2016 оны 01 сарын 14

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат, Монгол улсын Алдарт уяач "орос" хэмээх Дамбын Болдтой хуучиллаа. Тэрээр хурдан морьтой амьдралаа холбоод 40 гаран жил болж байна. Энэ хугацаанд төрийн их баяр наадмаас 2 түрүү, 3 айраг хүртсэн бас бүсийн наадмаас 1 түрүү, 4 айраг хүртсэн байна. 1980 оны сүүл 90-ээд оны эхэн үед Хан-Уулын ард ид наадаж явахын хажуугаар торгон зодогны далбаан дор халхын хүчтэнүүдтэй уран мэхийг уралдуулж явсан "Цэргийн хурц арслан" билээ.

Тарган орж, тавтай сайхан хаваржиж байна уу?
Сайн орж, сайхан хаваржиж байна аа. Энэ жил жаахан “хүйтэн” өвөл боллоо. Гэхдээ урьд урьдах жилүүдээсээ нэг их хол давсан нь юу л бол. Дээр үед чинь өглөө, үдшийн жавар  тас хийдэг байлаа. Шинэ бор эсгий гутал өмсөөд хоёр шөнө адуу манаад л гурав дахь өдрөөс нь эхлээд даардаг. Бамбагар цагаан гутал нь олдохгүй, би хүнээс адуугаар авч өмсөж байсан. Одоо чинь бамбагар цагаан битгий хэл, бор эсгий гутал өмсдөг хүн байхгүй болчихож. Тэгээд бас хүйтэн байна гэж яриад байгаа шүү. Мөн дулаахан машинд суучихаад даараад байх болж дээ.

Та багаасаа л хөдөө өссөн үү. Бага насныхаа дурсамжаас хуваалцвал?
Ахынх нь бага нас Партизаны САА-д өнгөрсөн. Өвөө маань Сэлэнгийн нэрт гөрөөч Лутын Дэмбэрэл гэдэг хүн байсан. Гэхдээ манай аав бол түүний өргөмөл хүү нь. Өвөө маань цэрэгт байхдаа амь насаа алдсан юм гэнэлээ. Тэгээд өвөөтэй маань хамт цэргийн алба хааж байсан Дэмбэрэл гэдэг хүн манай аавыг өргөж авсан гэдэг. Аав маань Цагдаагийн төв байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх тасагт эрхлэч, шинжээч зэрэг ажил хийж байсан. Миний хувьд бага байхын л сургуульд суух дургүй, морин дэл дээр л давхиж явдаг байсан. Халтар хултар дөрөвдүгээр анги төгсөөд 12-13 настайгаасаа малчин болсон.

Морин дэл дээр өссөн хүүхэд хурдны морь унадаг л байсан байлгүй дээ?
Унана аа унана. Хамгийн анх хүний морь унасан. Амыг нь татахгүй тавьж уралдаж байгаад суулгаж, авгайд нь хүртэл загинуулж л байлаа /инээв/. Дараа жилээс нь өвөг эцэг маань морь уяж, би аавынхаа морийг унадаг болсон. Сүүлдээ ч моринд хүнддээд аавтайгаа хамт морио уядаг болсон. Манай аав морийг мундаг мэдэрдэг хүн байсан юм билээ. Би буруу зөрүү ажил хийгээд л баллаад хаячихдаг, аав харж байгаад засал хийчихдэг байсан. Нутгийн улсууд морио сунгах уу гээд ирэхээр аав маань сунгахгүй. Тэгж байгаад л уясан болгоноо сумандаа айрагдуулж, түрүүлгэчихдэг байсан. Тэгээд улсад явж уралдах уу гэхээр “Өө тэр чинь биднээс ахадсан асуудал. Олон хөлийн том газар очоод чи, бид хоёр шиг хүн жижигдэнэ” гээд явдаггүй байсан.

Бие дааж морь уясан нь хэзээ вэ?
1971 онд цэргээс халагдаж ирээд л бие даан морь уясан. Эхэн үедээ ч олон сайн морийг буруу зөрүү уяж “болиосон” доо хөөрхий. Дараа нь Баянцагааны хашир уяачид дээр очиж амыг нь чангаж, мориндоо ажил хийхийг нь харж, ажиглаж байж жаал, жуухан юм гадарладаг болсон.

