2017 оны 07 сарын 22


-Таныг адууны цус сайжруулах ажлыг амжилттай хийж яваа цөөхөн хэдэн хүний нэг гэж сонслоо. Үржүүлэг хийхэд хамгийн их анхаарах зүйл юу байдаг вэ?
-Би одоогоор англи, араб болон шинэ цагийн азаргануудаар үржүүлэг хийж байна. Үржүүлэг хийж байгаа хүн зөвхөн ганцхан угшил хөөгөөд явах юм бол өрөөсгөл болно. Мөнгөтэй хүмүүс ихэнхдээ угшлыг нь хараад сайн гэсэн адууг түүгээд авчихдаг. Гэтэл сайн угшилтай бүхэн амжилт гаргаад байдаггүй юмаа. Манай нэр алдартай уяачид адууны тэнцлийг их хардаг. /Жич: Дугараа манлай эд нар/ Адуу мэдэхгүй хүнд бол “Энэ адуу ийм тэнцэлтэй байна” гээд мянган удаа хэлж өгөөд ч ойгохгүй ш дээ. Монголд хэдийгээр олон жил адуу дагасан хүмүүс их байгаа ч тэр болгон хараад л адууг мэднэ гэж байхгүй. Төрөлхийн мэдрэмжтэй хүмүүс л адууг харж шинждэг юм. Жишээ нь: МУТМУяач Д.Онон  гуай гэхэд л бусдаас илүү мэдрэмжтэй төрсөн учраас л энэ олон жил үржүүлгийн ажлыг амжилттай хийж, тогтвортой амжилт гаргадаг хурдан адуу гаргаж авч байгаа юм. Угшлын хувьд гэх юм бол Төв аймаг, Хэнтий, Сүхбаатар, Дорнодод муу угшил гэж байхгүй, бүгдээрээ л мундаг угшилтай.
-Таны хувьд хаанахын адуугаар үржүүлэг хийж байгаа вэ? Үржүүлэг хийхдээ адуугаа хэрхэн сонгодог вэ?
-Би анх Оросоос адуу оруулж ирдэг Тэрбиш ахын зүчээнд очоод 20 гаран азаргыг  бүгдийг нь нэг нэгээр нь гаргаж ирээд, тойруулж алхуулж үзэж байгаад англи азаргаа сонгож авч байснаас хойш гурван жил болж байна. Төлүүд нь одоогоор улс бүсийн уралдаан, 1000 долларын уралдаан гээд л бүхий л том уралдаанд айрагдаад байгаа. /1000 долларын уралдаанд хоёр даага нь аман хүзүү болон айргийн гурав дээр иржээ/. Тэр хоёр даага маань миний англи, араб азаргануудын төлүүд нь байгаа юм. Манай Англи азарганаас долоон унага гарснаас хоёрыг нь 1000 долларын уралдаанд уралдуулсан. Нөгөө нэг нь араб азарганы төл байгаа юм. Тэгэхэд хоёр нь хоёр, гурваар орж, нэг нь наймаар орсон. Наймаар орсон даага нь шороо идчихсэн болохоос биш нөгөө хоёроосоо бүр илүү хурдан ш дээ. Гурван даага маань уралдаж байхдаа ээлжлээд л хөтлөөд яваад байсан. Үүнийг нь хараад үржүүлэг хийж байгаа хүний хувьд их бахархсан даа. Даагануудынхаа эхийг авахдаа Сүхбаатар аймгийн Асгат суманд очиж, долоо найман зуун адуунаас шинжиж байж авч байлаа. Анхны авч байсан гүү л дээ. Азаргануудаа авахаас өмнө гэсэн үг. Дараа нь англи азаргаа аваад төлийг нь улсын наадамд дааганд нь анх удаа айрагдуулж байсан юм. Араб азаргаа ч бас л Тэрбиш ахаас авсан. Адуу худалдаж авахдаа эхлээд өөрөө харж шинжиж авчихаад, бүүр сүүлд паспорт бичиг баримтыг нь үзэхээр өөртөө илүү их итгэлтэй болж, сайхан санагддаг юм. Би ер нь угшил харж их үнэтэй адуу авалгүй, хэлбэр хийцийг нь харж шинжээд боломжийн үнэтэй адуу л авдаг. Тэгээд үржүүлэг  хийгээд гарсан даагануудаас маань зарсан болгон л хурдалж, амжилт гаргаж байгаа нь их сайхан санагдаж байгаа. Би ч өөрөө хүнд муу адуу зарж болохгүй гэсэн зарчим баримталдаг хүн.
