2017 оны 06 сарын 08

 
Энэ жилийн улсын их баяр наадамд түрүүлсэн шүдлэнгийн эзэн Ж.Уясахын тухай манай сэтгүүлийн өмнөх дугааруудад нийтлэгдэж байсныг манай уншигчид санаж байгаа байх. Ж.Уясах бүр багаасаа л аавыгаа дагаад морь уралдуулж явдаг байсан юм. Даруухан, ухаалаг, сурлага сайтай хүү, биднийг уяан дээр нь очих бүрт л хурдан морьдын зураг дарж, өөрийнхөө нэр дээр морь уралдуулдаг байсан. Энэ жил тэрээр сургуулиа онц дүнтэй төгссөн юм. Тэр бол манай залуу үеийнхний үлгэр дууриал болсон бахархмаар залуу. Цаашид ажилдаа ч, хурдан морины уралдаанд ч маш их амжилт гаргаарай гэж редакцийнхаа зүгээс хүсэе.

-Юуны өмнө Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд Бор халзан үрээгээ түрүүлгэсэнд баяр хүргэе. Манай сэтгүүлийн уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Жаргалсайханы Уясах гэдэг. 21 настай . Миний хувьд хөдөө төрж өсөөгүй ч багаасаа аавыгаа дагаж морьтой их ойр өссөн. Миний аавыг Архангай аймгийн Их тамир сумын уугуул, ААУяач Даваасамбуугийн Жаргалсайхан гэдэг. Аав маань 2001 оноос эхлээд ѳдгѳѳ 15 дах жилдээ хурдан морины салбарт хүчин зүтгэж байна. Өвөөг маань Сэрээжавын Даваасамбуу гэдэг. Анх ѳвѳѳ маань Хөдөө аж ахуйн дээд сургууль төгсөөд 1966 онд  Архангай аймаг Их Тамир суманд  Минжүүр баатрын орлогчоор  томилогдож очиж байсан юм билээ. Архангайн Ихтамир, Хайрханы нэгдлийн орлогч дарга, даргаар 1966-1976 он хүртэл ажилласан. Тухайн үедээ баяр наадмын бэлтгэл ажил, хурдан морины уралдаан зохион байгуулдаг байсан гэсэн. Аав маань хүүхэд байхдаа ѳвѳѳг дагаж морь дагасаар моринд дуртай болсон гэдэг юм. Аавын ах, хоёр дүү нь бас Аймгийн алдарт уяачид байдаг. Манайхан ер нь гурван үеэрээ хурдан морьтой холбогдсон хүмүүс байгаа.
-Бор халзан үрээнийхээ гарал угшлын талаар, мөн өмнө нь ямар амжилт гаргаж байсан талаар нь ярихгүй юу?
-Шүдлэн үрээ маань манай өөрийн адуу. Угшлын хувьд Хэнтийн Баянхутаг гаралтай. Урьд нь том уралдаанд олон оролцож байгаагүй битүү үрээ гэхэд болно.
-Уяа сойлгыг нь хэн гэдэг уяач тааруулдаг вэ? Аавынх нь оролцоо хэр байсан бэ?
-Уяачийн хувьд Архангай аймгийн Их Тамир сумын уугуул Энхбатын Дашчийрэв гэдэг 25 настай  залуу уяач байдаг. Монгол улсын Тод манлай уяач Э.Эрдэнэчулуун ахын маань гарынх нь шавь байгаа юм. Дашчийрэв уяач маань бие дааж морь уяад тав дах жилдээ улсын наадмын тав дах түрүүгээ авч байна.  Аав маань Дашчийрэв уяачтай зөвлөлдөж, бүх л нарийн ширийн ажил дээр гар бие оролцдог. Их хөдөлмөрийн үр дүн гарсан гэж ойлгож байна.
-Ажнай шарга галынхаа талаар танилцуулна уу?