Анхны айраг, түрүүгээ хэдэн онд хүртэж байв?
За даа яг нарийн санахгүй байна. 70 оны дунд үеэс л Баянчандманд ганц нэг үрээгээ айрагдуулдаг болсон. Сүүлд бодож байхнээ их хурдан малууд байсан юм билээ. 1979 онд Баруунхараад ирж суурьшисан. Хүний нутагт ирэхээр хүн ч бас арай өөр болдог, бас ухаан суудаг юм билээ. Гэхдээ эхний нэг, хоёр жил бас алдсаан алдсан. Партизанд байхдаа мориныхоо хоолыг их хасч тавьдаг байсан. Гэтэл Баруунхараад ирээд тэжээлийг нь хасахаар ганц нэг баагаад л гэдэс нь зайлагдаад, түрүүлж, айрагдах адуугаа хойшлуулж байсан удаа бий. Сүүлдээ арга барилыг нь олоод ойр хавьдаа айраг, түрүү арай нэмүүн авдаг болсон. Тэр үеэс эхлэн улсад очиж уралдах санаа төрж, нэлээн хэдэн бага адуутай ирж уралдсан чинь байдгүй дээ, хойгуур л давхиад байдаг. Нэг хязаалан үрээ аюулын хурдан байсан чинь наадмын урд орой нутгийнхаа нэг нөхөртэй “тамхи татаад л худлаа үнэн морь, бөх ярьж баахан солиорлоо”. Үүрээр морио барих болсон чинь унтчихаж. Нэг мэдсэн чинь “морьдоо мордуулаарай”  гээд л цагаан хоолойгоор ярьж байна. Ухасхийж босоод  Туулын уснаас цэрдийтэл нь услаад явуулчихлаа. Доохнуур л ирлээ. Олом нь шигдээд орчихсон, хамар амаар нь идсэн, уусан нь гоожчихсон “хачин юм” ирлээ, яаж үхээгүй юм. Тэгсэн манай нэг ах морь дагсан юм байна, давхиж ирээд“Чи чинь малыг ингэж тамлаж байдаг ямар балай, өвчтэй амьтан бэ. Зүгээр адуунд нь байлгаж байхгүй ингэж тамлах ямар хэрэг байдаг юм. Наадах чинь тархинд явсаар байгаад суучихлаа, ийм их хоолтой цатгалан адуу яаж ч уралдхав дээ” гэж загнаж билээ.

Улсын наадмын анхны айраг, түрүү авсан тэр үеэ эргээд дурсвал?
1987 оны улсын наадмаар дөрвөн насны адуутай очиж уралдсан юм. Тэхдээ бас болоогүй ээ морьдоо хүнд өгч явуулчихаад өөрөө барилдах санаатай “далбилзаж” явсан юм /инээв/. Сумандаа барилдаж түрүүлчихээд улсад барилдах гэж амралтанд дөрөв тав хоносон. Бэлтгэл хийж байгаа ухаан нь тэр. Тэгсэн сэтгэл хоёрдоод болдоггүй мориноо хойноос хүрээд ирсэн. Бор халзан шүдлэн маань түрүүлээд, бас нэг хусран шүдлэнг эхээс нь салгачихсан /эх нь догшин байсан тул салгасан/ чинь буруудаад гуч гаргаж орсон. Хулгар улаан гээд хязаалан үрээ бас гайгүй сайн байсан чинь наймаар орчихсон. Тэр жил миний хээр морь даага байсан юм, зургаад орсон. Дөрвөн адууны маань нэг нь түрүүлээд, хоёр нь 10-ын дотор давхина гэдэг чинь том амжилт биз дээ. Бараг л бүгд айрагдчихсан юм шиг санагдаж байгаа юм чинь. Буянт-Ухаагийн тэр том довон дээр очоод морь түрүүлгэчихээр таньдаг, таньдаггүй хүмүүс гэртээ оруулж, дайлж цайлаад их  л сайхан санагддаж байсан. Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно гэдэг шиг морь, бөх хоёр бол зэрэгцэнэ гэж байхгүй юм байна лээ.

Улсын наадмын анхны түрүүг авч өгсөн бор халзан үрээнийхээ удам угшлыг яриач?
Манай өөрийн унаган адуу байгаа юм. Даагандаа суманд түрүүлээд, шүдлэндээ улсад түрүүлсэн. Хязааландаа сумандаа айрагдсан. Улсад түрүүлэхдээ холхон түрүүлсэн шүү. Хүүхэд нь Айдсын давааны цаана амыг нь жаахан татсан чинь цоройгоод байсан юм гэнэ лээ. Тэгээд даваа даваад л амыг нь тавьчихсан гэсэн. Зарим нэгэн хүмүүс намайг цаашлуулаад “Чамайг дөрвийн даваанд Дүвчин заанд унчихаад тоосоо гөвж байхад бор халзан үрээ чинь Буянт-Ухаад тоосгүй түрүүлж байсан” гэдэг юм.

