2018 оны 05 сарын 29

Архангай аймгийн Тариат сумын харьяат өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдааны түрүү бөх Өнөрбаянгийн Батсуурь 1996 онд төржээ. 17 насандаа анх Улаанбаатар хотод ирж үндэсний  бөхийн бэлтгэлийг Алдартан дэвжээ, сумын заан Х.Баярнэмэхийн удирдлагад хийх болсон. 2016 оны долдугаар сарын 10-нд Баянхонгор аймгийн Заг сумын баяр наадамд сумын заан Э.Совджамцаар тав давж сумын начин хүртэж, тэр жилээ Эрдэнэбулган сумынхаа баяр наадам Доржийн Ням-Очироор тав давж цолоо батласан. 2017 онд Эрдэнэбулган суманд түрүүлж сумын заан цол хүртсэн. Дарханд 2017 оны залуучуудын үндэсний бөхийн улсын аваргад шигшээд шалгарч 12-т орж байсан. 2017 оны Арваннэгдүгээр сарын сумын цолтны барилдааны дөрвийн даваанд Дансрангийн Батмөнх (өмнөх сард нь 480 бөхөөс түрүүлчихээд байсан), тавын даваанд завсаргүй шөвгөрч байсан Ховдын Л.Цэнд-Аюушийг, зургаагийн даваанд шинэхэн шөвөг Ховдын Б.Баярааг гарангуут шилдэж тахимдан хаяж шууд наймд үлдсэн юм. Долоогийн даваанд хатуу боорцог болчихоод байгаа Б.Сэнгэдоржтой тунаж хүнд барилдаан хийж суйлан давсан. Дараагийн даваанд нь Увсын Цагаанхүүгийн Мөнх-Эрдэнэтэй тунаж тахимдан хаяснаар анх удаа тэргүүн байрын төлөө шалгарсан. Үзүүр түрүүнд гурав дахиа шалгарч байгаа Болдын Даваадалайг мушгихад нь мэдрээд баруундаа нааж хаян түрүүлж байлаа. Ер нь сумын цолтны барилдааны түүхэнд хамгийн бага эрэмбэнээс түрүүлсэн бөхөд Өнөрбаянгийн Батсуурь зүй ёсоор нэрлэгддэг юм. Дүнжингарав цом-2018 тэмцээнд шигшээ зургаад үлдэж тавдугаар байрт шалгарсан. Маш дайчин, зоримог барилдаантай, дайрч тахимдах, суйлах мэхийг онцгой хийдэг биеийн хөгжил сайтай хүчтэн юм. Д.Жавзанжамъяан начингийн нэрэмжит барилдаанд Б.Амбасэлмааг нэгийн даваанд хавирч, хоёрын даваанд А.Отгонбаатарыг баруун тонгорч, гурвын даваанд багшийнхаа дүү Х.Оргилболдод тахим буулгасан юм. Өдгөө Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээнд үндэсний бөхийнхөө бэлтгэлийг базааж байна.

1996 оныг ирээдүйд төлөөлөх шилдэг бөхчүүдийн нэг болно хэмээн бөх сонирхогчид дэмжин хүлээдэг билээ. 

Сэтгэгдэлүүд
  • Барбаатар IP:103.10.23.206 2018 оны 05 сарын 29

    Мундаг шүү миний ах
  • XD IP:103.26.194.199 2018 оны 05 сарын 29

    Good
  • Smile IP:66.181.161.76 2018 оны 05 сарын 29

    Амжилт хүсье.
  • byambaulzii IP:203.91.115.35 2018 оны 05 сарын 30

    Аварга болоорой маш том амжилт хүсье.
  • Бямбадагва IP:66.181.160.61 2018 оны 05 сарын 30

    Зориг хурд ухаан 3г эрхэмлэж яваарай. Сайн бөх болох нь зөвхөн чамаас хамаарна шүү. Амжилт.
  • chaaga IP:66.181.177.122 2018 оны 06 сарын 01

    Amjilt husii and
  • Хонгорзул IP:112.72.11.110 2018 оны 06 сарын 04

    Мундаг шүү амжилт илүү их амжилт гаргарай
  • ариунцэцэг IP:27.123.214.115 2018 оны 06 сарын 10

    амжилт хүсье дархан аварга болоорой
Сэтгэгдэл