2017 оны 06 сарын 23

Д. Аззаяа
Блак Форест үүлдэр
   Блак Форест буюу Хар ой хэмээх сүрлэг сайхан нэртэй энэ угшил нь Германы баруун өмнөд хэсэгт орших 6009 хавтгай дөрвөлжин км үргэлжилсэн, хүрэнтэн нүргэлсэн өтгөн шигүү ой модтой  үзэсгэлэнт уулынхаа нэрээр нэрлэгдсэн байна. Цас тундас их унадаг энэ газарт  хар хүрэн холтост хүчирхэг ой моддын мөчир шилмүүс цасанд нэвсийтэл битүү  дарагдаад их ой үнэхээр  нүүгэлтэн харлаж харагддаг юм.
   Зургаан зуун жилийн өмнөөс энэ л газарт идээшин нутаглаж ирсэн эдгээр сайхан адуу нь  хар ойтойгоо ихэд төстэй харагддаг аж.
Блак Форест угшил нь зээрд, элгэн хүрэн зүс зонхилдог бөгөөд цас мэт  цагаан дэл сүүлтэй тул үнэхээр л уул шигээ  үзэсгэлэнтэй сүрлэг сайхан харагддаг бөгөөд өндөр уулсын орчин газар зүйн байрлалд  дасан зохицож чадсан хүч чадал сайтай адгуус юм.  Уг үүлдрийн адуу нь мод чулууны хүнд хүчир ажлуудыг нугалдаг гол хүч нь болж байлаа. Уулнаас огцом уруудан доошлох хөл алдам гуу жалга, бартаат замыг  хөл чанга, шөрмөс сайтай, биеийн тэнцвэрээ гайхамшигтай олдог чадварынхаа ачаар хүнд ачаа чирэн ажралгүй туулж чаддаг онцлогтой адуу юм.  
 Анир чимээгүй  ойн гүнээс  цагаалсан мод, аварга том гуалингаа үеэс  үед зөөж ирсэн түүхтэй эдгээр адуу нь номхон дөлгөөн, ааль араншин тайван, тэнхээ тамир ихтэй, байгал орчин, цаг ууртайгаа зохицон дасах чадвартай төдийгүй ачаа тээвэрлэлт, том оврын зөөврийн тэргэнд хөллөх, уналга ачилганд  хэрэглэхэд ихэд тохирсон адгуус ажээ.     
 Дүнзэн  модны хэрэгцээний байнгын өсөлт, машин техникийн дэвшилтийн улмаас “Блак Форест” адууны үүрэг ач холбогдол аажмаар буурсантай холбоотойгоор тэдний тоо толгой нь цөөрсөөр байлаа.Тооллогын  бүртгэлээс харахад  1981 он гэхэд ердөө 160 тоо толгой үлдсэнд Германы засгийн газраас шуурхай арга хэмжээ авч эхлэжээ. Устан сөнөх аюулд орж буй угшлыг  хамгаалалтандаа авч мал эмнэлэгийн иж бүрэн эмчилгээ үзүүлж, угшлыг өсгөн үржүүлэх ажлуудыг зохион байгуулж эхлэсэн байна. Цус сэлбэх үржүүлгийн ажлаа явуулахдаа өндөр шалгуур заалтыг тодорхойлон гаргажээ.
 Үүнд:
Үржүүлэгт зөвхөн хамгийн эрүүл чийрэг, эрч хүчтэй нь орох бөгөөд угшлынхаа онцлог, сайн чанаруудыг хадгалж байгаа азарга гүүг  л  шалгаж авна. Шинээр төрсөн үр төл нь “ Блак Форест” угсааг улам сайжруулахаар заасан стандартад заавал хүрч байх ёстой аж. Германы  Хаупт унд Ландесгестует Марбач ферм нь улсдаа  “ өргөмжлөгдсөн” азаргануудаар ихэд алдартай. Улс  болон хувийн олон арван үржүүлгийн газрууд энэхүү  дүрэм журмаа хатуу барьдаг чанга дагадаг юм.
“ Блак Форест” үүлдрийг харахад биеийн галбир төрх, биеийн өндөр, зүсний хувьд “ Хафлингер болон Бельгагийн” дундаас төрсөн мэт  боловч үнэн хэрэгтээ эдгээр угшилтай шууд цусан холбоогүй ажээ.
 Уг угшилд байх ёстой зарим заалтаас:
Өндөр: 148-160 см буюу 14.2-16 алга
Жин :  ойролцоогоор 500-600 кг
Зүс:     хээр зүсээс,  хар хүрэн, элгэн хүрэн
Дэл сүүл:  цагаан шаргал, цагаан, маалинган өнгөтэй
Зөвхөн ганцхан саарал зүстэй төрөл байдаг байна.   
  “Блак форест” угшлын цусан төрөл, гарал үүслийг зургаан гол төрөлд хуваадаг агаад хамгийн эртний гэгдэх цусан удам нь  “Д “болон “М”  гэсэн ургаас  салаалан салбарлаж явсан байдаг.   2008 онд Америк улсдаа нэртэй  Мичиган дахь “Цэнхэр сар” хэмээх фермийнхэн уг угшлаас худалдан авчээ. Германы засгийн газрын цагаа олсон зөв бодлого нь үр дүнгээ өгч устан сөнөх гэж байсан угшил нь харин  ч Канад, Австрали зэрэг олон улсын сонирхлыг ихээр татаж байгаа юм   

.

 

Сэтгэгдэл