2016 оны 01 сарын 14

Монгол улсын алдарт уяач Чимэдийн Хөвгүүн гэдэг нэрийг морины хорхойтнууд олон удаа сонссон биз. Гайхалтай ой ухаантай энэ хүн Батсүмбэр, Партизанаас төрийн наадамд айрагдаж түрүүлсэн бүх морьдын түүх намтрыг сайхан хүүрнэнэ. Тухайн наадам бүрийн онцлог хийгээд тэр жил ямар ямар морь айрагдаж түрүүлж байсныг ч өчигдөрийнх юм шиг тоочно. Өдгөө Батсүмбэр сумандаа энх тунх сууж  байгаа ануухан буурал уяач хуучны цуваа дансанд алдаа оноотой, зүс эзэн зөрүү орсон зүйлсийг залруулж бидний ажилд ихээхэн тус хүргэсэн билээ.

-Дундговийн гаралтай хүн гэж сонссон үнэн үү?

-Үнэн. Манай ээж Чимэд гэж Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын хүн. Аав маань намайг багад  өнгөрөөд ээжээрээ овоглох болсон. Би Төв аймгийн Бор-Өндөр буюу одоогийн Алтанбулагт төрсөн.

-Хэдэн оноос хүлгийн сүүл шууж эхлэв?

-1953 оноос морь уяж эхэлсэн хүн. Үндсэндээ 60 жил хүлгийн сүүл шуужээ. Өнөө цагийн морины нэрт сэтгүүлч Баярмагнайн аав улсын алдарт уяач “дууч” хэмээгч Адъяа бид чинь нэг дорын улс. Миний хурдан морины А үсэг заасан багш гэж хэлж болох хүн. Идэрхэн насны хүн морь уяж, Баярмагнай аавынхаа морьдыг унаж, би дүүгээр нь өөрийнхөө морийг унуулж байсан. Энэ хүнээс л их зүйл сурсан даа.

Миний адуу Баянцагааны их уяач царцаа хэмээгч Дашнямын адууны цустай. Дашням гуайгаас 17 той байхдаа гархин цэхэр хар хээр халзан азарга авч уяж байгаад улсад нэг долоогоор давхиулаад хөлийг нь муутгасан. Бага хүүхэд байсан болохоор буруу зөрүү ч уясан л биз. Тэр халзан азарганы үрийн үр удам явсаар байгаад 1984 онд улсад даага түрүүлсэн хар халзан морь гарч байгаа юм. Соёолондоо сумын 60 жилийн ойд түрүүлсэн хамар цагаан хүрэн гээд сайн адуунууд гарсаан.

-Батсүмбэр сум завсаргүй олон жил сайн нааджээ?

-Худалдагч Доржпаламын хүү Лхагвадоржийн даага шүдлэн хоёр түрүүлж байсан, Аюушийн Ломбо гуай даага түрүүлгэж их насны бор морь айрагдуулж байсан гээд ер нь эртнээс нааш сайн наадаж байсан сум. Ломбо гуайн бор чинь азарганд хасагдаад их насанд уралдаж айрагдаж байсан юм шүү дээ. Азарганд уралдаад түрүүлтэл комисс морь гээд хасчихсан. Хойтон жил нь их насанд уралдаад айрагдсан юм. Бороохой Готов гэж олон морь айрагдуулсан хүн байв. Хүү нь Яахүү гэж надтай чацуу хүн байлаа. Баян Гомбо гэж олон хээр адуу улсад оруулсан уяач байсан.

-Намсрайжавын ноост хээр гэж морь энэ зүгт их яригдах юм?

-Цэргийн ангийн адуу байсан юм гэнэлээ. Уул гарал нь яг хаанахын адуу байсныг мэдэхгүй юм. Завхан Намсрайжав гэж миний үе тэнгийн, Завхан аймгийн  Сонгино сумын гаралтай хүн. Дүү нь Ягаан гэж эмэгтэй байлаа, зайлуул одоо өөд болсоон. Тэр бүсгүй нэг цэрэгтэй  найзлаж байгаад ах нь цэргийн агтнаас хээр морийг авсан хэрэг. Их муухай ааштай, догшин морь аваад номгоруулан уяж улсад анх медаль олгодог жил (1966 он) айрагдуулсан.

