2018 оны 05 сарын 24

Монголын ардчилсан оюутны холбооноос өнгөрөгч долоо хоногт сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн барилдааныг Хилчин спорт хороон дээр зохион байгуулав. Тус барилдаанд 120 бөх барилдсан юм. Баянхонгорын Э.Совджамц, Завханы Д.Батбаатар тэргүүтэй шилдэгүүд хүч үзлээ.

Өвөрхангай аймгийн Хужирт сумын заан Ч.Бямбадорж гурвын даваанд Баянхонгор аймгийн сумын заан Э.Өлзийбаярыг давж шуугиулав. Н.Даваадорж Архангайн О.Ням-Оргилыг амлан баруун талд нь хонгодон давж байв. Давааны төгсгөлд Б.Сэр-Од гурван бөхөөс сүүл үест шуугиулж байгаа Өвөрхангайн Цэдэнсодномын Бямба-Отгоныг амлан тахимдаад хялбархан давж байгаа харагдсан. Харин Сэлэнгийн Х.Наранбаяр, Завханы А.Нармандах нар тунаж Сэлэнгийн залуу дархан баруун талдаа хөмрөн хаяж давжээ.

Дөрвийн оноолтод Э.Совджамц гоцлов. Д.Батбаатар Хангайн Наранбаяртай таарч сонгуулан хавирч уналаа. Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат Б.Бат-Эрдэнэ (бөхийн өргөөний том барилдаанд их шөвөгт үлдэж байсан) мөн л Өвөрхангайн Ч.Бямбадоржтой таарч тахимдуулан шороодов. С.Жанчивдорж Б.Сэр-Одын солгой тонгороонд хийслээ. Б.Сосорбарам, Б.Доржжүгдэр нарын нутгийн залуус учраа таарав. Сүрхий ч тэмцэл гарсангүй Со давлаа. Н.Даваадорж Архангайн Б.Бямбачулууныг баруундаа мушгив.

Тав дээр Э.Совджамц Ч.Бямбадоржийг амлан тахимдаж давлаа. Б.Сосорбарам Б.Очирхуягийг мөн л тахимдав. Н.Даваадорж Ц.Мөнх-Эрдэнийг амлан баруунд нь хонгодоод давлаа. Б.Сэр-Од Хангайн Наранбаяртай тунаж суйлан давсан юм. Сүүл үест голдуу үзүүр түрүүнд хүрч барилдаад байгаа Сэлэнгийн залуу ийнхүү их шөвөг рүү гарч ирж чадалгүй уналаа.

Их шөвөгт Э.Совджамц Б.Сэр-Одыг амлан хаялцах барьцнаас зүүнд нь мордож давлаа. Б.Сосорбарам Н.Даваадорж нар тунасан. Энэ хоёр бөх жилийн зайтай МБӨ-нд түрүүлсэн хүчтэнүүд юм. Б.Сосорбарам бярдан түрэхэд дагуулж мушгин давж Өвөрхангайн залуу тэргүүн байрын төлөө үлдлээ.

Өргөөний үзүүр, түрүү хоёр шилдэг сумын зааны барилдаан хэсэг бужигнав. Н.Даваадорж баруундаа тонгорч хөнтрөөд, залган суйлж давснаар нэгэн том барилдааны түрүүг авсан юм.

Н.Даваадоржийн төгсгөлийн дөрвөн даваа нь ноднингийн Даваадорж мэт хөнгөхөн гүйж байсан бол эхний гурван даваа өнөө жилийн өргөөнд гарч байсан Н.Даваадорж мэт зуурангидуу байсан юм.

Н.Даваадорж заан түрүүлж хагас сая төгрөгийн бай гардсан. Сумын цолтны барилдааны түүхэнд ийм өндөр байтай барилдаан гарч байгаагүй юм.

Сэтгэгдэл