2016 оны 01 сарын 14

Говь нутгийн хүү Баатарын Ганзориг хурдан хурц морьдынхоо алдраар говь зүгтээ танил хүн болоод байна. Сүүлийн хэдэн жил Хэнтийн аймгийн Баянмөнх, Дархан суманд нутаглаж, адууныхаа цусыг сайжруулж, өөрийн уяаны арга барилдаа тохирсон сайхан адуун сүргийг бий болгоод байгаа тэрхүү уяачтай уулзлаа. Түүний ярианаас говийн хүний хөдөлмөрч зан, малч хүний  ажигч хичээнгүй чанар нэвт ханхийнэ. Тэр өөрөө аймгийн алдарт уяач, аав нь ч аймгийн алдарт. Аав нь түүнд сайхан адуу өвлүүлж харин түүгээр нь аавыгаа эргүүлж цолонд хүргэсэн хүү юм.

-Аавыг тань аймгийн алдарт уяач гэж мэдэх юм, өөр удамд чинь цуутай уяач байв уу?

-Аав маань нэгдлийн олон үхэртэй болоод тэр бүр наадамдаад байж чаддаггүй. Намайг моринд хорхойсоод байхаар үст хүрэн, бөгөө хээр гээд хоёр морьтой улсын алдарт уяач Д.Дашдэлэг гуайнд аваачаад орхичихно.

Самданпэрэнлэй гэж Зуутын хонхорын лам хүн аавыг маань өргөж авсан. Самаа Баатар гэж нэршсэний учир тэр юм. Аавыг өргөж авсан тэр хүн  сайн бор азаргатай байсан гэдэг. Бор азарганых нь удам Жимээ Доржийн бор гэдэг морь Д.Дашдэлэг гуайд очиж түүний хурдан бор морь болсон гэж яригддаг. “Араг” Найдан гэх хүн аавыг цэргээс ирэхэд нь адуужуулсан гэдэг юм билээ. Тэр хүний хөвчтэй саран тамга манайд өвлөгдөж, эмээл нь надад өвлөгдөн ирсэн нь бас учиртай биз. Манай ах эмнэг морин дээр тохож байгаад бүүргийг нь хугалаад бутраагаад хаячихсан байхад нь би үдээрлэж авсан. Одоо ч тохдог янзын сайхан эмээл байж л байна. Юм гэдэг бас цаанаа учиртай шүү.

-Арваад жилийн өмнө шаггүй барилдаж байсныг Дундговийнхон нотолдог, яагаад бөхийн мөрөө хөөсөнгүй морь руу урвах болов. Удам дагав уу?

-Багадаа барилдаж ноцолддоггүй монгол хүүхэд гэж хаа байхав. Би 1999 онд Дорноговийн Айраг суманд түрүүлж сумын заан болсон. 2001-2003 онд аймгийнхаа цолгүй залуу бөхчүүдийн  аваргад дараалан орж байлаа. Цэргээс ирдэг жилээ Дэлгэрцогтын баруун хойно Дарцагтын овоонд барилдаад наймд үлдээд Чулуундаваагийн Мөнхбаяр унаж байлаа. Тэр наадамд Мөнхбаяр түрүүлээд одоогийн улсын харцага Л.Пүрэвжав багахан хүүхэд ирж үзүүрлэсэн юм. Мөнхбаяр тухайн үед сайн ч байсан л даа, уначихаад шар хөдлөөд байдаг. Дахиад барилдчихъя гээд хэлчихмээр санагдаад байж билээ. Тийм бөхөд дурласан, омогтой үе нэг л байдаг шиг байгаан. Тааралдвал нүцгэлэчихээд л, морины чөлөө заваар л ноцолдож байсан нь тэр. Түрүүлсэн сум цөөн, орон нутагт түрүүлсэн овоо бол олоон. Нэг жил овооны наадам хэсэж гурван түрүү авч байсан ч удаатай. Бөхөд дуртай мөртлөө морины сэтгэл арай л давуу байсан шиг байгаа юм. Уг нь залуу хүн эртэй, шартай байхад үзчихье гэж бодогдмоор. Гэсэн хэр нь л морь давхиад байхаар тийшээ илүү татагдаад байдаг. Тийм болохоор бөхийн тал дээр ярих юм бага даа.

