2018 оны 06 сарын 07

Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг 1964 оноос эхлэн зохион байгуулдаг болжээ. Улсын аварга Д.Сумъяабазар, улсын аварга С.Мөнхбат, улсын аварга Ч.Санжаадамба, уолимпийн аварга Н.Түвшинбаяр, Сумогийн их аварга Асашёрьюү Д.Дагвадорж, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын арслан П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, улсын арслан Н.Батсуурь, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын арслан Д.Азжаргал, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ улсын харцага Ө.Даваабаатар, улсын начин Н.Бүрэнбаатар, улсын начин Амарын Батмөнх гээд энэ тэмцээнээс гараагаа эхэлсэн үндэсний бөхийн болоод сонгодог барилдааны сайчууд олон. 1982 улсын аваргад л гэхэд Пунцагийн Сүхбат түрүүлж, Монхорын Дармаабазар, Хэнмэдэхийн Амраа нар  мөнгө хүрэл зүүж, дархан аварга Б.Бат-Эрдэнэ медальгүй хоцорч байсан сонин түүх бий. Их бөхийн гараагээ эхэлсэн мундагууд байхад насаа дарж орон улсын аваргын алдар хүртсэн хүн ч бий. 15-16,17-18 насны ангиллаар зохиож заншсан тус тэмцээнд 1990 оноос хойш түрүүлсэн бөхүүдийг танилцуулж байна. 2012 оноос эхлэн тус тэмцээнд гурван насны ангилалаар зөвхөн иргэний үнэмлэхтэй хөвгүүд оролцох болсон юм.
1990 оны улсын аварга шалгаруулах тэмцээн
Долгорсүрэнгийн Сумъяабазар, Очирын Одгэрэл нар бага дээд насанд түрүүлэв. Сонирхуулахад энэ хоёр бөх нэг сургуулийн хүүхдүүд байсан юм. Сумъяа аварга урьд жил нь ч аварга болсон байсан. Өвөрхангайн С.Батсүрэн, Төв аймгийн Б.Батжаргал нар бага насанд байр эзлэсэн бол Одгэрэл зааны удаад Шонхорын Баасанжавын Лхагвасүрэн, одоогийн улсын начин А.Хатансайхан нар медаль хүртлээ. 
1991 оны улсын аварга шалгаруулах тэмцээн 
Бага насанд Ховдын Даваагийн Ганзориг түрүүлж, Өвөрхангайн Лхагвадоржийн Наранбаатар, Завханы Б.Алтангэрэл нар мөнгө хүрэл медалийн эзэд болов. Улсын хошой аварга Д.Сумъяабазар энэ удаа Хөвсгөлийн Ж.Жамъансэнгээг барсангүй хоёрдугаар байрт шалгарчээ. Харин гуравдугаар байрт Ажилчны районоос орсон Гунгаагийн Элбэг шалгарсан. Түүнийг хожмын улсын харцага гэдийг манай уншигчид андахгүй биз ээ. Энэ улсын аварга Хоршоололын зааланд болсон гэдэг.
1992 оны улсын аварга шалгаруулах тэмцээн
Завханы Юнрэн багш Цэрэннадмидын Сумъяабээсийг бага насанд түрүүлгэв. Түүний удаад Төв аймгийн Б.Арьяасүрэн, бөхийн гэр бүлд төрсөн Д.Сэржбүдээ нар шалгарсан. Дээд насанд Гунгаагийн Элбэг өнгөрсөн жилийн медалийнхаа өнгийг хувирган түрүүлж, Завханы П.Бөхбаяр, Увсын Тэсийн Чойнхорын Чулуунбаатар нар дараагийн байрт орсон. Сонирхолтой нь Элбэг, Чулуунбаатар нар 1997 онд хамтдаа өсөх идэр начин цолыг хүртэж, мөн тэр амжилтаараа улсын харцга цол хүртсэн. 
