2018 оны 05 сарын 28

Таавар яаж эвддэгийг Таванханыхнаас асуу...

Ийм нэгэн холбоо мөрт хэдэн жилийн өмнө оруулж байж билээ. Үг бүхэн улаатай гэгчээр өнөөдөр ч эл байдал давтагдлаа. Сумын цолтны барилдааны түүхэнд Таванханчууд таавар эвддэгээрээ алдартай. Гуравдугаар сард Наурыз болсноос хойш бид чинь 256 бөхийн барилдааныг огт үзээгүй байсан юм байна шүү. Оршил болгож түүх жаахан ярих уу.

Ер нь Таванханчууд ийм төрлийн барилдаанд таавар эвдэж, тас татдагаараа алдартай л даа. 2012 оны хавар Баярхүүгийн Улаалзгана гэж шуугисан сумын заан “ гал дундуур” бужигнуулж явсаар түрүүлж билээ. Оюунболд, Хангай, Золбоо, Бадарч, Пүрэвгарьд, Анар, Энхсайхан (одоогийн Энхсайханыг бодвол маш аюул тарихуйц бөх байсан) Пүрэвдорж нарыг байхад л гялалзуулж байлаа. Тухайн үедээ бол ч санамсаргүй юм боллоо л гэж бодож байсан. Түүнээс хойш таван жил шахам тасралтгүй сайн барилдахыг нь харвал түрүүлэх ёстой л бөх түрүүлж байж гэж бодогддог юм. Дараа нь Баянхонгорын нэг том сумын цолтны барилдаанд бас хөлс гаргалгүй түрүүлж байсан бөх дөө.

Дараа жил нь мань Ширчинхүү мөн гүйчихлээ. Мөнхбаяр, Гүнсэнноровын Батмөнх, Береке, Оргилболд гээд сайчууд Таванханы залууг дундуураа алдсан юм. Ширчээ нийт гурав түрүүлсэн, хамгийн олон их шөвөгт үлдсэн хүний рэкордыг эзэмшиж байгаа. Ер нь дандаа таавар эвддэг хүн л дээ. За өнөөдөр ч Ширчээ алах байхаа гэхэд хоёр гурав, дөрөв дээр хийснэ. За энэ Ширчээ ч нэмэргүй нөхөр юм даа гэхэд занхайж байгаад л түрүүлнэ дээ. Унаж нэг эвдэнэ, түрүүлж нэг эвдэнэ, ёстой таашгүй таавар эвдэгч л дээ.

МҮДС түүхэндээ ганц том барилдаан хийсэн юм. Энэ аймгийн харцага Лханаагийн Алтангэрэл эд нар хийж байсан. 100 гаруй сайн залуу цугласан. Бас л Сантын Б.Баатарболд гээч заан урамтай барилдаж түрүүлж билээ. Хөлөө алдаад бараг хэвтэж байгаад давхар ачиж бариад л дээшээ гарсан юмдаа.

Өнөөдөр харин Баруунхараагийн Батжаргал хэмээгч хүү 113-ийн зааланд босоо байлаа. Ер нь дор даваанаас хөнгөхөн түүргүй явчихсан. Түрүү бөхийн аз, од, хийморь, хувь, тохироо гэдэг цаанаасаа заяамал эд л дээ. Цугласан бүх бөхийн аз, азгүйтэл даваа унаа түрүү бөхийн үүдийг нээж байх шиг санагддаг. Найрч, буусан, өгөө аваа гэдэг утгаар биш шүү. Цаанаасаа л нэг өөр хүч байдаг байх. Д.Алтанцоож, Б.Даваадалай, Баянхонгорын Э.Амгаланбаатар, Ө.Батсуурь, Х.Бөхбаяр, Э.Золбоот, Н.Даваадорж, Ё.Гантулга, Б.Сэр-Од, Д.Ням-Очир гээд түрүүлэхэд огт гайхамгүй хүмүүс цугласан ч Хараагийн залуу онцгой байв. Аа бас өнөөдөр нэлээд хэл ам гарсан. Түрүү бөх маань аль ч хэл аманд нь өртөөгүй алтан медаль зүүснээрээ онцлог юм даа. 

Тавын даваа

  1. Б.Даваадалай- Ч.Азбаяр Өвөрхангай
  2. Э.Амгаланбаатар- Н.Даваадорж Өвөрхангай
  3. Д.Хандсүрэн- С.Заманбек Баян-Өлгий
  4. Ц.Чинзориг- Б.Анандпүрэв Дундговь
  5. Б.Очирхуяг- Д.Эрдэнэцогт Архангай
  6. Б.Бямбадорж- Г.Эрдэнэтогтох Увс
  7. Б.Батжаргал- Б.Доржжүгдэр Ховд
  8. Б.Сэр-Од- Д.Ням-Очир Архангай

Зургаагийн даваа

  1. Б.Даваадалай- Б.Очирхуяг
  2. Ц.Чинзориг-С.Заманбек
  3. Н.Даваадорж-Г.Эрдэнэтогтох
  4. Б.Батжаргал- Д.Ням-Очир

Долоогийн даваа

  1. Б.Очирхуяг-С.Заманбек
  2. Н.Даваадорж-Б.Батжаргал

Наймын даваа

  1. С.Заманбек- Б.Батжаргал

Сэтгэгдэл