2017 оны 06 сарын 08

Тэр бол дахин давтагдахааргүй бас нэг өвөрмөц ертөнц
Хаалга онгойнгуут нүүр дүүрэн инээмсэглэсэн тамирчин байрын залуу биднийг угтан авлаа. Хананд эгнүүлэн өлгөсөн зурагнуудын хурц тод өнгөнүүд нүд булаан, өөрийн эрхгүй байн байн хараа чулуудан суув. Түүний зурагнуудад бараг бүгдэд нь л шувууг ямар нэг хэлбэрээр дүрсэлсэн байх нь түүний онцлог гэлтэй. Автсракт зурган дээр бодит дүрслэл оруулж өгсөн нь их содон бас илүү шинэлэг санагдлаа.

-Таны зурагнуудыг хараад бас л нэг өвөрмөц ертөнцийг мэдэрлээ. Австракт зураг шиг мөртлөө бодит дүрслэлтэй юм. Ямар арга барилаар зурдаг вэ?
-Ихэвчлэн холимог техникээр зурсан зурагнууд байгаа. Хооронд нь урвалд оруулж өнгө будгаа гаргаж  зурдаг. Акрилл болон тосон будгийг шингэлж хольж зурдаг. Тосон будгаа бас шингэлдэг. Ерөнхийдөө миний зурагнууд австракт тал руугаа бүтээлүүд юм л даа. Урлаг шүүмжлэгчид нэг талаасаа жаахан шүүмжлэлтэй ханддаг юм. Австракт зурган дээр бодит зураг авцалдахгүй байна гэхчилэн онолын юм ярих гээд байдаг. Миний хувьд аль болох өөрийнхөөрөө зурж, ямар нэг изм-д заавал баригдах албагүй гэж боддог.
-Хэдэн онд ямар сургууль төгссөн бэ ?
-2010 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг Нарангэрэл багшийн удирдлаган доор төгсөж байсан. 2012-2014 онд Солонгост Dong-a university-д дорно дахины уран зургийн мастераар суралцсан. Өөрийгөө задлая, хөгжүүлье гэсэн зорилгоор Солонгост суралцсан даа.
-Солонгост суралцаж байхдаа зураачдынх нь бүтээлтэй их танилцаж байсан байх л даа. Монгол болон Солонгос зураачдын бүтээлийн хоорондын ялгаа нь юунд байна вэ?
-Солонгосчуудын чиг хандлага, онцлог бол орчин үе тал руугаа илүү хөгжсөн. Контенперари арт, видео арт тал руугаа их хөгжсөн. Сэтгэлгээ нь задгай чөлөөтэй, өнгө нь маш гоё тунгалаг, зөөлөн өнгө аястай зурагнууд зурдаг.
-Орчин үеийн зургийн чиг хандлага ямар байна вэ?
-Шүүмжлэлт реализм, фото реализм тал руугаа илүү их хөгжиж байгаа харагдаж байна. 21-р зуунд урлаг маш өндөр хөгжөөд байна. Үүнээс цааш  яаж үргэлжлэх вэ гэхээр уран бүтээлчид өөрийн арга барил техникээрээ ялгарна уу гэхээс биш, шинэ изм гаргаж ирнэ гэдэг бас хэцүү. Солонгост нэг үзэсгэлэн үзээд явж байхад цав цагаан хоостыг  хиртүүлээд тавьчихсан байгаа байхгүй юу. Түүнийг хараад би их гайхаж байсан. Би өөрөө бол дүрслэх урлагаар таван настайгаасаа  эхлээд л амьсгалж эхэлсэн. Зураг гэдэг бол миний амьдрал, дотоод ертөнцийг илэрхийлж байгаа зүйл. Гэтэл гэнэт тийм зүйл харахад тухайн үедээ би яг үнэнийг хэлэхэд хямарсан. Магадгүй би тэр хүн шиг задгай сэтгэж чадахгүй болохоор ингэж хүлээж аваад байж ч мэдэх юм.
-Сүүлийн үед фото реалимз их хөгжиж байна. Энэ чиглэлээр захиалга авч зураг зурж байна уу?
