2018 оны 06 сарын 12

Өнгөрөгч бямба гарагт Алдар спорт хорооны зааланд бүх цэргийн баяр наадам болж өнгөрсөн билээ. 256 хүчит бөхөөс шөвгийн наймд үлдэж, цол чимэг авсан шилдэгүүдийн түүх амжилтыг товчхон танилцуулж байна. 

1. Түрүү бөх шинэ цэргийн арслан Ганзоригийн Жамбалдорж. Нэгэн үе ногоон зодог өмсөн түмэнд танигдсан энэ бөх 1990 онд төржээ. Сар шинийн түрүү, монгол туургатны наадмын дэд аварга улсын харцага Б.Бат-Өлзийг Шонхор сургуульд нэг ангид суралцаж төгссөн. 2011 онд Баянхонгор аймгийн Өлзийт суманд түрүүлж, 2012 онд өөрийн Хүрээмарал сумандаа дахин түрүүлж цолоо баталсан. Баянхонгор аймгийнхаа баяр наадамд хоёр удаа тав давж начин цолоо батласан. Ээжийн талд Баян-Овоо сумын харьяат аймгийн арслан Ч.Баасанбат, Баацагаан сумын харьяат аймгийн арслан Л.Очирбаасан агсан нарын ойрын удамтай. Сумын заануудын барилдаанд олон удаа шөвгөрсөн. Өнөө жилийн сар шинийн аймгийн начин, сумын цолтны барилдаанд урамтай сайхан барилдаж Дорнодын Б.Батдоржийг орхин түрүүлсэн. 

2. Үзүүр бөх аймгийн заан Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл. Булган аймгийн Орхон сумын харьяат, 1992 онд төрсөн. Өвөг эцэг нь 1959 оны улсын их баяр наадамд дөрөв давсан аймгийн арслан Бадамын Одонгарав юм. 2011 оны намар Хөвсгөл аймагт болсон үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаанд 17-18 насанд мөнгөн медаль хүртжээ. Жүдо барилдааны өсвөр үеийн улсын аваргын хошой хүрэлтэй. Орхон суманд 2011 онд шөвгөрч, 2012 онд түрүүлж сумын заан цол хүртсэн. 2015 онд Булган аймгийнхаа баяр наадамд үзүүрлэж аймгийн заан цол хүртсэн. 2017 онд Чойрт их шөвөгт, мөн ондоо Булган аймагтаа дахин үзүүрлэсэн. Сая бүх цэргийн баяр наадамд үзүүрлэж жавхлант чимэг нэмсэн.  2014-2015 оны улиралд сумын цолтны барилдаанд гурав түрүүлэн гайхуулж байсан. 2017 оны хүрээ цамын үзүүр бөх. 

3. Цэргийн шинэ харцага Төрмөнхийн Дүгэрдорж. Завханы Отгон Шилүүстэй чигийн садангийн олон хүчтэний нэг. 1993 оны гуравдугаар сарын 7-нд Завхан аймгийн Отгон суманд төрсөн. Хоёр талын бөхийн удамтай. Аавынх нь аав сумын заан Батдорж, ээжийнх нь аав сумын заан Жамбажамц юм. Нагац ах нь та бидний сайн мэдэх аймгийн арслан Ж.Сүхбат билээ. Д.Батхүрэл,  Д.Батбаатар, чөлөөт барилдааны олон улсын хэмжээний мастер Х.Нямдорж нар ч эдний төрлийн хүмүүс юм. Т.Дүгэрдорж 2011 онд Отгон сумандаа үзүүрлэж, 2012 онд түрүүлж сумын заан цол хүртсэн. Аварга дээд сургуулийг төгссөн. 2015-2016 оны сумын цолтны улиралд хоёр түрүүлж, олон шөвгөрсөн. Дорноговь аймгийн баяр наадамд 2016 онд тав давж начин цол хүртсэн. Төрсөн ах Т.Бэгзсүрэн нь энэ бүх цэргийн наадамд бага шөвөгт үлдсэн. 

4. Аймгийн арслан Балжиннямын Суманчулуун. 1983 онд төрсөн. Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат. Хилчиний арслан  бүх цэрэгт тун сайн хүч үзэж их шөвөгт үлдсэн. Дархан тахимдах мэхтэй. 2014 оны төрийн их баяр наадам тав давсан. Хүчит арсланг манай уншигчид андахгүй сайн мэдэх тул дараагийн хүчтэнээ танилцуулъя.

5. Хурц бадрангуй арслан Нацагсүрэнгийн Золбоо. 1990 онд төрсөн. Сая нэмэх чимэг хүртсэн. Өнөө жил аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд 4 түрүүлж, нэг үзүүрлэсэн. Баянхонгор аймагтаа гурав  түрүүлж, нэг үзүүрлэсэн. Чөлөөт барилдааны улсын аварга, олон улсын хэмжээний мастер. Өнөө жилийн улсын шинэ цолтны тааварт хамгийн өндөр магадлалтай явж байгаа бөх.

6. Хурц арслан Болдын Эрдэнэхүү. Хурц арслан Д.Болдын хүү. 1988 онд төрсөн. Баянхонгортоо хоёр түрүүлж, Орхонд үзүүрлэсэн. МБӨ-нд улсын цолтнуудын барилдаанд ч түрүүлж байсан. Саяны бүх цэрэгт өрнөх чимэг нэмжээ. 

7. Аймгийн арслан Төрмөнхийн Бэгзсүрэн. 1992 онд төрсөн. Завхан аймгийн анхны баяр наадмын түрүү бөх Ашпил арслангийн удмын бөх. Ж.Сүхбат арслангийн зээ дүү. 2013 онд Завхан аймгийн баяр наадам зургаа давж шууд харцага цол хүртсэн. 2014 онд аймгийн заан цол, 2016 оны Завхан аймгийн баяр наадамд түрүүлж арслан цол хүртсэн. 2017 онд улсын баяр наадамд Б.Амарзаяагаар гурав давсан.   

8. Аймгийн начин Сандагдоржийн Галданцогт. 1992 онд төрсөн. 2012 онд Өвөрхангай аймгийнхаа баяр наадамд тав давж аймгийн начин цолонд хүрсэн. С.Дамдинбазар, С.Мандах, Р.Ганхуяг нарын улсын цолтнуудын удамтай. Аав С.Сандагдорж нь 1988 онд Өвөрхангай аймагтаа тав давж аймгийн начин цолонд хүрч байв. Өнөө жилийн өвөл, хавар бэлтгэл онцгой сайн байгаа. Дэвжээнийхээ барилдаануудад амжилттай сайн хүч үзсэн. 

Сэтгэгдэл