2018 оны 06 сарын 21

Бяцхан таамаглал
Баяр наадам яг сарын дараа болно. Наадам болох уу гэсэн хар ч хүмүүст байх шиг л байна. Хэдий тархай бутархай, хэл амтай, учир зүйгээ ололцохгүй байгаа ч монгол наадам болдгоороо болж, бүгд л “Наадам сайхан уу” гэсэн мэндийн хариуд “Наадам сайхаан” гэж хариулах өдөр ирнэ гэж бодож байна.
Аймгуудын баяр наадам яг ямархуу байх бол гэдгийг жаахан тойм таамаглая. Бас өмнө нь нэг зүйл сануулж хэлье. Энэ бол миний таамаг. Би зааланд сайн байгааг тооцохоос гадна, бусад олон хүчин зүйлийг бодож байж гаргах нь зөв гэж боддог. Зааланд сайн байгаа нь түрүүлэх ёстой гээд зөрүү таамаг гаргавал ямар юмны үр дүн байх билээ. Бас хэн хэнийг нэрлэх вэ гэдгээс илүү хэнийг нэрлэхгүй байх вэ гэдэг их чухал юм шиг. Аймаг бүрт 20, 30 хүн нэрлээд байвал нэг нь онож л таараа. Гэхдээ сонгуулийн, элдэв уралдаан тэмцээний анализ гэдэг нэлээд шинжлэх ухааны үндэстэй зүйл болчихсон цаг. Сүүл үед хурцлах моод бас дэлгэрээд байгаа. Уг нь хэл амтай арслан төрснөөс хурц нь амар юм дөө. Харин аль арслан нь хурцлахаар шийдэх вэ гэдгийг л таахад хэцүү.
Архангай аймгийн баяр наадам түрүү бөх яах бол. Отгоо дахиад улсад зүтгэнэ гэвэл Зоригоогийн наадам байж магадгүй. Өндөр Мө Орхонд үзвэл шүү дээ. Сайхан зогсдогоор нь Сэнгээг бас нэрлэе. Ах нар бол Сэнгээг түрүүлнэ гэхэд тасдая гэхгүй нь тодорхой. Бас нэг айхтар хүн бий. Бэлтгэлээс хамаарах байх. Дашийн Төрбаяр. Увс Архангай хоёр ч хурц арслан төрдөггүй онцлогтой газар даа. 
Булганд одоо тэгээд Түмээгээ нэрлэхээс дээ. Уг нь нэрлэмээргүй л байна. Хэл амны нэмэр ш дээ. Сая бүх цэрэгт үзүүрлэнэ гэдэг дахиад л нэг том нерв. Б.Бадамсүрэн гурав үзүүрлэж л байсан. Ч.Ганзориг яаж байлаа. Одоо арслан болох гэж түшүүлэх шахна. Тэрний оронд бэлтгэлээ сайхан хийгээд улсад үзчихвэл яадын бол. Тэхээр Эрдэнэбилэгийн Энх-Амгаланд сайхан боломж бүрдэж байна. Дамдинсүрэнгийн Пүрэвдорж нэрлэхээ больчихонгуут түрүүлж золигтох юм биш байгаа. 
Дундговь аймагт Э.Золбоот тун зүгээр байгаа. Харцагуудын маань бэлтгэл ямар байгааг ёстой ойрд харсангүй. Б.Төмөрбат начингийн дагуул залуусаас дээшээ барилдаж болно. Н.Наранбаяр, З.Мөнхтулга гээд. Од чөлөөт голдуу хийгээд нарийхан байгаа болов уу. Хурдны, богино хугацаанд ажиллах чадвар сайжруулах чөлөөтийн бэлтгэл үндсийнхэнд яаж нөлөөлөх бол. Мэдээж аль аль нь тэвчээр л шаардах юм даа.
Говьсүмбэр аймаг нэрлэх хүн цөөн юм. Булганаас түрүү тодорч магадгүй дээ. Гурван арслангийн нэг хурцална л гэхгүй бол дороос зүтгээд авчих бяртай аавын хүү харагдахгүй байна. 
Орхон одоо бараг өндөр Мө байх өө. Хөдөөгийн хүчтэнүүд бүгд аймгийн арслан болчихсон. Чулуунбаатарын Мөнхбат цолоо ахиулж мэднэ. Ө.Батзул уг нь гоё бөх. Өөр гаднаас олон десант буухгүй бол нээх хувиралгүй наадах болох байх. Булганаас харин эвгүй бөхчүүд ирж мэднэ дээ.