-хүмүүс ихэвчлэн реалист зургаар захиалгаа өгдөг. Тодорхой хэмжээний хүмүүс миний бүтээлийг илүү онцолсон.... Реалимзаар  салшгүй холбоотой байсан. Түүнд нь үндэслээд, бага зэргийн задлаад  хөгжүүлээд явж байна. Би хичнээн австракт тал руугаа зурж байгаа ч давхар реализмаараа зураад л явна. Хүмүүсээс ихэвчлэн реалист зургаар захиалга ирдэг.
-Энэ зургийг харахад гал шиг ч юм шиг, усны тусгалд ойж харагдаж байгаа ой мод шиг ч юм харагдаж байна. Жишээлбэл энэ бүтээлийг яаж тайлбарлах вэ?
-Хүн болгоны харах, хүлээж авах өнцөг өөр өөр байдаг. Зургийн тухайд намрын байгалийг илэрхийлж байгаа бүтээл. Голын усны тусгалд туссан байдлаар гаргасан. Зарим хүмүүс гайхаад энэ зургаа буруу харуулчихсан юм гээд байдаг юм.
-Өнгөний хувьд ямар өнгийг илүү түлхүү сонгодог вэ?
-Хурц тод өнгийг илүүд үздэг. Цагаан өнгөнд их дуртай. Юу зурж байгаагаасаа хамаараад өнгөө сонгодог. Яг ямар нэг өнгөөр дагнаад байгаа зүйл байхгүй.
-Таныг Солонгост үзэсгэлэн гаргаж байсан гэж сонссон.Энэ талаараа ярихгүй юу?
-2013 онд болсон INTERNATIONAL ART FAIR гээд Хятад, Солонгост, Япон гурван улсын хамтарсан, жил болгон болдог үзэсгэлэнд би Солонгос улсын нэрээр оролцсон. Хараахан Монгол хүн ороогүй байсан л даа. Тэр 400 гаруй уран бүтээлчид оролцсон үзэсгэлэнгээс их зүйлийг суралцсан. Үүний дараагаар 2014 оны 01 сарын 16-нд “Таван өнгө” гэдэг нэртэй хамтарсан үзэсгэлэнд оролцож байсан. Дандаа солонгос зураач нартай, Солонгос улсад гаргасан анхны үзэсгэлэн.
-Жирийн хүмүүс уран зургийг өөр өөрийнхөө хараад ойлгодог гэдэг. Таны хувьд ямар зургийг хамгийн гайхамшигтай зураг гэх вэ?
-Би ер нь зургийг их ажигладаг юм. Тухайн зураг ямар зураг байна гэдгээс нь харна л даа. Ямар нэг сэтгэлгээний зураг байлаа гэхэд сэтгэлгээг нь харахаас гадна зохиомж, техник ажиллагаа гээд бүх л зүйлийг нь харна. Тэдгээр зүйлүүдийг бүрдүүлж байгаа зураг бол сайн бүтээл болох байх даа.
-Та зургаа байнга л зураад байх уу? Эсвэл онгод орсон үедээ л зурах уу?  
-Том зураачдын хажууд онгод гэж ярих нь жаахан санаа зовмоор л юм. Би онгод гэдгийг ойлгохдоо үе үе өөрийн эрхгүй зураад л, хийгээд л ирдэг тэр үеийг л онгод орсон үе гэх байх даа гэж боддог. Заримдаа бүр хийх гэж хүчлээд ч гараас юм гардаггүй үе бас байна. Өөрийн эрхгүй л зураг руугаа ороод хэдэн цаг өнгөрснийг мэдэхгүй суугаад зураг зурах агшныг онгод гэж ойлгодог. Тийм болохоор ийм үедээ л илүү их бүтээл гаргадаг гэж боддог.
-Уран зургийн үнэ цэнэ нь юундаа байдаг юм бол?
