2016 оны 01 сарын 14

Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Монгол улсын Манлай уяач Батхүрэлийн Бат-Өлзийтэй уулзлаа. Мориныхон бол түүнийг Дугараа л гэнэ. Өвөө нь түүнд энэхүү нэрийг эхээс төрөхөд нь өгсөн ч ээж нь төрсний гэрчилгээн дээр Бат-Өлзий гээд бичүүлчихсэн юм гэнэ лээ. Дугараа манлай могой жил гарсаар хаврын бүсийн уралдаанаас хоёр түрүү, хоёр айраг хүртээд байна. Энэ бол дөнгөж эхлэл. Одоо улсын их баяр наадам, их хурд, бүсийн уралдаанууд гээд олон том наадам түүнийг хүлээж байгаа. Ямартаа ч морин жилийн босгон дээр Тод манлай уяач болох нь нэгэнт тодорхой болоод буй түүнтэй ийнхүү хуучиллаа.

Юуны өмнө могой жилийн гараагаа өнгөтэй сайхан эхлүүлсэн таньд нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.
Баярлалаа. Хийморь сайтын хуудсаар дамжуулаад Монголын нийт хийморилог сайхан уяачиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Могой жил сайхан эхэлж Дүнжингараваас нэг түрүү, хоёр айраг хүртлээ. Эрдэнэтийн даншигаас бас нэг түрүү хүртлээ.

Монгол улсын шилдэгийн шилдэг уяач гэдгээ 100 хувь баталлаа даа?
Аа тэглээ тэглээ. Өнгөрсөн жил улс, бүсийн наадмаас 2 түрүү, 9 айраг авсан амжилтаар Монгол улсын 2012 оны чансаа өндөр есөн уяачийн нэгдүгээр эрэмблэгдэж, цагаан сараар шилдэгийн шилдэг уяач болсон. Энэ сайхан шагналыг бүсийн наадмын хоёр түрүү, хоёр айргаар мялаагаад байгаадаа баяртай байна.

ММСУХ-ны шилдэг уяачаар сүүлийн гурван жил дараалан шалгараад байгаа билүү?
Тэгсэн. 2010 онд наймд, 2011 онд тавд тус тус эрэмблэгдээд өнгөрсөн жил чансаагаараа тэргүүлсэн. 1998 онд Их хурдад их морь аман хүзүүдүүлсэн амжилтаар бас нэг удаа шилдэг уяач болж байсан.

Шигшмэл морьдын ИХ ХУРД анхдугаар уралдаанд тойруулгын хээр халзан морийг аман хүзүүдүүлж байсан тэр үеэ эргээд нэг дурсвал...?
Анхных гэдэг утгаараа Их хурд уралдаан үнэхээр том цар хүрээтэй болж байсан. Ёстой л нөгөө тэр цагт ид хурдалж байсан газар газрын алтан туурт бүгд ирсэн дээ. Хээр халзан морио улсад уралдуулалгүй дан уяагаар аваачиж аман хүзүүдүүлсэн юм. Их хурд болохоос сарын өмнө адуугаар нь туугаад Хархоринд очиж байсан. Үндсэндээ би чинь том наадмын ахны айргаа Их хурдаас хүртэж байсан түүхтэй. Халзан морь маань хамгийн сүүлд 2007 оны Их хурдаар 20 настай мордсон. Өнгөрсөн хавар нүд аньсан гэсэн байх аа, 25 хүрээд.

Дугараа манлайгийн хувьд хэдэн оноос эхлэн бие даан морь уясан бэ?
Цэрэгт байхдаа Алтан овооны наадамд морь уяж байсан. Би чинь Сүхбаатар аймгийн Онгон суманд цэргийн алба хаасан юм. Цэргээс халагдаж ирээд 1991 оны цагаан сараар өөрийнхөө нэг цагаан морийг уяад Партизанд уралдсан чинь 89 оны улсын наадамд түрүүлсэн Рэндамбын саарал морь түрүүлж, миний цагаан морь аман хүзүүдсэн. Энэ бол миний хамгийн анхны айраг. Тэр үед чинь одооныхтой адил наадам олон байсангүй, жилдээ ганц л уралддаг байсан.

