2017 оны 06 сарын 23


Төрийн төмөр нүүр болж байдаг хуульч  мэргэжлийг эзэмшин  37 жил төрийн албанд ажилласан,  Гавъяат хуульч, ОХУ-ын Батлан хамгаалах аюулгүй байдлын академийн профессор цолтой  энэ эрхмийг  танихгүй хүн бараг үгүй биз ээ. Харин түүнийг хурдан морины хорхойтон, аль хэдийн  улсын цолтой уяачийн болзол хангасан гэдгийг тэр бүр мэдэхгүй болов уу. Дөнгөж саяхан улсын баяр наадмаар түүний хул үрээ шүдлэн насны морьдын уралдаанд түрүүлэн ирж, уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо баясгасан юм.  Сэтгүүлч миний бие  түүний энэ баярт мөчийг хуваалцан сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Түүнтэй ярилцаж суухад  зүрх сэтгэлээсээ монгол ахуйгаа мэдрэн, морин эрдэнээ дээдлэн сүсэглэх язгуурын монгол чанар яалт ч үгүй мэдрэгдэнэ. Монгол Улсын гавьяат хуульч хэмээх энэ эрхэм алдрыг  Алдарт уяач хэмээх цолтой хослуулж чадсан түүнтэй  хамт морины хийморьтой ертөнцөд саатацгаая.  
-Таны хул шүдлэн энэ жилийн  улсын баяр наадмаар түрүүлж, та хийморьлог сайхан наадлаа. Энэ сайхан наадмын  торгон агшны тэр л мэдрэмжээс  яриагаа эхлэх үү?
-Энэ жил хул үрээ маань төрийн наадамд түрүүлж, би улс, бүсийн наадмын ес дэх түрүү, айргаа авч сайхан наадлаа. Өнгөрсөн жил нутгаасаа авчирсан хоёр даагыг маань уяач Э.Дашчарив дүү минь шинжиж үзээд хул даагыг тоож улсын наадамд уяад есөд, дараа нь төвийн бүсэд айргийн гуравт хурдлуулсан. Даагандаа хурд нь тодорсон учраас Тод хул хэмээн нэрлэсэн юм. Энэ жилийн Цагаан хөтөлд болсон дунд сунгаанд Тод хул маань үнэхээр хурдан байгаа нь ажиглагдсан. Тод хул миний хурдан хээр азарганы төл байгаа юм. Эх нь шарга гүү бий.  Дарьганга нутгийн газар шороон дээр Шилийн богд уулын архан талд тэнцэж төрсөн унаган адуу минь хурдалж байгаад би их баяртай байна.
-Та хурдан адуугаараа алдартай Сүхбаатар аймгийн хүн. Таны адуунууд нутагтаа байдаг уу?
-Тиймээ, би Сүхбаатар аймгийн хүн. Миний хэдэн адуу Хэнтий аймагт, мөн нутагт маань байдаг. Ах, дүү, найз нөхдийн бэлэглэсэн адуу өсөж, үржиж, төрийн наадамд хурдалж миний магнайг тэнийлгэж, түмэн олныг баярлуулж байна даа.  Алтан овоогоо шүтдэг, Шилийн богдодоо очиж хийморио сэргээдэг. Энэ зун ч наадмын өмнө уул, усандаа очоод ирсэн. Нутгийн минь уул, ус, зон олны маань сэтгэл түшиж, одтой сайхан наадаж, морьд минь ч хурдан сайхан байлаа. Мөн үүнийг уяач дүү Дашчаривийн маань бүтэн жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнтэй холбож үздэг. Морь таних, түүний уяа заслыг тааруулахдаа гойд авьяастай, ихэд хөдөлмөрч залуу байгаа юм. Ирээдүйд цахиур хагалах уяач манай “Ажнай шарга” галд өсч, уяачийнхаа хувьд эрийн цээнд хүрч байна даа. Морь уях авъяас ухаан хүн бүрт өөр өөр заяадаг юм билээ.
