2017 оны 05 сарын 27


Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат залуу уяач Н. Батболдтой хийсэн ярилцлагаа хүргэж байна. Түүний уясан хээр морь Санжаадамба аваргын наадамд түрүүлж, Хүрээ цам даншиг наадамд аман хүзүүдсэн юм.
-Хүрээ цам даншиг наадамд хээр морио сайхан хурдлуулж аман хүзүү хүртлээ. Хээр морины өмнөх амжилтаас нь сонирхуулна уу?
-Энэ хээр морины маань эзэн нь Ж.Гончигсүрэн гэж хүн бий. Хүрээ цам  даншиг наадамд уралдаж аман хүзүүнд хурдаллаа. Хээр морь маань өмнө нь Говь-Алтайнхаа  Дарви сумын наадамд уралдаад наймд орсон. Сая Говь-Алтайд баруун бүсийн даншигт  уралдуулалгүй, Хүрээ цам даншиг наадамд ирж сайхан уралдлаа.
-Хүрээ цам даншиг наадамд уралдахдаа түрүүлсэн морьтойгоо их ойрхон хөлийн эрч сайтай орж ирсэн. Ахиад жаахан зай байсан бол түрүүлж магадгүй харагдсан?
-Тийм шүү. Би бол хээр морийг энэ даншиг наадамд түрүүлсэнгүй  гэхгүй байгаа. Том юмны эхлэл гэдэг чинь сайхан ш дээ. Сайхан л аман хүзүүдлээ. Анхны том наадам нь юм даа. Хурдан морины амжилт ганцхан уяачаас шалтгаалахгүй, унаач хүүхэд, морины эзэн гээд бүгдээс л хамаарна. Хамтын хөдөлмөрөөс шалтгаална. Мөн уяач, эзэн хоёрын аз, од байдаг.
-Хээр морины эзэн Ж.Гончигсүрэн ахтай хэзээнээс хамтарч ажиллаж байна даа ?
-Өнгөрсөн хавар манай найз улсын начин Ш.Шинэбаяр надад санал болгосон юм. Манай нэг ах хурдан морь их сонирхож байгаа. Морийг нь хамт авалцаад, уяад, хамтарч ажиллаад өгөөч гэсэн. Тэгээд Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул Ж.Гончигсүрэн ахтай уулзаж хамтарч ажиллахаар болсон. Бид хоёрт сайхан адуунууд таарсан даа. Ерөнхийдөө  монгол адуунууд авсан л даа. Би өмнө нь Макс группийн захирал, МУТМУяач Д.Ганбаатар, МУТМУяач Д.Цэрэнжигмэд ах нарын адуун дээр ажиллаж, арваад жил уяа морины ажил хийж байсан. Тэгж байхдаа Америкт зургаан сар болж олон зүйлийг сурч мэдсэн.
-Одоо энэ Ж.Гончигсүрэн захирлын адуунууд хаанахын угшилтай адуунууд вэ?
-Ж.Гончигсүрэн ах маань Сүхбаатар аймгаас сайн азарга авсан. Азарга маань айрагдаж чадаагүй ч хурдан гэдгийг нь харсан. Зуны сунгаануудад их хурдан байсан. Хээр морь маань Төв аймгийн Баянцогтын унаган адуу, Мөн ахад Сүхбаатар аймгаас найзынх нь бэлэглэсэн соёолон байгаа. Халзан сумын  Амарзаяа гэдэг хүнээс авсан бас нэг шүдлэн үрээ бий. Тэр үрээ Говь-Алтайн  даншигт уралдаад 12-т, Санжаадамба аваргын наадмаар уралдаад долоод орсон.
-Аваргын наадмаар хэдэн морьтой очсон бэ ?