Сэлэнгэ чигийн адуу цаанаасаа цус орсон байх нь элбэг. Та ер нь ямаршуухан адуугаар наадаж байв?
Яг үнэнийг хэлэхэд жаахан эрлийз цустай адуугаар уралддаж байсан. Баруунхараад очоод нэг тойруулга азарга авсан, төлүүд нь биерхүү гарсан. Гэхдээ  гаднаас монгол үрээ авч уяж байсан. Эрлийз настайгаа хамт уяж, давхил хийхээр монгол адуу нь хол хоцроод байхаар нь эрийз малаа тордож уяад, нөгөө монгол адуугаа хүнд өгөх, зарах хандлага ч байсан. Харин хүнд очоод сайхан азарга болж, хурдлаад, хурдан төлүүд гаргаж байсан удаа бий.

Ер нь бол аавынхаа бэлдэж өгсөн унаган адууг тойруулга адуугаар л сайжруулсан юм байна гэж ойлгож болох уу?
Манай аав хоёр сайхан гүүтэй байсан юм. Мал нийгэмчилж байх үед хоёр гүүгээ аргамжиж, түүн дээр хэдэн морио тавьж тогтоодог. Тэр гүүнүүд нь яг монгол биш, биеэр том, эрлийздүү гүүнүүд байсан. Манай эцэг нэг жил доголон цагаан азарга аваад ирлээ. Уул нь зүүн зүгийн азарга юм гэнэ лээ. Улсад 37 давхисан гэж байгаа. Гэдээ их сайн азарга боловч “ороо морь уургалаад хөлгүй болгочихсон юм гэнэ лээ” гэж ярьсан. Энэ цагаан азарганаас 4-5 охин төл авсан. Дараа нь нэг бор үрээ авч, азарга тавьсан. Тэгээд л адуу ерөнхийдөө сайжирч эхэлсэн. Сүүлдээ ч улсын наадамд нэг дор гурван адуу хүртэл айрагдуулсан. Улсын наадмаас жил болгон нэг айраг аваад байж болох юм байна гэж хүртэл бодогдоод, хүнд морины уяа сойлыг зааж өгмөөр ч юм шиг санагдаж байсан үе бий шүү. Тэгсэн чинь харин дараагийн гурван жил нь дараалан арав дотор, аравын цаана давхиад, айрагдуулж чадахгүй болохоор нь гайхаж л байлаа.

Тэгэхдээ улсын наадамд айрагдаагүй ч айргийн араар давхиж байгаа адуу гэдэг аргагүй л хурдан хүлгийн шинж биз дээ? Тэр битгий хэл 50 дотор давхиж байгаа адуу хаана ч очсон үзүүрт уралдаж байдаг?
Тэр үнэн шүү. Надад нарийн хүрэн гэдэг их сайн морь байлаа. Би унаад явахад ямар ч өндөр давааг цогиод гарчихдаг, унахад үнэхээр сайн морь байсан. Тэр морио уяад улсад очсон  чинь зуу гарч давхисан. Тэгээд л унахад сайн морь, уяхад хурдан морь хоёр өөр байдаг юм байна гэдгийг ойлгосон. Улсад аравт давхисан нэг үрээгээрээ азарга тавьсан чинь төлүүд нь их сайн гарсан.

Улсын наадмын гурван айргийг нэг дор хүртэж байлаа гэж та ярьлаа. Тэр тухайгаа жаахан дэлгэрүүлээч?
Тэр чинь 1989 оны наадам байгаа юм. Хязааланд “босоо хээр” маань түрүүлж, “анааш” хүрэн гэж хязаалан айрагдаад хээр шүдлэн бас айрагдсан. Харамсалтай нь түрүүлсэн хээр үрээг маань шүдээр хасчихсан. Тэр жилийн хязаалангийн уралдааны эхний гурав нь манай Баруунхараагийнх байсан. Бас шүдлэнгийн түрүү Баруунхараагаас байсан. Миний хоёр үрээний хувьд хойтон жил нь  6-7-оор давхисан. Анааш хүрэн маань бүдүүрсэн хойноо арав дотор нэг давхисан. Хээр морь маань харин аварга аварга адуу болсон доо.