-Та их сайн азарга сонгож авчээ. Нууц биш бол азаргаа хэр үнэтэй авсан бэ?  
-Миний араб азарга бол 25 сая төгрөгний үнэтэй азарга. Тэглээ гэхэд 250 сая төгрөгний үнэтэй азарганы төлтэй миний азарганы төлүүд чөлөөтэй уралдана. Угшлаараа бол үнэтэй азарганы хаана ч нь хүрэхгүй ч хэлбэр хийцээрээ бол илүү. Тэр дундаа үзүүрт уралдах шинж нь илүү байдаг. Дуу нь гэхэд доод өнгөөр тод дуугардаг. Тийм том биетэй азарга хэрнээ яг л унага шиг унгалдаж, уулын энгэр дээр байлаа гэхэд нөгөө уулын энгэр дээр байгаа адуунд сонсогдохоор дуугарч байгаа юм. Адууг бас дуу хоолойгоор нь шинждэг гэдэг нь маш үнэн. Гахай шиг дуутай хурдан адуу байх нь байна, гэхдээ тун цөөхөн.
-Та тэгвэл энэ Баадуу алаг монгол азарганыхаа сайн шинжийг дурдвал юу гэж хэлэх вэ?
-Миний энэ алаг азарганд үзүүрт уралдах бүх хэв шинж байдаг. Тухайлбал дөрвөн мөч нь бүдүүн байх ёстой. Аман хүзүү, багалзуур сайтай, нүд нь зоригтой байх ёстой гэх мэт бүх л шинжүүд байдаг. Зориг гэдэг бол дүнэгэр, тайван сайхан харцтай байхыг хэлж байгаа юм. Адууны чихний хоорондох зай хол байвал аман хүзүү нь том, амьсгалахад илүү чөлөөтэй, түүнийхээ хэрээр уушги, зүрх нь том сайн байна гэсэн үг л дээ. Зарим нэг хүнийг хараад байхад адууны удам гэж хөөж явсаар байгаад хэлбэр хийцгүй болоод, сайн удамтай хэрнээ амжилт гаргахгүй байгаа тохиолдол их харагдаж байна. Хүн өөрийнхөө адууг сайн боллоо гэж хэзээ ч бодож болохгүй. Сайн боллоо гээд бодоод сэтгэл ханачихвал тэр жилээсээ эхлээд л уруудаад эхэлнэ. Яагаад гэхээр сэтгэл ханахаар дагаад амжилт бас ханана гэсэн үг л дээ. Тиймээс байнга л санаа тавьж байх хэрэгтэй. Би бол адууг  энэ ямар угшилтай юм  гэхээсээ илүүтэйгээр ямар арьстай, ямар толгойтой адуу вэ гэдгийг нь л хардаг..
-Сайн гүүнээс л сайн төл гарна гэж уяачид ярьдаг юм байна лээ.
-Тэр маш үнэн үг. Би нэг удаа Өлзийт хороололд ахынхаа зүчээн дээр байж байсан чинь Гавьжийн шандын цаад энгэр дээр 500 гаруй адуу, бас бог мал нийлсэн туувар явж байна. Давхиад очтол Дорнойн Сундуй гуайн адуу байсан юм. Тэгэхээр нь байдсан гүү хэдээр өгөх вэ? гэсэн чинь үзэж байгаад 600, 700 мянгаар ав гээд нэг гүү зааж өглөө. Би ч багын л зөрүүд, өөрийхөөрөө хүүхэд байсныг хэлэх үү, зааж өгсөн байдсыг нь авалгүй, өөрөө харж байгаад хулгар буурал байдас сонгож, 700 мянгаар авсан. Хэдийгээр долоон жилийн өмнө авсан ч, долоохон хоногийн өмнө л тэр байдасныхаа угшлыг мэдсэн дээ. Түүнийгээ Сүхбаатар аймаг руу аваачаад, хоёр гурван жилийн дараагаар унагалахаар нь анхных нь төлийг адуучиндаа бэлэглэсэн.  