-Морь сайн давхиад, өөрөө түрүүлж үзүүрлэж байсан удаа бий юу?

-Бага сага юманд бол өөрөө түрүүлж морь айрагдаад, морь түрүүлж өөрөө үзүүр шөвөгт хүрч байсан удаа хэд хэд бий.

2003 оны намар шинэ гэр барьчихаад арав хонолгүй адуугаа туугаад Дэлгэрхангайн Ямаа Даравгай гэдэг газар руу оторт гарлаа. Хул азарга, хээр морь хоёроо өвөлжин тэжээгээд сэрвийлгэчихсэн. Их ч сайхан эдэлгээтэй, наадам хүлээх маягтай. Тэр үед морь тэжээх ч тийм элбэггүй, манай нутгийн уяачид бараг л мэддэггүй шахам байлаа. Нэг сарын 20-доор Дэлгэрхангай дээр колонкийн наадам болно гээд Сайнцагаан, Дэлгэрцогтын оторчидтой морьдоо сунгатал хоёулаа л тасархай байна. Гучаад азарга уралдахад Эрдэнэдалайн Лхагвын буурал, Дэлгэрхангайн том Жуулын зээрд гэж хоёр сайн азарга хол тасраад гарчихсан. Хул азарга маань гараа алдаж хамгийн сүүлд эргээд нөгөө хоёрын араас нэхэж, гүйцэж ирээд буурал нь түрүүлж хул аман хүзүүдлээ. Хээр морь хол тасраад барианы өмнөхөн Гантөгсийн хадагт хүрэнд баригдаж бас аман хүзүүддэг байгаа. Өмнө нь Хангай дээр нэг барилдаанд түрүүлчихсэн байсан юм. Тэгсэн чинь хүмүүс барилдуулах гээд шахаад байдаг. “Морь бөх хоёр нэг саванд багтдаггүй гэдэг, хоёр морь ч сайн давхилаа барилдаад яахав” гээд цааргаллаа. Дэлгэрхангайн уяачдын холбооны тэргүүн Батсүхийн аав Мөнхтогоо гуай гэж сайхан буурал бий. Мөнхтогоо гуайн хүүд нар “Дүү хүү наадам хийвэл хийсэн шиг хий, жижиг юман дээр яадгийн барилд” гээд зааланд аваачаад барилдуулчихдаг. Сайхан-Овооны начин Ганбаяр (өнгөрсөн жилийн говийн бүсэд хээр даагаа айрагдуулсан) тэр үед цэргээс ирчихсэн байсан юм.  Ганбаяртай үзүүр түрүүнд үлдээд түрүүлсэн.

Нутаг оронд цаг тавьж өгөхгүй. Нүүдлийн байдалтай хэдэн оныг үдэж байна. Би сүүлийн хэдэн жил Хэнтийн Дархан, Баянмөнхөөр нутаглаж байна. Ноднин улсын наадамд хөдлөхөөр зэхэж байтал Баянмөнх сумын Волоож гуай аймгийн аварга малчин болоод наадам хийсэн. Соёолон даага давхидаг юм. Миний хээр даага түрүүлж, хар даага айрагдав. Хүмүүс барилд гээд байдаг. Би ч морь уяад харшчихсан туранхай юм ичээд “гарахгүй” гэсэн чинь цагаан хоолойгоор “Дундговь аймгийн Луус сумын харьяат сумын заан Б.Ганзориг гараарай” гээд зарлачихдаг байгаа. Нутгийнхаа нэрийг сонссон хүн чинь гэнэт юм бодогдоод унавал ч унаг гээд гараад барилдчихлаа. Тэгсэн түрүүлчихдэг байгаа. Байнд нь том хивс аваад, дааганыхаа байтай хоёр том хивс гардаад эргэж Хэрлэн голыг гатлах гэж багагүй сандарсан шүү (инээв).