1993 оны улсын аварга шалгаруулах тэмцээн
Энэ удаа хоёр насны ангилалд хоёуланд нь Завханы хөвгүүд түрүүллээ. Тодруулбал бага насанд өдгөөгийн аймгийн заан И.Батсайхан, дээд насанд Ц.Сумъяабээс. Бага насанд Дундговийн МагванрагчааЭ.Мөнхзаяа, Хэнтийн Х.Хаянхярваа гэх хүүхдүүд мөнгө хүрэл хүртэж, дээд насанд 1991 оны улсын аваргын хүрэлт Завханы Б.Алтангэрэл, Л.Наранбаатар начин нар шагналын тавцанд зогсчээ.
1994 оны улсын аварга шалгаруулах тэмцээн
Бага насанд Идэр дэвжээний Д.Энхбаяр түрүүлж, Дундговийн Осорын Хүүхэнбаатар, Тулгатын Г.Цоггэрэл (Н.Ганбаатар багшийн шавь) хоёр гуравдугаар байрт шалгарсан. Дээд насанд Ишжанцангийн Батсайхан өсвөр үеийн улсын хошой аваргаар тодорч, Анагаахын Тувааны Болдбаатар аман хүзүүдэж, Авирмэдийн Эрхэмбаяр начин хүрэл зүүв.
1995 оны улсын аварга шалгаруулах барилдаан
Хэнтийн Цэрэндаваагийн Ганхүү гэх хөвгүүн бага насанд түрүүлж, цэргийн арслан Отгоны хүү Эрдэнэбат мөнгө, одоогийн аймгийн арслан "Уушиг хайрхан"-ны Нэргүйн Гантулга хүрэл медалийн болзол хангав. Дээд насанд Улсын багшийн дээд сургуулийн Доржпүрэвийн Энхтайван түрүүлж, Батжаргалын Одхүү хоёрт, Дашдондовын Батбаяр гутгаар байрт шалгарсан.
1996 оны улсын аварга шалгаруулах барилдаан 
Наранцэцэгийн Бүрэнбаатар түрүүлж, Дагвадоржийн Азжаргал хоёрт орж ирээдүйд юм дуулгах хүүхдүүд болохоо харуулав. Энэ хоёрын дараа Хөвсгөлийн Магваны Дугаржанцан гэх хүү шалгарсан юм. Дээд насанд Хэнтийн Б.Одхүү торолгүй түрүүлж, Цэрэнхандын Мөнхзориг (одоо аймгийн заан) хоёрт, Дашдондовын Батбаяр дахин хүрэл хүртлээ.
1997 оны улсын аварга шалгаруулах барилдаан
 Налайхын Хашдайн Хүрлээ түрүүлж, ирээдүйн сумогийн их аварга түүнд унаж хоёрт орсон юм. Завханы Я.Моломжамц хүрэл зүүсэн бол Дагваа аварга Жуулчин дэвжээнээс энэ тэмцээн оролцжээ. Дээд насанд Архангайн Хэнмэдэхийн Оргилсайхан арслан түрүүлж, Мишкагийн Батжаргал, Дагвадоржийн Азжаргал нар эхний байруудад шалгарлаа. 4-6 байрт өнгөрсөн жилийн аварга Н.Бүрэнбаатар, Өмнөговийн Ц.Гантулга, Архангайн Ц.Хурцбаатар нар шалгарчээ. 
1998 оны улсын аварга шалгаруулах барилдаан
