран уургач бугуйлч”-ийн тэмцээнийг анх санаачилж байсан. Булган аймгийн Могод суманд анхны уран уургач бугуйлчийн тэмцээн болж, энэ тэмцээний анхны том сууриудыг тавьж өгч байлаа. Үүний нөлөөгөөр монголын “Уран уургач” тэмцээнийг үндэсний спорт болгож, амжилтанд хүргэж чадсандаа баяртай байдаг. Миний шавь бөгөөд хүү  Ууганбаяр маань уран уургач бугуйлчийн тэмцээний хошой алт, хошой мөнгө, хошой хүрэл медальтай, улс аймагт 13 айраг түрүү хүртсэн. Энэ хүүгийн маань амжилтыг үнэлж “Монголын шилдэг манлай хүлэгч” цол хэргэмийг өгсөн. Мөн монголын морин спортын мастер, МУ шилдэг хүлэгч, Өмнөговь аймгийн Булган сумын харьяат Найдандоржийн Шаравдорж гэж шавь маань спортын мастер болсон. Алтанхуяг ерөнхий сайдын үед үндэсний спортоо дэмжиж, “Аварга адуучин” гэдэг тэмцээнийг явуулж эхэллээ. Тэр тэмцээнд Ууганбаяр хүү маань нэг түрүүлж, нэг мөнгөн медаль авсан. Эмнэг хангал булгиулаач Мөнхсайхан, Г.Баянмөнх гээд ийм олон залуучууд байна. Одоо Өмнөговь аймгийн сумуудад энэ тэмцээнийг тогтмол явуулдаг боллоо. Би өөрийн биеэрээ Ноён суманд  “Адуучин” тэмцээнийг зохион байгуулсан. Энэ мэтээр олон сайхан үйл ажиллагаа зохион байгуулж байна. Дэлхийн адуу монголоос гаралтай, монголын адуу говиос гаралтай гэсэн үзэл баримтлалыг би үргэлж баримталж, төрийн бодлогыг холбож өгөхгүй бол хөгжихгүй нь гэсэн асуудлаар олон жил зүтгэж явлаа.
-Монголын морин спортын хөгжлийг та хэрхэн явж байна гэж бодож байна вэ?
-Хурдан морины хөгжилд бизнэсменүүд их хувь нэмэр оруулж байна. Дээр нь Адуучин тэмцээн, Уран уургач бугуйлчийн тэмцээн гээд хөгжиж л байна. Харин жороо морины асуудал нилээд хоцрогдох гээд байна. Жороо морь гэдэг чинь өвөг дээдсийн маань бахархал болсон зүйл. Жороо мориороо гангарч, жороо морины явдлаар хол ойр явж байсан. Харин монголын жороо морийг хөгжүүлэх гэж Монголын Үндэсний Жороо Морин Спортын  Холбоо цол хэргэм өгдөг боллоо. Мөн олон арга хэмжээнүүд зохион байгуулж байгаа.  Дээр нь танай сэтгүүл морины холбогдолтой төрөл бүрийн мэдээллүүдийг гаргаж байна. Энэ мэтээр монголд морин спорт хөгжиж байнаа. Морин спорт хөгжихөөс ч аргагүй улс шүү дээ. Монгол хүнийг морьгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Яагаад гэвэл Монголын төр чинь мориор бий болсон төр байхгүй юу. Тэр 800 жилийн тэртээх Чингис хаан Их монгол улсыг байгуулахдаа морь унаж байгуулж байсан. Түүнээс өмнөх үед ч бас мөн адил. Дараа нь ардын хувьсгалын үед ч дугтуйтай бичгээ ташуурандаа хийгээд, мөн морио унаж тэмцэж байж төрөө байгуулсан. Ийм түүхтэй холбоотой улс учраас морьгүйгээр төсөөлөхийн аргагүй ийм сайхан ард түмэн юм даа.   
-Таны энгэр дээр спортын мастер гэсэн тэмдэг байх юм. Цол хэргэм шагналаасаа сонирхуулна уу?
-Булганы Могод суманд болсон анхны “Уран уургач, бугуйлч”-ийн тэмцээнд оролцоод, түүнээс хойш олон тэмцээнд оролцож, мөн олон шавь нар төрүүлсэн. Энэ бүгдийг маань үнэлээд Монголын Морин Спортын Мастер гэсэн шагналыг надад өгсөн. Аймаг сумандаа олон айраг түрүү хүртэж байсан. Үнийг маань үнэлж Аймгийн Алдарт Уяач гэсэн цол хэргэмийг өгсөн. Дээр нь засаг даргын ажлыг найман жил хийж байлаа. Тэгээд нутаг орныг манлайлж явдаг гэсэн үүднээс Монгол Улсын Манлайлагч гэсэн тэмдгийг авсан. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Чингис хааны алтан одон гээд шагнал бол их бий дээ.
