2018 оны 06 сарын 10

2018 оны бүх цэргийн баяр наадам энэ сарын 9-нд Алдар спорт хорооны зааланд болж өнгөрлөө. Хүчний спорт хороодоос мандатаар оролцсон хүчит 256 бөх барилдав. 

Аймгийн хурц арслан Нацагсүрэнгийн Золбоо, хурц арслан Цогбадрахын Бямба-Очир, хурц арслан Шоовдорын Дарханбат, хурц арслан Шарын Мөнгөнбаатар нар энэ удаагийн цэргийн цол чимэг олгох баяр наадмыг магнайлав. 39 сумын цолтон хүч үзэн барилдаж Ховд аймгийн харьяат Батдоржийн Сосорбарам ганцаараа гурав давж хурц бадрангуй арслантай таарч унасан юм. Увсын Э.Мөнх-Эрдэнэ, Хөвсгөлийн Х.Бөхбаяр, Ховдын Ц.Төмөрцоож нар нэг давсан ч хоёрын давааны учраа чанга таарч өвдөг шороодлоо. Найдвар тээж байсан Говь-Алтайн Ч.Эрдэнэсайхан гурвын давааны төгсгөлд гурван бөхөөс Б.Сосорбарамыг амлаж сэнжигнээс хагалж дунгуйлдах мэхэнд нь дал шороодов. 

Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат "Алдар" спорт хороо, "Хонгор нутаг" дэвжээний бөх, аймгийн нэмэх начин Ганзоригийн Жамбалдорж найм даван түрүүлж, цэргийн арслан боллоо. Хонгор нутгаас ийнхүү ойрхон зайтай хоёр цэргийн арслан төрөн гарлаа. 
Булган аймгийн Орхон сумын харьяат "Хилчин" спорт хороо, "Кардыш" ХХК-ийн бөх, аймгийн заан Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл үзүүр булааж, залаандаа дөрвөн зураастай болж байна. Аймгийн баяр наадмын хэмжээний гурван үзүүр түүнийх юм. Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат аймгийн арслан Балжиннямын Суманчулуун их шөвөгт үлдэж чимэг нэмэв. Завхан аймгийн Отгон сумын харьяат аймгийн начин Төрмөнхийн Дүгэрдорж зургаа даван шөвгөрч харцага цолонд хүрлээ. 

Баянхонгор аймгийн хурц арслан Н.Золбоо, хурц арслан Б.Эрдэнэхүү, Завхан аймгийн арслан Т.Бэгзсүрэн нар чимэг нэмж, С.Галданцогт аймгийн начин цолоо батлаж, нэмэх чимэг нэмлээ. Н.Золбоо, Т.Бэгзсүрэн нарт Нэмэх чимэг, Б.Эрдэнэхүүд Өрнөх чимэг олголоо.

Зургаагийн даваа
1. А.х.а Н.Золбоо- а.н Т.Дүгэрдорж
2. А.х.а Б.Эрдэнэхүү- а.н Г.Жамбалдорж
3. А.а Б.Суманчулуун- а.н С.Галданцогт
4. А.а Т.Бэгзсүрэн- а.з Б.Түмэндэмбэрэл
 

Долоогийн даваа
1. А.а Б.Суманчулуун- а.н Г.Жамбалдорж
2. А.з Б.Түмэндэмбэрэл- а.н Т.Дүгэрдорж тунав
 

Наймын даваа
1. А.з Б.Түмэндэмбэрэл- а.н Г.Жамбалдорж

 

Сэтгэгдэл