2018 оны 06 сарын 04

Монгол туургатны их наадам өнгөрсөн бямба гарагт төв цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрлөө. Буриад, Тува, Өвөрмонголын өөртөө засах орны бөхчүүд хүрэлцэн ирж туургатны наадмыг чимлээ. Үндэсний бөх, Буриад бөх, Үзэмчин бөх гээд гурван төрлөөр тус бүр 128 хүчтэн барилдлаа. 

Үндэсний бөхийн төрөлд 32 гадны бөх сугалаа татаж, 96 монгол нийт 128 бөх барилдав. Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Б.Гончигдамба даваа бүртээ чамбай нягт үзсээр түрүүлэв. Ховд аймгийн Зэрэг сумын харьяат өнөө жилийн сар шинийн түрүү бөх Б.Бат-Өлзий зургаа даван үзүүр булаав. Их шөвөгт Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын харцага Мягмарын Бадарч шалгарлаа. Гаднаас ирж барилдаж байгаа 32 бөх хоорондоо сугалаа татан барилдсаар Тува улсын бөх Айдын Отчиржаба дөрөвт үлдэж Б.Гончигдамба гарьдад унасан юм. Гадны улсын сүүлийн дөрвөн бөхөд Тува улсаас гурав, Буриад улсын алдарт бөх Цэвэк Магсаров нар шалгарав.

Буриад 128 бөхийн барилдаанд Завхан аймгийн Отгон сумын харьяат аймгийн арслан Төрмөнхийн Бэгзсүрэн нягт, бяралхуу барилдаан харуулсаар түрүүллээ. Үзүүрт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат сумын заан Баасанцогтын Өлзийсайхан хүрсэн. Сумын заан нэг дээр Хэнтийн бяртай заан Ганцогтын Бадрахыг, хоёр дээр Говь-Алтайн Г.Гантулга гээд аралтай, бяртай шилдэгүүдийг уран хурц дайчин барилдаанаар цувуулсаар зургаа давлаа. Их шөвөгт Хөвсгөлийн бяртай арслан Ц.Сандагдоржийг суганд нь сэжээд хаячихсан юм. Улсын харцага Дамдинпүрэвийн Бат-Эрдэнэ арал бярны шидийг үзүүлж их шөвөгт шалгарсан. Наймд А.Алтанхуяг, М.Лхагвагэрэл, О.Үйтүмэн, Ө.Батзул нарын сайчууд шалгарав.

Өвөрмонгол 128 бөхийн барилдаанд Өвөрмонголын аварга Бүрэнсайн урамтай сайхан барилдаж түрүү магнай болов. Гар таллаад тойруулж гуд татах мэхийг энэ хүчтэн дархалсан юм билээ. Үзүүрт улсын заан Мөнхсайханы Өсөхбаяр хүрэв. Их шөвөгт Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат улсын начин Бат-Өлзийн Бат-Эрдэнэ, Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат аймгийн арслан Бүрнээгийн Баянмөнх нар шалгарсан. 

Туургатны наадмын түрүү бөх 3 сая төгрөг, үзүүр бөх 1,5 сая төгрөгийн бай гардсан юм. 

Монгол туургатны наадмын буриад бөхийн төрлийн дэд аварга Б.Өлзийсайхан. Гэрэл зургийг Д.Мөнх-Эрдэнэ

Алдарт аваргууд. Гэрэл зургийг П.Баатарзоригт

Сэтгэгдэл