-Тод манлай уяач Э.Эрдэнэчулуун гуай, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул, гавьяат хуульч, МУАУ Б.Цэрэнбалтав ах, УИХ-ын дарга М.Энхболд ах, Шарга азарганы эзэн УИХ-ын гишүүн Б.Наранхүү ах, мөн аавын маань дүү, Хээр адуу ХХК-ний захирал Д.Мөнхсайхан ах, манай аав, Дүү хээр азарганы эзэн Сүхбаатар ах гэх мэт хүмүүс байгаа. Бид хэд Ажнай шарга гэдэг галаар овоглогддог. Манай галын хувьд сүүлийн таван жилд улс бүсийн наадмаас айраг түрүү тасраагүй, сайхан амжилттай яваа гал уяа. Манай уяаны голлох уяачаар Э.Дашчийрэв уяач ажилладаг. Уяач маань өглөөний нар мандахаас үдшийн бүрий хүртэл амс хийх завгүй уяан дээрээ ѳнжиж морьдоо сойдог. Нийт улс бүсийн наадмаас найман түрүү, хориод айраг аваад байгаа мундаг залуу уяач даа.
-Энэ удаа Бор халзан үрээг ямар хүүхэд унаж уралдав?
-Унаач хүүхдүүд хамгийн хариуцлагатай чухал үүргийг гүйцэтгэдэг. Миний бор халзан үрээг Архангай аймгийн харьяат, 15 настай, хашир, туршлагатай, Ангармѳрѳний Адарсүрэн дүү маань унаж хурдлуулсан. Энэ хүүхэд маань есөн жил морь унаж, анх удаагаа улсын баяр наадмаас түрүү хүртэж байгаа юм. Уяач Э.Дашчийрэв ахынхаа захисан захиасыг сайн биелүүлсэн.
-Чиний хувьд бүр бага байхаасаа л аавыгаа дагаж, морьтой холбогдсон гэсэн. Өөр амжилт гаргаж байв уу?
-Хамгийн анх 2009 онд Улсын баяр наадмаар соёолон 27-д давхиулж гараагаа эхлүүлж байсан. Дараа жил нь Төвийн бүсийн хурдад хязаалан үрээгээ долоод, 2013 онд Тѳв аймгийн 90 жилийн ойн уралдаанд даага 12-т, 2014 онд Говийн бүсийн уралдаанд даага мѳн долоод орсон. 2015 онд Зүүн бүсийн наадмаас анхныхаа айргаа авч байлаа.
-Шавийн эрдэм багшаас гэгчээр аавыгаа дагаж явсаар хурдан моринд орсон залуучууд их олон байдаг. Аавынхаа хурдан хүлгүүдийн амжилтаас дурдахгүй юу?
-Миний аав арав гаруй жилийн турш Тод манлай уяач Э.Эрдэнэчулуун ах болон Э.Дашчийрэв уяач нартай хамтран хурдан морины үйлсэд гар бие оролцож ажиллаж байгаа. Энэ хугацаанд адуу малныхаа үржил селекц дээр онцгойлон анхаарч, хурдны ѳлгий нутаг болсон Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Төв аймгийн Жаргалант гэх мэт газруудаас хурдан удмын адуунуудаас цуглуулж, адуугаа сайжруулсан. 2007 онд анх удаа Ардын хувьсгалын 86 жилийн ойгоор Тод хээр үрээгээ айргын тавд хурдлуулж байлаа. Дараа жил нь Тод хээр маань соёолондоо аман хүзүүдсэн. Мөн Зүүн бүс, Сүхбаатар аймгийн Алтан овооны наадам ч мөн аман хүзүүдэж байлаа. Тод хээр морь Хэнтий аймгийн  Баянхутаг сумын  Алтанхуяг гуайн унаган адуу. Мөн аавын маань Буурал гэж их насны хурдан морь бий.  Энэ морь Хэнтий аймгийн Батноров сумын харьяат Цэдэнжав гэдэг хүний унаган адуу, дааган насандаа аав дээр ирсэн юм. Монгол морийг геннисийн номонд бүртгүүлэх  4249 морины  уралдаанд Их Тавын айргийн гуравт орж байсан, мѳн Молор-Эрдэнэ бүсийн уралдаанд айрагдаж байсан хурдан буян байгаа. Нутаг усны маань ивээл, өвөг дээдсийн буян заяагаар аавд маань олон сайхан алтан тууртууд заяасан.Тэдгээр морьдууд нь улс бүсийн наадмаас одоогийн байдлаар нийтдээ гурван түрүү, долоон айраг авсан байна. 2012 онд Э.