Хээр морийг тань бол Монголын морь сонирхогчид андахгүй сайн мэднэ л дээ?
Хязаалан улсад түрүүлээд соёолон зургаалаад, хавчин аймгийн 60 жилд түрүүлээд, найман настай улсад 7-д, арав настай улсад айрагдаж, давхар уяагаар Өндөр гэгээний ойд дахиад айрагдсан. 97 оны Эрдэнэтийн даншигт бас айрагдсан. Бид хоёр чинь өөр хоорондоо бараг л ярина шүү дээ /инээв/. Хээр морь маань миний дууг сонсохоороо гайхалтай зүтгэнэ. Сэлэнгийн 60 жилийн урд шөнө нь их бороо орсон, өглөө нь хээр мориныхоо үсний усыг буулгаж байхдаа “Хээр морь минь өнөөдөр надад түрүүлж өгвөл сайн байна даа” гэсэн чинь нэг их санаа алдаад, тэгээд л түрүүлж байсан. Би ер нь улсад их морь айрагдуулж барахгүй байх гэж бодож байсан чинь хээр морь маань харин 10 настай айрагдсан даа. 95 онд айрагдахдаа өвлөөс эхлээд л хурдан байсан. Түвдэн агсан мотоциклийн байтай наадам хийхэд түрүүлээд Нисэхийн наадмаас мөнгөн эмээл авах санаатай /тэр наадмын түрүү морийг мөнгөн эмээлээр байлсан/  очсон. Хүүхэд нь буруу замаар уралдаанд зургаалчихсан. Тэгээд тэр наадамд Ц.Доржсүрэнгийн хээр түрүүлж байсан юм.

Хээр морины удам угшил хаанах адуу билээ?
Өөрийн унаган адуу л даа. Би нэлээн дээр үед Баянцагаанаас буурал духтай хөгшин хүрэн гүү авч байсан юм. Тэр буурал духтай хүрэн гүүнээс охин хүрэн унага гарч, түүнээс охин хээр унага гарсан нь миний хээр морины эх нь байгаа юм. Хээр морины эх хээр гүүний эцэг нь болохоор Тойруулга цус орчихсон  манай нэг хээр азарга байсан юм. Тэр их сайн азарга байсан. Би “Гарьд магнай” кинонд тэр хээр азаргаа унаж булгиулж байгаагаар гардаг юм. Буруу, зөрүү уяад олигтой давхиулж чадаагүй, улсад нэг удаа аравт оруулсан. Тэр чинь 1976 он билүү дээ, Хурц сайд Сүхбаатараас шарга үрээ ачиж ирээд түрүүлгэж байсан жил.

Хээр морь ямар шинжтэй адуу байсан бэ?
Хандгайдуу шинжтэй адуу юм уу л гэж боддог юм. Нэг онцгой шинж нь адуу адуунаас урт далтай морь байсан. Жирийн үедээ хойд хоёр борив нь нийлчихсэн юм шиг харагддаг. Хүмүүс хараад “энэ борвио хавирсан юм яаж давхидаг юм” л гэж байдын. Тэхдээ айхтар морь шинждэг хүн тэгж хэлээгүй л дээ, зүгээр л хамаагүй ярьдаг нөхдүүд тэгж байдаг юм. Давхиад ирэхээрээ дөрвөн мөч нь тал тал тийшээ л тараад явчихдаг. Тойруулга цус орчихсон болохоор том ч морь байсан, алдаараа газар их хорооно. Явуул гээд л хашгирахад бөгс нь навтас гээд л цээж нь босч ирээд “яав 350” хааз өгч байгаа юм шиг л нэмж байдаг морь байсан. Тэгэхээр их л хурдан морь байсан байх. Уяа нь таарсан үедээ харин ч нэг төвөггүй зөөнө дөө. Улсад айрагддаг жил нь Долоон худагт сунгасан юм. Морьд явахгүй болохоор нь хүүхдээ “урд нь гараад түрүүлээд яв” гэчихлээ. Тэгсэн 10-аад км яваад л бүгд эргэчихдэг байгаа. 80-аад морь сунгасан байх аа, хамгийн араас нь л тавьчихлаа. УАЗ 469 машинтай дагасан чинь гүйцэлгүй алдчихлаа. Нэлээн ч араас тавьсан, хээр морь ч зөрөөд л өнгөрөөд байгаа харагдсан. Арай гэж үзүүр дээр очтол өнгөний хоёр морин дээр л очиж байгаа харагдсан. Хээр морин дээрээ очоод буутал хүмүүс “за баяр хүргэе, хээр морь ч хурдан байна даа. Үзүүрийн өгсүүр дээр өнгөний хоёр морио дайраад холхон түрүүллээ” л гэж байна. Амьсгаа, хөлс ч сайхан байна. Тэгээд тэр жил гурвалсан юм. Дөнгөж морь унаж сурч байгаа шинэ хүүхдээр унуулчихсан, хүүхэд жаахан сайн байсан бол түрүүлэх боломж байсан болов уу гэж боддог юм.