-Та нутгийнхаа домог болсон хурдан хүлгүүдийнхээ талаар хуучилна уу?
-Гэсэр гэлэнгийн хурдан хул морь гэдэг морь Цогтцэций дээрээс үдэш мордоод өглөө засгийн газар дээрээ ирсэн байсан гэдэг. Ер нь говийн адуунууд бие жижиг болохоор тэсвэр хатуужилтай, амьдрах чавдар сайтай байдаг. Манай суманд гэхэд л Дамбарэгзэнгийн хурдан хар гэдэг морь чинь аймаг өнжиж наадам хийдэг байх үед шүдлэн, соёолондоо түрүүлж байхад нь хөл доогуур нь зэрэглээ татдаг байсан гэдэг. Тухайн үед аймгийн дарга  морь дагадаг байсан юм уу даа. Тэр үед Дамбарэгзэнгийн хурдан хар морийг ямар ч техник гүйцэж байгаагүй юм гэсэн. Өмнөговь аймаг хурдан мориноос гадна тэмээгээр дэлхийн дээвэрт гарсан. 1000 тэмээ уралдуулсан амжилттай. Гурван хот 18 аймаг Монгол улсаа аваад дэлхийд таниулсан ийм аймаг.
-Та ямар мэргэжилтэй хүн бэ?   
-Миний үед сургууль боловсрол гэдэг чинь бага  байлаа. Цэргийн албаар яваад бүрэн дунд гэсэн боловсролтой. Тэгэхдээ яахав найман жил засаг дарга хийхдээ тэр үеийнхээ хэмжээнд боломжийн хийдэг удирдлага байсан юм болов уу даа. Ерөнхийлөгч Н.Багабанди болон монгол улсын засгийн газрын бие бүрэлдэхүүн намайг засаг дарга  байх үед манай сумаар явж таараад, монгол улсын 1375 баг дотор ийм сум, баг байхгүй гэж магтаад 14 хоногийн дотор хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон өгч байсан юм. Тэр үед би “21-р зууныхан  харанхуй руу эргэн алхахгүй” гэсэн  Норвегийн хүүхдийн сангийн төслийг монголд орж ирж байхад нь хэрэгжүүлсэн. Тэр үед сургуулийн хүүхдүүд их засвардсан байлаа. Тэднийг бүгдийг нь боловсролтой болгож байсан л даа.
-Өмнөговийнхон Говь шанхын хурд гэж их ярьдаг.
-Манай Өмнөговийн Говь шанхын хурд гэж монголын хэдэн чансаатай хурдыг нэг. Тэсийн голын унага, Боржигон голын адуу, Хэнтийн гал шар, Сүхбаатарын Дарьганга, Том том угшил адуун дотор чинь Говь шанхын хурд гэж том угшлыг гаргаж ирсэн. Үүнд Ажнайн Д.Бат-Эрдэнэ гэж буянтай аавын хүү анх энэ наадмыг чинь Өмнөговьд санаачилан зохиосон. Тэгэхэд Өмнөговь ганц айрагтай үлдэж байлаа. Наранмандахийн зээрд үрээ айрагдаж байсан.  Дараа нь Өмнөговь аймгийн төв дээр хийсэн юм. Өмнө нь бол Цогтцэций суман дээр хийсэн. Тэгэхэд нь би Бат-Эрдэнэтэй уулзаж санал оруулсан юм. Аймгийнхаа төв дээр хийж байя аа, хүүхэд хөгшчүүд тэр болгон энэ хөл газар үзэж чадахгүйнэ гэж Цагаандалай, аймгийн хурдын дарга Батчулуун бид хэд санал оруулаад  аймгийн төв дээр хийдэг болсон. Өмнөговьчууд Говь шанхаараа гайхагдаж байна. Тэгээд том бүсийн уралдаан, угшил болчихлоо. Улсын баяр наадамд морьд нь ордог боллоо.
-Та аймгийн алдарт уяач хүн. Олон сайхан наадам үзсэн байх.  Санаанаас гардаггүй наадмынхаа тухайд ярина уу?   