-Таны хувьд хул үрээнээс гадна олон  сайхан хурдан буянууд байдаг.  Дандаа Сүхбаатарын унаган адуунууд  уу? Тэдний амжилтаас цухас дурдахгүй юу?
-Миний “Их Зээрд”, “Буган хээр”, “Магнай хээр”, “Тод Хул”, “Онгит бор” зэрэг олон буянууд маань  Монголын тулгар төр, Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын ой, “Дүнжингарав” хаврын бүс, Заамар, Очирваань, Төвийн бүс болон “Цэцэнхааны хүлэг” уралдаанд түрүү магнай, айрагт давхиж, монголын хурдан морьдын түүхийг бичилцсэн. Надад  газар газрын хурдан буянууд бий. Харин Сүхбаатар нутгийн угшлууд энэ үеийн цагийг эзэлсэн монголын хурдан морьдын түүхэнд тодоор бичигдэж байгааг зориуд тэмдэглэж байна. Энэ сайхан удмын санг судлах, хамгаалах хэрэгтэй дээ.
-Таны энэ олон сайхан хурдан буянуудаас чинь хамгийн их амжилт гаргасан нь аль морь чинь вэ?
-Ерөнхийдөө тооны хувьд бол бараг л тэнцүүхэн. Харин чансаагаараа сая түрүүлсэн Тод хул маань тэргүүлэх байх. Улсын баяр наадамд түрүүлнэ гэдэг бол том амжилт шүү. Мөн “Магнай хээр” азарга маань Дүнжингаравт тасархай түрүүлж байсан.
-Танай галынхан ч бас сайхан наадлаа шүү?
-Монголын хурдан морины түүхэнд  домог болсон Б.Наранхүүгийн шарга азарганы нэрээр нэрлэсэн “Ажнай шарга” манай галынхан жил бүр өнгөтэй сайхан наадаж байна. Манай уяа галын гишүүд эвтэй, хүчээ нэгтгэж чаддаг учраас зорилгодоо хүрч амжилт гаргадаг. Энэ жил гал маань төрийн наадмаас хоёр түрүү магнай, бүсээс нэг айраг авсан амжилттай байна. Манай Энхболд даргын хүү Анарын маань Буган хээр  хязаалан “эрлийз” морьдын дунд насны ангилалд хол турүүлсэн. Уг нь эрлийзэд ч уралдах адуу биш дээ. Басхүү морь хурдлахад унасан хүүхдийн авхаалжтай, сэргэлэн цовоо, зоримог чанар чухал байдаг. Энэ чанараараа манай галын уралдаанч хүүхдүүдээс Д.Батхишиг, Ч.Түвшинжаргал нар бусад уралдаанч хүүхдүүдээс ялгарч харагддаг. Тэдний амжилт спортын мастерын болзлыг хангасан.Гэхдээ бид ямагт хүүхдүүдийнхээ аюулгүй байдалд анхаарах ёстой юм.
-Хурдан морь унадаг хүүхдүүд маань нас биед хүрэхээр сургууль соёл нь завсардаж байна гэж ярьдаг. Танай уяаны хувьд хүүхдүүддээ хир зэрэг анхаарал тавьдаг вэ? Ялангуяа гадны орнуудад  монгол жокей нарын нэр алдар дуурсагдах боллоо.
-Манай уяаны хувьд хүүхдүүдээ цааш нь сургаж боловсруулах, мэргэжлийн жокей бэлтгэх гадны сургуульд явуулах талаар нилээд ярилцаж байгаа. Шарга азаргыг унаж байсан хүү маань том болсон. Одоо чи моринд томдлоо гээд орхичихож болохгүй л дээ. Бусад уяа галууд ч энэ талаар санаа тавьж байдаг бололтой.
-Манай сэтгүүлийн бараг уламжлал болоод байгаа нэг асуулт байдаг юм. Анх яагаад адуунд татагдах болов оо гэж... Яг энэ асуултаас эхлээд моринд хайртай, морьтой ойрхон тань шиг хүмүүсийн дурсамж хөврөх болов уу?