-Хоёр морьтой очоод их насанд түрүүлээд, шүдлэн маань долоод орсон. Улсын том цолтой уяачид их очсон. Чансаа өндөр сайхан уралдаан болсон л доо. Энэ жил Архангайд зуншлага сайхан байсан. Замын хувьд бол хангай нутаг болоод ч тэрүү овон товон ихтэй санагдсан. Хээр морь маань энэ жил гурван наадамд уралдаад түрүү, аман хүзүү аваад байна.  Морь маань ч залуу, би ч залуу байна. Цаашдаа олон амжилт гаргах байхаа.  Энэ жилээс бид нар адуугаа эрлийзжүүлэх санаатай ярилцаж байгаа. Тэгэхдээ учиргүй их эрлийзжүүлэхгүй, алсаас нь цус оруулья гэсэн бодолтой л байна. Тэгж л орчин үетэйгээ зохицохгүй бол дан монгол адуугаараа энд тэнд уралдана гэдэг хэцүү болоод байна. Хажууд нь монгол адуугаа тусад нь цэврээр нь байлгахыг  хичээж байгаа. Үүнийг нутгийн алдар цолтой уяач ах нар бас дэмжиж байна.
-Томоохон наадмуудад түрүү, аман хүзүү авлаа. Залуу уяачийн хувьд уяаныхаа онцлогоос хуваалцаач ?
-Уяач хүн морьдоо мэдрэх л хэрэгтэй. Тухайн мориндоо тааруулах нь чухал. Би яг тэгж уяна, ингэж уяна гэхээсээ илүү хүч нь ямар байна, хөлс нь ямар байна гэдгийг нь харж байгаад тохируулж л уядаг.
-Өнөөдөр танай адууны тамганы баяр дээр ирээд байна.  Хүйтэн тамганы талаар асуумаар санагдлаа. Уламжлалт халуун тамганаас давуу тал нь юу байна вэ?
-Тамгаа хасах 200 хэмд хөлдөөгөөд тамгалдаг. Энэ цагаан тамгыг бол хөдөөний малчдын нөхцөлд хэрэглэнэ гэхэд хэцүү л дээ. Азотын сав нь үнэтэй. Саваа авлаа гэхэд эхний ганц хоёр жилдээ манайхан туршлага багатай байна. Хүн бүлтэй, завтай хүмүүс л хэрэглэхгүй бол зүгээр нэг айл аваад хэрэглэнэ гэхэд хэцүү л дээ. Давуу тал нь гэвэл зун ч байсан намар ч байсан хэзээ л бол хэзээ тамгалж болдог. Арьсыг нь түлж, идээ татаж, хувилна гэсэн ойлголт байхгүй. Арьсыг нь ховхлоод авдаггүй юм бол энэ тамга мөнхөд л байна гэсэн үг. Энэ тамгыг 30-40 секундийн хугацаанд  дарахад ер нь болдог. Хэтэрхий удаан дарвал хөл нь нэг хэсэгтээ л мэдээгүй болох тал ажиглагдаад байдаг.
-Та нарын хувьд энэ тамгыг хэзээнээс эхэлж хэрэглэж байна?
-Би өмнө нь ах дүү хоёр Тод манлай ах нарын адуун дээр байхдаа арваад жил л энэ хүйтэн тамгаар тамгаллаа. Энэ жил Ц.Гончигсүрэн ах, МУАУяач А.Ариунсайхан ах бид хэд адуугаа тамгалж байна.
-Энэ тамганы нэрийг хүмүүс янз янзаар хэлж байна л даа. Азотын тамга, хүйтэн тамга, цагаан тамга гэх мэт. Яг алинаар нь нэрлэвэл илүү тохиромжтой бол?
-Хүмүүс харин янз янзаар яриад байдаг юм байна лээ. Хүйтэн энэ тэр гэхээр жаахан тийм сонсогдож байгаа юм. Бэлгэдлээ бодсон ч цагаан тамга гэж нэрлэвэл илүү тохиромжтой юм шиг санагддаг. Манайхан  засмал замыг хар зам гэж ярих дургүйтэй адилхан юм л даа. Мөн хүн болгон л дуртай дүрсээрээ тамгаа хийлгэж байна.  Миний хувьд бол өв дамжсан бэлгэдлийн чанартай тамганууд их сайхан санагддаг.

                                                                                                                                                                                      Сэтгүүлч Б.Нанзаддорж            "Ухаантай Морь" сэтгүүлийн №66  2016.08 сар

Сэтгэгдэл