-Залуу байлаа ч, сагсуу ч байлаа. Тэр үед чинь би өөрөө моринд их сайн. Айж эмээх зүйл байхгүй, аль болох эмнэг хангал дээр л мордоод явж байсан үе. Залуу уяач байхдаа Хүрмэн наадмын ой дээр очоод азарга, даага хоёроо түрүүлгэчихээд тэр үед ёонксонд хураасан айрагнаас түмпэн шиг хуланд хийсэн айргаар шахуулж байсан үе санаанаас ер гардаггүй юм. Дээр үед бас жалга довоороо уралддаг байсан. Тэгээд бие биендээ их аархдаг байлаа. Миний хурдан хул, хурдан халиун гэж мундаг хурдан хүлгүүд байсан. Тэр үед чинь машин тэрэг, утас шөрмөс гэж байхгүй, морьтойгоо холбоо барих зүйл байдаггүй. Тэгээд тэр уралдаанд гуравхан морь тасархай гарч ирж байна. Нэг морь нь их хол тасархай ирж байлаа. Нөгөө хоёр морь нь их ойрхон байна гээд л... Би ч миний хоёр морьтой дүйх морь юу байдаг юм гээд тугны хажууд хадгаа барьчихсан пээдгэр амьтан, доогуур шуудгаа өмсчихсөн, дээгүүрээ дээлтэйгээ зогсож байдаг байлаа. Морьд барианд ороход харин хул морь маань түрүүлж, халиун морь гуравт орж байлаа. Тэгэхэд  хэд хэдэн хүмүүс намайг ташуурдана гээд. Яасан сагсуу нөхөр вэ гэж байсан. /Инээв/ Тэр үе ч залуу насны ааг, омог, аз хийморь юм даа. Одоо бол ах нас 65 хүрч байна.
-Та адууч гэж овгоор овоглогддог гэсэн. Энэ тал дээр дэлгэрэнгүй ярина уу?
-Манайх ч удмаараа адуучин малч удамтай айл байсан. Миний ээжийн ах баян Наваан, баян Чойжинням, баян Аюуш, баян Бадам гэж байсан. Бадам гэж миний ээж. Дээр үеийн баян гэдэг чинь ажил хөдөлмөр хийж, буянт мал сүргээ өсгөж байгаа хүнийг хэлдэг байсан. Түүнээс гэр орноо сайжруулаад машин тэрэг авч байгаагүй. Энэ сайхан малаараа гайхагдаж байсан хүмүүс. Манай Наваан гэж хамгийн том ах өрхийн тэргүүн нь байхдаа тэмээгээ 900 хүргэж байсан. Адуугаа 1000 хүргэж байсан. Ээжийн ах Чойжинням, Наваан гээч хүмүүс дэлхийн хоёрдугаар дайнаар 103 агт морь бэлэглэж байсан гэсэн. Гурван морийг нь Сталин, Жуков, Чойбалсан гуравт өгсөн гэдэг.  Дэлхийн түүхэнд 100 морь бэлэглэж байсан хүн түүхэнд байдаггүй юм гэнэ лээ. Аавын талд болохоорооШавруу ловон гэж номтой хүн байсан.  Ийм сайхан удамтай хүмүүс. Энэ удмаараа бид Адууч овгийнхон гэж овоглогддог.  Манайд чинь ах дүү дөрвөн мастер байдаг. Миний том ах МУ-н сайн малчин, МУ-н Морин спортын мастер, Аймгийн алдарт уяач Том Сэд гээч хүн, МУ-н Морин спортын мастер, Аймгийн алдарт уяач  бага Сэд гээд энэ хоёр хүн хоёулаа миний ах нар. Би өөрөө морин спортын мастер, Аймгийн алдарт уяач хүн. Хүү Ууганбаяр маань морин спортын мастер. Ингэхээр адуунд сайн байх нь аргагүй юм л даа. Би хүүхдүүддээ хэлдэг юм. Энэ адууч овгийг хамгаалж явна шүү гэж.  Нэг их гоё машин уначихаад би адууч гээд давхиад байвал сонин ш дээ.                         Би одооноос бодож байгаа юм. Энэ их малгай, тэмдэг энэ тэрийг хүүхдүүд нь зүүхгүй ш дээ. Тийм учраас музейд гаргаад тавьчихвал дээр юм болов уу гэж боддог. Улсад үгүй юмаа гэхэд Өмнөговь аймагт түүх болох байлгүй гэж боддог юм. Би өөрөө одоогоор МҮЖМСХ-ны Өмнөговь аймаг дахь салбарын тэргүүн, Өмнөговь аймгийн малчдын холбооны тэргүүлэгч, Баяндалай сумын малчдын холбооны тэргүүн гэсэн цол гуншинтай байгаа. Хэдийгээр нас өндөр болсон ч ийм зүйлүүдтэй холбоотой л байна.   
