2016 оны 01 сарын 14

Монгол улсыг ирэх дөрвөн жилдээ морин тойруулгатай болгоно

Хийморь сэтгүүлийн энэ удаагийн зочны хойморьт Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул, “Ноён сүлд” ХХК-ийн захирал, ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, ААУяач Пүрэвийн Сэргэлэн саатлаа. Тэрээр ММСУХолбоо гэх том айлын босгыг алхан орсноосоо хойш Монголын уяачдын дуу хоолой болж, Монголын уламжлал хурдан морины уралдааныг дэлхий дахинд таниулах, сурталчилах талаар олон ажлыг хийж байна. Мөн түүнчлэн холбооны гадаад харилцааг хөгжүүлж, орчин үеийн хурдан морины уралдааныг эх орондоо нэвтрүүлэх, ОУ-ын тандартд нийцсэн морин тойруулгатай болох, дэлхийн адууны баярыг Монгол улсдаа зохион байгуулах, Монгол адуугаа дэлхийн адууны үүлдэрт бүртгүүлэх, уяачдынхаа ёс зүйг дээшлүүлж, хөдөлмөрийг нь үнэлэх, хурдан морь унаач хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах зэрэг олон сайхан ажлуудыг шат дараатай хийсээр байна. Бид сэтгүүлийнхээ зочинтой энэ удаад хувь хүн талаас нь бус алба ажлынх нь талаар дэлгэрэнгүй ярилцсан юм. Уншигч та ММСУХ-ны 2012 онд хийж бүтээсэн ажил болоод ирэх ондоо хийхээр төлөвлөж байгаа ажлуудын талаар зочны ярианаас уншина уу.

ММСУХ гадаад харилцаагаа бэхжүүлэх тал дээр олон ажил хийлээ. Энэ талаар яриагаа эхлэх үү?
ММСУХ гадаад харилцаагаа хөгжүүлэх тал дээр нэлээдгүй анхаарч байгаа. Өнгөрсөн долдугаар сард Азийн морин уралдааны 34-р чуулганд оролцоод ирсэн. Энэ зөвлөгөөнөөр Монгол улс Азийн морин уралдааны холбооны удирдах зөвлөлийн гишүүн орон болсон. Энэ холбоо нь Азийн 27 улс болон Катар, Арабын нэгдсэн Эмират, Австрали тивийн улс орнуудын гишүүнчлэлтэй Ази, Номхон далайн орнуудын хэмжээнд морин уралдааны бодлогыг барьдаг байгууллага.

Азийн морин уралдааны холбооны удирдах зөвлөлийн гишүүн орон болсноор манай талд ямар давуу талууд бий болж байгаа вэ?
Маш олон давуу талтай. Хамгийн эхний ээлжинд Азийн морин уралдааны холбооны зөвлөлийг эх орондоо зохион байгуулах эрхтэй болно. Энхүү эрхийг авна гэдэг бол Азийн морины холбооны 30 гаран орон бүгд Монгол улсад маань чуулж, Азийн морины хөгжлийн талаар ярилцаж туршлага судлалцах гээд олон талын ач холбогдолтой. Мөн Азийн морин уралдааны холбооноос гаргах бодлогын шийдвэрүүдэд нэлээн чухал байр сууринаас үр дүнтэй оролцох боломжтой болж байгаа юм. Цаашлаад Азийн болон олон улсын морины уралдаануудад оролцох, хууль дүрэм журамд нийцүүлсэн ажлыг зохион байгуулахад бид нарт дэмжлэг туслалцаа үзүүлэх эх үүсвэр нээгдэж байгаа юм. Манай улс өнөөдөр зөвхөн уламжлалт хурдан морин уралдаанаа эрхэлж байгаа. Тиймээс бид цаашдаа олон улсын стандартад нийцсэн олон улсын хурдан морины уралдааныг эх орондоо зохион байгуулах, мөн тухайн орнуудад нь очиж уралдах ёстой болно.

Тухайн орнуудад нь очиж уралдахын тулд бид яах ёстой вэ?
Хурдан морины нэгдсэн бүртгэл, стандарт, журамтай байх ёстой. Түүнийгээ биелүүлдэг, дагаж мөрддөг байж бид бүхэн нэгдсэн дүрэм журамтай тэр том айлын уралдаанд оролцоно. ММСУХ энэ талын алхмуудыг шат дараатай хийж байгаа.

ММСУХ-ны удирдлагууд олон орноор айлчилж туршлага судалж байгаа. Энэ талаар?
Бид бүхэн Азийн холбооны гишүүн болсноор хөрш зэргэлдээ орших Азийн олон оронд айлчлал хийж байна. Салбар холбоодын дарга, нарийн бичиг нарын бүрэлдэхүүнтэй 14-15 хүн Хонконгд айлчиллаа. Энэ айлчлалаар унаач хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэгслийн талаар судалж, түүний үр дүнд 2012 онд засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан бүх наадмаар хурдан морь унаач хүүхдүүдээ хамгаалалтын хэрэгсэлтэй уралдлаа. Японы морин уралдааны холбооны урилгаар Японд айлчлахдаа морин тойруулгын асуудал болон цэвэр цусны адууг Монголд оруулах талаар хэлэлцээр хийж, нааштай хариу сонслоо. Одоо биднийг Сингапур урьж байна. Ингэж бид орон нутгийнхаа морины зүтгэлтнүүдэд дэлхийн морин спорт ямар байна вэ гэдгийг үзүүлж, гадаад орнууддаа айлчилж, ажиллаж, санаа оноо авч байж алхам алхмаар урагшлах ёстой. Тэрнээс биш шууд нэг юмыг өргөөд урд нь гаргаад тавьчихсан юм шиг дэлхийн тэр том уралдааныг шууд эх орондоо зохион байгуулна гэж байхгүй. Тэгэхээр гадаад айлчлал, гадаад арга хэмжээнүүдэд бид маш идэвхитэй, болж өгвөл бүгдэд нь оролцох ёстой.