-Өөрөө гардаж морь уяад анхны айргаа хэдэн онд уув, барилдаж байх үедээ авсан уу?

-Анхны айргаа юмны учир мэдэхгүй багадаа ууж байлаа. Морь уяна гэдэг чинь эдэлгээ, онд оролт, цагийн байдал, уяа гээд олон юмнаас шалтгаална. Унаад л, богшоогоод л баллаад байх. Салхиныхаа өөд урууг ч бараг мэдэхгүй шүү дээ.  Манай бөмбөг хул гэж сайн морь байсан юм. Луусын Надалын Ганболд гуайн адууны халтар гүүний үр энэ хул морь даагандаа Адаацагт аман хүзүүдсэн. Тэр морийг 1995 онд анх гардаж уяад Салхитын овоонд гуравт, ухаа морио зургаад давхиуллаа. Долоо хоногийн ар дээр Хонгорын овоонд мөн хул морь нь гуравлаад, ухаа морио аймаг авч явна гээд өнжөөсөн. Ухаа морио тэгж өнжөөсөн нь ёстой нэг аз юм байгаамаа. Бусдаар миний мэдэх гэж юу байхав. Тэр үед чинь дөнгөж 16-хан настай жаахан хүүхэд байсан. Ухаа морио Хуяг ахад (өнгөрсөн жилийн төрийн наадамд даага аман хүзүүдүүлсэн АА уяач Д.Хуягбаатар) өгөөд аймаг явуулсан айрагдсан байсан.

-Ганзоригийн хээр гэж Дундговийн баруун талд 2000 оноос хойш их нэр гарч байсан даа. Энэ хүлгээ санасандаа хүртэл уяж чадаагүй гэж ярьж байсан?

-Манай Эрдэнэдалайн Цагаан-Овооны Нүрдэв гэж сайхан буурал байсан  юм. Тэр өвгөний хурдан хонгор азарганых нь төл хээр байдасыг аав маань нэлээд өндөр үнээр авсан. Ингээд хээр байдсаа Адаацагийн алдарт уяач Ш.Сорогзонгийн унаган хар азарганд хураалгаад хээр морь маань гарсан юм. Даагандаа Луусын түмэн адууны баярт зургаад хурдалж гараагаа эхэлсэн дээ. Шүдлэндээ Эрдэнэдалайн 32 түмэн малын баярт 240 гаран үрээнээс гуравлаад хязаалан болдог жил нь би цэрэгт явсан. Тэр жил аав, дүү хоёр уяад аймагт мулталсан гэсэн. Тамир муутай азарган үрээг их сунгааны ар дээр хоёр хөлслөөд мордуулчихсан юм байна лээ. 2000 онд соёолон үрээ аймагт түрүүлсэн. Нийт хорин хоёр орчихсон байна лээ. Одоо ид насан дээрээ байсан бол аймгийн наадамд ядаж хоёр айрагдуулчих байсан болов уу гэж боддог. Аймгийн наадамд айрагт багтчихаар үед нь гурван ч удаа мулталж байлаа. Үнэхээр уяа нь болохгүй байсан биз. Эргээд бодоход бага адууны чанга уяа хийгээд байсан юм билээ. Их насны сайхан хэлхгэр уяа хийгээд мордуулж байсан бол аймагт лавхан шургах байсан шиг санагддаг. Хэдэн бага адуу уяж ирнэ. Тэр хэдийнхээ нөмөр нөөлөг болгох гээд л хөгшин хээр морио аваад л явна. Сунгаа давхилд дандаа л түрүүлнэ. Яг наадмаар гарч үзсээр яваад л үзүүр дээрээ унжаад хойшлочихоод байсан. Жижиг юманд бол өнжөөж үзээгүй байх өө. Яг тавилантай том наадамд л оруулж чадаагүйдээ жаахан харамсдаг. Уяаны л алдаа байснаас ийм тийм юм дутуу гэхээргүй морь л доо. Намайг их насны морь уях болоогүй байхад заяасан хүлэг. Одоо 18 настай болж байна. Ер нь хээр гэлтгүй аймаг, сумын чанартайхан наадамд багтчихаар хэдэн сайн морийг би эвийг нь олж чадалгүй ширгээсэн байх. Одоо ч бас болоогүй ээ, суралцсаар явна.