Дээд насанд Н.Бүрэнбаатар дахин түрүүлж аваргын титмээ эргүүлэн авлаа. Түүний удаад Өвөрхангайн Оюуннэмэхийн Сугаррагчаа, Есөнтугийн Н.Гантулга (Уушиг хайрхан) нар шалгарсан. Сугаррагчаа гэх энэ аралтай залуу жүдогоор тун сайхан барилдаж байсан. Бага насанд одоогийн Хэнтий аймгийн арслан Төмөрийн Гүрсоронзон, Дарханы Даваасүрэнгийн Батбаяр (одоо а.а цолтой, Дархан сумын орлогч дарга), Сэлэнгийн Энхтүвшингийн Лхагвасүрэн нар алт мөнгө хүрэл медаль хүртэв. Э.Лхагвасүрэн тойргийн аймгийн начин цолтой, самбо жүдо барилдаанаар сайн барилдаж байсан, олон сумдад түрүүлсэн хүчтэн юм. Энэ улсын аварга Спортын төв ордонд болсон сүүлчийн улсын аварга юм. Багийн дүнгээр Хэнтийн Мэндсайхан багш алт зүүв. 
1999 оны улсын аварга шалгаруулах барилдаан
МБӨ-нд болов. Дорнодын Жүгдэрийн Гансүх бага насанд түрүүллээ. Хэдэн жилийн хойно энэ залуу улсын начин цол хүртэхдээ үеийнхнээсээ хамгийн залуу нь тул даага хөтөлж байсан түүхтэй. Ок буюу улсын өсөх идэр начин Ж.Отгонбаяр хоёрт орж, Сэрээтэр харцагын шавь Биеийн тамирын дээд сургуулийн Б.Доржнамжим гутгаар байрт шалгарлаа. Харин дээд насанд аралтай бяртай Т.Санчир заан түрүүлж, Хангарьдын Б.Алтанхүү, Орхоны Л.Жамбаа нар мөнгө хүрэл хүртжээ. Батмөнхийн Алтанхүү бол 1997 оны улсын наадмын өсвөрийн барилдааны түрүү бөх юм. Багийн дүнгээр Д.Сэрээтэр харцага тэргүүлэв.
2000 оны улсын аварга шалгаруулах барилдаан
Баянзүрх дүүргээс орсон Эрдэнэцогтын Одгэрэл (одоо сумогийн Широнорю) түрүүлж, Чулуундаваагийн Мөнхбаяр, Батбаярын Ариун-Эрдэнэ гэх Булганы хөвгүүд дараагийн байранд оржээ. Ч.Мөнхбаяр "Нарантуул" дэвжээнээс орж байсан бол, Б.Ариун-Эрдэнэ Булганаа төлөөлж оролцсон. Энэ хоёр цаашдаа чөлөөт жүдо барилдааны шигшээгийн гишүүн болж байсан билээ. Ахлах насанд нь Баянхонгорын Равсалын Дамдин түрүүлж, улсын арслан Х.Мөнхбаатар үзүүрлэв. Ж.Гансүх начин хүрэл зүүсэн энэ улсын аварга Баянхонгор аймагт болсон.
2001 оны улсын аварга шалгаруулах барилдаан
Говь-Алтайд Хөхморьтын Баарангийн Дашдаваа түрүүлж, Баруунтурууны Намсрайн Ганзориг арслан мөнгөн медалийн болзол хангажээ. Тэр жил гуравт Төв аймгийн Рэнцэндоржийн Гантөгс шалгарсан. Дээд насанд Жанчивын Отгонбаяр улсын аваргаар тодорч, Пэрэнлэйн Эрдэнэпүрэв, МУИС-ийн Даваанямын Лхагвадорж нар медаль хүртэв.
2002 оны улсын аварга шалгаруулан тэмцээн
Ирээдүйн Олимпийн аварга маань торолгүй түрүүлж, улсын начин Лхагвасүрэнгийн Гантулга хоёрт орж, Булган аймгийн начин Баасансүрэнгийн Мөнхбат хүрэл зүүв. Дөрөвт одоогийн улсын өсөх идэр начин Эрдэнэбилэгийн Энхбат орсон. Сонирхуулахад Найдангийн Түвшинбаяр тэр жилээ Булган аймгийнхаа баяр наадамд шөвгөрч аймгийн начин цол хүртсэн юм. Дээд насанд мөн л Булганаас ирж оролцсон Жүдогийн Ариун-Эрдэнэ түрүүлж, Д.Эрдэнэтулга, Увс аймгийн арслан Батсуурийн Нэргүй нар дараагийн байруудын эзлэжээ. Энэ улсын аварга Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод болов.