Манай адуучин тэрийг уяад Онгон сумын наадамд 500 метр хол түрүүлгэж, дараа нь адуучин маань Баянхонгор луу зарсан чинь өнгөрсөн жилийн Говь-Алтайн бүсэд аман хүзүүдсэн байна лээ. Өнгөрсөн жил дөрвөн бүсийн уралдаан болоход тэрний гуравт нь миний өөрийн харж авсан азарга болон гүүнүүдийн төл түрүүлж айрагдсан нь үнэхээр баярлууштай байлаа.
-Хурдан монгол азарга байлаа гэхэд сайн монгол гүүтэй нийлүүлж, монгол адуугаараа үржүүлэг хийж байсан уу?
-Манай адуу Сүхбаатарын Асгатад байдаг юм. Тэнд би монгол адууны үржүүлэг хийж байгаа. Монгол адууны суурь үржил байж байж л тэвчээртэй, хөлийн хурдтай адуу гарч ирдэг. Би Баадуу алаг азарганыхаа анхны төлийг өөрөө уяж үзлээ. Анхны төл нь гарангуут ямар унага гарсан бэ гэсэн чинь бүгдээрээ л охин унага гарсан гээд байсан. Би тэгэхээр нь маргааш нь давхиад очсон чинь эр унага байж байдаг байгаа. Тэгэхэд би тэр унагаа “Энэ хурдан адуу болноо” гэж хэлчихээд, Сүхбаатар аймаг руу явуулаад, өвөл оруулж ирсэн чинь хачин жижигхэн, туранхай юм болчихсон байсан. Ийм үед эхийг нь сайн тэжээгээд, тарга хүч авахуулаад байвал эхэд нь сүү орж, даага нь тамир ороод ирдэг юм л даа. Манай зарим нэг хүмүүс даагыг нь тэжээгээд байдаг. Тэгснээс эхийг нь тэжээвэл илүү үр дүнтэй. Тэр жил би уяачгүй байсан болохоор өөрөө л адуучиндаа ийм тийм ажил хий гэж зааварчлаад, даагаа сумандаа уралдуулж айрагдсан. Дараа нь Өндөр гэгээний наадамд портер дээр эхийнх нь хамт ачаад, тавьж өгөх нэг морьтой хамт аваад явсан. Тэр уралдаанд даага маань тархинд явж байгаад, яг барианд орох мөчид жаахан суугаад зургаад орчихсон.

                        Үргэлжлэлийг "Ухаантай Морь" сэтгүүлийн 75 дахь дугаараас уншина уу. "Ухаантай Морь" сэтгүүл "Чингис Хаан" ОУ-ын нисэх буудал,"Номин" супер маркетийн сүлжээ дэлгүүрүүд болон хэвлэлийн биржээр худалдаалагдаж байна. Мөн Төв шуудан, UB шуудан, Түгээмэл шуудангаар захиалан уншина уу. Утас: 88089472

 

 

Г.Хадбаатарын Англи азарга: Нэр: Sagur

Г. Хадбаатарын Араб азарга Нэр: Miramax

Сэтгэгдэлүүд
  • MGL IP:119.40.103.82 2017 оны 08 сарын 10

    Очиж шавь орьё оо аймаар шааж байна
  • o IP:202.9.47.177 2017 оны 11 сарын 10

    мундаг таньдаг залуу юмаа. жаахан юм заалгаж шавь орох юмсан
Сэтгэгдэл