2018 оны 06 сарын 25

Сүүлийн 30 жилийн төрийн наадмын өсвөр бөхийн түрүү бөхийг танилцуулъя. Бөх мэдээлэл хурдтай хүрдэг, уншигч үзэгчид маань өндөр мэдлэгтэй болсон үед өсвөрийн бөхийн мэдээ ч анхаарч харууштай зүйлсийн нэг мөн юм. 

1988. Д.Сумъяабазар түрүүллээ. Төрийн наадмын түрүү, дөрвөн удаагийн үзүүрт алдарт аваргыг бид бүхэн одоо сайн мэдэх билээ. 

1989. Г.Элбэг түрүүллээ. Энэ удаа харцага урд жилийн түрүү бөх Д.Сумъяабазарыг давж түрүүлсэн юм. Зааны эрэмбэтэй лут харцагыг бас бүгд л мэдэх хойно тайлбар илүүц биз. 

1990. Батсүхийн Батхүлэг түрүүлэв. Аймгийн начин Сампайн Батсүхийн хүү. Хожим 1999 онд Дархан-Уул аймагт аймгийн заан цол хүртсэн. 

1991. Очирхуягийн Оюунбаатар түрүүлэв. 1991 онд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ их ойдоо түрүүлж чадаагүй ч түүний нутгийн хүү өсвөрт түрүүлж, Өмнөдэлгэрчүүд их наадмыг авсан түүхтэй. Өдгөө аймгийн заан цолтой. 

1992. Дашдаваагийн Баттулга. Улсын начин Л.Дашдаваагийн хүү. Дашдаваа начингийн хөвгүүд морь сайн уядаг, аймгийн алдар цолтой уяачид байгаа билээ. 

1993. Улаанбаатар хотын 81-р сургуулийн сурагч М.Баасанбат түрүүлэв. Цэргийн арслан Ц.Отгоны хүү Эрдэнэбат үзүүрлэв. 

1994. Аажимын Шинэбаяр. Увс аймгийн Түргэн сумын харьяат. Хожим бөхөөр төдийлөн яваагүй гэдэг. Өдгөө цахилгааны инженер болжээ. 

1995. Даваасүрэнгийн Цэрэнтогтох. 

1996. Долгорсүрэнгийн Дагвадорж. Өдгөө хөдөлмөрийн баатар, сумогийн их аварга, гавьяат тамирчин. 

1997. Батмөнхийн Алтанхүү. Орхоны энэ хүү 1999 онд МБӨ-нд болсон үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аваргаас медаль хүртэж байлаа. 

1998. Дагдагдоржийн Нямсүрэн. Дорнодын залуу сумог зорьж 2001 онд мэргэжлийн сумод хөл тавьж Шёотэнро нэрээр барилдаж байсан билээ. 

1999. Батбаярын Ариун-Эрдэнэ. Самбо, жүдо бөхийн улсын олон удаагийн аварга, аймгийн арслан. 

2000. Чулуундаваагийн Мөнхбаяр. Чөлөөт барилдааны шигшээ багт барилдаж байсан. Дундговь аймгийн баяр наадамд үзүүр булааж заан цол хүртсэн. Өдгөө АНУ-д ажиллаж амьдарч байна. 

2001. Доржийн Баатар. Хангарьд дэвжээ.

2002. Товуужавын Мэндтулга. 2003 оны сар шинийн өсвөрийн барилдааны мөн түрүү бөх. Улсын баяр наадамд зодоглож байсан, үндэсний бөхийг эрт орхижээ. 

2003. Жанцангийн Бат-Эрдэнэ. Улсын гарьдыг мөн л манай уншигчид андахгүй сайн мэднэ.

2004. Ганболдын Пүрэвсүрэн. Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат. 2011 онд аймагтаа тав давж начин цол хүртсэн. 

2005. Дүгэрсүрэнгийн Нацагдорж. Баянхонгор аймгийн Богд сумын харьяат. Сумо бөхийн залуучуудын дэлхийн аваргын медальтай. Ази тивийн дэд аварга. 

2006. Төмөртогоогийн Түвшинтулга. Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат. 2010 Завханд начин, 2016 онд Хэнтий аймагт харцага цол хүртсэн. 

2007. Ганболдын Болдгэрэл. Архангай Тариат. Начин цолоо хоёр баталж, 2017 онд Архангайдаа үзүүрлэж заан цол хүртсэн. 

2008. Төмөрбаатарын Пүрэвсүрэн. Говьсүмбэр Сүмбэр сумын харьяат. 2012 онд аймагтаа түрүүлсэн. Өдгөө зааланд сайн барилдаж байна. 

2009. Болор-Эрдэнийн Номиндалай. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат. 2014 2016 онуудад түрүүлж хурц арслан цол хүртжээ. 

2010. Өлзийбаярын Дүүрэнбаяр. 2012 оны Говь-Алтай аймгийн начин. Залуучуудын жүдо бөхийн дэлхийн аварга. 

2011. Баасанжавын Самданжамц. Төв аймгийн Бүрэн сумын харьяат. 2017 оны Төв аймгийн начин. 

2012, 2013, 2014 онууд Батжаргалын Лхагвадорж. Өвөрхангай Нарийнтээл. 2015 онд аймагтаа түрүүлж арслан болсон. 

2015. Энхжингийн Үнэнхүү. Жүдогоор барилддаг. 2015 оны өсвөрийн улсын аваргад дөрөвт орсон. 

2016. Батхуягийн Адъяасүрэн. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат. Жүдо, самбо барилддаг. 2017 оны өсвөр үеийн улсын аваргын хүрэл медальтай. 

2017. Э.Лхагварагчаа. Нөмрөг сумын нуруулаг залуугийн амжилтыг удахгүй та бид харах биз ээ. Түүнийг өнөө жилийн Орхонд болох өсвөр үеийн улсын аварга хүлээж байна. 

Сэтгэгдэлүүд
  • naadam IP:80.255.41.2 2018 оны 06 сарын 25

    goe medeelel bna. bayrlalaa
Сэтгэгдэл