2017 оны 06 сарын 08

Занискари буюу Занскари хэмээн нэрлэгдэх энэхүү үүлдэр нь Энэтхэгийн уулархаг нутгаас гаралтай, жижиг давжаадуу биетэй, тэнхээтэй сайхан адуу юм.
Энэтхэгийн хойд хэсэг Кашмир болон Жаму мужийн Ладак хэмээх газраас  гарал үүсэл адуу ажээ.
Каргил дүүргийн орчим Занскари хэмээх нэгэн сайхан хөндий байдаг агаад энэ нэрээр адуугаа нэрлэсэн гэдэг. Мөн Химачал Прадеш нутгийн үүлдэр Спити адуу уулархаг нутгийн уур амьсгал, агаарын даралтын ямар ч хэмжээг дааж, сайн дасан зохицож чаддаг аж. Дашрамд өгүүлэхэд Спити үүлдрийн адуу нь Энэтхэгийн  залгаа хөрш Түвдийн адуунуудтай олон талаараа ижил төстөй, нийтлэг зүйл олон байдгийг эрдэмтэд тодорхойлсон байна.
Хамгийн харамсалтай нь занискари үүлдрийн тоо толгой цөөрч устан алга болох аюул дөхөж байгаа дохио өгөн хонх хэдийнээ хангинаж эхлэсэн тул Энэтхэгийн засгийн газраас эхний арга хэмжээг авч эхлэжээ. Эхний ээлжинд адуугаа дархлан хамгаалах, үр шимтэй бэлчээр талбай өгөх, мал эмчилгээний талаархи хөтөлбөрөө гаргаж нэн тэргүүний ажлуудаа аль хэдийнээ хийж эхэлсэн байна.

Занискари үүлдрийн талаар
Ладакийн агаарын даралт цаг уурын хэмэнд зохицож чадсан  эдгээр сайхан адуу нь чийрэг, шандас шөрмөс сайтай, бие жижиг ялангуяа өндөрлөг газар ач тээвэр болон бусад ажлуудыг хийхэд бусад адуунаас илүү давуутай чанаруудтай байдаг юм.
Биеийн хэлбэр галбир
Магнай өргөн, нуруу хондлой уужуу тавиу, хүч ихтэй. Бие жижиг, сэрвээний өндөр ерөнхийдөө 120 - 140 сантиметрийн хооронд байх жишээтэй.
Зүс
Буурал, хүрэн, хээр, хүрэн, хар гэх мэт адууны уламжлалт үндсэн өнгө зүс голлодог байна.
Зан араншин
Сэргэлэн цовоо, сонор соргог хирнээ номхон дөлгөөн зантай.  

Занискари адуун талаар
Энэтхэгийн энэхүү сайхан адуу 1977 оны тооллогоор 15,000–20,000 хүрч байсан байх юм. Түүгээр л үл барам 2007 онд НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуй Байгууллагын алабан ёсны бичигт "эрсдэлгүй байгаа үүлдрийн" жагсаалтанд багтааж байсан байна.
Хэдий тийм гэсэн уг үүдрээ хамгаалан үлдэх тал нэг их анхаарал тавихгүй орхисноос болж устан үгүй болох аюулд оржээ. Учир нь хүмүүс хувийн сонирхол өөрийн дур зоргоороо эмх замбааргүй цус хольж байсан аж. Улсын зөв бодлого бариагүйн улмаас Занискари үүлдэр өөрийнхөө өвөрмөц онцлог сайхан чанар бусад олон зүйлээ алдаж танигдахгүй болсон аж. Судлагаанаас үзэхэд жинхэнэ цэвэр цусны Занискари адуу хэдхэн зуу үлдсэн байна.
Өнөөдрийн байдлаар Занискари адууг олох газар нь уугуул нутаг бөгөөд Ладак мужийн алдартай хөндийгөөс эхлэн Занискари Гори хүртэлх бүх газруудад цөөнхөн тоо толгой байгаа ажээ.
Кашмир Жаму мужийн Мал Аж Ахуйн Яам холбогдох салбар хэлтэсийнхэн Падум фермийнхэнтэй хамтран тоо толгойг өсгөх үржүүлэг хээлтүүлэгийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй зөв бодлогоор хийж, цэвэр Занискари угсааг авч үлдэх, хадгалж чадах ажлуудыг хийж байна.
2007 онд нийтлэгдсэн судалгааг хянан үзэхэд Энэтхэгт ерөнхийдөө таван гол төрлийн адуу байдаг байна.
Үүнд:
•    Манипири
•    Магвари
•    Спити
•    Бхутита гэх үүлдрүүд байдаг байна.
Занискари үүлдрийн удамшил генетикийг нь судлаж үзвээс уг адууны ДНХ нь Марвари адуунаас угшилтай байна. Марвари адуу нь өөрөө Энэтхэгийн уугуул пони араб адуутай цус холилдож гарсан түүхтэй юм. Занискари үүлдэр нөгөө хэдэн адуунаас илүү марвари адуутай генетик талаасаа ойр байгаа төдийгүй биеийн төрх, хэлбэр галбир төдийгүй зан араншин, орчин тойронтойгоо дасан зохицох чанар чадвар ижил байгааг батлаж байгаа юм. Эдгээр ижил шинж чанарууд байгаа төдийгүй тэс өөр зүйлүүд бас бий ойлгомжтой билээ. Марвари адуу мэдээж Араб адуутай маш адил төстөй байхад нөгөө Манипири, Магвари, Спити, Бхутита үүлдрүүд Түвдийн понитой ойр дөхөм болж очдог юмсанж. Энэтхэгийн адууны эдгээр үүлдрүүдийн аль нэг нь ч троубридтэй ямар нэгэн холбоогүй болохыг генетикийн холбооны судалгаар батласан байна.   

                                                                                                                                                                                                                          Бэлтгэсэн Д.Аззаяа "Ухаантай Морь" сэтгүүл № 68

Сэтгэгдэл