-Хурдан морийг уяхдаа юуг голлож анхаарч уядаг вэ? Уяачийн эрдмээсээ хуваалцана уу?
-Ерөөсөө хурдан моринд  гол нь сайхан унаа эдэлгээ чухал. Тарга хүчийг нь гүйцэд сайхан авахуулаад,  чөмөггүй бол өнжөөгөөд, чөмөгтэй бол намар сайхан хүчийг нь тогтоогоод, маш зөөлхөн унах хэрэгтэй. Хурдан морийг хонинд унах гэж үг байдаг. Мал чинь хөөрхий хүний эрхшээлд байдаг амьтан ш дээ. Маш зөөлхөн харьцахаар өөрөө хүнтэйгээ дасаад ирдэг. Тэгэхээрээ хүүхдийг хүртэл өшиглөхөө байдаг юм.  Гол уяагаа үүн дээр л эрхэмлэдэг. Монголын дэндүү сайхан уяачид олон байна. Тод манлай Даваахүү гуай Онон гуай гээд л эгэлгүй хүмүүс байна даа.

-Хурдан морины салбарт таны зүгээс хэлэх шүүмжлэлтэй юу байна вэ?
-Хурдан моринд нэг шүүмжлэлтэй зүйл гараад байгаа юм л даа. Хэт мөнгөөр ойлгоод байна. Монгол улсын хэмжээнд 50 гаруй мянган уяач байлаа гэхэд үүнээс үсрээд  2000 уяач мөнгөтэй байгаа юм уу, үгүй юм уу? Бусад нь үнэхээр жирийн ард түмэн бор зүрхээрээ зүтгэж байна. Үүнийг зөрүүг гаргаж өгөхгүй бол үнэхээр хэцүү тал руугаа явах гээд байна. Хэт их бизнес болгосоор байгаад агаар мандалд хийсгэчихэв. Мөнгөтэй улсууд юмыг дундаас нь бужигнуулж, үндэсний өв соёлыг алдагдуулчих гээд байна. Ийм зүйл дээр анхаарах хэрэгтэй. Бас дээр хүүхдийн асуудал гарч ирээд байна. Зарим уяач нар хүүхэдтэй зүй бусаар хаьцаж байна. Хүүхдийг хөгжүүлж өөдлүүлэх биш, дарангуйлсан байдлаар харьцдаг. Жишээлбэл хир тоосноос нь салгахгүй, өвчин зовлон дээр нь анхаарахгүй байна. Уяач, эзэн нь гоёдог бол тэр хүүхэд нь дагаад гоёдог л байх ёстой. Олон зуун жилийн турш хүүхдээ шандастай эр болгож, хүлгийн дөрөөнд хүргэдэг байсан болохоос биш, дарангуйлж байгаагүй ш дээ Монголчууд маань. Миний морийг унаж байсан ямар хүүхэд ч муу амьдраагүй. Хүүхэд өлсдөг бол өөрөө дагаад өлсдөг л байх ёстой. Хүүхдийн уруул хагарчихсан, ам нь өмгөрчихсөн байвал өөрөө бас л тийм байх хэрэгтэй. Энэ бол хурдан морьтой холбоотой хүн бүрийн барьж явах л бодлого байгаа юм даа.
-Ярилцлагынхаа төгсгөлд асуултыг таньд үлдээе.
-Монголын минь ард түмэн үндэснийхээ өв соёлоо их бодолцож, үе дамжсан энэ ёс заншлыг яг монголоор нь авч явж, ариун цагаан сүүгээ тэнгэр бурхандаа өргөж, ингэж явах л сайхан юм. Та бүхний бүтээж байгаа ажил, бидний бүхний хичээл зүтгэл энэ бүхнийг төрийн сүлд, 21 дарь эх, хан хурмаст, хангай дэлхий маань тоонон дээрээс минь тонгойж хайрла, тогтгон дээрээс минь өнгийж хайрла, мал мэт манаж, сүүдэр мэт дагаж явах болтугай гэж ерөөж байна.
                                                                                                                                                                                   Сэтгүүлч Б.Нанзаддорж                                "Ухаантай Морь" сэтгүүлийн №69

 

Сэтгэгдэл