2018 оны 06 сарын 05

Архангай аймгийн Түвшрүүлэх сумын харьяат сумын заан Т.Лхагвасүрэн. 1962 оны төрийн наадмын түрүү улсын хүчит арслан Далайн Жамцын тав дахь үеийн бөх. 2017 онд Эрдэнэбулган сумын баяр наадамд үзүүрлэж, Өгийнуур сумын баяр наадамд их шөвөгт үлдсэн. 2016 онд нийтийн монгол бөхийн барилдаанд түрүүлж, сумын цолтнуудын барилдаанд тухайн үед магнайлж байсан Н.Ширчинхүүг хоёрын даваанд хаяж, гурвын даваанд Хөхөөгийн Дарамзагдтай таарч нэлээд зовоож байсан санагдана. Өнгөрсөн намар МБӨ-нд болсон сумын цолтнуудын барилдаанд тав даван шөвгөрсөн. Самбо бөхийн улсын аваргын мөнгө, хангайн бүсийн алт, хүрэл. Архангайн аймгийн аваргын дөрвөн алттай. 2012, 2013 оны өсвөр үеийн улсын аваргад хоёр жил дараалан 15-д шалгарсан. Хэнээс ч бэргэлгүй, давшиж барилддаг онцлогтой, хоёр талд сэнжиг ухаад, хонгодох, суйлах, хутгах мэх хийдэг. Солгой талтай. Гарын бяр сайтай залуу бөх юм. Саяхан Алдартан дээр болсон сумын цолтны барилдаанд Баянхонгорын Э.Амгаланбаатартай таарч, дуусгаж яваад өөрөө унасан даа. 175 см өндөртэй ч, жин багатай ч ямар ч арал жинтэй өрсөлдөгчтэй тэнцэж барилдаад байдаг онцлогтой хүчтэндээ цаашдын барилдаанд амжилт хүсье.

 

Сэтгэгдэл