2016 оны 01 сарын 14

Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат ААУяач Жамбалын БАТСАЙХАН. 1982 оноос хойш хурдан хүлгийн сүүл шуусан тэрээр АХ-ын 80 жилийн ойд шүдлэн үрээ түрүүлгэж том наадмын өм нээгдэж байсан бол тэр цагаас хойш улс, бүсийн наадмаас 4 түрүү, 8 айраг хүртжээ. Ж.Батсайхан уяач өнөө жил эх орны алс баруун хязгаар Баян-Өлгий аймагт очиж наадаад халтар даагаа аман хүзүүдүүлсэн байна.

Сайхан өвөлжиж байна уу?
Сайхан өвөлжиж байна. Энэ жилийг их хүйтэн, айхтар чанга жил гарна л гэж яриад байсныг бодуул харьцангуй гайгүй байна аа. Сайхан өвөл болох байх.

Батсайхан алдарт энэ жил хаагуур хаагуур наадав. Энэ тухай яриагаа эхлэх үү?
Өвлөөс хойш таван даага уяад л уралдаад байлаа. Хамгийн анх Төв аймагт саарал даага дөрвөөр, хул алаг даага таваар орсон. Дараа нь 4 сарын 1-нд Налайх-д болсон дааганы уралдаанд саарал нь түрүүлж, хул алаг нь дөрвөлсөн. Хавар “Нийслэлийн тэргүүн магнай хүлэг” шалгаруулах уралдаанд цагаан даага дөрөв, халтар даага долоогоор орж, “Сайхан монгол” дааганы уралдаанд  цагаан нь түрүүлж, халтар нь дөрвөлсөн.  Ер нь бол өвлөөс хойш таван даагаараа 30-аад медаль цуглуулсан байна лээ /инээв/.

Ийм хурдан даагануудтай хүн улсын наадамд уралдсан л байлгүй?
Улсад уралдсаан уралдсан. Халтар даагаа маань зургаагаар орсон. Цагаан даага нь сунгаануудад хурдан байсан ч улсад хасагдчихсан. Сэрвээний өндөр нь тэнцээд гарсан даагыг араас нь очоод хасчихсан. Наадмын өмнөх сунгаануудад ард нь байсан даага улсад гуравлаад төвийн бүсд түрүүлсэн. Тэгэхээр миний цагаан даага мордсон бол багтахыг байг гэх газаргүй л байсан байх.

Харамсалтай л юм болж. Ямар угшилтай даага юм бэ?
Миний энэ жилийн уясан дааганууд бүгд тогоруу адуу.

Таныг улсын наадмын дараа Баян-Өлгийн баруун бүсийн зорьлоо гэж дуулдсан?
Тэгсэн. Баян-Өлгийрүү нэг соёолон, нэг хязаалан, гурван даагатай явсан. Соёолон үрээ маань гарч уралдсаар байгаад үзүүр дээрээ суугаад наймаар орсон. Хязаалан үрээ бас найм. Улсад зургаалсан халтар даага аман хүзүүдээд, хул алаг даага хүүхэдгүй дөрвөөр орсон. Хуулийн дагуу таван байр ухарч есөөр баригдсан. Цагаан даагаа шумууланд хатгуулж халруулаад баларсан /инээв/. Бүр талаараа болсон ш дээ. Тэгээд нэг юм аргалаж байгаад явуулчихсан чинь долоолсон.

Ямартаа ч холоос зорьсны хэрэг бүтэж, айраг амсаад л буцсан юм байна.
Баян-Өлгий манай гаднаас яг 1870 км гарч байна лээ.  Анх удаа тийм холын наадамд явсан болохоор жаахан туршлага дутсан. Хол яваа хүмүүс юм юмны л бэлтгэлтэй явахаар юм байна лээ. Баруун тийшээ шумуул ихтэй Ховдын Зэрэг, Даривийн шумуулнууд адууг халууруулдаг гээд байсан нээрэн л “хашраадаг” юм байна лээ шүү /инээв/.

Ингэхэд та хэдэн оноос морь уяж эхэлсэн юм бэ?
1982 оноос хойш л морь уяж байна даа. 13-14 нас хүртлээ наадмын морь унасан. Моринд хүндэдсэн тэр цагаас хойш адууны дэргэдээс холдсонгүй. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат “гар” Чулуун гэж Монгол улсын Алдарт уяач хүн байсан юм. Тэр хүн надад уяаны эрдмийн “А” үсгийг зааж өгсөн.

Алдартын шавь анхны айраг түрүүгээ хэдэн онд хүртэж байв даа?
Улс хувьгалын 80 жилийн ойгоор “Монгол базалт”-ын А.Ариунболдын одон хүрэн шүдлэнг түрүүлгэж, том наадмын анхны хишгээ төрийн наадмаас хүртэж байлаа. 2003 онд Р.Будын хул даагыг улсад түрүүлгээд  Данзанравжаагийн 200 жилийн ойд аман хүзүүдүүлсэн. Тэр жил улсын наадамд хул даага түрүүлгээд бас нэг халтар даага таваар оруулсан ч бариан дээр хүүхэд нь уначихсан. Тэгээд нэг ухрааж зургаад барьсан. Тэгэхэд яг манай энэ хонхроос дөрвөн даага улсад орсон байдаг юм. Миний 2 дааганаас гадна “дааган” Ганаа хоёр даага айрагдуулж байсан түүхтэй. Хойтон жил нь 2004 оны улсын наадмаар А.Ариунболдын алаг даагыг аман хүзүүдүүлсэн. Л.Цандэлэгийн халиун морийг бүсийн наадамд 2-3 оруулсан. Үндсэндээ бол улс бүсийн наадмаас 4 түрүү, 8 айраг хүртээд байгаа.