Уяаны онцлогийн хувьд?
Их нарийн уяатай. Жаахан дутуудуулах юм уу жаахан давуулахыг андахгүй. Ажил их голдог адуу байсан. Тарган талдаа дутуухан уяатай уралдуулбал ирээд хэвтчихдэг байсан. Тааруулж л тавихгүй бол ер нь их хэцүү. Нэг удаа улсад мордуулалгүй аваад үлдсэн. Арай дутуу юм шиг санагдаад байхаар нь муу морио өрөвдөөд, ирээд хэвтчих байх гэж бодоод явуулаагүй. Дараа нь Баянчандманьд тавьсан чинь юмтай уралдаагүй, “замбараагүй” л ирж байсан. Тэгж гамнаж байсны хүчинд 20 хүртлээ уралдсан даа. Уяа нь таарсан үедээ хөнгөхөн хөнгөхөн гишгэлээд л янзтай шүү дээ бас. Тийм үед нь мордуулчихсан байхад хэдээр ирэх бол гэж тоолж зогсохгүй, тугны дор л өнгөний хэдийг хүлээгээд зогсдог байсан. Хээр морь маань ч олилзоод л гараад ирдэг байсан даа хөөрхий.

Таны хээр морийг ид хурдан байх үед Доржсүрэнгийн хээр гэж аварга адуу Буянт-Ухаагийн дэнжид ноёлож байсан байх. Тэр хээр морь ер нь аварга адуу байсан биз?
Доржсүрэнгийн хээр ч ясны хурдан адуу л даа. Хоёр нүд бол онцгой шүү. “Хурдан адууны харц янаг эмийн харц шиг” гэж ярьдаг юм байна лээ. Тэрэн шиг нүд нь гурвалжлаад мөн ч янзтай нүдтэй адуу даа. Тийм нүдтэй адуу ер нь ховорхон доо, олон таарахгүй. Дээр үед надад нэг алаг морь байсан юм, Доржсүрэнгийн хээр шиг нүдтэй. Тэр их хурдан байсан. Сүүлдээ зайлуул хэмхэрчихсэн юм. Манай хээр, Доржсүрэнгийн хээр хоёрыг уралдаж байх тухайн үеийн морьдоос Тойруулгын хээр халзан бас аварга адуу шүү. Сайхан ч морь дөө хурдан байхаас аргагүй. Банзрагчийн аварга зээрд гэдэг морийг Баянцагаанд явж байхдаа харж байсан. Бийрэн сүүлтэй, буурал духтай зээрд морь 24 настайдаа Баянцагааны наадамд айрагдаж байсан санагдана. Аварга нэрэндээ таарсан ээ дээ мөн ч аварга адуу байсан шүү.

Нэрт уяач М.Тожилын ах "нүдэн" Бат гэдэг хүнийг их шүтдэг

Анхны арван манлайтай үй зайгүй л байсан байх. Тэдгээрээс хамгийн мэдрэмжтэй уяач нь таны бодлоор хэн нь байв?
Өө тэд чинь мундаг улс. Тэр нь илүү гэж хэлэхийн аргагүй, бүгд л хийгүй сайн уяачид. Тэхдээ би тэдгээрээс гадна Баянцагааны Мөржавын Тожил гэдэг хүнийг их хүндэлдэг. Аргагүй л мэдрэмжтэй уяач шиг санагддаг юм. Тэр хүний ах “нүдэн” Бат гэж морь айхтар таньдаг мундаг хүн байсан. Намайг гайгүй “тоодог” юм аа зайлуул. Улсын начин “хөл” Пүрэвдорж гэж манайхны хамаатан асуусан юм байна лээ. “Бат гуай, манайхны тэр дүү хүү Болд ер нь хэр уяж байх юм. Морь уяад л улсад ирээд байх юм” гэсэн чинь “Тэр чинь чамайг бодвол хүн л дээ” гэсэн юм гэнэ лээ. Пүрэвдорж гуай дараа нь надад ирж хэлээд “муу Бат тэгж хуцаж байхгүй юу” гээд инээж байсан. Хааяа сайхан зан нь хүрэхээр “Орос оо хоёулаа мордъё” гээд л дагуулаад явна. Намайг чинь нэр ус ч байхгүй Орос л гэнэ /инээв/. Тэгээд л хүн амьтан морь үзүүлэхээр “эмээллээд унавал сайхан морь байна, дээшээ цовхорвол их хол харайх адуу байна даа” гэх зэргээр дандаа марзаганана. Нэг удаа манай уяан дээр ирчихээд улсад түрүүлдэг бор халзанг маань харчихаад “Энэ над шиг нүдтэй адуу чинь яадаг адуу вэ” гэж байсан юм. Бор халзангийн маань өрөөсөн нүд сохорчихсон байсан юм. Тэгсэнээ бас миний хээр морийг харчихаад “Энэ хээр морио ахдаа өгчих хонинд унаад шогшиж байхад сайхан амьтан юм” гээд буруу харж инээгээд байсан. Сайндаа ч биш хурдан гэдгийг нь мэдчихээд л надаар даажигнаж байхгүй юу. Намайг тэгж тоож ярьдагт нь би их баярладаг юм. Ер нь тэр хүнийг л би их шүтдэг дээ. Гомбын цавьдар гэж улсад гурав айрагдсан азаргыг шүдлэн байхад нь таньж авсан гэдэг. Бас улсад 1 түрүүлж, 2 айрагдсан Л.Давдингийн буурал морийг тууварчин хүн унаад явж байхад таньсан гэдэг. Гэрийнх нь гадаа ирээд буухад буурал морийг харчихаад "Тожил оо, улсад түрүүлэх морь гадаа чинь ирчихсэн юм биш үү" гээд наймаа тохирч авсан юм байна лээ. Буурал морийг Тожил сайн давхиулж чадаагүй ч даалууны мөрийнд Сэргэлэнд ирээд байхад нь Дамдин гуай аваад тэр жилээ улсад түрүүлгэсэн байдаг.