Уяач болсоор анхны айргаа Партизанаас хүртэж, том наадмын ахны айргаа Их хурдаас хүртсэн юм байна. Улсын наадмын анхны айргаа хэдэн онд хүртэж байв?
2002 онд Тэрбиш /Сэлэнгэ аймгийн Мандал сумын МУАУяач/-ийн буурал азаргыг уяж таваар оруулсан. Хойтон жил нь Тэрбишийн хүрэн халзан соёолонг айрагдуулаад өөрийнхөө загал хязааланг таваар оруулсан. Миний тэр загал үрээ Дорнод аймгийн Матад сумын МУАУяач Чадраа өвгөний унаган адуу байгаа юм. Авсан түүх нь их сонин, хүүхэд уначихсан хонь хариулаад явж байхад нь харчихаад “энэ загал үрээг чинь авъя” гэсэн чинь Чадраа гуай бэлгэнд өгчихсөн юм. Тэгээд л хойтон жил хязаалан үрээ улсад айрагдсан. Одоо Эрдэнэтэд байгаа. 2010 оны төвийн бүсээр зургаад орж байна лээ.

Өнгөрсөн жил төрийн наадмын их насны түрүү хүртсэн. Тэр таны анхны түрүү юу?
Тийм, би чинь улсын наадамд их насны морь олон суулгасан хүн шүү дээ. Өнгөлж байгаад л суучихдаг байсан. Уяач хүн наадмаас наадмын хооронд бүх насаараа суралцдаг гэж ярьдаг. Тэр үнэн л дээ уяаны эрдэмд төгс суралцана гэж байдаггүй байх.  20 гаран жил уяа эвлүүлсний хүчинд улсын наадмын их насны түрүү хүртэнэ гэдэг чинь юутай ч зүйрлүүлэшгүй сайхан зүйл байдаг юм байна лээ. Хүрэн морь маань хол ч түрүүлсэн дээ. Би бол 600 метр түрүүлсэн гэж бодоод байдаг юм. Зарим нэгэн сэтгүүлд 570 метр түрүүлсэн гэж бичсэн байна лээ.

Сэтгэлд хоногшиж үлдсэн хамгийн дурсамжтай наадмаа яриач?
Өнгөрсөн жилийн наадмыг л хэлнэ дээ. Их морь түрүүлгэж, соёолон аман хүзүүдүүлсэн. Ер нь би чинь улсын наадамд цөөхөн морь оруулсан байдаг юм. Анх буурал азарга айрагдуулаад хойтон жил нь соёолон, хязаалан хоёр айрагдуулсан. 2008 онд хүрэн халзан соёолон айрагдаад, өнгөрсөн жил нэг түрүү, нэг айраг авсан нь тэр. Үндсэндээ бол улсын наадамд дээд дөрвөн нас айрагдуулж, түрүүлгэсэн юм байна. Ингэхдээ соёолон морь гурвыг оруулчихсан байдаг юм.

Бүсийн наадмаас авсан айраг, түрүү бол “тоолж барагдахааргүй” болсон байлгүй?
/инээгээд/ тоолж байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Барагцаагаар дөч гаран айраг, түрүү бий байх аа. 2003 оны Өвгөн ноёны наадмаас 2 түрүү, 4 айраг хүртэж байсан юм. Тэгэхэд их морь аман хүзүүдээд, соёолон түрүүлж, шүдлэнгийн түрүү айргийн таван адууны дөрөв нь минийх байсан. Түрүү, аман хүзүү, дөрөв, таваар оруулсан. Дунд нь С.Төмөр-Очир манлайн нэг үрээ орж байсан байх аа. Хурдны өлгий нутагт болсон тэр том наадамд нэг насны тийм олон айраг түрүүг хүртчихээд зогсож байх сайхан л юм байна лээ. Бас л дурсамжтай үеүдийн маань нэг байсан даа.