2003 оны улсын аварга шалгаруулах тэмцээн
Сэлэнгэ аймгийн Ерөөгөөс оролцсон Өлзийбатын Даваабаатар Дарханд болсон улсын аваргад түрүүлж, Жанцангийн Бат-Эрдэнэ мөнгө хүртлээ. Шонхорын А.Өгийдалай гуравдугаар байрт шалгарчээ. Дээд насанд Мөнхсайханы Өсөхбаяр түрүүлж, Лхагвасүрэнгийн Гантулга, Найдангийн Түвшинбаяр нарын ирээдүйн "томчууд" медалийн тавцанд зогслоо. 

2004 оны улсын аварга шалгаруулах тэмцээн
Өнгөрсөн жилийн хүрэл медальт Шонхорын А.Өгийдалай түрүүлж, Аваргын Р.Бэхбат, Булганы Б.Батбаяр нар эхний байруудад оров.  Шонхорын Я.Болд (Увсын Баруунтуруун 2008 онд аймгийн начин цол хүртсэн  аварга С.Мөнхбаттай эгч дүүсийн хүүхэд) дээд насанд аваргалж, нэгэн үеийн өрсөлдөгчид болох Батжаргалын Золбаяр, Жанцангийн Бат-Эрдэнэ нар мөнгө хүрэл зүүжээ. Гарьд Чингэлтэй дүүргээс орсон бол Золбаяр агсан Хүй мандалаас оролцжээ. Дорнодын улсын аваргыг багийн дүнг Шонхор сургууль тэргүүлэв.

2005 оны улсын аварга шалгаруулах тэмцээн
Архангай аймагт болж "хатуу гарт" Цэрэндоржийн Ганбат түрүүлж, Завханы Лхагваагийн Лха-Очир мөнгө авч, өнгөрсөн жил аймгийн начин цол хүртсэн Батжаргалын Энх-Амгалан хүрэл хүртсэн. Увс аймгийн заан Баатарын Бадарч дөрөвт орсон. Харин дээд насанд Дарханы Б.Болд (аймгийн арслан Даваадоржийн Болдбаатар) түрүүлж, Сэлэнгийн Б.Золбаяр агсан, Ө.Даваабаатар харцага нар мөнгө хүрэл хүртжээ. Дөрөвт жүдо барилдааны шилдэг мастер Баттулгын Тэмүүлэн оржээ. Ч.Буян арслан багийн дүнгээр тэргүүлжээ.

2006 оны улсын аварга шалгаруулах тэмцээн
Чойрт боллоо. Одоогийн начин Амарын Батмөнх бага насанд түрүүлж, Авирмэдийн Хосбаяр, Шонхорын Э.Амгаланбаатар нар дараагийн байруудад оржээ. Дээд насанд улсын начин Гансүхийн дүү аймгийн начин Галбадрахын Гантулга түрүүлж, одоогийн аймгийн харцага Б.Бат-Орших хоёрт, Чөлөөтийн 84 кг-ийн Найданпүрэвийн Цэрэнчунт хүрэл зүүв. Сонирхуулахад Хосбаяр, Бат-Орших нар Аварга дээд сургуулиас оролцож мөнгө зүүцгээжээ. Аварга дээд сургуулийн баг түрүүлэв.

2007 оны улсын аварга шалгаруулах тэмцээн
Ховдод болов. Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат одоогийн аймгийн заан Сүхбаатарын Ган-Идэр улсын аварга болж, Увсын Түвдэндоржийн Аззаяа хоёрт, Булганы О.Отгонболд гутгаар байрт шалгарав. Харин дээд насанд Пүрэвийн Бүрэнтөгс, Амарын Батмөнх, Лхагваагийн Лха-Очир гэсэн "эвгүй" гарууд  унаган нутгаа төлөөлж орон медалийн оосроос атгацгаав. Хүчтэний өлгий нутгийн энэ гурван залууг өнөөдөр хэрхэн барилдаж байгааг бид бүхэн мэдэх билээ.

2008 оны улсын аварга шалгаруулах тэмцээн
Энэ жилийн улсын аварга 2008 оны хавар Төв аймагт болсон. 15-16 насанд Увсын Түргэний Даваасамбуугийн Энхбаяр (Олимпийн) түрүүлж, Хархорины улсын шонхор Төмөртогоогийн Түвшинтулга мөнгө хүртэж, Төв аймгийн Д.Жавхлантөгөлдөр нутгийн дэвжээнээс хүрэл медалийн болзол хангалаа. Дөрөвт Дундговь аймгийн Дэрэн сумын арслан Ганзоригийн Баяржавхлан шалгарав. Төв аймгийн С.Ган-Идэр нутгийнхаа дэвжээн дээр улсын аваргын мөнгө зүүж, Өвөрхангайн Болдпүрэвийн Сугаржаргал түрүүлж, Говь-Алтайн Авирмэдийн Хосбаяр гуравт оржээ. Дөрөвт Завханаас орсон одоогийн улсын начин Б.Чимэдвандан шалгарсан. Багийн дүн Ж.Отгонбаяр дасгалжуулагчтай Төв аймгийн баг түрүүлэв. 

