2018 оны 06 сарын 27

Өвөр Зайсангийн ам буюу Бугын сангийн аж ахуйд дөрвөн гал төвхнөсөн байна. Энд Өвөрхангай аймгийн бөхчүүд бүгдээрээ гарсан байгаа. Ардын багш, гавьяат тамирчин Чимэдбазарын Дамдиншарав, улсын арслан Бандийн Ганбаатар нар ахлаж, улс, аймаг, сумын цолтнууд нь бүгд бэлтгэл базааж байна. Улсын арслан Д.Ганхуяг, улсын заан Т.Санчир, улсын харцага Х.Гантулга тэргүүтэй төрийн наадамд барилдах бөхчүүдийн бэлтгэл сайхан байна. Өнөө жил Өвөрхангай аймгийнхан олон удаагийн барилдаан зохион байгуулсан. Жилийн турш сайн формтой байгаа болов уу. Ж.Наранбаатар, Б.Лхагвадорж гээд улсын цолонд яригдах арслангууд, Г.Эрдэнэбаяр, Н.Даваадорж, Ц.Бямба-Отгон, Б.Бямбадорж гээд аймгийн цолонд зүтгэх, дээшээ үзэх О.Наранбаатар, Б.Лхагва-Очир, М.Даваасүрэн, Х.Энхчулуун нар цөм л бэлтгэл хийж байна. 

Энэ галын дэргэд Баянхонгорын Их богд дэвжээнийхэн байгаа. Энд улсын харцага Д.Батболд, улсын начин Ж.Чулуунбат, аймгийн арслан Д.Энхбат, арслан Д.Батбаяр нар гарсан. Улсын цолонд хамгийн магадлалтай нэрлэгдэж байгаа Нацагсүрэнгийн Золбоо мөн энд гарсан. Харин эдний бусад бөхчүүд Хонгор нутаг дэвжээ Сүүжид Равсалын Дамдин ахалж, Б.Батгэрэл, Р.Лувсанпүрэв нар багшилж 40 гаруй бөх гараад байна лээ. 

Дундговийн улсын начин А.Алтанхуяг, аймгийн арслан Т.Занданбат тэргүүтэй Б.Доржсүрэн, Б.Данзанрагчаа нар сүүлийн хэдэн жил энд бэлтгэл базааж байгаа юм. 

Мэдээж уламжлал ёсоор Хилчиний гал буюу улсын начин Наранцэцэгийн Бүрэнбаатар ахлаж, шинэ залуус, аймгийн харцага Г.Энхбилэг, сумын заан Б.Даваадалай нарын бөхчүүд гараад байна. 

Сэтгэгдэл