-Удам судраараа хурдалж байгаа хул азарганыхаа талаар?

-Дэлгэрцогтын Лувсан-Ишийн Эрдэнэбаярын 1996 оны улсын наадамд Хэмээ манлайн хар, Партизаны Мөнхөөгийн хонгор хоёрын ар дээр ойрхон ирж айрагдсан хул азарганы төл нь байгаа юм. Эеэ ахад байхдаа бага зул нэртэй байсан. Шүдлэнд нь сунгаан хэсэж түрүүлгээд байсан гэдэг. Аймгийн хойд талын сунгаануудад их ч хол байж. Аймгийн наадмын төв сунгаан Дэлгэрцогт дээр болоход  их хол түрүүлээд аймагт долоолсон. Хязаалан бас л их хурдан сунгаануудад тасархай байж. Мань хүнийг  нутгийнхан нь хараал нь ерөөл болж байдаг хүн гэж их явуулна. “Энэ чинь мөн ч хурдан туучий шүү, ер нь л юмтай уралдахгүй дээ”, “Цаад хүүр чинь тэнгэртэй хурдан улайдмар шүү” гэж ярина шүү дээ. Хул үрээгээ авах гээд үнэ асуухад наашаа ч үгүй, цаашаа ч үгүй сая төгрөг гэж байсан. 2001 оны сая төгрөг чинь бас багагүй өртөг л дөө. Мань хүн бас тэр үед машин унаа авах санаатай ч байсан юм билээ.

Манай хул азарга ер нь ч юмтай уралдахгүй дээ. Хойно ч эргэсэн, урд ч эргэсэн арын мориноос зай нь холдоод л байна уу гэхээс арын морины аяар явна гэж байхгүй. Хөнгөн ястай, хөлийн хурд гэдэг ч ярих юм биш. Тун ч бахдалтай шүү. 15-18 км зайд биений хөндүүр л байхгүй бол эрчилсэн сум шиг л явна даа. Одоо эргээд бодоход ганцхан бяр л дутаад байсан шиг байгаан.  Үр төл нь харин сайн давхиж байна. Энэ хул азарга хээр морь хоёр л намайг морь руу нэгмөсөн уруу татсан даа.  

-Хээр мориноос хойш аймгийн довонд таны нэр хэсэг чимээгүй болсон. Эргээд сайн наадаж алдар цолонд хүрсэн. Хаагуур наадаж явав?

-2004-2006 он хүртэл аймагт наадалгүй завсарласан юм. Энэ нь ч бас учиртай. 2003 оны наадмын өмнө Нарангийн “Цагаан ус”-ны сунгаанд манлай уяач Ж.Содномпил гуай, Ж.Сүнрэвдорж, П.Маамцэвгэ, П.Ганхүрэл, Доржсүрэн гээд нутгийн мундаг уяачид бүгд нийлж сунгаанаа хийхэд морьд 50-60 хүрч мордоод байлаа. Манай хоёр азарга их сайн. Хул азарга маань гараад л зугтаана яг үзүүр лүүгээ Содномпил гуайн хурдан хар нөмөрч ирээд л байсан. Хээр, халзан хоёр их нас мөн их сайн байгаа. Хоёр соёолон ч ярих юм биш. Нэг нь Адаацагийн Хуягбаатар гуайн унаган буурал үрээ, нөгөө нь Дорноговийн Айрагийн улсын алдарт уяач Магсарын Ухнын унаган хул үрээ. Наадмын өмнө манай хамаатны нэг хүүхэд нас бараад, уяаны ажилд туслах нэмэрлэх хүн ховор. Одоо манай дүү Ганпүрэв л тэгэхэд их тус хүргэсэн дээ. Хоёр нүднээсээ нуух цувуулсан юм л шон дээр өнжөөд байдаг.