2009 оны улсын аварга шалгаруулах тэмцээн
Хэнтий аймагт болсон энэ улсын аваргад сумын заан Батноров сумын харьяат Энхжаргалын Дарханбат бага насанд түрүүлэв. Чөлөөт барилдааны Ази тивийн аварга Доржхандын Хүдэрбулга, Увс аймгийн арслан Хүрэлбаатарын Оргилболд нар мөнгө хүрэл медаль хүртэв. Шархүүгийн Пүрэвгарьд дөрөвт, 66-ийн Г.Хэрлэн тавд оров. Дээд насанд Сүхбаатарын Ган-Идэр улсын хошой аваргын болзол хангаж, Даваасамбуугийн Энхбаяр, Түвдэндоржийн Аззаяа гэх улсын аваргын медальтай хөвгүүд байр эзлэв. Багийн дүнгээр Алдартан дэвжээ Д.Бумбаяр заан тэргүүлэв. 

2010 оны улсын аварга шалгаруулах тэмцээн
Энэ оны улсын аварга Увс аймгийн төв Улаангом хотод болсон. 15-16 насанд Ховд аймгийн БТСГ-ын бөх Э.Эрдэнэбаяр түрүүлж, Увс аймгийн Тэс сумын харъяат “Шандас” клубын бөх Ж.Золбаяр удаалж, Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, нийслэлийн СХД-ийн бөх Ө.Дүүрэнбаяр гуравдугаар байр эзлэв. 

17-18 насанд Төв аймгийн Өндөрширээт сумын харъяат “Алдартан” клубын бөх Д.Хүдэрбулга түрүүлж, “Олимп-Шонхор” дэвжээний бөх Д.Энхбаяр удаалж, Увс аймгийн “Шандас” клубын бөх Т.Мөнх-Эрдэнэ гуравдугаар байр эзлэсэн.  Уран барилдааны тусгай шагналыг 15-16 насанд Дорнод аймгийн А.Төгөлдөр, 17-18 насанд дөрөвдүгээр байрт шалгарсан “Шонхор” дэвжээний бөх Шархүүгийн Пүрэвгарьд нарт олгосон бол уран гараа дэвээний тусгай шагналыг 15-16 насанд Говь-Алтай Хөхморьтын Гүнсэнноровын Батмөнх, 17-18 насанд Хэнтий аймгийн Ц.Тайванхүү нарт олгожээ. Ш.Бат-Очир дасгалжуулагчтай Увс аймгийн "Шандас" клуб түрүүлэв.

2011 оны улсын аварга шалгаруулах тэмцээн
Тус оны есдүгээр сард Хөвсгөл аймагт болсон тус тэмцээнд бага насанд Өлзийбаярын Дүүрэнбаяр түрүүлж, Бердимуратын Серик хоёрт орсон. Энэ хоёр бөх 2010 оны улсын наадмын өсвөр бөхөд мөн тэргүүн байр булаацалдаж байсан юм. Олимпийн Халтархүүгийн Лувсаншарав гуравт оржээ. Увсын Дорждэрэмийн Цэнд-Аюуш дөрөвт шалгарсан байна. Харин дээд насанд Булганы Сайханы Доржцэгмидийн Алтангэрэл, мөн Булганы Б.Түмэндэмбэрэл, Увсын Х.Оргилболд нар байр эзлэжээ. Өнөө жилийн сар шинийн түрүү бөх Баярхүүгийн Бат-Өлзий аз дутаж дөрөвт шалгарлаа. Одоогоор тэр жилийн улсын аваргын хамгийн өндөр цолтон болчихоод байгаа юм. Багийн дүнгээр Шонхор-Олимп дээд сургууль алт зүүсэн.