-Би хөдөө төрж адуу малын захад өндийсөн хүн. Хүүхэд насаа хээр талд хөндлөн гулд мориор давхиж, нэг ёсондоо морин дээр өссөн, хүмүүжсэн. Би ээжээсээ 13-уулаа, айлын ууган хүүхдийн хувьд аав ээждээ хамгийн эхэнд морь унаж тусад орсон. Хэдийгээр сургууль соёлын мөр хөөж төв газар бараадсан ч чөлөөт цаг, амралт маань адуу мал дээр л өнгөрч байлаа. Чухамдаа уяан дээр хууч хөөрч морины тухай яриа дэлгэдэг ухаант өвгөчүүдийн дэргэд хүүхэд нас минь өнгөрсөн. Энэ бүхэн моринд дуртай, хайртай болгосон байх л даа. Ер нь монголчуудыг, монгол эр хүнийг морьгүйгээр төсөөлөх аргагүй. Морь хурдлах нь хүний аз хийморь, буян заяа гэж бэлэгшээдэг. Би  анхнаасаа л хурдан морь уралдуулж, хэргэм цолонд хүрье гэж зорьж байгаагүй ч өнөөдөр бариан дээр нь ирчихсэн учраас ухарч болохгүй гэж бодож явна. Энэ сайхан буяныг эдлэх, дааж явах учиртай.
-Анхны айраг түрүү хүртсэн дурсамжаасаа хуваалцахгүй юу? Анхны бүхэн мартагдашгүй сайхан байдаг даа?
-Тод манлай уяач Э.Эрдэнэчулуун 2008 онд шүдлэн, хязаалан хоёрыг маань уяж улсад хоёуланг айрагдуулсан нь миний улсын анхны айраг байсан бөгөөд энэ их үйлсийн үүдийг нээж өгсөн. Хүн бүрт заяадаггүй морь уях их авьяастай Э.Эрдэнэчулуундаа баярлаж явдгаа энэ энэ ялдамд илэрхийлж байна. Сүүлд энэ морьд маань “Их Зээрд” нэртэй азарга, “Онгит бор” морь болж, Завхан аймаг болон Заамарт болсон бүсийн уралдаанд айрагдаж байсан.
-Манай сэтгүүлийн бас нэг зорилго бол морин спорт хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй эрхмүүдийн үгийг сонсох, цаашилбал, хурдан морины хөгжилд хөшүүрэг болохуйц санаа оноог хүргэж дэмжих юм. Та уяач хүний хувьд бас хуульч хүний хувьд Монголын морин уралдааны өнөөдрийн байдал ямархуу байна гэж боддог вэ?
-Би Монголын Морин Спорт, Уяачдын холбооны үйл ажиллагааг сайшааж дэмждэг хүн. Хамгийн товчоор хэлэхэд холбоо маань уяачдыг дэмжиж, хөдөлмөрийг нь үнэлж, хурдан морьдын уралдааныг илүү боловсронгуй болгож чадаж байна. Хурдан морьдын үүлдэр, угшлыг сайжруулах бодлого явуулсан нь үр дүнгээ өгч, аймаг бүр шинэ цагийн адуу уралдуулдаг боллоо.2013 онд ММСУХолбооны санал, санаачилгаар 4249 морийг нэг гараанаас, нэгэн зэрэг уралдуулсныг дурьдахгүй өнгөрч боломгүй байна. Энэ үйл явдал Монголын хурдан морины түүхэнд алтан үсгээр бичигдсэн төдийгүй түүнийг дэлхийд Гиннесийн гайхамшигт амжилт гэж хүлээн зөвшөөрсөн юм. Манай холбооны үйл ажиллагааг дэлхийн  болон азийн морин спортын холбоод хүлээн зөвшөөрч, сайшаан дэмжиж байна. Ийнхүү  дэлхийд танигдсан их нэр хүнд, итгэл найдварыг улам дээш өргөж явах ёстой.
-Шинэ цагийн адуу гэснээс, эрлийз адууг монгол адуутай уралдуулах ёсгүй гэсэн энэ байр суурийг та юу гэж боддог вэ?
-Одоо шинэ цагийн адууг  эрлийз гэж адлахгүй, үүлдэрлэг байдлаар нь их ялгаварлахгүй уралдуулах цаг болсон. Энэ нь Монголын  адууны хөгжилд оруулж буй үнэтэй зүйл хэмээн боддог. Адуугаа сайжруулаад уралдуулахаар ад үзээд байж таарахгүй. Энэ жилийн баяр наадмын өмнө Стандарт, хэмжил зүйн газраас Монголын хурдан морьдын стандартыг батласан тул зөвхөн сэрвээний өндрийг харгалзан уралдуулахаар тогтсон уяачдын холбооны их хурлын шийдвэр хэрэгжих боломжтой болсон.
-Шинэ цагийн адуу их олон болсон нь монгол адууны генийн санд хэрхэн нөлөөлөх бол?
-Монгол адууны гений санд хэрхэн нөлөөлж байна гэдгийг шинжлэх ухааны байгууллага нь судалж тогтоох хэрэгтэй болов уу. Ер нь бол адууг гадны цус орж байж л сайжрана гэж ойлгож байгаа. Хоёр гуравдахь үе дээрээ шинж чанар нь бүдгэрдэг гэдэг. Үлдэх зүйл нь үлдээд, гээгдэх шинж чанар нь гээгддэг гэж ярьдаг. Гадны орнуудад төрийн бодлогоор, төрийнхөө мөнгөөр адуугаа сайжруулах ажлыг хийж байна. Гэтэл манайд энэ асуудал байхгүй. Хувь хүмүүс л өөрсдийнхөөрөө энэ ажлыг хийж байна. Ийм байдлаар монгол адууны генийн сан сайжрахгүй нь лавтай. Тэгэхээр тодорхой том бодлого хэрэгжүүлж, уяачдыг дэмжих нь зөв. Социализмын үед бол гадны янз бүрийн үүлдрийн мал авчирч мал сүргээ сайжруулж байсан ч адууны хувьд  нилээд орхигдсон болов уу.
-Таныг Монголын нэртэй хуульч, басхүү алдартай уяачийн хувьд малын хулгайн талаар тусгайлан асуумаар байна. Малын хулгай малчдын хувьд том асуудал. Гэхдээ бас хурдан удмын адуу гэдэг үнэлэмж өндөртэй нь тодорхой. Эрүүгийн хуулиар бол хурдан удмын адуу хулгайлсан тохиолдолд илүү хүндрүүлэн авч үзэх ойлголт байдаг уу?
-Монгол Улс таван хошуу малаа Үндсэн хуулиараа хамгаалдаг. Магадгүй, мал төрийн хамгаалалтанд байна гэж заасан өөр улс байдаггүй байх. Уг нь нэг хэсэг Эрүүгийн хуулинд мал, ялангуяа хурдан угшлын адуу, үүлдэр угсаа сайтай мал хулгайлахад тусгайлан хариуцлага ноогдуулж, зохицуулахаар болж байсан.  Гэхдээ зах зээлийн харилцаанд шилжсэнтэй холбогдуулан өмчийг түүн  дотроо адуу мал гэж ялгаварлан тусгайлан үзэх шаардлагагүй гэж үзэж хуульчилсан.  Өөрөөр хэлбэл өмнө нь социализмын үед социалист өмч, иргэдийн өмч гэх ялгаатай байсан ялгааг ч арилгаж, нийтэд нь өмч гэсэн ойлголтод багтаах болсон. Гэхдээ  угшил сайтай хурдан адуу жирийн адуунаас үнэтэй.Үүнийг ямар уралдаанд түрүүлж, ямар шагнал хүртэж байсан гэх мэтийг баталсан бичиг баримтаар баталгаажуулсан тохиолдолд хохирлын хэмжээгээр ял шийтгэл оноохдоо харгалзан үздэг. Ер нь бол адилхан адуу л хулгайлсан байна гээд ижил хэмжээний төлбөр ноогдуулж болохгүй. Үүнийг нь эзэн нь баталгаажуулах хэрэгтэй бөгөөд хурдан адуугаа хамгаалах нь эзэн хүний үүрэг. Жишээлбэл манай  Ажнай шарга галын  уяа адуугаа маш чанд харуул хамгаалалтанд байлгадаг. Хурдан морийг хулгайлдаг, ялангуяа үр төлийг нь авах гэдэг тохиолдол их гардаг юм. Ялангуяа  баяр наадмаар уяачид эзгүй хойгуур ийм хэрэг олон гардаг. Ноднин наадмаар долдугаар сарын 11-ний өдөр хөдөө хээр ганцхан морь нэмнэчихээд ачаад явж байсан нь хулгайн хэрэг байсан. Хулгайч нарын арга улам нарийсч байна. Хууль, цагдаагийн байгууллага ч хяналт тавих арга барилаа боловсронгуй болгох шаардлагатай.
-Гадны орнуудад уралдаанд орж байгаа морьдыг хүч оруулах эм тан хэрэглэсэн эсэхийг нарийн шалгадаг. Манайд энэ асуудлыг хуулиар яаж зохицуулсан байдаг юм бол? Хүмүүс мориндоо янз бүрийн эм тан өгдөг боллоо гэж ярих  юм?
-Монголчууд тийм хурдлуулдаг эм тариа хэрэглэдэггүй. Байдаг бол аль хэдийн олж аваад хүн бүр л адуугаа хурдлуулчимаар юм. Харин амин дэм, биеийнх нь булрааг арилгах, амьсгааг нь задлах бэлдмэлүүд орж ирж байна л даа. Гэхдээ үүн дээр сайн хяналт тавих хэрэгтэй. Монгол моринд ялангуяа энэ хол уралддаг манай адуунд тохирох уу, ойрын зайд зургаан минут уралддаг адуунд зориулсан бэлдмэл нь цаг гаруй  уралддаг монгол адуунд таарах уу, таарлаа гэхэд хэмжээ дооз нь ямар байх, биеийн жинтэй нь харьцуулахаас гадна уралддаг хугацаатай нь харьцуулж хэрэглэх юм уу гэх зэргээр бодох зүйл их бий.Сүүлийн үед энэ төрлийн бизнес хийдэг хүмүүс бий болж дэлгүүрүүд  ч  их болсон төдийгүй  үнэ нь ч өндөр болсон. Нэг адуунд тарих бэлдмэл гэхэд 200-300 мянган төгрөг. Гэтэл үйлчлэл, ач  холбогдлыг нь  асуухаар   дагалдах товч заавар дээр бичсэнээс өөрийг хэлж чаддаггүй. Үнэхээр моринд хэрэгтэй бэлдмэлийг моринд хайртайдаа оруулж ирж байна уу? Эсвэл зүгээр л мөнгө олох зорилготой байна уу? Хил гаалиар зөвшөөрөлтэй эм, бэлдмэлийг хуулийн дагуу оруулж байна уу гэдгийг анхаарах л ёстой асуудал Үүнийг яваандаа төр хяналтдаа  авч цэгцлэхгүй бол мөнгө олох гэсэн хэдэн хүний ажил болчих вий гэж санаа зовдог.
-Дэлхий даяар амьтны эрхийг хамгаалах нийгэмлэгүүд их нэр хүндтэй, бас хүчтэй байдаг. Ингэхэд манайд мал амьтныг хамгаалах байгууллага байдаг юм уу?
-Олон улсын амьтдыг хамгаалах нийгэмлэг төрийн бус байгууллага байна л даа. Одоо манайх шиг хүний эрхээ хагас дутуу ярьж амьтны эрх хамгаалах яриа ч бараг байхгүй байна. Гэхдээ адуу, малыг хамгаалах хуулийн зохицуулалт бий. Хариуцлага ч тооцох учиртай. Малтай харьцаж, малыг хайрлан хамгаалах талаар монголчуудын уламжлалт ёс заншил гэж мундаг зүйл бий.
-Уяач хүний гол анхаарах ёстой зүйл юу вэ, таны бодлоор?
-Уяачид бодох зүйл бол юуны өмнө уралдуулах мориндоо эрүүлжүүлэх ажлыг хийх хэрэгтэй. Адуундаа ямар эмгэг байгааг мэдэхгүйгээр уралдуулж хэзээ ч болохгүй. Ингэхдээ таамгаар нэг туулга өгчих биш, мэргэжлийн  хүнээр оношлуулж  эмчлэх  хэрэгтэй. Өөрөөр хэлбэл адууныхаа уушиг, зүрх, амьсгалын зам ч гэдэг юм уу, яг ямар эмгэгтэй байгааг тогтоож, түүнд нь тохирсон эмчилгээ хийх ёстой. Манай Ажнай шарга гал хавар болгон тодорхой хэмжээний зардал гаргаж, эмгэгийг оношлон яг тохирсон эмчилгээг эмч, эмнэлгийн байгууллагын заавраар хийлгэдэг. Эрүүл адуу л хурдална шүү дээ. За мэдээж адуу тарга тэвээрэг сайн байх хэрэгтэй. Энэ хоёрыг бүрдүүлж чадвал, уях сойх асуудал руугаа орж болох юм даа. Зарим нь уях, сойхоо л урьтал болгоод байдаг тал бий.
-Хурдан адууны хувьд угшил, гарал яалт ч үгүй чухал байдаг. Гэтэл сүүлийн үед зарим нь адууныхаа угшил гарлыг худлаа хэлж, үнэд хүргэх болсон гэсэн яриа гараад байна. Үүн дээр  хуулийн ямар  зохицуулалт байдаг вэ?
-Монголчууд  хурдан морины угшлыг худлаа хэлэх нь нүгэл гэж цээрлэдэг юм. Гэхдээ бусдын анхаарлыг татаж, адуугаа үнэд хүргэх гэж угшлыг худлаа хэлэх тохиолдол гарч байна. Жишээлбэл: Хурдан угшилтай адуу гэж бусдыг төөрөгдүүлж өндөр үнээр зарсан бол хуулийн байгууллагад хандаж шалгуулах хэрэгтэй. Харин иргэд хоорондоо маргалдаад их үр дүнд хүрэхгүй болов уу.
-Гадаадад бол адуу паспорт бүртгэлтэй байдаг. Манайх ч гэсэн ийм бүртгэлтэй бол ялангуяа угшил худлаа ярих гэх мэт асуудал цэгцрэх байх, тийм үү?
-Тийм бүртгэл маш их хэрэгтэй. Гадаадад бол морины угшил, зүс, зураг, онцлог шинж тэмдгийг нь нэрлээд зургийг нь наасан паспорттой байдаг. Манайд ч гэсэн адууг бүртгэлжүүлэх ажил эхлээд байгаа. Ийм бүртгэл паспорт байхгүй бол тухайн адуу ямар угшилтай, ямар амжилт гаргаж байсныг хэрхэн баталгаажуулах билээ дээ? Их олон адуутай болохоор Монголын нөхцөлд ийм бүртгэл хийхэд хэцүү байж магадгүй. Гэхдээ л цаашдаа хэрэгтэй учраас хийж эхлэх л хэрэгтэй юм.
-Монголд хурдан морьдод яагаад допингийн шинжилгээ хийдэггүй юм бэ? Хийх ёстой дүрэм заалт байдаг юм болов уу?
- Маш холоос уралдаж ирсэн, хөлс тоос шороотой холилдсон адуунаас авсан шинжилгээ үнэн гарах магадлал муу байдаг гэж допингийн шинжилгээг хийдэггүй. Шинжилгээ авах, хийх журам, заавар байдаггүй.