Азийн морин уралдааны холбооны удирдах зөвлөлийн гишүүн орон болсноос гадна Олон улсын морин уралдааны холбооны гишүүн орон болсон шүү дээ?
Энэ жил Парист болсон хуралдаанаар Монгол улс Олон улсын морин уралдааны холбооны гишүүн орон болсон. Энэ холбоонд тухайн бүс нутгуудын төлөөллүүд байдаг. Жишээ нь Азийн бүс нутгуудыг Азийн МУХолбоо, Европын бүсийг бол Европын МУХолбоо, Америкийн бүсийг Америкийн МУХолбоо хариуцдаг. Бидний хувьд Азийн морин уралдааны удирдах зөвлөлийн гишүүн болоод өнгөрсөн жил Олон улсын морин уралдааны гишүүн орон болох өргөдлөө өгснөөр Монгол улс энэ жил дэлхийн морин уралдааны албан ёсны гишүүн орон болсон. Тэгэхээр ММСУХ маань өнөөдөр Азидаа гишүүнчлэлтэй, Олон улсдаа гишүүнчлэлтэй, Олон улсын томоохон нэр хүндтэй байгууллага болж чадлаа гэдгийг танай сэтгүүлээр дамжуулаад морьтон Монголчууддаа бахархалтайгаар дуулгахад таатай байна.

Одоо Азидаа төдийгүй дэлхийн морины бодлогод оролцох боломжтой болсон гэсэн үг үү?
Тэгэлгүй яахав. Одоо Монгол улс зөвхөн өөртөө уралдахгүй дэлхийн морины уралдаан, дэлхийн морины бодлогод оролцох хэмжээтэй болж байгаа юм. Өнөөдөр ММСУХ-оос Олон улсын морин уралдааны холбооны дүрмэнд өөрчлөлт оруулах саналуудыг авдаг болж байна. ОУМУ дээр ийм ийм дүрмийн өөрчлөлтүүд орох гэж байна энэ тал дээр Монгол улс ямар саналтай байна гэх жишээний. Үүнд саналаа өгч байна гэдэг нь бид дэлхийн морины бодлогод оролцоод эхлэж байна гэсэн үг. Үүнээс гадна дэлхийн морьтонгуудтайгаа хамтран ажиллаж тэднээсээ туршлага судалж байна. Түүнчлэн ОУ-ын болон Азийн МУХолбооноос биднийг сургалтанд суулгаж эхлээд байгаа. Өнгөрсөн жил хоёр залуугаа сургалтанд хамруулсан бол энэ жил хурдан морийг паспортжуулах чиглэлээр Японд хоёр залуугаа сургалтанд суулгахаар болсон. Хурдан морь унаач хүүхдүүдээ Шинэ Зеланд улсад суралцуулж мэргэжлийн жокей болгон бэлтгэхээр урьдчилсан гэрээ контрактаа хийчихсэн. Одоо харин унаач хүүхдүүдээ Англи хэлтэй болгох ажил үлдээд байгаа. Энэ бүхнээс дүгнээд хэлэхэд бид гадаадад очиж уралдах, гадаадынхныг Монголд авчирч уралдуулах урьдчилсан бэлтгэл ажлуудыг л хийгээд яваад байгаа юм. Морин тойруулга гэж юу юм, орчин үеийн морин уралдаан гэж юу юм, цэвэр цусны морьдын уралдаан гэж юу юм гээд энэ бүхнийг судлаад л байна. Өнөөдөр дэлхий дээр зөвхөн цэвэр цусны морьд л уралддаг. Тэгэхээр тэрхүү цэвэр цусны морьдын уралдаанд Монгол хүн, Монгол уяач яаж оролцох юм, цаашлаад Монгол улс яаж оролцох ёстой юм гэдэг бэлтгэлийг хангах үүднээс л гадаад харилцаагаа хөгжүүлээд байгаа нь энэ. Мөн нөгөөтэйгүүр эх орноо, Монгол адуугаа бид гадаадад сурталчилж байгаа юм.

Гадаадынхныг эх орондоо урьж, орчин үеийн морин уралдааныг хийхийн тул мөнөөх Морин тойруулгын асуудал зайлашгүй хэрэгтэй болно доо?
Гадаадынхан манайд яаж ирж уралдах вэ гэхээр бүх юм нь стандартад нийцсэн морин тойруулгатай байх ёстой. Морин тойруулгатай болоод уралдаан хийхийн тулд эхлээд морьдоо, мэргэжилтнүүдээ бэлтгэх хэрэгтэй. Тийм болохоор бид бүхэн морин тойруулгын асуудлыг маш өргөн хүрээтэй ярилцаж, олон газрын туршлага судалж байгаа. Японы нөхдүүдтэйгээ хамтраад зураг төслөө бол гаргачихсан. Одоо тэгэхээр хөрөнгө мөнгө, дүрэм журмын асуудлаар олон чиглэлийн ажлуудыг хийж байна. Хууль эрх зүйн хувьд ч бэлтгэгдэх ажлууд цөөнгүй бий. Монгол улсад орчин үеийн морин уралдааныг хөгжүүлэхэд Ази болон ОУ-ын МУХолбооноос бидэнд бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Гэсэн хэдий ч энэхүү морин тойруулга маань маш өндөр өртөгтэй, асар том ажил тул тодорхой үе шаттай хэрэгжүүлэх ёстой. Ямартаа ч ирэх дөрвөн жилдээ бид бүхэн Монгол улсыг морин тойруулгатай болгож чадна гэж бодож байгаа.

Морин тойруулгаа хаана барихаар төлөвлөж байгаа вэ?
Морин тойруулга барих газрын хувьд 3-4 газар сонгож үзэж байгаа. Энд маш том менежментийн баг ажиллана. Морин уралдааныг үзэж сонирхох зочид гийчид яаж ирэх ёстой юм, хэрхэн үзэгчдийг татах ёстой юм гээд бүх талыг бодолцож үзсэний үндсэн дээр тохиромжтой газраа сонгож, төсөл прожектоо тавиад ажил хэрэг болгож явна. Ер нь бол Монгол улс морин тойруулгатай болно, орчин үеийн хурдан морины уралдаантай болно гэдэгт би итгэлтэй байгаа. Үүний төлөө бид ажиллаж байна.