2012 оны улсын аварга шалгаруулах тэмцээн

Улаанбаатар хотод улсын аварга маань 13 жилийн дараа эргэн ирлээ. Бөхийн өргөөнд гурван насны ангилалаар тэмцэлдлээ. 16 насанд Архангайн Эрдэнэбилэгийн Амартүвшин нэг унаатай түрүүлэв. Тэр түрүүлсэн баг буюу Сонгинохайрхан дүүргээс оролцсон юм. Ганбатын Амгалан Багахангайг төлөөлж мөнгө, Баян-Өлгийн Б.Байбори хүрэл дээр буув. Дундговийн Б.Одсүрэн Хан-Уулаа төлөөлөөд дөрөвт орчихлоо. 

17 насанд Увсын Тэсийн Дорждэрэмийн Цэнд-Аюуш түрүүлж, дараагийн гурван хүүхэд биенээ тойрч, Б.Самданжамц мөнгө, Э.Лхамхүү хүрэл хүртлээ. Дөрөвт Дорнод аймгийн Г.Төрмөнх орсон. Одоо Г.Төрмөнх нь аймгийн арслан цолтой.

18 насанд одоогийн улсын начин Б.Серик нэг унаатай түрүүлэв. Өлзийбаярын Дүүрэнбаяр мөнгөн медаль хүртэв. Одоо өргөөнд тун эвгүй барилдаж байгаа Лхагвасүрэнгийн Энхсаруул хүрэл, Хөвсгөлийн Энхмэндийн Өлзийсайхан дөрөвт шалгарлаа. Э.Өлзийсайханыг бүгд таних биз. Зааланд шуугиулдаг аймгийн начин болжээ. Багийн дүнгээр Дүүрээ, Амартүвшин, Х.Дашзэвэгийг багтаа оруулсан Сонгинохайрхан дүүрэг Б.Хаштогтох багш түрүүлэв.

2013 оны улсын аварга шалгаруулах тэмцээн

Энэ удаагийн улсын аварга Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод боллоо. 16 насанд Дорноговийн Б.Бат-Эрдэнэ О.Эрдэнэбатдаа унаж нэг унаатай түрүүлэв. Хан-Уул дүүргийг төлөөлсөн Даваадоржийн Эрдэнэтулга дараагийн байрт шалгарав. Гуравт Хэнтийн Осгондаваагийн Эрдэнэбат шалгарчээ. Аймгийн начин Насан-Очирын Намнансүрэн дөрөвт оров. 

Дунд насанд Эрдэнэбилэгийн Амартүвшин мөн нэг унаатай түрүүлэв. Э.Бат-Эрдэнэд унажээ. Хан-Уулын Б.Одсүрэн мөнгө авч, Х.Нямдорж хүрэл медаль хүртлээ. Төрийн наадмын их шөвөг Эльбусын Бат-Эрдэнэ дөрөвт шалгарав.

Дээд насанд Архангайн Б.Зоригтбаатар нэг унаатай түрүүлжээ. Мөнгийг Увс аймгийн Наранбулаг сумын харьяат Б.Батбаян хүртэв. Хүрлийг Говьсүмбэр аймгийн арслан Э.Мөнхбаатар хүртлээ. Говь-Алтайн Э.Жүгдэрнамжил дөрөвт, аваргыг хаясан Г.Төрмөнх тавд орлоо. Багийн дүн Хан-Уул дүүрэг буюу Аварга дээд сургууль Б.Адъяахүү тэргүүлэв.

2014 оны улсын аварга шалгаруулах тэмцээн

Алс баруун хязгаар Баян-Өлгийчүүд энэ удаагийн улсын аваргыг зохион байгуулав. Бага насанд Өвөрхангайн залуу арслан Б.Лхагвадорж унаагүй түрүүлж гайхуулав. Мөнгийг Хэнтийн Дамдинсүрэнгийн Ариунбаатар агсан хүртлээ. Хүрлийг Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат сумын заан Чинбатын Алтангэрэл зүүв. 

Дунд насанд Дорноговийн Бат-Эрдэнэ хошой алттай боллоо. Осгондаваагийн Эрдэнэбат амжилтаа ахиулж мөнгө, Насан-Очирын Намнансүрэн гуравт шалгарав. Дөрөвдүгээр байрт Даваадоржийн Эрдэнэтулга оров. 

Дээд насанд Б.Одсүрэн түрүүллээ. Хоёрт Увсын Баттулгын Нямсамбуу шалгарав. Өвөрхангайн Дамдиннямын Бат-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ. Дөрөвт Ганбатын Амгалан шалгарлаа. Хан-Уул дүүрэг Аварга дээд сургууль тэргүүллээ.