Анар ахад аавын маань бэлэглэсэн үрээ мөн л их сайхан давхиж, Сүхбаатарын зүүн бүсэд даагандаа айргын дөрөвт хурдлаад, дараа жил нь 2013 онд улсын наадамд шүдлэндээ түрүүлээд, Тѳв аймгийн 90 жил тѳвийн бүсийн наадамд айргийн дѳрѳв, 2014 онд улсын наадамд бас дахин түрүүлж байсан. Аав маань ер нь хүмүүст хурдан адуугаа их бэлэглэдэг, сайхан нааддаг хүн байгаа юм. Энэ жилийн түрүүлдэг Бор халзан үрээг ч аав надад бас бэлгэнд өгсөн. Аавдаа их баярлаж байна. Миний аав зүрх сэтгэлээрээ адуутай холбогдож өөрийнхөөрөө хүч хөдөлмөрийг зарцуулдаг хүн. Аавдаа улсын том цол авах болтугай гэж ерөөе.
-Энэ жил Архангай нутгийнхан их сайхан наадлаа. Шүдлэн насанд түрүү авлаа. Соёолонд аман хүзүүдлээ. Хүчит 1024 бөхийн барилдааны түрүү үзүүрийг авч Аварга, Арслан цолтон шинээр төрлөө. Энэ жилийн наадмын талаар өөрийнхөө бодлоо хуваалцахгүй юу?
-Ер нь жил жилийн баяр наадам их сайхан болдог. Энэ жилийн наадмын хувьд нар хур тэгширсэн хүүхэд, морь эсэн мэнд, сайхан наадам боллоо. Зохион байгуулалт нээлтийн хувьд тун сайхан, гадны зочид төлөөлөгчид ихтэй, өргөн дэлгэр сайхан наадам болсон. Мѳн дээрээс нь Улсын маань тѳрийн тэргүүнүүд болох Цахиагийн Элбэгдорж, Нацагийн Багабанди гуай нар хүрэлцэн ирж Бор үрээнд минь хадаг зүүж ѳгсѳн бэлгэшээлтэй ховор сайхан үйл явдал тохиосон. Харин Архангайчууд маань сайхан наадаж, хурдан морины уралдаанд нэг түрүү, нэг аман хүзүү авч, бөхийн барилдаанд аварга арслан төрж, өнгөтэй сайхан наадсанд их баяртай байгаа. Мөн манай галаас Төв аймгийн Баян сумын харьяат Энхболдын Анар ахын хязаалан үрээ аман хүзүүдэж баяр дээр баяр нэмсэн.
-Э.Анарын хувьд мөн л аавыгаа дагаж морь уядаг болсон залуусын нэг. Шарга азарганы унаач хүүг сургуульд явуулсан гэж сонссон. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?
-Манай Ажнай шарга гал хурдан морины үе үеийн унаач хүүхдүүдээ онцгойлон анхаарч явдаг гал уяа. Тийм ч учраас манай галын гишүүд тэр дундаа Э.Анар ахын маань туслалцаа дэмжлэгтэйгээр Ажнай шарга галын унаач хүү, Шарга азаргыг гурван удаа унаж түрүүлгэж байсан спортын дэд мастер Ц.Лхагвасүрэнг энэ жил Хонгконг Макаогийн морин тойруулгад мэргэжлийн жокей унаач болгохоор явуулж байгаа. Манай галын үе үеийн хурдан морь унаач хүүхдүүдийн маань Дэлхийн тавцанд Монголын улсынхаа нэрийг гаргах буухиа энэ үйл явдлаар эхэлж цааш цаашдаа тасрахгүй үргэлжлэх байхаа гэдэгт итгэн найдаж, дүү нартаа амжилт хүсмээр байна.
-Морь чинь түрүүлээд зурхайд  орж ирэх тэр агшинд ямар сэтгэгдэл төрж байх юм бэ?