Бүртгэлтэй байж морин уралдаан хөгжинө

Хурдан морийг паспортжуулах чиглэлээр Япон улсад мэргэжилтэн бэлтгэх гэж байгаа гэж түрүүнд ярьлаа. Энэ талаар яриагаа үргэлжлүүлэх үү?
Монголын хурдан морины уралдааныг хөгжүүлэхийн тул дэлхийн жишгийг дагаж, тэр хэмжээнд Монгол морио таниулах ёстой. Монгол уяач, монгол адуу ямар гайхамшигтай юм бэ гэдгийг дэлхий хэмжээнд таниулахын тулд Монгол адуугаа паспортжуулах ёстой. Өнгөрсөн хавар ММСУХ-ны удирдах ажилтны улсын зөвлөгөөн болсон. Энэ зөвлөгөөний үеэр адууг паспортжуулах талаар тодорхой ажлыг зохион байгуулах зөвлөмжийг бид бүхэнд өгсөн. Цаг хугацааны хувьд өнгөрсөн хавраас хойш УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль гээд янз янзын сонгуулиуд явагдсаар байгаад Монголчууд маань сонгуулиар амьсгалах нь одоо л нэг юм дуусч байна. Тэгэхээр ирэх хавраас эхлэн энэ ажлаа яг орчин үеийн шинэжлэх ухааны үндэстэйгээр хийнэ. Харин энэ ажлаа эхлүүлэхээс өмнө Япон улсад хоёр хүнээ сургалтанд явуулна. Адууг паспортжуулахын тулд шинжлэх ухааны үндэстэй, ямар стандартын дагуу яаж бүртгэдэг гээд тэр бүх дүрэм журмыг судлуулаад ирэх хавраас албан ёсны бүртгэлээ хийж эхэлнэ гэж ойлгож болно.

Паспортжуулчих юм бол сүүлийн үед хурцаар яригдаад байгаа эрлийз, монголын асуудал үндсэндээ нэг тийшээ болчихно доо?
Тэр асуудал шал өөр болоод л ирнэ. Бид бол цэвэр цусны болон эрлийз адуугаа, Монгол адуугаа бүгдийг нь паспортжуулна. Паспорт гэдэг бол хүний төрсний гэрчилгээ шүү дээ, адууны хувьд. Нэг адуунд нэг л удаа паспорт олгогдоно. Тэгэхээр цаашаа удам угшил гээд бүх юм нь тодорхой болоод ирнэ. Ер нь бол бүртгэлтэй байж морин уралдаан хөгжинө, бүртгэлтэй байж!!! Бүртгэл бол маш чухал. Манайхан бол адууны удам угшлыг ам дамжин ярьдаг, үндэсний морин уралдаанаараа явж байгаа. Харин одоо бол бид сонгодог уралдаанд шилжих ёстой. Үүний тулд паспортой, бүртгэлтэй байх зайлшгүй шаардлагатай. Тэгэхдээ үндэсний хурдан морины уралдаанаа бол аль болох үндэснийхээ онцлог, соёлыг хадгалсан тэр хэмжээгээр нь авч үлдэхийн тулд бас ажиллаж байгаа.

Үндэсний морин уралдаан гэснээс Монголын хурдан морин уралдааныг Гиннесийн номонд бүртгүүлэх талаар яригдаад байгаа. Энэ талаар сонирхвол?
Үндэснийхээ хурдан морины уралдааныг дэлхийн дээд амжилт гиннесийн номонд бүртгүүлэх талаар санаачлага гаргаад холбогдох хүмүүстэй нь хоёр удаа биечлэн уулзаж, албан ёсны хүсэлтээ тавьчихсан байгаа. 1263 онд Хубилай хаан дэлхийд анх удаа адууны яамыг Монгол улсад байгуулж байсан юм байна лээ. Тэр цагаас хойш 750 жил өнгөрсөн байна. Тийм болохоор энэ түүхт ойгоо бид бүхэн өргөн дэлгэр тэмдэглэнэ. Энэ ойн хүрээнд Монгол улсад дэлхийн адууны баярыг тэмдэглэж, дэлхийн морьтонгууд нэг дор цуглана. ОУ-ын болон Азийн МУХолбооны дарга удирдлагууд, морины зүтгэлтнүүд бүгд ирнэ. Орон орны энэ олон хүмүүс өөр өөрсдийн орны адууны онцлог, соёл түүхийнхээ талаар ярилцаж харилцан туршлага судалцгаахаас гадна эрдэм шинжилгээний хурал болно. Энэ хурлын зэрэгцээ бид монгол адуугаа дэлхийн адууны үүлдрээр баталгаажуулсан катлогийг гаргана. Өнөөдрийг хүртэл монгол адуу дэлхийн адууны үүлдэрт бүртгэлгүй байдаг юм. Дэлхийн ямар ч адууны катлоги, ном зохиолоос монгол адууны тухай нэг ч үг өгүүлбэр, зургийг олж харахгүй. Тийм учраас бид монгол адуугаа дэлхийн адууны үүлдэрт бүртгэж, катлогид нь оруулна. Энэ бол монгол адуугаа бид гэрчилгээтэй, паспорттой болгож байна аа гэдэгтэй адилхан. Ингэж байж бид бүхэн цаашдын хөгжлөө ярих болно. Түүнчлэн морины төлөө зүтгэж явсан үе үеийн алдартнууддаа хийж байгаа том гавьяа, хөрөнгө оруулалт гэж ойлгож байгаа. Харин гиннесийн номонд яаж бүртгүүлэх вэ гэхээр энэхүү дэлхийн адууны баярын үеэр Монгол улсад 3000 морийг уралдуулж бүртгүүлэхээр бүх юмаа гиннесийн товчоонд өгчихсөн.