2015 оны улсын аварга шалгаруулах тэмцээн

Энэ удаа Дорноговь аймагт болов. Б.Бат-Эрдэнэ нутгийн довонд унаагүй түрүүллээ. Мөнгийг Хангайн Наранбаяр, хүрлийг Аврагчийн Б.Түвшинтөгс хүртэв. Даваадоржийн Эрдэнэтулга дахин дөрөвт шалгарав.

Дунд насанд Батжаргалын Лхагвадорж дахин унаагүй түрүүлэв. Чинбатын Алтангэрэл медалийн өнгө хувиргаж мөнгө, Мөнхтөрийн Лхагвагэрэл гуравт оров. Дөрөвт Өвөрхангайн Бүрдний Б.Отгонбаяр шалгарав. Тэр бас уран барилдааны шагнал хүртсэн юм.

Бага насанд Сүхбаатарын Н.Өсөхбаяр унаагүй түрүүлэв. Өмнөговийн Тогтохсүрэнгийн Дашжамц мөнгө зүүлээ. Гуравт Хан-Уулын Жаргалсайханы Жавхлан шалгарав. Багийн дүнгээр Чингэлтэй дүүрэг буюу Аврагч спорт хороо Ц.Шийрэв багш алт авлаа.

2016 оны улсын аварга шалгаруулах тэмцээн

Өвөрхангай аймагт улсын аварга анх удаа болов. Дээд насанд Мөнхтөрийн Лхагвагэрэл унаагүй түрүүлэв. Дамдинсүрэнгийн Ариунбаатар агсан дахин мөнгө зүүв. Хүрэл медалийг хоёр жил түрүүлчихээд байсан Өвөрхангайн Б.Лхагвадорж хүртлээ. Дөрөвт Баянхонгор аймгийн харьяат сумын заан Чинбатын Алтангэрэл оров.

Дунд насанд Сүхбаатарын Н.Өсөхбаяр нэг унаатай түрүүлэв. Мөнгийг Жаргалсайханы Жавхлан, Өвөрхангайн Болдбаатарын Баянсүх хүрэл медаль хүртлээ. Дөрөвт Мягмарцэрэнгийн Гантулга орлоо. М.Гантулга аваргыг хаясан цор ганц бөх юм.

Бага насанд Дарханы Н.Чиеэгүнбаатар түрүүлж, Хан-Уулын Амарбатын Баянмөнх мөнгө хүртэв. Гуравт Булганы Амарбаясгалангийн Ширнэндагва орлоо. Дөрөвт Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Батсайханы Очирсуурь шалгарав. Аварга дээд сургууль Хан-Уул дүүргийн баг Б.Адъяахүү багш алт зүүв. 

2017 оны улсын аварга шалгаруулах тэмцээн

Өмнийн цэнхэр говьд улсын аварга зохиогдов. Дээд насанд Нямдоржийн Өсөхбаяр гурав дахиа түрүүллээ. Мөн л унасангүй. Мөнгийг аймгийн начин Хөвсгөлийн Нанжидсүрэнгийн Даваажамц, хүрлийг Өвөрхангайн Мягмарцэрэнгийн Гантулга хүртлээ. Дөрөвт Булганы Б.Бат-Эрдэнэ хэмээх барилдаанч хүү шалгарчээ. 

Дунд насанд Нацагдоржийн Чиеэгүнбаатар дахин аваргаллаа. Мөнгийг Ганбатын Ялгуунбаатар, хүрлийг Сүхбаатар аймгийн Батхуягийн Адъяасүрэн хүртэв. Дөрөвт Архангай аймгийн Хашаат сумын заан Сүхбаатарын Сүхбат орлоо.

Бага насанд Баянхонгор аймгаас оролцсон Э.Батмагнай түрүүлж, мөнгийг Хан-Уулын Б.Ганхүлэг, хүрлийг Налайхын Б.Балжинням хүртэв. Дөрөвт Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат Б.Баяржавхлан шалгарчээ. Б.Энхтөр дасгалжуулагчтай Өвөрхангайн баг тэргүүллээ. 

Сэтгэгдэл