Ховд өнөө жил арай сумын заан түрүүлчих юм биш байгаа. Б.Даваадалай, Ц.Төмөрцоож, Б.Сосорбарам, Л.Цэнд-Аюуш. Аль алиныг нь цол аваасай гэж хүсч байна. Тээг болж мэдэх хүн нь нутагтаа байгаа заан Б.Ариунболд, начин О.Очбат. 
Өмнөговь аймаг одоо бол хурц төрөхгүй байх. Бүр бүх цолтныг магнайлна л гэхгүй бол хурц чимгээр ч яах билээ. Төрмөнхийн Төгсдөлгөөн л хамгийн сайн байгаа нь. Баяндалай сумын залуу Ц.Одбаяр начингийн ойрын хамаатан. Арслан авах жил энэ онд тохиож мэднэ дээ. 
Өвөрхангайг ч би ямар таах биш дээ. Гэхдээ Хархорины харцага тун сайн байна лээ. Бэртлийн улмаас хэсэг бөхөөс хөндийрсөн. Ер нь хэсэг гам бариад, амарчихаад эргэж орж байгаа бөх хуулиараа онцгой байдаг тал бий. Өвөрхангайд хоёр удаа айхтар таавар эвдсэн хүн дээ. Бас Галданд их боломж байгаа. Юм юм нь бүрдэнэ гэдэг нь Галданд л таарч байгаа. Баг ч сайтай даа. О.Үйтүмэн дэвжээнийхээ барилдаанд хоёр удаа цойлсон. Нутагтаа цойлж болно. Ураатай, зоригтой, шийдэмгий шүү.
Увс аймагт Б.Сэр-Од нэвт гүйж мэднэ шүү. Ням-Эрдэнэ хаах юм бол уу. Энхсаруул бол эвгүй. Гэхдээ шууд улсад үздэг ч юмуу гэж байгаа сураг дуулдсан. Боддог л бодол. Дэг эвдэхийг байг гэхгүй. Өнөө жил хөдөлгөөн ихтэй байгаа, наадам ч бас хөдөлгөөн ихтэй болж магадгүй. Будлиан маргаантай гэдэг утгаар биш, санаанд оромгүй савалгаа байж магадгүй л гэж. Тоочингийн хүүг аймгийн цолонд нэрлэе. Сэргэлэн хүний үр тав давчихвал зургаа давна л гэж үзнэ дээ.
Хэнтийн наадам Алтанцоожийн талд байж болно. Ер нь сумын заанаас дээшээ явж мэдэх хүн өнөө жил түүнийг л хэлнэ. Азаа харцага яах бол. Бадрах бол урьдын юм үгүй харагдаад байна. Хоёр удаа их тааруухан уналаа. Өөр ч Өмнөдэлгэрийн хүүтэй тулаад байх аавын хүү байхгүй биз ээ. 
Сүхбаатарт хорин настай залуугийн наадам гэж бодоод байна. Аль ноднин л тэгж таагаад байсан. Бүтээгүй. Жин тавьсан, барилдаан бол батаараа л түрүү. С.Буянсүрэн бэртэл гэмтэл яасан юм бол доо. Д.Баасандорж заан дээр хийгээд шал өөр болчихоод байгаа бөх. А.Батсуурь гэж тооцоонд зайлшгүй орох бөх байна. Наадам нь төв дээрээ, сарын сүүлээр даншиг нь Дарьгангадаа болох бололтой.
Сэлэнгэ гэхээр Дүүдий ахыгаа нэрлэлтэй биш, бас нэрлэхгүй байлтай биш. Н.Энхжаргал яах уу. С.Оргилбаатар түрүүлнэ гэхэд хэцүү, түрүүлэхгүй гэхээр хэцүү. Хангайн Наранбаяр яах бол. Тав давчихвал, бас зургааг аргалчихвал харин чигээрээ түрүүлж мэдэх бөх шүү. Гэхдээ Сэлэнгэдээ барилдах уу Дарханд зодоглох уу гэдэг асуудал байна. Дарханд бол дор хаяж үзүүр, тэгээд түрүүлдэг уламжлалтай л даа...
Баянхонгор шинэ цэргийн арслантай болсон. Бусад хүмүүсийн боломж магадлал илүү өндөрсч байна гэсэн үг. Э.Өлзийбаяр цолтой байх. Гэхдээ түрүүлнэ гэж бол хэлэхгүй. Э.Амгаланбаатар хавар Алдартан дээр барилдаж байсан. Асар мундаг юм бол харагдахгүй байна лээ. 