Арвагар хээр холбоо Монгол түмний морины их шүтээн дээр 1500 морь уралдуулж гиннест бүртгүүлнэ гэж бас дуулдсан. Энэ ямар учиртай юм бол оо?
Энэ яахав нэг ажлыг л хоёр талаас нь яриад байгаа юм л даа. Мэдээж манай холбоо салбар холбоодтойгоо хамтраад л уралдаанаа зохион байгуулна. Харин яг уралдах газрын хувьд бол манай Үнэнбүрэн надад санал тавьсан, Өвөрхангай аймагт хийнэ шүү гээд. Үүнийг тэргүүлэгчдийн хурлаараа хэлэлцэж шийднэ, би энэ асуудлаа оруулна. Одоогоор тэргүүлэгчдийн шийдвэр гараагүй байгаа болохоор тэнд уралдана, энд уралдана гэж ярьж болохгүй. Эцсийн шийдвэр гарсны дараа л ярих ёстой. Нэмж хэлэхэд 1500 биш 3000 морь уралдана. Өвөрмонголчууд 1200-1300 морь уралдуулаад геннест бүртгүүлчихсэн байдаг юм. Тэгэхээр манай улс 1500 морь уралдуулчихвал магадгүй 2-3 жилий дараа хэн нэгэн эвдчихвэл яах уу тийм ээ, нэгдүгээрт. Хоёрдугаарт гэхээр ММСУХ “Монгол уяач 3000” зөвлөгөөнийг 16 аймагт зохион байгуулаад байна. Одоо баруун хэдэн аймаг л үлдсэн. Бид яагаад “Монгол уяач 3000” гэсэн нэрийг өгсөн бэ гэхээр Монголын уяачид 3000 онд ч гэсэн морио уяад уралдаж байгаасай, монгол морь 3000 онд ч гэсэн яг ингэж уралдаж байгаасай, монгол соёл 3000 онд ч гэсэн яг одоогийн энэ байгаагаараа байгаасай гэсэн  бэлгэдлээс үүдэлтэй нэр. Тийм учраас ийм нэрийг өгч монголынхоо бүх аймгуудаар орж, бүх уяачдынхаа санал бодлыг сонсож, ММСУХ монголын морины хөгжлийн талаар бид цаашид юуг хамтран хийх вэ гэдгээ зөвлөлдсөний үндсэн дээр ирэх дөрвөн жилд юу хийх ёстойгоо гаргаж, зорилго зорилтоо тодорхойлж байгаа юм. Үүнтэйгээ холбогдуулаад Монгол улсад дэлхийн адууны баярыг тэмдэглэх үедээ яагаад заавал 3000 морь уралдуулах гээд байна гэхээр 3000 онд бид иймээрээ байна шүү гэдэг билэгдлээ тооцож, тэргүүлэгчтэйгээ ярилцаж байгаа.

Энэ уралдаанаа аль нэгэн бүсийн наадамтай давхцуулж хамт хийх үү эсвэл бүр тусд нь хийх үү?
Бүсийн наадам болон Их хурд уралдаантай давхцахгүй. Монгол улсад адууны яам үүссэний 750 жилийн ой буюу дэлхийн адууны баяр, гиннесийн номны уралдаан гэж тусдаа болно.

Их хурд уралдаан дахиад бууриа сэлгэх гэж байгаа талаар дуулдаад байна лээ?
Бас л тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэх асуудал. Энэ талаар яригдаж л байна. Урьдчилсан байдлаар бол Өвөрхангай аймгийн Хархорин сум, Орхоны хөндийд Их хурд уралдаанаа хийх нь зүйтэй юм аа гэдэг дээр санал нэгдээд байгаа гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл хуучин болдог байсан газраа буюу Эрдэнэзуугийнхаа хажууд Их хурд-6 уралдаан маань болох байх аа гэж бодож байна. Тэхдээ бид тэргүүлэгчдийн хурлын шийдвэр гарсны дараа энэ ажлыг ярих ёстой. Одоо ярих нь арай эрт байна.

“Монгол уяач 3000” зөвлөгөөний үеэр хөдөө орон нутгийн уяачид маань ямар саналыг түлхүү тавьж байх юм?
Маш олон санал тавьдаг. Алдар цолны асуудал, эрлийз монгол адууны асуудал, уяачдын боловсрол, сургалт, адууны паспортын асуудлууд гэх мэт олон зүйл яригдаж байна. Одоо манай уяачид бол үнэхээр боловсролтой, мэдлэгтэй болсон. Бүх юмыг мэддэг, бидэнтэй ярилцдаг, бидэнд саналаа өгч чаддаг болсон. Уяачид маань үнэхээр ажил хэрэгч болсон нь зөвлөгөөний үеэр мэдрэгдсэн. Хөдөө орон нутгийн уяачдын тавьсан бүх асуудлыг нэгтгэж холбооны сайт дээрээ тавина, та бүхэнд ч бас өгнө. Тэгээд ирэх дөрвөн жилд хийх ажлынхаа гол зорилтыг уяачид, морины зүтгэлтнүүдээсээ ирсэн энэхүү саналуудыг үндэслэн гаргана гэж бодож байгаа.