-Үнэхээр сэтгэл догдлом сайхан байсан. Миний ард байдаг ойр дотны хүмүүс тэр дундааа миний аав, ээж, ѳвѳѳ, эмээ нар, тѳрѳл тѳрѳгсѳд, гал уяаны хамт олон болон уяач маань атгасан гар шиг нэг хамт олон байж, хөдөлмөрлѳж зүрх сэтгэлээрээ хамт байдаг хүмүүсээрээ би бахархаж нүдэнд минь нулимс цийлгэнэсэн дээ /инээв/. Төрийн наадамд түрүүлж айрагдана гэдэг өвөг дээдсийн буян заяа гэж хүмүүс ярьдаг юм байна лээ. Тэгээд өвөг дээдсийн минь буян заяа түшсэн юм болов уу гэж боддог. Морь түрүүлсэний дараа энэ их том буян заяаг дааж явах том хариуцлага бидэнд байдаг. Тийм ч учраас дараа дараагийнхаа наадамд илүү их амжилт үзүүлээд, нутаг усныхаа нэрийг гаргаж явна гэж бодож байгаа .
-Хурдан адуу бүхэн өөрийн гэсэн онцлог шинжтэй байдаг. Чиний хурдан Бор халзан үрээний чинь онцлог шинж нь юу вэ?
-Бор үрээ маань ѳѳрѳѳ бэлэн давхилтай, аргагүй онцгой хурдан адуу шиг санагддаг. Ураалдаан болоход ѳѳрт түүр багатай, хүүхдээр ер ташуур хѳдѳлгүүлэхгүй, ѳѳрийн аясаар явдаг даа.
-Чи энэ жил сургуулиа төгссөн. Олон сайхан үйл явдал давхцсан жил байх шиг байна. Өөрийнхөө талаар манай уншигчдад сонирхуулахгүй юу?
 -Миний хувьд бол Чех улсад төрж, багагүй хугацааг гадаадад өнгөрөөсөн. Аавынхаа төрсөн нутаг Архангай аймгийн Их Тамир сумаар харьяалагддаг. Энэ жил Тайванд бакалаврын зэрэг хамгаалаад ирсэн. Монгол ахуйтайгаа ойр байх, тэр дундаа хурдан морь, уул усаа дээдэлдэг, түүгээрээ дамжуулаад монгол  ахуй, түүх  соёлоо судалж мэддэг, монголоо гэсэн сэтгэлтэй байх гэсэн эхлэлийг аав ээж хоёр, гэр бүлийнхэн минь тавьсан. Ер нь миний үеийн залуучууд монгол соёлоосоо бага зэрэг хөндийрөх тал ажиглагдаад байдаг. Би үе тэнгийнхэндээ үлгэр дуурайл болохуйц байж, тэдэнд монгол ёс заншил, тэр тусмаа монгол адуу, хурдан морины талаар их ярьдаг даа. Манай найзууд миний нэрийг бодохоор л морь мал толгойд нь буудаг гэсэн /инээв/.  Адуу малтай нөхөрлөсөн хүн үргэлж өөдрөг ажил үйлс нь бүтэмжтэй байдаг. Ирээдүйдээ дэлхийн тавцанд монгол адуу монгол соёлыг таниулж, эх орныхоо нэрийг дуурсгах зорилготой явдагдаа.
-Ярилцлагын төгсгөлд асуултыг танд үлдээе. Манай уншигчдад хандаж юу хэлэх вэ?
- Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын мэндийг нийт Монголынхоо ард түмэн тэр дундаа нийт Архангайчууд, Их Тамир сумынхандаа хүргээд,  хотол олноороо тѳвшин амгалан, эрүүл энх, аз жаргалтай аж тѳрж, Та бүхнийг минь морины босоо цагаан хийморь ѳнѳ мѳнхѳд ивээж явах болтугай гэж ерѳѳмѳѳр байна. Дээрээс нь ах дүү, тѳрѳл тѳрѳгсѳд, найз нѳхѳд тэр дундаа аав ээж, гэр бүлийнхэндээ болон Ажнай шарга галын хамт олон, уяачдаа баярласан талархсанаа илэрхийлж байна. Мѳн Баянмѳнх эрхлэгчтэй танай редакцийн хамт олонд ажлын ѳндѳр амжилт хүсье!
                                                                                                                                                            Ярилцсан сэтгүүлч Б.Нанзаддорж        "Ухаантай Морь" сэтгүүл №64

 

 

 

Аавын хамтаар /ААУ Д.Жаргалсайхан/

Улсын баяр наадмаар түрүүлж ирж буй нь

АХ-95 жилийн ой, Үндэсний их цэнгэл баяр наадмын хурдан шүдлэн насанд түрүүлж, айрагдсан морьдын эзэд болон уяачид

Сэтгэгдэл