-Анхны улсын наадмын айргаа хэдэн онд уув?

-1983 онд юм даа. Төв аймгийн 60 жилийн ой их өргөн болж Жаргалантын шарга даага, миний хонгор халзан, манай сумын Баянголын Лхамжавын бор гурав ханилж ирээд шарга түрүүлж, бор аман хүзүүнд, миний халзан гуравт хурдалсан.

Хойтон жил нь миний хар халзан даага түрүүлэхэд мөн манай сумын гурван даага угсраагаараа ирж байсан юм.  Цэнгэлийн халтар аман хүзүүдэж,  Нацагийн хээр алаг гуравт, дөрөвт Баянцогтын Арьяадагвын хавийн хонгор даага, тавд Түвдэнгийн хилэн хар орсон.

-Захиргаадалтын үед морь уяхыг тас хориод байгаагүй ч, бас дэмжээд байсан нь үгүй байх. Төлөвлөгөө норм гээд. Танд ч бас тохиолдож л байсан байлгүй?

-Би улсад ингэж хоёр жил дараалан морь айрагдуулсныхаа хойтон жил төрийн наадамд яваагүйдээ их харамсдаг юмаа. Манай сумын 60 жилийн ой стадион ашиглалтад ороогүй гээд нэг жил хойшлож 1985 онд хийсэн. Тэр жил би их олон хурдан адуутай байлаа. Даагандаа улсад айрагдсан хонгор халзан хязаалан, түрүүлдэг хар халзан шүдлэн, буурал морь ч сайн байгаа. Улсад явах гэтэл Батсүмбэрийн сангийн аж ахуйн дарга Санжмятав загнаад явуулдаггүй. Нутгаа нэр хамгаал, хэдэн хурдан адуугаараа боолоо гээд байдаг. Айхтар шазуур ч хүн байсан. Би явна гээд зүтгээд байсан, манай хөгшнийг очиж загнаад болдоггүй. Сүүлдээ бууж өгөөд энд уралдахаар боллоо гэж хэлүүлж байж тайвшруулсан. Эндээ наадаад гурван түрүү гурван айраг авсан. Өнөө хоёр халзан, хамар цагаан хүрэн соёолон гурав түрүүлж буурал морь айрагдсан.

Улсад түрүүлсэн Баярсайханы бор морийг чинь бас тийм сүүдэр дайрахаа шахсан.

-Тийм үү, та жаахан тодруулаач, очоогүй бол их л өөр наадам болох байж дээ?

-1987 оны улсын наадмын өмнө Хунцалд өдөрлөг хийж сунгаан боллоо. Би мал бригадын дарга хийдэг, жил болгон  морины комист явна. Батсүмбэрийн САА-н даргын жолооч Отгонбаатартай би морь тавилаа. Батмөнх гэж цэргээс ирсэн залуу Баярсайханы бор морийг тавьж байгаа. Газрын эвгүй жалгатай юм гээд морьд эргүүлтэл, өнөө бор морийг тавьдаггүй өөдөөс яваад байдаг. Ингээд морьд бүр эргэсэн хойно араас нь тавилаа. Тэнд олон сайн морь мордсон юмдаг. Миний улсад айрагддаг буурлын ах сайн буурал морь байсан тэднийг яах ийхийн зуургүй дийлээд хол түрүүлэв. Тэр үед Баярсайхан  Усжуулахад ажиллаж байсан юм. Би хэллээ “Баярсайхан минь бор морь чинь жигтэйхэн хурдан байгаа юм байна даа, ийм сайн байгаа юм чинь улсад уралдуулна шүү” гээд. Тэгсэн өөдөөс “Тэгшбаяр дарга ажлын ихтэй гээд загнаад байгаа. Морио ижилд нь тавина” гэж байна. Төдхөн Баярсайхан гүйгээд ирлээ. “Хөвгүүн ахаа та улсад аваад яваач” гээд. Би өөрөө ч хэд хэдэн морьтой байгаа яаж авч явах вэ? Чи өөрөө явах хэрэгтэй төрийн наадмын дов үз. Тэгшбаярыг үе тэнгийн юм, хоёрдугаарт  бас ч муугүй бригадын даргын албатай юм чинь хэлж загнаад учир нь олдох биз гэлээ.