Таны морьд ид хурдалж байх үед Жаргалант адуу “дийлж” байсан байх. Жаргалант адуугаар наадаж байв уу?
Би наадаж байгаагүй. Жаргалант адуу гэдэг чинь айхтар хараа хяналттай байсан болохоор олж авч чаддагүй. Нэг доголон хээр азарга хүнээс авч, гүү хураалгасан. Тэр доголон хээр азарга болохоор 1940 хэдэн онд улсад түрүүлсэн Морин заводын хээр азарганы хүүхэд байсан юм гэнэ лээ. Сүүлд нь бас нийгэмчилчихсэн. Түүнээс ганц охин хээр даагатай үлдсэн. Тэр маань харин ганц нэг гайгүй адуу гаргасан нь улсад орсон. Хурандаа хээр гэдэг азарга 1994 онд улсад айрагдсан байдаг юм. Тэр хээр азарга бол миний тэр хээр гүүний төл. Гэхдээ тойруулга цустай азарганд хураалгаж байж гарсан.

Хоёр шаргын эцэг халтар азарга Морин тойруулгаас “суулигдсан” гэдэг. Таны нэр бас цохиж л явдаг даа?
Суулих ч юу байхав дээ, Тойруулгын адууг маллаж байсан Гомбо нэг үрээгээ алдчихаад хайж явахдаа “морь эцчихлээ, та тэр үрээг газраар  нь олоод авчих” гээд надаас нэг сайхан морь унаад явчихсан юм. Би  тэр үрээг нь олж авсан нь тэр халтар байгаа юм. Их хөхирчихсөн хариугүй мал байсан. Ер нь их аятайхан азарга  болох шинжтэй болохоор нь буцааж өгөх ч сонирхол төрөөгүй. Соёолон болж байж хөхрөө нь гарсан. Тэгээд азарга тавих гэсэн чинь гүү хурааддаггүй. Хавчигтаа бас гүү хураагаагүй. Бяр сууж өгөхгүй байсаар хавчигт нь уяад Долоон худгийн сунгаанд бараг түрүүлсэн юм. Наадмаар уяа нь мултраад, доохнуур орсон.

Тэгээд яаж байгаад “баригдчихсан” юм бэ?
Улсад уралддаг жил Айдсын даваан дээгүүр гарч ирэхэд нь л Даваадорж дарга харсан юм гэнэ лээ. Тойруулгын адуу чинь тоон тамгатай байлаа ш дээ. Тэгээд намайг эзгүй хойгуур Гомбо ирээд аваад явчихсан байсан. Уг нь гайгүй сайхан болоод гүү хурааж байсан юм. Тэндээсээ л Эрдэнэчулуунд очсон юм шиг байна лээ. Буцаагаад авчихвал ч авчихаар л байсан. Тэхдээ нэгэнт хүнд очичихсон юм чинь хойноос нь очиж хэл ам хийгээд яахав гэж бодоод очоогүй. Сүүлд харин үр төлүүд нь сайхан гараад байна гэдгийг дуулаад хойноос нь очоод “За миний дүү халтар азаргандаа олонхон гүү хураалгаад төл ахиу аваарай. Сайн азарга шүү наадах чинь” гэж хэлчихээд явсан. Халтар азарга маань ч өгөөж буянаа хамаргүй хайрлаж, ах дүү хоёр шарга гэж Монголын эрхэм хурдууд гарсан.

