2018 оны 06 сарын 07

Хуулиараа бол бүх цэргийн наадмын арслан хүн, аймгийн арслан хүн хоёрт ялгаа байхгүй. Аль түрүүлж авсан нь бусад чимгийн дагуу л эрэмбэлэгдэнэ. Харин бүх цэргийн арслан хүнд шал өөр хүч, өөртөө итгэх итгэл, улсын цолны төлөө явах найдвар, ихээхэн том урам зориг үүсдэг байх. Тиймдээ ч бараг түрүү үзүүр бүхэн нь улсын цолонд хүрдэг жамтай. Хаалттай наадмаас арслан хүртэх, монголын ид сайн барилдаж байгаа бүх аймаг сумын цолтноос арслан авах хоёрт ч ялгаа байлгүй л яахав.

Өнөө жилийн хувьд тоо баримт статистик, заалны барилдааны өнгө, магадлал, бүх зүйл Нацагсүрэнгийн Золбоогийн талд байгаа. Барилдах бүртээ түрүүлж байгаа. Аймгийн гурван түрүүтэй хүн дахиад түрүүлэхэд байг гэхгүй. Харин түүнд эрэмбэний ямар ч ялгаа гарахгүй. Гэхдээ нөгөө яриад байгаа их том хүч, найдвар, урам зориг чинь нэмэгдээд явчихна шүү дээ. Золбоод бол энэ маш хэрэгтэй. Ер нь бүх цэрэгт арслан болсон хүн тэр эрчээрээ дайрчихдаг л юм даа. Сүхбаатарын Мөнхбат яалаа, Даваанямын Лхагвадорж яаж гялалзуулж байлаа. Дамбийн Рагчааг давхар хамчихаад гараа хаялаал гүйж байгаа чинь ерөөсөө л цэргийн наадмын нөгөө их хүч.

Булган нутгийн хүү Эрдэнэбилэгийн Энх-Амгалан заан уг нь их сайхан байгаа. Х.Алтансүхээс хойш түрүүлсэн ганц аймгийн заан болчихсон байгаа. Дөрвийн нугалаа л нэлээд зовоож мэдэхийн. Гэхдээ бөх ч таашгүй ш дээ. Хоёр магадлалтай хүн хоёр дээр таараад нэг нь уйлж ч болно. 

Булганы өөр нэгэн аймгийн шилдэг заан бий. Түмээ уг нь юм юм нь л бүрдчихсэн байгаа даа. Хэн нь дээшээ явах нь уу тэрийгээ Булганыхан дэмжиж ч магадгүй. Нэг хоёр дээр ч торохгүй биз. Арал бяртай эвгүй арслантай л таарчихгүй бол боломж байгаа л юм. 

Лхагвасүрэнгийн Отгонбаатар зүтгэж болно. Гэхдээ үндэс хэр хийж байгаа юм бол. Зааланд хоёр гарахыг нь харсан. Сайхан л жин тавьсан байна лээ. Гэхдээ үндсээс нэг л хол хөндий барилдаантай болчихсон санагдсан. Зодгондоо дасаад, илүү олон цаг зараад ирвэл ч ээ дээ эвгүй дээ. Авьяас, барилдаан, баг, багш бүх зүйл дэргэд нь байж л байна.

Заалны барилдаан үгүй болохоор өндөр Мө, Архангайн Зоригоо ямархуу байгааг мэдэх юм алга. Харин Лхагвасүрэнгийн Энхсаруул гэдэг чинь санаа, зориг бол бараг улсын цолтны хэмжээнд нямбай, нягт үзнэ дээ. 

Аймгийн харцага чинь уг нь аймаг цэргийн том цолны өнгө  тодорхойлж байдагсан. Угаасаа ч шинэ цол л доо. Гэхдээ энэ цолтнууд бараг хөгширч эхлэж байх шиг байна шүү. Ө.Батзулыг л нэрлэх үү. Ноднин шиг гэхдээ үзэж чадах болуу. Одоо чинь хүүхдүүд айхтар болсон. Батзулын барилдааны бичлэгийг хэдэнтээ ухрааж үзээд, анализ хийчихсэн л байгаа даа. 

Хурц төрж болно. Төмөрбаатарын Пүрэвсүрэн, Төрмөнхийн Бэгзсүрэн, Батбаярын Даваа-Очир, Цэрэнбатын Сандагдорж, Навааны Хүрэлсүх гээд. Үзүүр булааж эрэмбээ ахиулж, чимгээ нэмж болно. Э.Мөнхбаатар жишээ нь шөвгөрчихийг хэн байг гэх үү. Б.Тайван өнөө жил зааланд анх удаа түрүүлсэн. Тэр өдөр шигээ байвал ч тогтоох янзгүй байдаг шүү. Булганы Ганбаа буруу зөвгүй мушгиад байвал дархан шөвөгтэй ш дээ. 

За тэгээд тав, зургаа давж шөвөг нэмэх санаанд оромгүй аймгийн цолтнууд ч байж болно шүү дээ. Өө сумын заануудаас шинээр цолонд гээд яривал Даваасүрэнгийн Алтанцоож л хурц бадрангуй арслангийн хэмжээнд яригдана. Шинэ цолтон шүү. Түрүүлнэ гэж андуурч уншаад хадуураад явчихав. Дөрөв дээр энэ хоёр нугарч таарч ч мэднэ. Нэгэн үеийн Даш, Зоригоог өнөө жил санагдуулаад байгаа юм даа. Тэр хоёр хоёулаа л цэргийн наадмаар цолны шангаа татсан юм. Алдар дээр болж байгаа юм чинь дэвжээ нь түшээд Ховд нутгийн Со хүү жаахан гялгар үзэж мэдэх юм. Цол авах цаг болсон шүү дээ. Арай л удлаа. Ангийнхан нь аймгийн арслангаас улсын арслан хүртэл цолтой болчихоод байгаа ш дээ. Хамгийн сүүлд Хангайн Наранбаярыг нэрлэе. Нэг хоёр яаж таарахаас нэлээд зүйл хамаарах болуу даа. Нэг үеэ бодвол эрэмбэтэй залуус цолонд явдаг сайхан цаг ирээд байгаа шүү. 

Сэтгэгдэлүүд
  • naadam IP:80.255.41.2 2018 оны 06 сарын 08

    shn bichjee. Ene hedees ha holdoh we dee
Сэтгэгдэл