Та чинь тэгвэл багшийнхаа цол /МУАУяач/-ны болзлыг давуулан биелүүлчихсэн юм байна шүү дээ?
Бараг манлайн болзлыг хангачихсан. Тэгэхдээ дандаа хүний нэр дээр оруулсан болохоор тэрийг хөөцөлдөөд явах сонирхол байдаггүй юм өө /инээв/.

Одоо ямар ямар хүний морийг уяж байна?
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Магнайсүрэн, Чандмань сумын Энхболд /Баян-Өлгийн баруун бүсд аман хүзүүдсэн халтар дааганы эзэн/, Ховд аймгийн Буянт сумын Ганболд, Увс аймгийн Тэс сумын Цэвээнжав гээд дөрвөн залуугийн морийг уяж байна.

Цагдаа, морины комисс хоёрт мал мэддэг хүн байлгах хэрэгтэй

Эрлийз адууг Монгол адуунаас тусад нь уралдуулж байгаа тал дээр таний бодол?
Энэ бол дэмий л асуудал байгаа юм. Бүр цэврийг нь л ялгана уу гэхээс нэг, хоёрдугаар үеийн эрлийзийг ялгана гэдэг буруу зүйл гэж боддог. Сэрвээний өндрөөр нь ялгаж байгаа л гэнэ заасан стандарт нь таараад гарсан даагыг араас нь очоод л хасчихаж байна ш дээ. Тэхээр хэнийхийг нь уралдуулах уу, хэнийхийг нь  хасах уу гэдэг нь хэдхэн хүний дур хүсэл, үзэмжийн л асуудал болчихоод байна. Ер нь хэзээ ялгаж байсан юм, Морин тойруулгын адуунууд бүгд л эрлийз адуунууд ш дээ. Яг цэвэр цусны адууг бол ялгах нь зөв.

Ялгаж салгах нь үзэмжийн асуудал болчихоод байна гэлээ. Хаашдаа ялгаж байгаа энэ үед үүнийг яаж зохицуулах нь зүйтэй юм бол оо?
Цагдаа, морины комисс хоёрт мал мэддэг хүн байлгах хэрэгтэй. Биднийг сургуулийн хүүхэд байхад таван хошуу малын талаар хичээл заадаг байсан. Тэрэн шиг одооны хүүхдүүдэд малын талаар ганц цагийн ч болтугай хичээл ордог баймаар байгаа юм. Ядаж л энийг адуу гэдэг юм, энийг хонь гэдэг юм гээд анхны мэдэгдэхүүн өгдөг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол мал мэдэхгүй хэдэн нөхдүүд үзэмжээрээ ялгаад байгаа юм. Хэдийгээр том биетэй ч харваас монгол адуу байхад эрлийз гээд аваад үлдэж байх жишээтэй. Эсрэгээрээ эрлийз адууг монгол гээд гаргаж байх шижээтэй. Монгол морь, Монгол наадам гэдэг чинь Монголын их өв соёл шүү дээ. Ер нь одоны залуучууд малын махыг идэж л мэдэхээс мал гэдгийг мэдхээ байсан. Мал, малчин хоёроо хайрлах цаг нь болсон гэж Харангийн Лхагваа хэлсэн байна лээ, тэр үнэн шүү.

За хоёулаа энэ асуудлыг түр хойшлуулья. Та чинь морь уяхаас гадна үндэсний бөхөөр бас барилддаг байх аа?
Одоо бол барилдахаа больсон. Өмнөговьд гурван жил цэргийн алба хаахдаа шинэ цэрэг аймгийн наадамд түрүүлээд  дараа жил нь “асман” цэрэг үзүүрлэж байлаа. Хал цэрэг байхдаа барилдаж чадаагүй. Тухайн үед цол олгоогүй ч аймгийн арслан цолыг сүүлд нөхөж олгосон. Цэргээс ирээд бэлтгэл сургуульлалт хийдэг байсан ч бөхийг биш морийг л сонгосон хүн дээ ах нь. Улсын гарьд “том” Сүхбаттай хамт бэлтгэл хийдэг байсан юм. “Том”-ыг чөлөөтөөр бол “хучихдаг”, үндсээр бол бардаггүй байсан. Үндэсний бөхийн улсын аваргад хоёр удаа орохдоо хоёуланд нь Баянмөнх аваргын том хүү Буянтогтоход ойчиж байсан /инээв/.

Цаг зав гаргаж сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Уяачид маань өвлийн бэлтгэлээ хэзээний базаачихсан, одоо удахгүй л уяаны ажил эхлэнэ. Уячиддаа болон нутгийнхандаа мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?
За баярлалаа. Юуны өмнө танай сайтаар дамжуулаад нутгийнхандаа болон Монголынхоо нийт малчид, уяачиддаа өвлийг өнтэй давхын ерөөл өргөе. Удахгүй 2013 он гарах гэж байна тийм болохоор шинэ оны мэнд дэвшүүлэх нь бас зүйтэй байх. Залгаад малчдын баяр цагаан сар болно тэгээд л наадам эхлэн шүү дээ. Уяачдын маань хүлэг нь хурдан, хүүхэд нь цовоо байх болтугай. Та бүхний ажилд амжилт хүсье.

Баярлалаа. Таныг ч гэсэн хурдан хүлгийн босоо цагаан хийморь үргэлж ивээх болтугай. Удахгүй улсын цолтой болохоор чинь дахин уулзахын ерөөл өргөе.
Ерөөл бат оршиг. Эр хүний замын хүзүү урт, уулзалгүй дээ.

Сэтгэгдэл