Халтар азарга хэлбэр хийцээр ямар адуу байсан бэ?
Морин тойруулгын өвгөн тогоруугийн хүүхэд шүү дээ. Эцэгтэйгээ хачин адилхан адуу байсан шүү, өө хайсан хүнд арай жаахан богинохон талдаа л байсан байх. Бусдаар ч хачин сайхан амьтан байсан л даа.

Морь уяж эхэлснээс хойш улс, бүсээс хэдэн айраг түрүү аваад байна?
Гурван түрүү, долоон айраг авсан. Баруунхараагийн бүсийг оруулбал нэг түрүү, хоёр айраг нэмэгдэх байх.

Тэгвэл та чинь манлай уяачийн болзол биелүүлчихсэн юм биш үү?
Болзол биелүүлсэн эсэхийг нь нарийн сайн мэдэхгүй. Их л дөхсөн болов уу. Хүн амьтны морийг уяснаар бол Манлайн болзлыг давуулан биелүүлчихсэн л дээ.

Сүүлийн үед та хаагуур уралдаад байна?
Сумандаа л уралдаж байна. Урьдын адил мориндоо өөрөө ажил хийж чадахгүй больсон. Хүнээр ажил хийлгэхээр сэтгэлд хүрэхгүй юм. Өглөө долоон цагт морио бариарай гэхэд 10 цагт барьж байх жишээтэй. Урьд бол сумандаа уралддагүй, улсад нэмүүн уралдсан. Харин сүүлдээ унаа морио уяж, сумандаа түрүүлгэсэн чинь бараг улсад түрүүлгэсэн юм шиг л баярласан. Манай сумаас улсын алдарт уяач зургаа төрөн гарсан байдаг юм. Одоо гурав нь л үлдээд байна.

Таны хувьд хурдан морины шинжийн тал дээр юуг нь илүү анхаардаг вэ?
Хурдан адуу гэдэгт толгой их юм хэлнэ дээ. Толгойны шинж бол цэвэрхэн, чихний холбоо ойрхон, үзүүр рүүгээ нэмгэн, шовх, эрүүний зай гээд их зүйл байдаг. Аман хүзүү бүдүүн, хоёр шанаатайгай тэнцүү гэх мэтээр толгой талыг их хардаг. Дараа нь дөрвөн мөчийг нь хардаг. Хэдий хурдан байгаад дөрвөн мөч нь их биеэ даахгүй бол яаж хурдлахав дээ. Дээд залгаанууд их нөлөөлнө. Гурван овоо нь тэнцсэн морь бол их зүгээр шүү. Их богинодохоор тагжигаад, их уртдахаарааа бас суугаад байх шиг санагддаг. Ер нь тэгээд багаа биендээ тэнцүүхэн байх л хэрэгтэй дээ.

Дээр үеийн болон өнөөгийн уяа сойлго их ялгаатай болчихов уу?
Ялгаатай болчихлоо. Дээр үед цөм морио тэжээдэггүй. Өвс, ногоо нь сайхан ургадаг. Үүнийгээ дагаад уяа сойлго нь өөр байсан. Одоо үед тэжээдэггүй хүн алга. Эм, тариа ч хүн болгон их хэрэглэдэг болж. Адууг аргагүй мэддэг хүн бол ирэн дээр нэг тавьбал тэд нартай уралдаж болох байх.

Та морийг хэр их тарладаг вэ? Сүүлийн үед тар хийдэг уяач бараг байхгүй болсон гэж хэлж болох байх.
Таранд ач холбогдол байлгүй яахав. Гэхдээ учир утгагүй тар хэрэггүй. Уул нь морь хөлсөөрөө онгойдог. Тар хийхэд давхил ордог. Гэхдээ мориндоо тааруулж тар хийж байх хэрэгтэй.

Ер нь таны уяаны арга барилыг сонирхвол. Морь болгон өөр өөр уяатай байдаг шиг уяач болгон өөрийн гэсэн арга барилтай байдаг?
Гуч хоногийн уяатай моринд эхний арав хоногт хөлс авч зөөлөн талдаа ажил хийдэг. Дунд арав хоногт ширүүн ажил хийж, бүх юмыг гартал ажил хийгээд сүүлийн арав хоногт нь амраах, заслын ажлаа хийх байдлаар л уядаг даа.

