2018 оны 05 сарын 30

Тэртээ 1999 оны зун таван настай хүү нагац хүргэн ахтайгаа планета 5 мотоциклоор хурдан морь дагаж адуу гэж алтан туурт дурлаж, эрдэнэт энэ хүлэгт сэтгэл алдарж амьдралын минь салашгүй нэгэн хэсэг болсоноос хойш хэдийн хорин жилийн хугацаа өнгөрчээ.

Хурдан морь сонирхогч захийн хүнээс Баянцагаан гэж асуухад Гурван үеээрээ төрийн их баяр цэнгэл наадамд адуун сүргийн манлай азарга түрүүлгэсэн МУ-ын Алдарт уяач Мөнхийн Данзанням, МУ-ын Тод манлай уяач, Зууны манлай хүлэгч, гавъяат малчин Данзаннямын Даваахүү, МУ-ын Алдарт уяач Даваахүүгийн Баянбат зэрэг Манлай, Алдарт уяачдын өлгий нутаг, үеийн үед төрийн их баяр цэнгэл наадмын өнгийн тодорхойлож байдаг Төв аймгийн Баянцагаанчуудыг хэлэх буй за, гэвч Улсын нийслэл Улаанбаатар хотоосоо 960 гаран км алслагдсан Монгол Алтайн нурууны салбар уулсаар нутагтай БНМАУ-ын хөдөлмөрийн баатар Д.Жанар, Г.Манхан, Хөдөлмөрийн баатар барилгачин Ж.Ишгэнхүү, Гавъяат нэгдэлчин Ё.Сүрэндулам, Гавъяат тамирчин, МУ-ын Ерөнхийлагч Х.Баттулга, МУ-ын Алдарт уяач Д.Баяраа, МУ-ын Мэргэн П.Сүхдалай, Б.Отгонбаяр нарын Алдартнуудын өлгий нутаг хуучнаар Засагт хан аймгийн Жонон вангийн хошуу, одоогийн Баянхонгор аймгийн Баянцагаан сумыг сайн мэдэх хүн цөөхөн байдаг. Хэдий Монголын морин спорт уяачдын холбооны түүхэнд онцгой амжилт үзүүлж гялалзаагүй ч Монголын хамгийн том гурван уралдаанаас айраг түрүү хүртэж, 1995 оноос хойш #Өвөрхангайаймгийн Монголын төр нийгэм, шашин соёлын нэрт зүтгэлтэн, шарын шашны анх дугаар тэргүүн Богд Жавзандамба хутагт Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний ой, #Баянхонгор аймгийн Монголын төр шашны нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Эрдэнэ Бандид хутагт Ламын гэгээний мэндэлсний ой даншиг наадмыг улсын бүсийн чанартай уралдаан болгон тэмдэглэж ирсэнээс хойш өнөөдрийн хүртэл айраг түрүү алгасалгүй хүртсэн Монголын улсын цорын ганц сум гэдгийг мэдэх хүн бүүр ч үгүй юм.

Сэтгэгдэл