Усжуулахын Тэгшбаярт учирлаж хэллээ. “Бор морийг л улсад явуулчих, ийм хурдан байгаа адуу заавал нэгийг дуулгана, үгүй ядахад нутаг орны нэр гарна” гээд. Өнөөх чинь халгаадаггүй. “Их ажлын хажуугаар морь хөтлөөд наадам хэсээд ” гэж байна. Ингээд шалж шалж орхисон. Харин улсад бор морийг явуулсан байсан. Л.Баярсайханы бор долоон настай улсад очиж түрүүлэх нь тэр дээ. Наадмын дараа Баярсайхан над дээр ганц шил юмтай давхиж ирж байсан.

-Төрийн түмэн эх бор морь хаанах адуу байваа?

-Уран Лувсандорж гэж Дундговийн гаралтай өвгөн манай энд байсан. Тэр хүний ганц хүү нь Баярсайхан. Борнуур чигээс гаралтай бор гүүний үр нь охин  бор унага гарч түүнээс  1987 оны төрийн наадмын түрүү бор морь гарсан. Баярсайханы бор сумын 60 жилийн ойд соёолон үрээ айрагдаж байсан.

-Та хэдэн айраг түрүүгээр улсын алдарт уяач болов?

-Магсарын Болдын хар бүүдэн гэж 90 ээд оны эхээр  нэг түрүүлж, нэг айрагдсан. Аав нь монхор Магсар гэж 60 аад онд нэг наадмаас нэг түрүү хоёр айраг ч авч байсан удаатай. Тэр бүүдэн үрээг би уяж байсан юм. Нийт хоёр түрүү дөрвөн айраг авч улсын цолонд хүрсэн.

Б.Зэвгээ, О.Нэргүй, Ч.Даваасүрэн гээд Батсүмбэрийн дөрөв дэх улсын алдарт уяач нь би. Одоо амьд сэрүүн байгаа нь би л байх шив дээ. Зэвгээгийн үр хүүхэд байтугай адууных нь удам угшиль ч хульширч улираад алга болж. Ганц нэг холын удмын адуу байдаг байх. Хурдан хурц юм гарч байна гэж дуулдахгүй л юм. Цэцэгмаа гэж өргөмөл охин нь байх ёстой.

-Танай хүүхдүүдийг их сайн унаач байсан гэж сонссон?

Манайх Батцэнгэл, Бат-Өлзий, Аз гэж гурван хүүтэй. Гурван хүү гурвуулаа улсад морь унаж айрагдсан. Батцэнгэл Ч.Даваасүрэнгийн морийг унаж хоёр түрүү нэг айраг, Бат-Өлзий О.Нэргүйн морийг нэг түрүү гурав айраг, Азаа миний морийг унаж унаж нэг түрүү нэг айраг,  сүүлд Нараа маань унаж алдарт болгосон түүхтэй. Бид гурав ч их найзууд байсан. Морь мордуулахдаа л хамгийн сайн байгаагаа энэ хэдээр унуулдаг байсан хэрэг.

-Одоо морь уяж байна уу?

-Үгүй байна. Уяж ч чадахгүй юм. Ганц гайгүй үрээ байгаа. Гадуураа тэжээгээд байгаа услах хүн олдохгүй юм. Амьтан хүн гуйж л услуулж байна.

Буурал уяачдаа урт удаан насалж, эрүүл энхийн дээдийг хүсэн ерөөе!

Сэтгэгдэл