Цол тойрсон асуудал их байдаг. Энэ талаар ямар нэгэн бодлого зохицуулалт, өөрчлөлт хийхдэх үү?
Аймгийн амжилтыг улсын цолонд, сумын амжилтыг аймгийн цолонд оруулж өгөөч гэх мэт цол тойрсон маш олон асуудлууд байдаг. Уяачдад улсын цол олгох асуудал бол хуулийнхаа хүрээнд л явагдаж байгаа. Улсын их баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл, бүсийн уралдаанд хурдан морь нь 4 удаа түрүүлсэн, эсхүл 8 удаа айрагдсан уяачид улсын алдарт уяач, 6 удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан уяачид улсын манлай уяач, 10 удаа түрүүлсэн, эсхүл 20 удаа айрагдсан уяачид улсын тод манлай уяач цол олгоно гээд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн заалттай. Хуулийг дагасан журам дээр бол “уралдуулах морио хэний нэр дээр бүртгүүлснийг болон түрүүлсэн, айрагдсан морьдын өргөмжлөл, гэрчилгээ, диплом хэний нэр дээр бичигдсэнийг үндэслэл болгоно” гээд заачихсан байдаг. Бид бүхэн үүнийг л мөрдөнө. Урд өмнө нь бол манай холбоо өөрөө олгодог байсан, мөн морин спортыг хөгжүүлэх талыг бодож уяачиддаа хөнгөлөлттэй, хүндлэлтэй ханддаг талууд байсан. Үнэхээр тухайн үеийн энэ бодлого бол зөв байсан. Харин хуультай болсноос хойш хуулийнхаа заалтыг л барьж ажиллаж байгаа. Тэгэхдээ улсын баяр наадмын хуульд өөрчлөлт оруулах тухай саналыг бид явуулсан. Уяачдаа дэмжсэн, тэднийхээ хөдөлмөрийг зөв талаас нь үнэлүүлэх талаар аль болох нааштай өөрчлөлтүүдийг хийлгэхээр санал явуулсан. Жишээ нь уяач, морины эзэн хоёр хоорондоо тодорхой хэмжээгээр тохиролцох асуудал. Сэргэлэнгийн морийг Онон манлай уясан байхад уясан хүндээ амжилтаа өгөх үгүйгээ Сэргэлэн шийднэ гэсэн үг. Ер нь бол нэгэнт хуулинд заачихсан байгаа болохоор хуулиараа явах ёстой шүү гэдгийг л ойлгох хэрэгтэй.

Монголын хурдан морины стандартыг өөрчлөх ёстой

 

Эрлийз, монгол адууны талаар таниас асуух нь зүйтэй байх?
Холбооны зүгээс шийдвэрээ гаргачихсан, “эрлийз монгол адуу тусдаа урадна аа” гээд. Энэ бол монгол ёс заншил, уламжлалаа авч үлдэж байгаа хөдөө орон нутгийн уяачдад үнэхээр хэрэгтэй зөв шийдвэр болсон. Үндэсний их баяр наадмын 30 айраг түрүүний 17-18-ийг нь хөдөөнөөс ирсэн уяачид маань аваад буцдаг болж.

Сүүлийн үед сэрвээний өндрөөр нь ялгаад байна уу, эрлийз монголоор нь ялгаад байна уу гэсэн асуудал их яригдах болж. Улсын наадмаар эрлийз гээд хасагдсан адуу бүсийн наадамд уралддаг. Гэтэл тухайн бүсийн наадам нь эрлийз адуу уралдуулахгүй гээд шийдвэр гаргачихсан байдаг. Ялгаж салгах тал дээр энэ мэт олон ээдрээтэй асуудал байдаг?
Үнэхээр хүндрэлтэй л дээ, эрлийз монголыг ялгах нь. Яг шинжлэх ухааны үндэслэлтэй цусыг нь шинжлээд эрлийз, монгол гэдгийг тогтооход хэцүү. Өнөөдөр хүнээ хүртэл ялгахад хэцүү байна ш дээ. Тийм учраас монгол адууны стандарт гэдэг юмыг гаргаад сэрвээний өндөөр нь хэмжээд л ялгаж байна. Тухайн адууны сэрвээний өндөр заасан хэмжээнээс хэтэрвэл хасагддаг, тэнцвэл уралддаг ийм л журам баримталж байгаа. Ер нь бол монголын хурдан морины стандартыг өөрчлөх ёстой. Одоо гаргачихсан байгаа хуучин стандарт бол бэлчээрийн адууны стандарт. Тэгэхээр хурдан морины стандарт гэж байх ёстой. Энэ тал дээр уяачдын холбоо санал санаачлага гаргачихсан байгаа. Хурдан морьдоо бүс бүсээр нь хэмжиж, дахин нэг өөрчлөөд монголын хурдан морины стандартыг гаргахад харьцангуй зөв барих юмтай л болно. Тэрнээс биш цусыг нь аваад ч юм уу, дэл сүүлнээс нь DNK аваад шинжилж чадахгүй байгаа өнөөдрийн нөцхөлд эрлийз, монголыг ялгана гэдэг маш хүндрэлтэй. Үүнийг бол ойлгож байгаа.

ММСУХ-ны их хурал хуулиараа бол энэ жил болох байсан. Энэ талаар хариулт өгөөч?
Өчигдөр /2012.12.11/ манай холбооны тэргүүлэгчид хуралдлаа л даа. Ямар асуудлаар голлож хуралдав аа гэхээр уяачдын их хурлыг энэ ондоо багтаагаад зохион байгуулах талаар санал оруулсан юм, удирдлагуудын зүгээс. Тэргүүлэгчид маань олон талаас нь ярилцаж байгаад их хурлаа хойшлуулья гэсэн шийдвэрт хүрсэн. Одоо хийнэ гэхээр цас зуд ихтэй, хүйтэн сэрүүн байгаа үед хөдөө орон нутгуудаас хүмүүс төдийлөн өргөн хүрээтэй оролцож чадахгүй. Тийм болохоор өнөөх “бушуу туулай борвиндоо баастай”-н үлгэр болох нь ээ, харин тэрний оронд Их хурд уралдаан өнгөрсний дараа зуны дэлгэр цагт уяачдаа өргөнөөр нь оролцуулж хийх нь зүйтэй юм аа гэж тогтсон. Тэгэхээр бид бүхэн ирэх намар буюу Их хурд уралдааны дараа уяачдын их хурлаа хуралдуулна аа гэж ойлгож болно.

Есөнзүйлийн даншиг наадмын талаар тодруулж өгөөч гэсэн хүсэлтээр олон хүн манайд хандаж байна. Энэ уралдааныг бүсийн наадам гэж ойлгож болох уу?
Монголын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын Бат-Оршил өргөх даншиг наадам бол ММСУХ-ны календарчилсан төлөвлөгөөнд орсон уралдаан. Тийм учраас манай холбооноос шалгаруулдаг оны шилдэг азарга, их нас, уяач, унаач хүүхэд гээд тэр бүгдэд энэ наадмын амжилт орж байгаа. Харин ганцхан уяачдад улсын цол олгоход амжилт нь орохгүй. Яагаад гэхээр Засгийн газрын тогтоол нь гараагүй юм. Уг нь бид засгийн газрын тогтоол нэмж оруулаад уяачдынхаа улсын цол зэрэгт оруулах талаар ярилцаж байсан боловч сонгууль болоод, засаг төр солигдоод дахин хэлэлцэх боломж олдоогүй.