-Сүүлийн үед уяачид мориндоо янз бүрийн допинг тариад, адууных нь дотор эрхтэн, элэг дүүрээ бяцарч задарчихаад ирсэн гэсэн яриа сонсогдох юм, энэ үнэн юм уу?
-Хүнд ч гэсэн допингийг яагаад хориглодог юм бэ гэдгийг бодох хэрэгтэй. Хүнд ч малд ч элэг эрхтэнд нь нөлөөлж, задрах аюултай, эрүүл мэндэд нь хохирол учруулдаг болохоор л хориглодог шүү дээ. Түүнээс энэ илүү хүчтэй болчих вий гэж хориглодог юм биш.
-Монгол адууны онцлог шинж чанарын талаар таны бодол?
-Хурдан морь уралдуулах нь монголчуудын амьдралын бодит тусгал, үнэн төгс төгөлдөр зүйл. Өөрөөр хэлбэл, хурдан морины уралдаан монголчуудын уламжлалт нандин өв соёл, бидний ахуйгаас салшгүй их цэнгүүн. Адуу бол тэнгэрийн амьтан бөгөөд энэ агуулгаараа тайлагдаагүй бүхэл бүтэн ертөнц ч гэж үзэж болно. Монгол адуу цог хийморьтой, эр чадалтай, эзэндээ ээлтэй. Мөн ихэмсэг атлаа уярамтгай. Монгол адуу эцсийн хүчээ шавхаж уралддаг, зориг тэвчээртэй, хатуужилтай, хүний хайрыг татдаг увдистай, хүнд сайн сайхныг мэдрүүлдэг нь гайхамшигтай.
- Та эхээс 13-уулаа гэл үү, ах дүүс тань бас уяач байх аае?
-Манай дүү нар бүгд л нутагтаа амьдарч мал, малын захтай болцгоосон, хүргэдүүд,  дүү нараас гайгүй уяач нар бий. Миний хурдан морьд дунд ч тэдний өгсөн хурд байдаг болохоор тэнд ч бас гайгүй хурдтай л гэсэн үг. Гэхдээ бас адуу хурдлах эсэх нь зөвхөн угшил, хурднаас гадна уяачийн эрдэм чадал, ур ухаан, туршлагаас их шалтгаалдаг гэж би боддог юм.
-Таны адуунуудыг харахад  “Гал” тамгатай байх юм. Өвөг дээдсээс чинь уламжилж ирсэн тамга уу?
-Би тамганы тухай нилээд судалсан л даа. Манай өвөг дээдсүүд саран тамгатай байсан. Тамганы тухай судлаад үзэхээр өвөг дээдсийнхээ тамгыг дараагийн үе нь ялимгүй өөрчлөлт оруулж хэрэглэх ёстой гэсэн байдаг. Тэгээд нэлээд судалж байгаад гал тамгыг сонгосон. Өөдлөн дэвжих, хийморь золбоотой байхын бэлэгдэл бодож энэ тамгыг сонгосон. Хэрэглэхэд маш эвтэйхэн байдаг.
-Таныг үргэлж дэмжиж, тусалж байдаг гэр бүлийнхнээ танилцуулна уу? Мөн таны үр хүүхдүүд, ач зээ нараас чинь хурдан морь сонирхдог хүн бий юу?
-Би өөрийн хүслээрээ морь уядаг, уралдуулдаг. Миний гэргий Пүрэвжил болон  хүүхдүүд маань морь уяхыг дэмждэг. Танай сэтгүүлийн өнгөрсөн долдугаар сарын дугаарт “Ажнай шарга” гал уяан дээр олон түмэн бужигнаж, хөл хөдөлгөөн ихтэй идээ, ундаа элбэг дэлбэг байгаа тухай шагшин бичсэн нь тэдний маань хүч хөдөлмөр, сэтгэлийг үнэлсэн үнэлгээ байна хэмээн бодож байна. Зээ хүү Эрхэмбаяр маань  зуныг надтай уяан дээр өнгөрүүлдэг, моринд дуртай, морио цоллуулахад хамт явж, зургаа авахуулдаг. М.Энхболд дарга маань “Эрхэм хүү энэ сайхан ногоон дэнж дээр олон наадмыг өвөөтэйгээ өнгөрүүллээ дээ. Энэ их учиртай зүйл дээ” гэж үнэн үг хэлж байсан.