-Тэр зураачийн сэтгэхүйд л байна. Жишээлбэл Сальвадор Далигийн тэр өвөрмөц сонин бүтээлүүд нь гэхэд  ихэд сонирхолтой, хэрийн хүнээс гарахааргүй тийм зүйл зурчихсан байдаг. Аливаа уран бүтээлчид хичнээн авьяастай байлаа гээд тэр болгон дотоод ертөнцөө ил гаргаж чаддаггүй. Тэрний нэг нь би өөрөө тууж яваа байхгүй юу. Би ч ялгаагүй зарим үед  чадахгүй байгаагаа нэлээд дөхүүлээд орхидог. Яг төгсрөөд ирсэн тохиолдолд бол тэс ондоо болно л доо. Би хичнээн таван настайгаасаа эхэлж зурсан боловч мэргэжлийн зураачийн талбар дээр гараад тав, зургаахан жил болж байгаа юм. Хүн гэдэг чинь алхам бүртээ л суралцаж байдаг.
-Солонгост сураад ирсний дараа таны дотоод ертөнцөд хэр өөрчлөлт орсон бэ?
-Оролгүй яахав. Би анх дүрслэх урлагийн дээд сургуулийг төгсөж байхдаа байгаль тал руугаа их зурдаг байсан. Солонгост сураад, олон мундаг проффессоруудын удирдлаган доор төгсөж байхад их юм сурсан даа. Ялангауяа техник талдаа илүү их өөрчлөлт орсон. Ер нь зураг заавал ийм баригдмал юм байдаггүй юм аа. Зурган дээр эрх чөлөөгөө эдэл гэдэг үгийг уриагаа болгочихсон.
-Багш нараас чинь өөрт тань өгсөн хамгийн том үнэлгээ юу байдаг вэ?
-Сурч байгаа үедээ айхтар тийм үнэлгээ аваад байсан юм байхгүй. Болж байна, цаашаа тэгээд явуулаад бай гэдэг ч юм уу. Ер бол дүрслэх урлаг, зураачдын багш нар бол чанга ш дээ. Тэгээд л тэндээсээ ялгарч үлдэх  хэрэгтэй. Багш нар маань сургуулиа төгсөөд цаашид хэн болоод, юу хийгээд явах нь чамаас шалтгаална. Чи хичээх л хэрэгтэй гэдэг л дээ.
-Өөрөө таван настайгаасаа эхэлж зурсан гэсэн. Хамгийн анхны зурсан зураг чинь ямар зураг байсан бэ?
-Цагаан сар болох гээд ээж аавд дээл оёод л... Би өдрийн цайгаа уучихаад дээр үеийн ил захидал бичдэг байсан юм уу гэмээр цаасан дээр ширээн дээр байгаа ааруул  ээзгий юу байна тэр бүхнийг нь зурчихаж байсан. Тухайн үед ээж минь харчихаад “Миний хүү ч хоолтой хүү байна даа” гээд үнсэж байлаа. Тэр үг л өнөөдрийн зураач болох эхлэлийг тавьсан юм болов уу гэж боддог юм.
-Танай удамд зураач хүн байдаг уу?
-Манай удамд зураач байхгүй ч дархчууд байдаг. Аав маань олон талын авьяастай. Дархчуудийн гурван үеийн удамтай хүн л дээ.
-Австракт зургийг хүн болгон хараад ойлгодоггүй ш дээ. Таны хувьд авсракт зурган дээр бодит дүрс оруулчихсан нь шинэлэг байна л даа. Ингэж зурдаг хүмүүс хэр болон байна ?
-Ер нь байхын хувьд бол байдаг юм байна лээ. Би судалж үзсэн. Мастерт сурч байх хугацаанд арга техникийг нь заана уу гэхээс биш, яг ингээд зур энэ тэр гэж заахгүй. Би өөрөө л ингэж зурмаар санагдаад  зурсан. Бодит зургийг австракт зурагт  оруулаад зурсан хүмүүс ганц нэгээр тогтохгүй байдаг юм байна лээ. Бүр төгсөрчихсөн хүн ч байдаг. Тэгэхдээ миний текниктэй бол ондоо, ерөнхийд нь харахад төстэй.
-Та олон цагаар галзуу юм шиг ажиллаж үзсэн үү?