Яг аймгийн төв наадмаар хул азарга гарсан цагаасаа хөтөлсөөр үзүүр дээрээ шогшоод есөд, халзан морь долоод, хээр морь арав гаргаж давхилаа. Халзан морь бүр тав дээр явж байгаад үзүүр дээрээ хүн рүү ороод араас нь бас нэг морь ороод долоолчихлоо. Ингээд жаахан урам муутай. Манай аймгийн Багаа хурандаа соёолон цуг тавих уу гэхэд нь явалгүй бариан дээр хоцорлоо. Ер нь юм нэг л болж өгөхгүй байгаа. Соёолон ирэхэд Хуягбаатарын Доржхоролтой хоёулаа морьтой зурхай дээр хүлээж байлаа. Миний соёолон ороод ирэх байх л гэж бодоод байхаас өөр юм бодогдохгүй л дээ. Полигон Ширээ дээгүүр дөрвөн үрээ гарч ирлээ, араас нь хээр буурал үрээ орлоо, номер нь мэдэгдэхгүй гэж зарлаж байна. Мэдэж цөхөөд байх юмгүй миний буурал л даа. Хажуудах хүндээ “Буурал нь ороод ирлээ. Уг нь хул үрээ нь буурлаасаа түрүүлж орж ирмээр юм хүүхдээ унагачихаагүй байгаа даа” гээд хэлчихлээ. Хул нь гараа сайтай, буурал нь зугуухан яваач адуу. Гэтэл нээрээ л хул нь хүүхдээ унагасан байсан.

Луусын Б.Энхсайханы цагаан үрээ, Алгаагийн цагаан дэлт гэж Хулдын Батжаргал авчихсан байсан. Энэ хоёртой буурал үрээ маань гараад ирлээ дээ. Хөл ч их ширүүн юм. Бага залуу ч үе, яараад л түрүүчийн үрээ орж амжаагүй байхад морьтой тосоод ухасхийтэл нөгөөх чинь сажилчихдаг. Хүүхэд нь уйлаад л балбаад байдаг. Айраг ч үгүй мултарлаа. Морио хүнд өгчихөөд зурхай дээгүүр сажлаад гарахад нь жолоон дээрээс нь бариад автал намайг гуд татаад унагах шахдаг. Тийм хүчтэй байсан мөртлөө сажилчихдаг. Нэг л болохгүй байгаа юм байна гэж тэндээс шууд бодогдсон. Тэр наадам надад их сургамж өгсөн. Өөртөө дүгнэлт хийгээд арай ч аймагт морь айрагдуулах болоогүй байгаагаа мэдэрсэн. Түүнээс хойш 2008 он хүртэл аймагт ирж наадаагүй.

-Ирээгүй жилүүддээ хаагуур наадав?

-Тэр завсар харин сумдын наадамд хэдэн жил сайн наадсан даа. Жилд бараг 30-аад айраг авч байлаа. Гурван жил суманд наадахдаа дандаа хорь гаргаж гуч шахуулж айраг түрүү авсан байдаг. Яах ийхийн зуургүй л медаль отрын жижиг гэрийн хоймор дүүрээд явчихна. Бүрэн, Адаацаг, Луус, Эрдэнадалайгаар наадаад байгаа.