-Сүхбаатар аймгийнхан төдийгүй Монголын бүх хүн л Алтан-Овоонд мөргөж,  Шилийн богд дээр гарна гэдэг.  Таны хувьд жил болгон Алтан овоондоо очиж мөргөж, даатгадаг юм уу?
-Тийм ээ. Явахгүй байж чаддаггүй юм. Магадгүй намайг Шилийн богд, Алтан овоо маань дууддаг байх. Би сая зургадугаар сарын дундуур Алтан-Овоо, Шилийн богддоо очсон. Морин цагт Алтан овоондоо мөргөсөн. Миний олон үеийн өвөг дээдэс Алтан  овоо шүтэж, мөргөж ирсэн. Би тэр уул, усныхаа дуудлагаар очиж, мөргөдөг, хүслээ шивнэдэг, хүслийг маань ч биелүүлдэг.
-Овоон дээрээ гараад мөргөхөөр ямар мэдрэмж төрдөг  вэ?
-Хүн байгаль хоёр хүйн холбоотой болохоор Алтан овоон дээрээ гараад сайхан уртаар амьсгаа авахад бие хөнгөрөөд үнэхээр өөр мэдрэмж төрдөг юм. Яг овоондоо мөргөхөд онцгой мэдрэмж төрнө. Үнэхээр чин сэтгэлээсээ уул устайгаа ярьж, сэтгэл зүрхнээсээ мөргөхөд ийм  мэдрэмж төрдөг юм.
-Та төрийн хариуцлагатай алба олон жил хашсан хүн. Хуулийн тэр тусмаа прокурорын байгууллагын алба гэдэг хүнд бөгөөд хариуцлагатай байх хуульч хүний эрхэмлэх зүйл. Ингэхэд стрессээ яаж тайлах вэ?
-Би хуульч мэргэжилтэй, төрийн албанд 37 жил зүтгэж, үүнээс 35 жил нь прокурор, хоёр жил нь гаалийн албанд ажиллалаа. Аливаа хэргийг  шийдвэрлэхэд  хуульч  хүнд алдах эрх байдаггүй. Хуульч хүн эрх зүйн болоод бүх талын өргөн мэдлэгтэй, өндөр ёс зүйтэй, элдэв нөлөөнд автаж өөрчлөгдөж хувирдаггүй , шударга, өс хонзон, атаа жөтөө өвөрлөдөггүй зантай, хүний эрхийг дээдэлдэг энэрэнгүй байх ёстой. Ихэнхдээ л нутгаа, адуугаа л бодно доо. Ялангуяа  тэр жилийн наадмыг, наадам хэчнээн сайхан байсныг бодно. Морьд уралдахын урьд орой хэчнээн сайхан байдаг гээч. Морьд маань ч намайг сонсдог, бодсон санасанд минь хариу өгдөг гэж боддог. Ингээд л энэ жилийн наадмын сайхныг дурсаж, ирэх жилийн наадмыг хүлээгээд л сууна даа.


Ийн гэгэлгэн ч гэмээр яриа наадмын өдрүүдээр  Хүй долоо худгийн дэвжээнээ  өрнөхүйд  аргагүй л монгол ахуй, монгол сэтгэлгээ, моринд хайртай монгол эрийн сэтгэл нэвт мэдрэгдэж байж билээ. Монгол наадмын сонин сайхан бүтэн жилдээ үргэлжилдэг гэдэг дээ.  Дараа жилийн наадам даанч хол мөртлөө ойрхон байна.
                                                                                                                                                                         Ярилцсан У.Билгүүн            "Ухаантай Морь" сэтгүүлийн №41   2014оны 08 сар 

Сэтгэгдэл