-Солонгост сурч байхдаа ихэнх цагаа ангидаа өнгөрөөдөг байсан. Багш нар болон Солонгос оюутнууд надад их сайн л даа. 2014 оны “Таван өнгө” үзэсгэлэнд нэг том зургаа зараад их урам авч байсан. Тэрний дараа манай найзууд чи бие даасан үзэсгэлэн гаргачихвал яадаг юм бэ гэхээр нь найман сард үзэсгэлэнгээ гаргахаар болоод аажуу тайван бүтээлээ гаргаад байж байтал хугацаа нь шахагдаад таван сарын 19-нд болчихдог юм байна. Тэгээд бүр өдөр шөнөгүй суугаад, сүүлдээ бараг зургаараа амьсгалсан. Тэр үе л миний сэтгэлээс гардаггүй юм.
-Та шувуу их зурах юм. Тэр тусмаа тогосыг их онцолж зурдаг юм байна. Энэ талаар ярина уу?
-Шувуунд яагаад ч юм би их дуртай байдаг. Шувуу чинь эрх чөлөөтэй ш дээ. Зургаараа би эрх чөлөөг амталдаг. Шувуу зурахаар их сайхан байдаг. Миний зурах арга техниктэй бас их ойролцоо дүрслэл юм болов уу гэж боддог.
-Таны хамгийн шилдэг бүтээл гэвэл ямар бүтээлээ нэрлэх вэ?
-Энэ бол миний шилдэг бүтээлийн нэг л дээ. Бүр нарийн сайн харах юм бол ажиллагаа, техникийн хувьд өвөрмөц, их даацтай болж өгсөн. Энэ бүтээл дээр худалдан авагч нар үнийн санал хэлж байсан. Яг өөрийн бодож байсан үнэд хүрэхгүй бол зургаа зардаггүй ш дээ.
-Монголынхоо зураачдаас хамгийн их хүндэлдэг, дээдэлдэг ямар зураач байна вэ?
-Анх надад уран зураг зааж өгч байсан хүн бол төрийн соёрхолт зураач Цэгмид гэж хүн байгаа, Цагаандарийн Энхжаргал, Нарангэрэл гээд энэ гурван багшаа их хүндэлдэг. Мөн тэднээс байнга, мөнхийн суралцдаг. Хичнээн миний хажууд үг хэлэхгүй байсан ч зургийг нь харж суралцаж явдаг. Хааяа зураг зураад байж байхдаа багш минь байсан бол ингэж хэлэх байсан байх даа гээд л.... Тэгэнгүйдээ хурдан өөрчилдөг. /Инээв/
-Гадаадын уран бүтээлчдээс танд хамгийн их таалагддаг зураач хэн бэ?
-Би Жексон Поллокийн бүтээлүүд их сонирхолтой санагддаг. Австракт урлагийг үүсгэхэд түүний оролцоо их байсан.
-Ойрын хугацаанд үзэсгэлэнгээ гаргая гэсэн бодол байна уу?
-Ойрын хугацаанд үзэсгэлэн товлогдоогүй. Ирэх онуудад бодсон санасан юм бол байгаа л даа. Одоо энэ хийж байгаа зүйлээ улам боловсронгуй болгоод, цаашаа хөгжүүлээд, хүн харахад нэгийг бодогдуулах зүйл хийчихвэл зүгээр юм болов уу гэж бодож байна.
-Зураг зурахаас гадна бас нэг хобби чинь спорт юм уу? Энд  штанг гантел зэрэг зүйлүүд байна. Энэ тухай ярина уу?
-Байнга зураг зураад байхаар бие хөшинө. Тэгэхээр эдгээр зүйлээрээ биенийхээ хөшилтийг гаргачихдаг. Энэ бол миний хобби л доо. Би бас давхар спортоор хичээллэдэг. Үүнийгээ хаяж чадахгүй байна. Хүмүүс намайг харахаараа тамирчин хүн шиг харагдаад байна гэдэг.  /инээв/
-Таны цаашдын зорилт юу байна?
-Ойрын хоёр гурван жилдээ багтааж бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргана. Цаашид өөрийгөө мэдээж улам их хөгжүүлнэ. Би энэ хорвоогийн хумхын тоос болсон ч Монголын дүрслэх урлагт томоохон орон  орон зайг үлдээхийг хүсдэг. Энэ бол миний хамгийн том мөрөөдөл.

                                                                                                                                                                 "Ухаантай Морь" сэтгүүл №68

 

 

Сэтгэгдэл