Уяачдын баяраар болдог эрлийз морьдын уралдааныг 9-нд зохион байгуулаад түрүүлж, айрагдсан адуунуудаа төв цэнгэлдэхэд цоллодог болгож болохгүй юм уу гэсэн асуудлыг бас их хөндөх юм?
Яг энэ асуудлыг манай уяачид ч гэсэн маш их тавьдаг. Холбооны зүгээс бол 13-нд биш 9-нд уралдуулаад төв цэнгэлдэх хүрээлэндээ хамт цоллодог байх нь зөв гэж үзэж байгаа. Миний хувийн бодол ч мөн адил дэмжиж байгаа, ялгаж салгадаг асуудал дээр ч хэл ам харьцангуй бага болно гэж ойлгож байгаа. Тэгэхдээ энэ асуудлыг үндэсний их баяр наадмын комисс шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл холбооноос тусдаа асуудал.

Монголын уяачид хэзээ ч уяан дээрээ улс төр ярьж хэрэлддэггүй

Өнгөрч буй 2012 оны уяачдын ёс зүйн жил болгон зарласан. Энэ ажлын хүрээнд ямар ямар зүйлийг хийж амжуулав?
Монголын уяачид ёс зүйтэй байж Монголын ард түмэн ёс зүйтэй байна. Өнөөдрийн нийгэмд ёс зүй гэдэг юм ерөөсөө байхгүй болсон. Ахас ихэсээ хүндэлдэг, хүнээс айдаг, эмээдэг, ичдэг, нийгэм, ард түмнийхээ өмнө, бусдын өмнө, найз нөхдийнхөө өмнө хариулцлага хүлээдэг юм байхгүй болчихоод байна уу даа гэж бид бодоод байгаа юм.  Уяачид гэхээр л том дээл, том гутал өмссөн нөхдүүд байдаг гэж ойлгож болохгүй. Тэгэхээр уяачид маань ёс зүйтэй, хүмүүжилтэй, эв нэгдэлтэй байх ёстой гэдэг үүднээс 2012 оны уяачдын ёс зүйн жил болгон зарласан. Энэ асуудлаа бид “Монгол уяач 3000” зөвлөгөөний үеэр бүх уяачиддаа уриалж, хэлж явсан. Мөн монголын удирдах ажилтны улсын зөвлөгөөнөөс бид зөвлөмж, уриалга гаргасан. Энэ ажлын хүрээнд олон ажлыг хийж хэрэгжүүлсэн. Одоо бид энэ асуудлынхаа хүрээнд ММСУХ-ны дэргэд “уяачдын ёс зүйн зөвлөл”-тэй болж байгаа. Уяач хүн ёс зүйн ямар нэгэн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага хүлээнэ. Чухам ямар хариуцлага хүлээлгэх вэ гэхээр улсын цолонд тодорхойлохгүй, холбооны шагналд тодорхойлохгүй гэх мэт. Яагаад гэхээр тэр уяач ёс зүйн зөрчил гаргасан. Эцсийн дүнд юу хэлэх гээд байна вэ гэхээр уяач хүн гэдэг ард түмнийхээ нүдэн дээр маш их ёс зүйтэй, маш их хүмүүжилтэй, үлгэр жишээч байх ёстой гэж бид үзэж байгаа. Бас дээрээс нь хэлэхэд манай уяачдад ямар ч улс төр байхгүй. Манай холбооны удирдлагуудад, тэргүүлэгчдэд, анхан шатны нэгжүүдэд АН-ын хүн ч байж л байдаг, МАН-ын хүн ч байж л байдаг, бусад нам эвсэлийн төлөөлөл ч байж л  байдаг. Гэсэн хэдий ч уяачид гэсэн нэгэн ам бүлд нэгдэж, Монголын уяачид гэдэг айлыг бүрдүүлж байгаа учир бидэнд нам эвсэлийн ялгаа огт байхгүй. Монголын уяачид уяан дээрээ морио ярьдаг, ёс зүйгээ ярьдаг, монгол соёлоо ярьдаг. Тэгэхээс биш хэзээ ч уяан дээрээ улс төр ярьж хэрэлддэггүй. Нөгөөтэйгүүр уяачид маань монголын ард түмнийг эв нэгдэлтэй байлгаж чаддаг, баярлуулж, цуглуулж чаддаг. Үүгээрээ уяачдын амьдрал, ёс зүй бол маш гоё.  Монгол наадам дээр ирсэн хүн муу бодол тээж ирдэггүй, морин дээр ирсэн хүн муухай бодол өвөрлөж ирдэггүй. Дандаа сайныг бодож, сайхныг төсөөлж ирдэг. Тийм болохоор уяачид гэдэг Монголын ард түмний бүх төлөөллийг биедээ шингээсэн ийм том ам бүл байгаа юм.

Уяачид маань зөвхөн морио уралдуулаад байхаас гадна Монголын нийгэмд томоохон хөрөнгө оруулагчид болоод байгаа шүү дээ?
Тэгэлгүй яахав. Уяачид маань үндэсний томоохон хөрөнгө оруулагчид болж чадсан. Яаж хөрөнгө оруулж байна вэ гэхээр малчин айлаас хурдан удмын адууг нь худалдан авч хөрөнгө оруулалт хийж байна. Малчин айлын уяач залууг цалинжуулж хөрөнгө оруулалт хийж байна. Бид хурдан морь унаач хүүхдүүдээ цалинжуулж байна, хадланчдаасаа өвс тэжээлийг нь худалдан авч байна. Үндэсний гар урлал өнөөдөр соёлын хэмжээнд хүрлээ. Гайхамшигтай сайхан монгол гэрийг хэн худалдан авч байна? уяачид л авч байна. Наадмын өдрүүдэд Монголын соёлыг хэн үзүүлж байна? уяачид л үзүүлж байна. Монгол дарханы тэр сайхан бүтээлүүд болох мөнгөн аяга, хэт хутга, хөөрөг, эмээл хазаарыг хэн хэрэглэж байна? уяачид  л хэрэглэж байна. Өнөөдөр монгол гутал найман сая төгрөг хүрлээ, энэ бол бид бүхний үндэсний бахархал ш дээ. Мөн малчин айлд бодитойгоор хөрөнгө оруулалт хийж байгаа. Хошигнож хэлэхэд Сүхбаатар аймгийн хадгаламжийн бараг 70-80 хувийг нь уяачдын хадгаламж эзэлж байх жишээтэй. Байранд орж байгаа хүмүүсийн 50-60 хувийг нь бас уяачид эзэлж байна. Энэ мэтчилэн салбар бүрт хөрөнгө оруулаад зогсохгүй маш олон ажлын байрыг бас бий болгож байгаа. ММСУХ бол засаг төрөөс нэг ч төгрөг авдаггүй.  Моринд дуртай ивээн тэтгэгч бизнесмэнүүд, морио уядаг уяачдынхаа хүчээр, хандив дэмжлэгээр уралдаануудаа зохион байгуулдаг. Тийм учраас манай уяачид өнөөдрийн нийгэмд томоохон хөрөнгө оруулагч, үндэсний өв соёлыг тээгч болж чадсан шүү гэдгийг ард түмэндээ хэлэхэд үнэхээр бахархалтай байна. Би уяачдаараа болон моринд хөрөнгө оруулж байгаа бизнесмэнүүд, компаниудад үнэхээр их баярлаж, бахархаж явдаг. Энэ дашрамд танай сэтгүүлээр дамжуулаад тэдгээр хүмүүстээ нийт уяачдынхаа өмнөөс халуун талархал илэрхийлье.

Уяачдаа ярихаас гадна хурдан морь унаач хүүдийнхээ талаар бас ярих нь зүйтэй байх. ММСУХ-ны зүгээс унаач хүүхдүүдийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалах талаар ямар бодлого баримталж байгаа вэ?
Унаач хүүхдийн асуудал бол ММСУХ-ны бодлогын тэргүүлэх чиглэл. Манай хурдан морины уралдааны онцлог нь хүүхэд унадаг шүү дээ. Тэгэхээр бид хүүхдээ хамгаалах ёстой. Бидний хойч ирээдүй болсон тэдэндээ үндэснийхээ спортоор аюулгүй хичээллэх боломжийг олгох ёстой. Аюулгүй орчин бүрдүүлэхийн тулд хамгийн эхлээд морин уралдааны замыг сайжруулах ёстой. Уралдааны зам нь засагдсан, халтиргаа гулгаагүй, ус шалбааг, энхэл донхолгүй өөрөөр хэлбэл ямар нэгэн бартаагүй байх ёстой. Зам сайн байвал уралдааны явцад хүүхдэд элдэв саад бэрхшээл аюул тохиолдох нь бага байдаг нь ажиглагддаг. Хоёрдугаарт уралдааны зохион байгуулалтын асуудал байна. Уралдаан дэг журамтай, эмх замбараатай зохион байгуулагдах ёстой. Уралдааны зохион байгуулалтад цагдаа, хүн болон мал эмнэлэг, хүүхдийн байгууллагыг заавал оролцуулж мэргэжлийн багаар комисс бүрдүүлэх ёстой. Энэ мэт шаардлагыг хангаж байж уралдаан зохион байгуулах зөвшөөрлийг авна. Дээрх нөхцлийг бүрдүүлээгүй хэнбугайд ч зөвшөөрөл олгохгүй байхыг салбар холбоодын удирдлагуудад хатуу сануулсан байгаа. Зөвхөн уяачдын холбооны тэргүүнүүд биш орон нутгийн удирдлагуудад ч сануулга хүргүүлсэн. Ер нь бол хүүхэд унаж бэртэх асуудал ММСУХ-ны  зохион байгуулсан томоохон уралдаанд ерөөсөө гардаггүй.

Хурдан морь унаач хүүхдүүдийн хөдөлмөрийг үнэлэх, урамшуулах тал дээр ямар ажил зохион байгуулж байгаа вэ?
-Унаач хүүхдийнхээ хөдөлмөрийг үнэлэх талаар олон ажил хийж байгаа. Жишээ нь бид спортын цол зэрэг олгодог болсон. Тэднийгээ өндөр шалгуураар чансаалдаг, эрэмбэлдэг болсон. Одоогийн байдлаар Монгол улс спортын мастер нэг, дэд мастер найм төрөн гараад байна. Энэ жил ч гэсэн мастеруудын маань тоо нэмэгдэх байх. Түүнчлэн унаач хүүхдүүдийнхээ ээжийг алдаршуулдаг болсон. Мөн монголын хурдан морь унаач хүүхдүүдийн зөвлөл байгуулагдсан. Хүүхдүүд маань өөрсдөө эрхээ хамгаалдаг, өөрсдийн дүрэм журамтай болж зөвлөлөөрөө дамжуулан үзэл бодлоо хуваалцдаг болсон. Хурдан морь унаач хүүхдүүд бол үндэснийхээ спортоор хичээллэж байгаа тамирчид юм. Тийм болохоор ММСУХ-ны зүгээс хурдан морь унаач хүүхдүүдийнхээ шагналыг буюу түрүүлж, айрагдсан морины бай шагналын 20%-ийг тусад нь дугтуйнд хийгээд шууд гар дээр нь олгодог болсон.

Улс, бүсийн наадмаас 14 айраг аваад байна

За хоёулаа ярианыхаа сэдвийг өөрчлөөд хувь хүн талаас чинь товчхон ярилцъя. Хэдэн оноос хурдан морь уяж эхлэв, моринд орж байсан үеэ эргээд дурсвал?
Би чинь Өвөрхангай аймгийн төв дээр өссөн хүүхэд л дээ. Бага байхын л моринд дуртай байсан.  Зун болгон Есөнзүйл суманд ах дүү нар дээрээ очиж морио унадаг тийм л хүүхэд байсан. Аав маань ч гэсэн хэдэн адуутай, надад бас заримыг нь зүслээд өгчихсөн. Би өөрөө тамирчин хүн, МУБИС, СЭЗДС-ийг төгссөн. Волейбол тоглодог, хөнгөн атлетикээр хичээллэдэг байсан. Сургууль соёлоо төгсөөд бизнес хийж, ажил амьдрал маань харьцангуй гайгүй болоод 2004 оноос л морь уяж эхэлсэн дээ. Миний аавын төрсөн ах МУ-ын алдарт уяач, МУ-ын сайн малчин Б.Дэмбээ гэж хүн бий, Төв аймгийн Баянцогт сумын. Ах маань надад хурдан морь бэлэглэж, миний анхны айраг түрүүг авч өгч байсан. Миний морьдыг одоо ч гэсэн ахын маань хүү Гэсэрваань гэдэг залуу уяж байгаа. Мөн зарим морьдыг маань Д.Онон манлай уядаг.

Та чинь улс бүсийн наадмаас хичнээн айраг түрүү хүртээд байгаа билээ?
Д.Онон манлай маань 2008 онд миний халзан азаргыг Заамарын төвийн бүсд айрагдуулж бүсийн наадмын анхны айргийн авч өгч байлаа. Дараа нь улсын наадамд зээрд морь айрагдуулж, улсын наадмын бас анхны айргийг авч өгсөн. Мөн Дэмбээ ах маань Арвайхээрийн 280 жилийн ойгоос нэг түрүү, дөрвөн айраг авч өгч байлаа. Одоогоор бол улс, бүсийн наадмаас 14 айраг аваад байна даа.

Тэгвэл манлайн болзол хангачихсан юм байна шүү дээ?
За тийм байх. Тэгэхдээ амжилтын маань ихэнх нь доод нас байдаг юм. Дээд нас бол гуравхан л бий. Заамарын даншигт хүрэн халзан азарга айрагдсан, улсын наадамд зээрд морь айрагдсан, Арвайхээрийн 280 жилд хул азарга түрүүлсэн. Ингээд дээд нас нь 50 хувьдаа хүрдэггүй болохоор МУ-ын алдарт уяач ч болж чаддаггүй юм /инээв/.

Уяачийн амжилтын 50 хувь нь заавал дээд нас байна гэж зааглах шаардлага байдаг юм болов уу. Бага нас ч ялгаагүй л уяа шаарддаг шүү дээ?
Энэ бас олон хүний асуудаг асуулт л даа. Дээд нас гэж зааглаад байгаагийн гол учир нь азарга, их насанд 10-15 жилийн шигшээ унаганууд уралддаг. Харин бага дөрвөн насанд бол зөвхөн нэг жилийн унаганууд л хоорондоо уралддаг. Үүгээрээ л ялгаатай. Өөрөөр хэлбэл азарга, их насанд 6 наснаас 20 нас хүртлэх уралдах боломжтой бүх шигшээ адуунууд уралддагаараа онцлогтой юм.

2012 ондоо хэрхэн наадав. Бүсийн наадмаас хоёр ч айраг уучихсан байх аа?
Тэгсэн, энэ жилийн хувьд төвийн бүсэд хул даага дөрөвт хурдалж, Занабазарын даншигт хонгор соёолон аман хүзүүдсэн. Мөн Өвөрхангай аймагт болсон хаврын уралдаанд ухаа соёолон тавалсан. Улсын наадмаар бол миний унаган их морь 22-т орж, хоёр соёолон маань нэг нь 19-өөр, нэг нь 16-аар орсон. Хул даага есөд орсон. Товчхондоо хэлэхэд улсын их баяр наадмын 9-22-ын хооронд миний унаган дөрвөн адуу орсон. Үүнийгээ би их том амжилт гэж бодож байгаа.

Төвийн бүсд айрагдсан хул даага таны унаган адуу юу?
Хул даага маань манай унаган адуу биш. Би манлай уяач А.Батсүхээс авч байсан юм. Тэдний унаган тойруулга гаралтай халтар азарганых нь хүүхэд.

Бидний урилгыг хүлээн авч илэн далангүй яриа өрнүүлсэнд баярлалаа. Хуучин оноо үдэж шинэ оноо угтах мөч ойртож байгаа болохоор Монголын нийт ард түмэн болоод уяачиддаа мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?
За баярлалаа. ММСУХ ирэх 2013 ондоо дэлхийн адууны баярыг эх орондоо зохион байгуулна, Их хурд уралдаан, бүсийн уралдаануудаа зохион байгуулна гээд маш олон ажлыг хийхээр төлөвлөөд байна. Мөн дээрээс нь Монгол адуугаа паспортжуулах ажлыг хийнэ. Баруун аймгуудад “Монгол уяач 3000” зөвлөгөөнөө бас хийнэ. Гадаад харилцааны чиглэлээр ч гэсэн олон сургалтууд, айлчлалууд хүлээж байгаа. Түүнчлэн шинэ он дөнгөж гаргаад шилдэг 15 залуу уяачаа Хонконгт аваачиж орчин үеийн хурдан морины уралдаантай танилцуулах аялал хийнэ. Энд явах залуучуудаа бүртгэчихсэн байгаа. Дараагийн удаад хөдөө орон нутгийн уяачдаа авч явна гэсэн бодолтой байна. За тэгээд нийт ард түмэндээ хандаж Монголын үндэсний их өв соёл болсон хурдан морины уралдааныг бүгдээрээ нийлээд ёс зүйтэй, эв нэгдэлтэй, үлгэр жишээч, соёлтой авч явцгаая аа гэж уриалмаар байна. Монголын соёл гэдэг бол Монгол улсын тусгаар тогтнолын том билэг тэмдэг, баталгаа болж байдаг. Тэгэхээр үндэсний их өв соёлыг тээж яваа уяачид бид ёс зүйтэй, хүмүүжилтэй, эв нэгдэлтэй байх ёстой шүү гэдгийг давтан хэлмээр байна. Та бүхэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

За баярлалаа танд

Сэтгэгдэл