Сонгомол уянд моринхоо уяаг мулталж байж л уяач болдог байсан. Та аль зэрэг олон удаа уяаг нь мулталж байв ?
Зөндөө мулталсан. Хурдан морь гэдэг чинь эмзэг амьтан, жаахан  ажил хийхэд амархан мултарна шүү дээ. Сүүлийн үеийн тэжээлийн адууг “тэжээлтэй юм гэж хууртаад” уяа нь мултарчихсан адуу давхилууд байх шиг санагддаг. Цаагуураа уяа нь мултарчихаад, давхих дур сонирхолгүй, ир гэдэг юм нь аль эрт алга болчихоод байхад тэжээлийн бяраар зүтгүүлээд байна уу даа гэж заримдаа бодох юм. Тэр бүү хэл морь нь мултарчихаад байхад “ жаахан дутаачихлаа” гэж ярих уяач ч бас байх юм. Морь ирлэнэ гэдэг бол тарган, туранхайдаа бус давхих урам зоригондоо байгаа юм. Ир нь орсон адуу ч андашгүй дээ. Эхлээд нэг их хөдлөхгүй, харин жаахан явж ирэж байж л хөдлөнө. Яг энэ үе дээр нь татаад авчих хэрэгтэй. Тэжээдэггүй адууг ирэлчихээрээ хар чийг, бороонд давчих гээд байдаг юм. Ер нь тэгээд морь уяна гэдэг чинь асар нарийн ажил шүү. Одоо ч нэг хурдан адуугаар өвөл зунгүй уралдсаар байгаад л ул тавгийг нь дуусгачих юм дөө. Дээр үед бол өвөл уралдах морь, зун уралдах морь гэж тусдаа байдаг байлаа. Одооны хурдан адуу ганц хоёрхон жил уралдаад л нэг бол хөлгүй болчихдог, нэг бол уушиг, зүрхгүй болчихдог. Хаврын хавсарганд уралдуулаад хатгаа авхуулчихаар яаж уушиг нь тэсхэв дээ. Өөрсдөө ланданд суучихаад л наадам алгасахгүй уралдуулаад “явуулаад өг” гээд орьлоод байхаар ул таваг нь бас  яаж тэсхэв. Манай энэ залуу уяачид тэрийгээ мэдэхгүй нэг хурдан байгаа адуу мөнхийн хурдан байх юм шиг санаад байх шиг байна. Тэхдээ бас морио мэдэрч, сайн уяж байгаа залуучууд ч зөндөөн байна аа байна. Ер нь бол хурдан сайн адуу гэдэг чинь дандаа төрөөд байдаггүй юм ш дээ. Хүний амьдралд хоёроос илүү заяадаггүй л гэдэг юм. Бага насны хөлийн хурдтай адуу бол байлгүй л яахав. Бусдаар миний хээр морь, Данзанням гуайн хээр морь, Доржсүрэнгийн хээр, Тойруулгын хоёр халзан зэрэг шиг тийм гайхамшигтай адуу тэр болгон төрөхгүй л дээ.

Баянчандмань суманд дөрвөн морио түрүүлгээд өөрөө барилдаж бас түрүүлсэн гэдэг? 
Тэгсэн, 1993 онд. Тэр жил гандуухан, адуу ханиагаад онцгүй байсан болохоор морьдоо тэжээж уясан. Тэгтэл наадмын өмнө бороо орж, нялх ногоо гарсан чинь морьд маань тамир суугаад, уяаг нь дийдлэггүй. Улсад очоод олигтой ч давхиулсангүй. Буцах замдаа Баянчандманий наадам уралдсан. Гэхдээ ганц сумынх  бус, олон сум оролцсон өргөн наадам болсон юм. Хээр морь түрүүлсэн чинь морь будилсан гээд тавд оруулчихлаа. Тусд нь дөрвөн морь уралдулаад тэр дөрвийгөө барьчихсан юм. Шар хөдлөөд болдоггүй “морь түрүүлгэж болдоггүй юм бол өөрөө барилдаад түрүүлчихвэл яахав” гэсэн чинь сумын орлогч дарга “чадвал тэрэн шиг сайхан юм юу байхав” гэж байна. Тэгэхлээр “жалгын наадамд түрүүлэхгүй байхдаа яадаг юм” гээд барилдчихсан, түрүүлсэн. Тэр наадамд соёолон, хязаалан, шүдлэн маань бас түрүүлж, үндэсэндээ тэр наадмаас таван түрүүг нь хүртэж байлаа. Бас даага аман хүзүүдсэн.

Ярилцсанд барялалаа. Морин жилийн босгон дээр Манлай уяач болохоор тань дахин уулзахын ерөөл тавие.
Баярлалаа, ерөөлөөр болог.

Сэтгэгдэл