Говь-Алтай Ч.Эрдэнэсайхан нутагтаа очоод нэг арслан болчихоосой. Тэгээд улсад үзвэл арай өөр сэтгэл, эрэмбэ гарах болов уу. Унаа холтой, барилдаан багатай, голдуу шуудагнаас шийддэг улсын болон аймгийн цолтнуудтай Ч.Эрдэнэсайхан сайн барилдчихна. Харин гар хөлийн үзүүртээ юмтай залуустай тааруу барилдаад байх шиг харагддаг. Энэ бол аймагт барилдах хүнд том сул тал. Дарвийн Г.Гантулга, Цээлийн Б.Энхсайхан, Дэлгэрийн Д.Ганцоож, Шаргын Ч.Золбоо, Эрдэнийн Я.Бумбаяр гээд айхтар хүмүүс байна шүү. 
Баян-Өлгийд нэрлэх хүн бас л цөөн. Хоёр сумын заан нь давгүй байгаа. С.Заманбек арай дөнгүүр нь юм даа. Ядаж хүнд хийх ганц нэг мэхтэй. Е.Көптилек гэдэг ч бариад зогсчихдог нөхөр билээ. Б.Төмөрбаатар аль хэдийн л арслан авах болсон хүн. Гэхдээ бэртэл гэмтлийн байдал нэг л сайн болж өгөхгүй байгаа юм шиг байна лээ. 
Дорнодод Мөнхжаргалын Бэлгүүтэй л хамгийн магадлалтай нэрлэх хүн. Г.Шинэзориг арай хурцална гэхгүй байлгүй дээ. Адуучин залуу Х.Алтансүх бөхөө орхисон юм байлгүй дээ. Ер л өргөөнд харагдсангүй. 
Дархан ч мэдэхгүй юм. Эрдэнэ-Очирын Түмэн-Өлзий нь цолтой болов уу. Түрүүлнэ гэхээр арай багадаад байх шиг. Начин, харцагын нэгийг авч мэднэ дээ. Б.Өлзийсайхан заан багшийн нутагт хүч үзэж магадгүй чимээ байна. Бусад нь буянаараа болох болуу даа. 
Дорноговь дахиад Увсаас түрүү бөх ч тодрохыг байг гэхгүй. Бас л манай энэ бөхийн холбоо шиг асуудал Хутагтын нутагт бүр өмнө гарчихаад байсан юм. М.Бямбадорж ингэсээр заантайгаа үлдэх юм биш байгаа ч гэж бодогдоно. Б.Баатархүү гээд хөөрхөн эрэмгий барилддаг начин бас байна. Увс аймгийн баяр наадамд түрүүлж чадаагүй магадлалтай нэгэн залуу эндээс арслан болж мэднэ шүү. Улсын бүсийн уралдаантай тул мөн л сарын сүүлээр хийж таарах болов уу. 
Хөвсгөл ч бас хурц төрдөггүй уламжлалтай. Сайн байгаа нь цолоо авчихна шүү. Б.Даваа-Очир, Ц.Сандагдорж, Н.Жаргалбат гээд эрэмбэ дарааллаараа л яваад байна. Энхтөрийн Баасанжав өнөө жил дээшээ барилдах байх. А.Мягмаржав, Э.Өлзийсайхан хоёр эвгүй дээ. Начин нь бүр эвгүй ч байж магадгүй. 
Завханд одоо Т.Дүгэрдорж арай өөр барилдана байх. Сэтгэл орчихсон биз. Ер нь аймагт бол торолгүй л түрүүлчихмээр харагдаад байдаг юм. Юу нь болдоггүй хорвоо юм бол доо. П.Өсөхбаатар, Ш.Чинтулга, М.Лхагвагэрэл, М.Амарсанаа...бас л хэцүү харагдаж байна шүү энэ сайчууд. Улсын бүсийн уралдаантай.
Налайхад Алтайгаас арслан төрж болно. Ц.Бямба-Очир хурц арслан дахин түрүүлэх ч боломж байна даа. Тэгвэл асуудалгүй зүүний магнай болох байх. 
Багануурын наадмын тов одоогоор гараагүй байгаа юм болов уу даа.
Гээд бичихээр дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр маань хаа ч барилдах юм. Яаж ч цолоо ахиулах юм. Аварга хүн нэгийг бодож л яваа байх даа...

Архангайн Б.Сэнгэдорж

Говьсүмбэрийн Э.Мөнхбаатар

Хөвсгөлийн Э.Баасанжав

Завханы М.Амарсанаа

Булганы Б.Түмэндэмбэрэл

Хөвсгөлийн Л.Энхсаруул

Архангайн Л.Отгонбаатар, Булганы Б.Түмэндэмбэрэл

Хэнтийн Д.Алтанцоож

Увсын Б.Сэр-Од

Сэтгэгдэл