2004 онд дөрвөн насны долоон адуутай Эрдэнэдалайд очиж наадаад хоёр түрүү гурван айраг аваад, соёолон долоод, даага зургаад давхилаа. Манай эхнэр бүр “Хадаггүй адуу яасан эвгүй юм” гэж хэлж байсан удаатай. Далайн энэ наадмын урьд шөнө эхнэр маань хадаг дутаад байна гэж зүүдэлсэн гэсэн. Гэтэл маргааш нь үнэхээр л хадаг хүрэхгүй дэлгүүрээс худалдаж аван мориндоо зүүж байсан юм. Манай хүргэн Х.Доржсүрэн нэг түрүү гурван айраг авч үндсэндээ манай уяа тэр наадмаас 3 түрүү, 5 айраг авч сайхан наадсан. Эрдэнэдалайн Зоо Очир гуай дөрвөн айраг авсан байх.

Ингэж хэдэн жил сум хэсээд, айраг түрүү ч хангалттай аваад байхаар эргээд аймгийн дов бодогддог юм билээ. Мориныхоо, уяаныхаа багцааг ч авчихсан. Иймэрхүү уяатай, ийм морьтой байхад аймагт наадах юм байна гэдэг үгийг ах нь зөвхөн өөртөө л хэлж байсан даа.

-Эргэж аймагт нааддаг чинь хэдэн он билээ?

-2008 оны зун адууны отроос буугаад байлаа. Сайхан-Овооны Ахар хайрханы ар дээр Д.Эрдэнэчулуун манлай уяагаа хатгачихсан байна. Улсад хар морь түрүүлгэдэг жил л дээ. Аавтайгаа цуг очлоо. Амьхандаа шонгоо хатгах газар хайгаад л яваа нь тэр. Уяач хүн чинь аар саар хонины бэлчээр газар бас хамаагүй уяагаа босгочихож болохгүй. Газраа сайн сонгох хэрэгтэй гэдгийг энэ хэдэн жилд бас мэдчихсэн байгаа. Муу шандны ус гэдгийн урд сайхан дэвсэг дээр морьдоо бариллаа. Манлай уяачийн ч бараатай юм. Малаа аавдаа орхиод адуутайгаа тэнд очиж 28 морь барьсан. Урд жилүүдийн бодол, уйгагүй ч байлаа. Сайхан тэжээлтэй, морьдынхоо хөндүүрийг ч авчихсан. Сайхан-Овооны Түжээ (АА уяач А.Батболд) надад “Энэ жил морьд чинь хурдан байгаа юм байна. Морьд ийм байхад ч хоёрхон жил аймагт очоод л алдартын малгай толгой дээр шүү дээ хөгшөөн” гэж байсан юм. Тэр хавар Өвөрхангайн Баянголд Дашзэвэгийн Зоригт наадам хийгээд хоёр даагатай очоод хоёулаа их хол ирдэг юм. Тэр жилээ аймгийн баяр наадамд гахай зээрд даага түрүүлж, загал даага тавд орж, хязаалан аман хүзүүдүүлсэн.

Дараа жил нь цаг гандуу бороо ногоо муутай цагаар Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумаас аймгийнхаа наадмыг зорьж, 350 гаруй км-ын холоос ирж наадсан. Аргагүй нутгийн минь дов түшиж арав гаруй адуутай ирж уралдаад нэг түрүү, дөрвөн айраг авч Түжээгийн хэлсэн яг биелсэн юм даа. Хоёр соёолон үрээ тав, зургаагаар орж, гурван шүдлэнгийн маань нэг нь түрүүлж, нэг нь аман хүзүүдээд, нөгөө нь таваар орсон. Бас хоёр даага мордуулаад нэг нь айрагдаж, нөгөө нь бүрэн жаргалд орж байсан.

