2018 оны 06 сарын 10

МҮБХ-ноос сар бүр сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн барилдааныг хийж заншсан билээ. Өнөө жилийн хувьд бөхийн өргөөний асуудалтай холбоотойгоор барилдаан дөрөв, таван сард өнжөөд байсан юм. Харин хаалтад зориулсан албан ёсны барилдааныг өнөөдөр Алдар спорт хорооны хуучин зааланд зохион байгууллаа. Хүчит 160 сумын заан барилдав. Барилдаан цагтаа эхлэсэн тул сүүлдэж ирсэн залуус багтаагүй юм. 

Нэгийн даваанд Өмнөговийн Д.Хосбаяр, Хөвсгөлийн Х.Бөхбаяр, Сэлэнгийн Х.Наранбаяр, Архангайн Ө.Батсуурь нарын сайн залуус өвдөг шороодлоо. 

 Хоёрын даваанд Цолмонгийн Цэнд-Аюуш Архангайн залуу бөх С.Бат-Эрдэнэд унав. Баянхонгорын Батчулууны Далайцэрэн Завханы Алтанхуягийн Нармандахын их бяр хүчийг тогтоож чадсангүй. Х.Жанболат мөн Өмнөговийн Г.Пүрэвбаатарт хаялцах барьцнаас шороодов. Д.Дэмиддорж мөн л Тогоогийн Идэрдоржид сонгооноос уналаа. 

Гурвын даваа ам авч барилдсан. Эрдэнэбилэгийн Гансүх Гонгорын Пүрэвбааатарыг амлаж бусгуулж унав. Х.Мөнхмандах Сэлэнгийн Амартүвшингийн Амаржаргалд юм болсонгүй. Т.Бат-Амгалан заан сүүл үест барилдааны арга сайжирч байгаа Завханы Б.Мөнхбатыг амлан унав. Б.Мөнхбат одоо Булганаар дуудуулж барилдах болсон юм. Улсын начин Б.Бадамдоржийн ойрын хамаатан арал чацтай залуу бий дээ. Э.Золбоот О.Хишигдэлгэрийг амлан ганцхан хавирчихав. С.Заманбек Б.Сэр-Одыг амлан буруудав. Мордоход нь зөрж хөмрөөд хаячихлаа. Өлгийн зааны амыг гайхаж л байлаа. Гэхдээ нэгийг бодож авсан байлгүй дээ. Цэрэнжавын Мөнх-Эрдэнэ Архангайн залуу бөх С.Бат-Эрдэнийг амлаж хөлд явахад нь мэдрээд хаячихав. Н.Даваадорж Б.Золоог амлаж давжээ. Б.Тамир Б.Доржжүгдэр нар хоёр бариладаж Төв аймгийн Б.Тамир даваа авчээ. М.Лувсандорж таваас Г.Эрдэнэтогтохыг амлаж давуулж гуядан давсан бол, Х.Очирхуяг гурваас А.Нармандахыг амлаж нэлээд муудаж байж давна лээ. Бярыг нь тогтоох гэж нэлээд чармайсан ч байх. Б.Орхонбаяр Т.Идэрдорж нар туналаа. Орхон гарангуутаа сэнжиг ухаад, гар таллаад дугтраад явсан ч арга цаадах нь бяр зааж тогтоод дайрчихлаа. 

Дөрвийн оноолтод Э.Совджамц Г.Пүрэвбаатарт унав. Өмнөговийн Б.Бат-Эрдэнэ Булганы Баттулгын Мөнхбатад баруундаа мордуулан унажээ. Д.Батбаатар Т.Идэрдоржид тавхайлдуулав. Э.Золбоот Ц.Бямба-Отгоныг амлан хялбар давав. МБӨ-нд 19 шөвгөрөөд байсан Н.Даваадорж М.Лувсандоржид уналаа. Ц.Мөнх-Эрдэнэ Б.Сэр-Од нар хүч үзэж Сэр-Од нь арай илүү нягт, туршлагатай бөх гэдгээ нотлов. 

Тав дээр Б.Даваадалай шилж амлав. Б.Сэр-Одыг авав. Увсын заан мөн ч урлагтай хаяв. Солгой хавирчихсан. Ер нь энэ өдөр Б.Сэр-Од шиг нягт алдаа багатай хүн харагдсангүй. Тоймгүй бярнаас нягт алдаагүй байдал хэд дахин хэрэгтэй гэдгийг хоёр бөхийн барилдаан харууллаа. Баасанжавын Сэр-Од ямар ч байрлалын барилдаанаас буруу алхам хийдэггүй, хүний мэхэнд зөрж явж байгаа, гарны хайрцаг алдахгүй нягтарч байгаа нь үнэхээр хосгүй юм. Энэ залуу Увсдаа начингаас дээш цолтой байж мэднэ шүү. Их ч нөөцтэй гэдгээ харуулж байна лээ. 

Тоочингийн Батсүрэн Б.Мөнхбатыг амлан солгой талдаа хөнтөрч түрээд давлаа. Ямар ч хүнтэй гараад л гялалзуулдаг зантай бөх дөө. Энэ удаа ч бэлтгэл сайхан юм юм л таарсан харагдав. Э.Золбоот Э.Өлзийбаярыг амлаж өхийлдүүлж хавируулан унав. Э.Золбоот шуудагны барьцаа аваагүй байсан хэмээн маргасан ч цэцүүд барилдаан үргэлжилж байсан хэмээн үзсэн юм. М.Лувсандорж гурваас Х.Очирхуягийг амлаж баруундаа хавирчихлаа. Т.Идэрдорж Г.Пүрэвбаатартай тунаж шахаад татчихав. 

Э.Өлзийбяр гоцоллоо. Т.Батсүрэн гурваас М.Лувсандоржийг амлан баруун хавираанд нь хийсэв. Б.Сэр-Од Т.Идэрдоржтой тунаж бусгаад давлаа. Сүүлийн гурав үлдээд М.Лувсандорж гоцлож шууд тэргүүн байрын төлөө үлдлээ. Э.Өлзийбаяр Б.Сэр-Одод зүүн золгооноос тойгдуулж унажээ. Тэргүүн байрын төлөө барилдаан удсангүй. Тугны хажууд суусан Н.Баярмагнай арслан "Гарангуут Завханы нөхөр чинь баруун хавирчих байхаа..." гэж байсан юм. Харин хажуудах шавь нар нь Увсын заанаа дэмжиж байлаа. Лувсан ч гараад дайрангуут нь дагуулаад баруундаа даацтайхан хавирчихлаа. Сүүлийн гурван даваандаа Хилчиний хүчит заан баруун хавираагаараа давсан юм. М.Өсөхбаяр зааны гарын шавь, сүүл үест Алдар дээр Т.Өсөх-Ирээдүй харцага дээр бэлтгэл хийж байгаа Лувсандорж заан албан ёсны том барилдааны түрүү авч түүхэнд бичигдэн үлдлээ. 

 

Сэтгэгдэлүүд
  • Mungun IP:66.181.161.36 2018 оны 06 сарын 10

    Bayar hvrgey
Сэтгэгдэл