Дугараа манлайн эрхэм шүтээн

Хүн бүрт эрхэмлэн дээдэлж явдаг надин шүтээн байдаг. Тэдгээрийн хамгийн дээд шүтээн нь бол мэдээж энэ хорвоод хүн болгон төрүүлж өсгөсөн аав, ээж. Хүмүүний орчлонгийн амид эрдэнэ аав, ээжийг юугаар ч орлуулашгүй. Түүний нэгэн адил адуу хэмээх тэр л тэнгэр амьтантай хувь заяагаа холбосон уяач хүн бүрт өөрийн гэсэн эрхэм шүтээн байдаг. Дугараа манлайн тэрхүү шүтээн нь их өвөрмөц нэгэн зүйл байх аж. Тэр бол өнгөрсөн зууны тэргүүн хурднуудын нэг буюу улсын их баяр наадамд 3 түрүүлж, 1 айрагдсан Морин тойруулгын алдарт Тогоруу халтар азарганы буруу урд хөл, Мөн төрийн их баяр наадамд 3 түрүүлж, 4 айрагдсан морин тойруулгын домогт хурдан хүлгүүдийн нэг болох Солонго цавьдар халзан азарганы зөв урд хөл юм. Хадганд ороон тахисан энэ сайхан эрдэнэт хүлгүүдийн тэрхүү алтан туурайнаас адис авах хувь сэтгүүлч надад тохиосон нь асар том хувь гэлтэй. Энэ тухай өөрөөр нь яриулснаа уншигч таньд хүргэе.

Уяач болгонд байхааргүй ховорхон зүйл таньд хадгалаастай байдаг юм байна. Энэ тухайгаа яриач?
1990 онд намайг цэргээс халагдаж ирэхэд Тогоруу халтар азарга тэжээлд орчихсон байсан. Амгалан төрийн ажнай шарга азарганы эцэг халтар азарга бас хамт тэжээгдэж байсан юм. Шаргын эцэг халтар чинь болохоор Тогоруугын төл ш дээ. Хоёулаа их дор орчихсон, өргөж босгоод л тэжээдэг байлаа. Тэгээд хойтон жил нь буюу 91 онд Тогоруу нүд аниад толгойг нь Баянхошуу уулан дээр тахисан. Тэгэхэд тойруулгын адуучих байсан Батбаяр “чи моринд дуртай хүүхэд байна буруу урд хөлийг нь аваад хадгалчих, буян дагуулдаг юм гэнэ лээ” гэхээр нь аваад хадгалчихсан юм. Зөв урд хөлийг нь тогойтой нь хамт Баянхошуу ууланд тахисан.

Заавал яагаад буруу урд хөлийг нь авсан юм бэ?
Эрт дээр үеэсээ “морь барианд орохдоо буруу урд хөлөөрөө түрүүлж зурхайд гишгэдэг” гэж билэгшээдэг байсан юм билээ. Тэгээд л буруу урд хөлийг нь авсан юм. Бусдаар бол зурхайд гишгэхдээ аль ч хөлөөрөө түрүүлж гишгэж болно л доо. Монголчууд маань л тэгж билэгшээдэг байсан юм байна лээ.

“Солонго”-ынх болохоор зөв урд хөл нь юм байна?
Солонго болохоор 1999 оны өвөл 21 настай азарга адуугаараа явж байгаад чононд бариулчихсан юм. Тэрийг нь дуулаад давхиад очтол толгойг нь буруу урд хөлтэй нь хамт Заамарынхан аваад явчихсан байсан. Тэгээд л зөв урд хөлийг нь авч хадгалсан. Үнэхээр ч энэ сайхан хурдан хүлгүүдийн буян хишгээр олон сайхан хурдан хүлгүүд надад заяаж, Монголын ард түмнээ баясгаж явна гэж боддог.

Аргагүй л өнгөрсөн зууны нэрт хүлгүүд л дээ?
Тэгэлгүй яахав. Өвгөн тогоруу чинь 1979 онд хавчиг азарга түрүүлээд 80 онд долоотой азарга гуравт хурдалж байсан. Тэгээд 83, 84 онуудад дараалан түрүүлсэн. Одоо энэ яригдаад байгаа Тогоруу адууны чинь л өвөг эцэг шүү дээ. Тогоруугын төлийн төл л гэхэд алдарт шарга азарга байна. Улсын наадамд зургаа түрүүлж, хоёр айрагдсан азарга одоо ч алга байна ш дээ. Солонго болохоор улсад нэг түрүүлж, хоёр айрагдсан Их салхины хүүхэд. Төрийн наадмын долоон медальтай цөөхөн хүлгүүдийн нэг нь Солонго цавьдар халзан. Улс хувьсгалын 60 жилийн ойгоор шүдлэн үрээ түрүүлээд хойтон жил нь аман хүзүүдэж, соёолон үрээ айрагдсан. Хавчигтаа завсардаад 85 онд долоон настай азарга түрүүлж, 87 онд бас түрүүлсэн. 86, 88 онуудад айрагдсан. Ийм хосгүй сайхан хүлгүүдийн алтан туурайг дээдлэхээс яахав.