-Та сумын довноос аймагт уралдах багцаагаа мэдсэн гэж ярилаа. Одоо аймгаас дээшээ уралдах багцаа мэдрэгдэж байна уу?

Ар талыг найдвартай даагаад, аваад явчих хүн байдаг бол хаана ч уралдаад байж болохоор шиг санагддаг. Би чинь өөрөө морь уяхаас гадна ардаа амьдралтай гурван хүүхдийн эцэг, гуч гарчихсан эр хүн. Өлмүүн зэлмүүхэн амиа борлуулаад улс бүсийн наадам хэсээд яваад байлтай биш. Хүний нутагт аргагүй хүч бүл мөхөсдөх юм. Бусдаар улсын довонд ирээд уралдчих хүсэл эрмэлзэл их л байх юм. Сүүлийн хоёр жил л төрийн наадамдаа оролцож байна. Тавдугаар сарын сүүлээр ногоон сайн бол адууныхаа хар махыг нь хөдөлгөчихөөд морьдоо энд аваад ирдэг. Ар талын мал ахуй аваад үлдэх хариуцлагатай хүнтэй бол санаа зовох юмгүй морьдоо уямаар. Даанч арын амьдрал задгай орхигдох гээд байдаг. Явж явж хэдэн мал маань л миний амжиргаа шүү дээ. Тийм болохоор нөгөө хэддээ бас санаа тавихгүй бол болохгүй. Одоохондоо яг тийм эрсдэлтэй завсрын болчихоод л байна.

-Дундговь аймаг дээр арав илүү жил наадахад энэ л нэг аргагүй сайхан морь юм даа гэж ямар хүлгийг боддог вэ?

-Дундговийн 60 жилд түрүүлсэн Эрдэнэдалайн Хүрэлтогоо гуайн хонгор халзан морийг л би дэндүү хурдан морь юм даа гэж боддог. Аймагт тийм хол, тийм сайхан түрүүлж байгаа морь үзсэнгүй. Адаацагийн “хуйхий” Цэнддоржийн хонгор халзан гэж 90 ээд оны эхэнд сайн морь тодорсон. Ямар ч  наадамд хол түрүүлдэг хүлэг байлаа. Зуутын Хонгорын овоо гэдэгт арав гаруй түрүүлсэн байх шүү. Өвгөн ч өөрөө түрүүлэх нь тодорхой тул “Миний халзан морь хол байна уу, ойр байна уу” гэдэг байсан юм гэнэлээ.

-Дундговь аймгийн хувьд хурд зүүн талдаа байсан шиг, одоо Сайхан-Овоо Хулд гээд баруун талдаа хурдан болж байх шиг. Таны бодол?

-Үнэн. Дэрэн л гэдэг байлаа ш дээ. Ямар сайндаа Дундговийн Галшар нэртэй байхав. Угтаал, Цагаандэлгэр сайн наадж байсан. Тэгээд Өндөршил адуу сайтай. Эндээс худалдаж авах тохиолдол их байсан. Шилийнхэн цөөн ирдэг, ирсэн байхад айраг мултардаггүй байсан юм билээ. Сайнцагаан нэг хэсэг нутгийн ойр, олон уяач морь мордуулж байгаагийн үрээр сайн наадсан. Д.Дашдаваа, Ц.Дондог тэргүүтэй Өлзийтийнхөн ч мөн хэдэн жил сайн наадаж байлаа. 90-ээд он гараад Луус Адаацаг их хурдалсан.  Одоо ч бүр Сайхан-Овоо, Хулд руугаа хурдалж байх шиг байна.

-Одын хул гэж говь чигийн цуурхай хурдан азарга гарсан нь танай адууны цустай гэж дуулсан. Хаанах гаралтай адуу вэ?