Дугараа манлайн хобби

Түүний хобби бол морь, морьтой холбоотой ном сонин, гэрэл зураг цуглуулах. Хүн дуртай зүйлээ хийж амжилтанд хүрэх шиг амттай зүйл хаана байхав. Амьдралаа адуутай холбосон түүний хувьд мориноосоо хөндийрсөн нэгээхэн хором ч үгүй. Цэрэгт байхдаа хүртэл морь уяж л байсан. Тэр битгий хэл арван жилийн сурагч байхдаа морины ном олчихоод түүнийгээ дэвтэр дээр нэг бүрчлэн хуулан бичсэн нь одоо ч хадгалаастай байна лээ. Мөн тэрээр морио уяхын хажуугаар халхын хурдан буянуудын гэрэл зургийг дарж фото зургийн хальснаа буулган үлдээсэн нь өдгөө түүх болон үлджээ.

Манлай маань хурдан морины талаарх ном товхимол цуглуулах хоббитой юм аа даа?
Цуглуулга нэлээн бий шүү. Тэхдээ өөрт хэрэгтэйг нь авч үлдээд хэрэггүйг нь хүнд өгчихдөг юм дөө. Хүмүүс бас “уншчихаад өгье” гээд тэр чигээрээ аваад алга болчих юм байна ш дээ /инээв/. Хамгийн анх долоо дугаар ангид байхдаа “Хүлгийн шинж” гэдэг морины тухай ном олчихоод дэвтэр дээр хуулж бичиж байлаа. Тэр чинь 1986 он байх аа, морины ном ховор байсан үе л дээ. Энэ номоо ингэж хуулж байх үед чинь би морин тойруулгын тамирчин байсан юм.

Ингэхэд та морин тойруулгад хэзээнээс орсон юм бэ?
14 настай хүүхэд морин тойруулгад тамирчнаар орж байсан. Тэр цагаас хойш миний амьдралд адуунаас өөр зүйл байгаагүй дээ. Цэрэгт байхдаа хүртэл морин сургууль хийгээд л морь сургаад явдаг байсан. Би чинь саадтай морин харайлтаар спортын дэд мастер цолтой. Х.Бат-Эрдэнэ тод манлайгийн маань ээж Т.Цэрмаа эгч чинь миний багш байхгүй юу. Юм гэдэг цаанаасаа л учиртай байх юм дөө.

Таны бага нас хаана өнгөрсөн бэ. Танай удамд морь уядаг хүн байв уу?
Бага нас маань Баянхошуунд өнгөрсөн. Манай өвөө Хэнтий аймгийн Дадал сумын уугуул Базарын Лувсанцэрэн гэж моринд дуртай сайхан буурал байсан юм. Миний уяач болсон нь өвөөтэй маань салшгүй холбоотой гэж боддог. Би чинь өвөө, эмээ дээрээ өссөн хүүхэд л  дээ. Тэхдээ багадаа морь унаж байгаагүй, шууд л морин тойруулгын тамирчнаар орсон.

Адууны антоми их судалж байна

Морь болгон өөр уяатай байдаг шиг уяач болгон өөрийн гэсэн арга барилтай байдаг. Таны уяаны арга барилыг сонирхвол?
Өөрийн туршлага дээр тулгуурлаад шинжлэх ухааны үндэслэлтэй л уяхыг боддог доо. Одоо ч морь уяна гэдэг чинь асар нарийн шинжлэх ухаан болоод байна ш дээ. Тийм болохоор адууны антоми их судалж байгаа. Жишээ нь энэ ном байна /”гэрийн тэжээвэр амьтны физлоги” гэсэн ном гаргаж үзүүлэв/, бас Г.Төмөрхадуур гуайн бичсэн “Хурдан хүлгүүдийн биологийн ухааны судар” их сайн ном болсон байна лээ. Эдгээрийг уншаад адууны антомины талаар ерөнхий ойлголттой болчих хэрэгтэй. Морийг хөлслөхөөр хурд нь харьдаг, удаан болдог гэдэг бол шал худлаа. “Эрүүл адуу гэдэг усаа ууж байгаа цагт шингэний дутагдлаа нөхнө” гэдгийг номноос уншиж ойлгоод л би чинь хүрэн морио 90 хоногийн уяатай, 50 хөлстэй улсад мордуулсан ш дээ. Хүн бараг итгэхгүй байх л даа, 2011 оны улсын наадмаар 45 хөлстэй мордуулаад долоод орсон. Давхар уяагаар Дорноговийн 80 жилд айрагдсан.

Таны хүрэн морь тийм хатуу уяатай адуу юу?
Ер нь их хатуу уяатай адуу шүү. Би соёолонд нь улсад наймлуулчихаад, давхар уяагаар Баянхонгорын даншигт аман хүзүүдүүлж, Авто замын 80 жилд гуравлуулсан. Долоон настай морь улсад долоолоод, Дорноговийн 80 жилд тавалсан. Өнгөрсөн жил Дүнжингаравт 10 гаргаж орчихоод Өмнөговийн бүсэд аман хүзүүдсэн. Зун нь улсад түрүүлээд, давхар уяагаар төвийн бүсд түрүүлсэн. Тэгэхээр их хатуу уяатай адуу байгаа биз? Дан уяандаа дутчих гээд байдаг юм. Өнгөрсөн жил бол хавар хоёр уралдчихаад жаахан амраасан. Тэгээд 4 сараас эхлээд л хөлслөчихсөн. Хүрэн морьтойгоо хамт гурван морин соёолон уясан, тэр хэд бас л дааж байна лээ. Харин хэдэн азарга хөлслөсөн чинь дорхноо байхгүй болчихсон. Морин соёолон гэдэг чинь антоми, физлогийн хувьд дээд зэргийн ачаалал даадаг нас нь л даа. Тэр гурав маань гурвуулаа л улс, бүсд айрагдсан. Хонгор үрээ улс, төвийн бүсд аман хүзүүдээд, нэг хээр үрээ нь Дундговьд болсон говийн бүсийн даншигт айрагдсан. Бас нэг хонгор үрээ улсад 20, Дундговьд 10-т ороод Есөнзүйлийн даншигт аман хүзүүдсэн. Урт уяагаар уяхад ул таваг нь л тэсдэггүй юм. Тэхдээ одоо чинь тах гээд сайхан юм гарчихлаа.

Тэр их ачааллыг дааж байна гэхээр аргагүй л ясны хурдан адуу юм даа?
Өнгөрсөн жил хүрэн морио бараг тэжээлгүй шахуу уясан. Өмнөговьд уралдаж ирчихээд сар тэжээсэн. Тэгээд л тэжээл өгөхгүй байсаар 6 сарын 26-аас тэжээл өгсөн. Хөлслөхдөө яг тогтмол зайнд авдаг байсан. Ирж очих хоёрын 10 км. Сунгаанаас сунгаа хүртлэх гурван өнжөөны хоёрт нь хөлс авна. Их сунгааны ар дээр л нэг өдөр амраасан. Сунгааны маргааш нь хөлслөөд уралдахын урд орой нь бас хөлслөсөн. Тэгэхдээ алдсан энергийг нь байнга нөхөж байхгүй бол болохгүй л дээ. Ер нь тэгээд эдэлгээ нь ханасан их насны морь гэдэг өөр байдаг юм байна лээ. Энэ жил харин жаахан тамир муухантай байлаа. Дүнжингарваас сарын өмнө л тэжээсэн.

Энэ жил ч олон том наадам хүлээж байна даа?
Аа харин тийм. Дамнуулаад хоёр л уралдана даа. Бага насны адуу бол хэд ч хамаагүй уралдчихдаг юм. Их насы морь бол хоёроос илүү уралдахгүй. Өндөр хурдаар хол зам туулдаг болохоор сэргэлт авах нь удаан байдаг. Хүрэн морины хувьд улсад тэгж хол түрүүлчихээд төвийн бүсд мөчигхөн түрүүлсэн ш дээ. Улсад бол гараад тасарчихсан, төвийн бүсд зургаа, долоогоор явсаар байгаад яг үзүүр дээрээ л зүтгэж байна лээ. Тэгэхээр ир нь харьчихсан байгаа биз.

Наадмаас наадмын хооронд морины ирийг хадгалана гэдэг уяачаас их эрдэм шаардана биз?
Тэгэлгүй яахав. Тэр чинь л жинхэнэ уяачийн шалгуур шүү дээ. Ер нь бол уяач хүн өөрийнхөө мэдрэмжээр л уяна л даа. Бусдаар давхар уяаны морийг тэгж уяна гэсэн онол байхгүй. Хамгийн гол нь морины сэргэлт байдаг юм.

Хүрэн морийг анх авч байсан түүхийг яриач. Нэлээн олон хүнээр дамжсан гэж яриад байдаг?
Хүрэн морь маань Сүхбаатарын Түвшинширээгийн Эрдэнэбат гэдэг залуугын унаган морь л доо. Дагаа, шүдлэндээ Хэнтийн Баянхутагт түрүүлсэн юм байна лээ. Тэгээд хязаалан болдог жил нь Өвөрхангайн Гантөмөр гэдэг залуу аваад “хоргой” Батсүх, “шөвгөр” Өлзий хоёрт өгсөн юм гэсэн. Тэгээд уяж үзээд явахгүй болохоор нь Гантөмөрт буцаагаад өгчихсөнийг “торгоны зам”-ын Гантөмөрт өгөөд бас л буцаагдсан юм байна лээ. Тэгээд л сүүлдээ Бат-Эрдэнэд ирсэн.

Морины цуцаалтыг гаргаж байгаа нь гээд өөд газар зүтгүүлж байгаа харагддаг. Хуурай цуцаалт гээд байгаа тэр зүйл ер нь хэр сайн бэ?
За даа нэг их айхтаргүй дээ. Адууны сэтгэл зүйд их муу юм шиг санагддаг. Миний хувьд морины унжаа, цуцаалтыг их сунгаан дээр л гаргадаг. Хэдий хурдан байсан ч заавал гаргана. Морины хөлс гараад хөлсөндөө нэвччихсэн үед суулт ирэх нь бага байдаг юм. Тийм болохоор их сунгааг ойрхон зайнд хийж, хөлс нь гараагүй үед огцом хурдаар хуурай зүтгүүлчихдэг. Хар ухаанаар бол хүчээр суулгахыг хэлээд байгаа юм.

Та ч тэгвэл хүрэн мориныхоо үзүүрийг цуцааг сайн гаргаж дээ?
Унжааг нь гаргах гээд сунгаан дээр авч үлдэж байгаад араас нь тавиад байсан. Үзүүр дээрээ ч бас л задарсан шүү. Хонгор морьтын Цэндийн зээрд гэдэг морь Буянт-Ухаад хамгийн хол түрүүлсэн юм гэнэлээ. Тэхдээ яг тэрийг үзсэн хүмүүс цөөхөн л дөө. Ер нь бол хамгийн хол түрүүлсэн морь Тойруулгын сарт юм гэсэн. МНТ 750 жилийн ойд соёолон түрүүлэхдээ арын морьдоосоо лав л 2 км хол түрүүлсэн гэдэг. Түрүүлж ирчихээд байхад нь улсууд үнэмшихгүй “энэ морь замаас орчихсон юм байна” гэж байсан гэдэг. Амгалан төрийн ажнай шарга азарга харин тогтмол 500-600 метр түрүүлдэг байсан шүү. 2009 онд хамгийн сүүлд түрүүлэхдээ бүр ч хол ирсэн байх. Тэхдээ хөөрхий үзүүр дээрээ задрах юмгүй ирж байсан. Бусдаар бол ханагараараа сайхан явж байгаад л үзүүр дээрээ задарч түрүүлдэг байсан ш дээ. Тэрэн шиг Хүй долоон худагт хамгийн хол түрүүлсэн их насны морь бол миний хүрэн байх аа.

Удууныхаа түүхэн хөгжлийг бодвол эрлийз монголоор ялгаж уралдуулж байгаа нь буруу

Сүүлийн үед Сүхбаатар адуу онцгой хурдан байна. Таны бодлоор нууц нь юундаа байна аа?
Би ч янз янзаар л таамаг дэвшүүлж байна. Нэгдүгээрт бол байгаль эклогитой холбоотой. Тал газрын амьтан бүр хурдан байдаг. Мөн дээрээс нь тал газар төрсөн унага усандаа хол явж хүрдэг. Доод тал нь л 5 км хангалттай явна. Унаа эдэлгээнд ороод ирэхээрээ бас л хол газар явна. Тал газрын адуу хурдан байхын нэг шалтгаан нь энэ. Сүхбаатар адуу сайн байгаагийн бас нэг шалтгаан бол манжийн торгон сүрэг тэр нутагт байсан. Тэгэхээр дээр үеэсээ цус их сэлбэгдсэн гэсэн үг. Бас нөгөөтэйгүүр салхины  доод талд байдаг болохоор Хэнтий, Галшар, Дэлгэрэх адуугаар цус их сэлбэгдэж байна. Тэгээд дээд талаараа цус нэгтэй болохоор төрлийн үржүүлэг явагдаад байгаа юм. Өөрөөр хэлбэл дөрөв, тав дахь үе дээрээ эргэж нийлээд сайн адуу төрж байна. Энэ бол бичигдээгүй хууль. Сайн адууг дөрөв юм уу тав дахь үе дээр нь эргүүлж нийлүүлэхэд гарцаагүй сайн адуу төрдөг.

Эрлийзжүүлэлтийн алдаа оноо, үр дүн дээр ямар бодолтой явдаг вэ? Ялгаж уралдуулж байгаа нь зөв үү?
Эрлийз болгон хурдан биш л дээ. Хамгийн гол нь импортоор адуу оруулж ирэхдээ анхаарах хэрэгтэй. Дан ганц хурдны чиглэлээр биш төрөл төрлөөр нь үржүүлсэн байдаг болохоор тэдгээрээс хурдны чиглэлийн адууг л оруулж ирэх нь чухал. Ялгаж уралдуулж байгаагийн хувьд хэцүү л юм /инээв/. Нийт массаа бодвол зөв юм шиг, адууныхаа түүхэн хөгжлийг бодвол буруу юм шиг. Энэ эрлийз адуу гэдэг чинь гэнэт гарж ирээгүй ш дээ, аль эрт дээр үеэсээ л эрлийз адуу уралдсаар ирсэн. Дээхнэ үед Батсүмбэр, Борнуур, Жаргалант, Баруун Зүүн хараа гээд голын хойд талын сумд дандаа л цус орчихсон адуугаар уралддаг байсан.

Сүүлийн үед хурдан морины үнэ "тэнгэрт хадаж" байгаа нь нууц биш. Энэ тал дээр уяач хүний бодлыг сонсвол?
Хурдан морь гэдэг тогтсон үнэгүй эд л дээ. Хятадын баян хаан 80 лан алтаар Нүцгэн зээрдийг авч байсан гэсэн түүх байдаг. Ер нь тэгээд зарах гэж байгаа нь үнээ хэлээд авах гэж байгаа нь хэлсэн үнэд нь авч л байвал болно биз дээ /инээв/. Тэгэхээр хурдан адууны үнэ ямар байх нь наймаа хийх гэж байгаа хоёр хүний тохирооны л асуудал байх.

Нууц биш бол танай галд хамгийн өндөр үнээр ямар адуу ирж байв?
2010 онд улсад түрүүлдэг Х.Бат-Эрдэний халтар азарга л байна даа, 75 саяар ирсэн. Хүрэн морь л гэхэд 1.5 саяар ирсэн ш дээ. Харин өнгөрсөн жил улсад аман хүзүүдсэн хонгор үрээ, энэ жил Дүнжингаравт түрүүлсэн хүрэн үрээ хоёр тус тус 30 саяар ирсэн.

За баярлалаа, илэн далангүй сайхан яриа өрнүүлсэнд.
Баярлалаа, та бүхний ажилд амжилт хүсье. Хурдан морины төлөө ихийг хийж бүтээгээрэй.

Сэтгэгдэл