-Хулын эцэг нь Дэрэнгийн Даваажав гуайгаас авсан саарал азарга байсан. Бүр дээд угшиль нь Баянцагааны Авид гуайн адуу юм гэнэлээ. Од намар нь саарал азарга аваад өвөл нь бид хоёр адуутай Лууст өвөлжсөн юм. Би аймгийн төв рүү дөхөж буухаар боллоод Од намайг гаргаж өгөхдөө хаврын тарчиг цаг гэхэд болхойсон тарган зээрд байдас бариад өгдөг юм. Одын адуу тэр өвөл нам дор газар байсных тарган гэж жигтэйхэн, манай хэд туугдаад нэлээд эцчихсэн. Би оронд нь гайгүй юм бариад өгчих гээд адуун дотроо алхаад байдаг, дандаа эцэнхий юм шиг санагдаад болдоггүй. Тарган л юм өгөх гээд байсан юм бол уу даа. Тэгээд хүрэн халзан гүүнийхээ хээр байдасыг бариад өглөө. Дэлгэрцогтын бөх Цэрэнлхам гэж бий дээ. Хүү нь Цэрэнлхамын Баясаа гэж аймагт бага нас түрүүлгэж байсан. Миний хээр байдас энэ хүний адууны удам. Ингээд Даваажав гуайгаас авсан саарал азарганд хээр байдас хураагдаж Одын хул гэдэг адуу гарч ирсэн юм. Шүдлэндээ Өмнөговьд түрүүлээд Говьшанхад айрагдсан. Дундговь, Өмнөговьд олон орсон доо.

-Өвөрхангайн шилдэг уяачдын нэг Төмөрпүрэвийн Ганзоригт танай адууны гаралтай загал азарга дуулдаад байгаа?

-Намайг цэргээс ирэхэд аав маань Өндөршилийн Жа.Бандийн унаган бор азарга сая төгрөгөөр хоёр унагатай гүүтэй авсан байсан. Т.Ганзоригийн загал азарга тэр адууны эхтэй. Өвөрхангайдаа сайн уралдаж байгаа азаргануудын нэг. Өнгөрсөн жил аймагтаа аман хүзүүдээд баруун бүсийн даншигт долоод орсон байна лээ. Ер нь манай адуунаас Өвөрхангай, Өмнөговь руу нэлээн олон гарсан. Бүгд л айрагдаж түрүүлсэн дуулддаг. Т.Ганзоригт манай хул азарганы төл хээр үрээ очсон нь их хурдалсан. Уянгын Даваажавын туулай хээр соёолондоо олон түрүүлсэн дээ. Өвөрхангай Баянголын ААУяач Балдандоржийн хээр гэж Өвөрхангайн бас нэг толгой их насны морь байсан. Найман настай байхад нь Сайхан-Овооны Түжээ надаас аваад Балднаад өгсөн нь их хурдалсан.

-Энэ хаврын туршид зургаан сар болтол наадмыг хорилоо. Үүнийг дэмжих хүн байхад, эсэргүүцэх нэгэн ч байх шиг байна. Таны бодол?

-Наадмыг зуны гурван сард л хийдэг байя. Ер нь тэгээд өвөл хаврын уралдаан гэдэг эрсдэл ч ихтэй байдгийн, хөдөөний малчин бидэнд ч хэцүү. Сургуулийн хүүхдийн хичээл тасдаад л, гар хөлийг нь хөлдөөчих гээд. Энэ жилийн хувьд гаргадаг шийдвэрийг би хувьдаа зөв гэж бодоод байгаа юм. Бараг мориороо амжиргаагаа залгуулж чадахгүй шахуу мөртөө моринд бүх юмаа өгчихдөг над шиг залуус олон байгаа байх. Манай нутгийн Д.Цогтбаяр гуай хэлж байсан “Авгайнхаа чихэнд алтан ээмэг зүүгээгүй байж, арван саяар адуу аваад байдаг” гэж. Тэр үнэн шүү.

-Баярлалаа. Таны унаган бүхэн босоо төрөх болтугай

-Та бүхний ажилд ч өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл