2016 оны 01 сарын 14

ММСУХолбооны ерөнхий нарийн бичгийн дарга Пүрэвийн Сэргэлэнтэй уулзаж хурдан морь унаач хүүхдийн талаарх холбооны байр суурийг сонслоо. Мөн энэ зуны бүсийн уралдаануудын талаар товч тодруулга авсанаа уншигч та бүхэнд хүргэе.

Хурдан морь унаач хүүхдийн талаар сүүлийн үед хурцаар яригдаж байна. Хүүхдээр морь унуулахыг болиулах тухай хүртэл яригдаад байгаа. Энэ тал дээр ММСУХ ямар байр суурьтай байгаа вэ?
Холбоо бол хүүхдээ хамгаалах, хүүхдээр морио унуулах л байр суурьтай байгаа. Хурдан морь унаач хүүхдээ хамгаалах асуудал бол манай холбооны тэргүүлэх чиглэл байдаг. Тиймээс хурдан морь унаач хүүхдээ эрсдлээс яаж хамгаалах вэ гэдэг асуудлаар л ярих ёстой гэж бодож байна. Бусдаар бол хүүхдээр морь унуулахыг болиулах тухай асуудал байхгүй байх аа. Монгол улс гэж байгаад Монгол түүх, Монгол соёл гэдэг юм байгаа цагт Монголын хурдан морины уралдаан байж л байна. Энэ бол Монгол улсын түүх, соёл, үнэт зүйлийн салшгүй хэсэг. Дээрээс нь энэ үндэсний хурдан морины уралдаан гэдэг чинь зөвхөн Монгол улсынх биш дэлхийн соёлын том үнэт өв гээд бүртгээд авчихсан байгаа ш дээ.

Унаач хүүхдээ эрсдлээс яаж хамгаалах вэ?
Энэ бол манай холбооны бодолго, үйл ажиллагаа, зорилго зорилтын асуудал. Бид бүхний нэн тэргүүний шаардлага бол зөвшөөрөлгүй олон уралдааныг зогсоох. Орон нутагт болж байгаа уралдаанууд тухайн орон нутгийн уяачдын холбооноосоо зөвшөөрөл аваад уралдаан зохион байгуулах комисс бүрдүүлж ажиллах хэрэгтэй. Комисс яаж ажиллах вэ гэхээр нэгдүгээрт ямар нэгэн эрсдэл гархааргүй, саадгүй зам дээр морио уралдуулахын тулд уралдааны замыг сайтар бэлдэх ёстой. Хоёрдугаарт хурдан морь унаач хүүхдүүдэд хамгаалалтын хувцас хэрэглэлийг өмсүүлэх ёстой. Гуравдугаарт уралдааныхаа зохион байгуулалтыг сайжруулах ёстой. Хэн дуртай хүн нь уралдаан зохион байгуулаад байх бус мэддэг, чаддаг мэргэжлийн хүмүүс нь зохион байгуулдаг баймаар байна. Бусад нь бол тухайн уралдаандаа оролцоод явдаг байх ёстой. Энэ тал дээр холбоо олон ажил хийсэн, та бүхэн мэдэж байгаа. Хурдан морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцасны стандартыг батлуулж сүүлийн хоёр жилийн улсын наадамд хэвшүүллээ. Засгийн газрын тогтоолтой бүсийн уралдаануудад ч гэсэн иж бүрэн хамгаалалтын хувцастай уралдуулдаг болсон. Унаач хүүхдийн эрсдлийн асуудал хаана гарч байна гэхээр энд тэнд жалга довондоо болж байгаа зөвшөөрөлгүй жижиг уралдаанууд дээр л гарч байгаа. Тийм болохоор заавал зөвшөөрөл ав, замаа зас, хамгаалалтын хувцастай, даатгалтай хүүхдээр морио унуул, комисс ажлуул...!!! Энэ бүхэн чинь нийлээд хурдан морь унаач хүүхдийг эрсдлээс хамгаалах цогц асуудал болж байгаа юм.

ММСУХ-ны удирдах ажилтны ээлжит  III зөвлөгөөн саяхан болж өнгөрсөн. Зөвлөгөөн дээр ямар ямар асуудлын талаар хэлэлцэв?
ММСУХ-ны удирдах ажилтны ээлжит гуравдугаар зөвлөгөөнд бүх аймгийн салбар холбоодын тэргүүн, нарийн бичгийн дарга нар ирж оролцсон. Бид бүхэн энэ зөвлөгөөнөөр олон асуудлыг өргөн хүрээнд авч хэлэлцсэн. Холбоо ирэх жилүүдэд хийх ажил, хурдан морины хөгжил бодлого, хурдан морь унаач хүүхдийн хамгаалалт, аюулгүй байдал, уралдааныг оновчтой зөв зохион байгуулах гэхчилэн олон сэдвийг хөндөж, үүрэг чиглэлээ салбарууддаа өгч ажиллахаар шинэ төлөвлөгөөгөө гаргасан. Тухайн аймагт энэ жил ямар ямар уралдаанууд зохион байгуулагдах гэж байна, уралдаанаа хэрхэн яаж зохион байгуулах уу, юу юуг анхаарах ёстой, уралдааны зам харгуйгаа хэрхэн засаж янзлах, унаач хүүхдээ эрсдлээс яаж хамгаалах, яаж даатгуулах ёстой юм гээд бүх талаар нь ярилцаад удирдамж, зөвлөмж гаргасан.

Хурдан морь унаач хүүхдийн насны ангилалд өөрчлөлт орох тухай яригдаад байгаа?
ММСУХ хурдан морь унаач хүүхдийн асуудлын талаар бараг 20 дахь уулзалт зөвлөгөөндөө оролцлоо. Энэ бүхэнд бид байр сууриа илэрхийлж байгаа. Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт орохоор ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Энэхүү ажлын хэсэгт бас бид саналаа хүргүүлсэн. Унаач хүүхдийн насны тухайд бол холбооноос 7-9 гэсэн санал өгсөн байгаа. Ер нь тэгээд манай уяачдын хэнэггүй, дур зоргоороо зан өнөөгийн энэ асуудалд маш их нөлөөлж байгаа. Ямар нэгэн компани зөвшөөрөлгүй уралдаан хийхэд манай уяачид очоод л уралдчихдаг. Тэр уралдааны зам ямар ч байсан хамаагүй, хүүхэд нь хамгаалаттай байна уу үгүй юу хамаагүй уралдуулаад байдаг. Энэ асуудлыг зогсоохын тул хууль эрх зүйн хувьд, дүрэм журмын хүрээнд шийдэх асуудлууд байгаа.

Энэ асуудлыг холбоо өөрийн эрх мэдлийн хүрээнд яаж шийдэх боломжтой вэ?
Зөвшөөрөлгүй хориглосон уралдаанд морьдоо, унаач хүүхдээ аваад оролцож байгаа уяачид болон зөвшөөрөлгүй уралдаан зохион байгуулж буй улсуудад ёс зүйн хариуцлага хүлээлгэдэг байя гэж ярилцаад уяачийн ёс зүйн зөвлөлийг байгуулж, ёс зүйн дүрэмтэй болж байгаа. Тийм болохоор  хориглосон, зөвшөөрөлгүй уралдаанд оролцож байгаа уяачтай хариуцлага тооцдог болъё. Алдар цолонд тодорхойлохыг түтгэлзүүлэх, уралдаанд оролцуулахгүй байх, эсвэл уралдаанд оролцох эрхийг нь тодорхой хугацаагаар хасах гэх мэт арга хэмжээг авдаг байхаар болж байгаа. Энэ ёс зүйн дүрмээ ирэх сард хуралдах тэргүүлэгчдийн хурлаараа батлаад, дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулна.  Монгол наадамд оролцож байгаа уяачид гэдэг маш их ёс зүйтэй байх хэрэгтэй. Ёс зүйн хэм хэмжээгээ биелүүлээд, бие биенээ хүндлээд, шаардлагаа биелүүлээд явах юм бол ийм эрсдэл гарахгүй. Нийнуугүй хэлэхэд манай улсын томоохон цолтой уяачид маань ч гэсэн дэндүү хэнэггүй байна. Тэр том цолтой уяачдаас олон залуу уяачид үлгэр дуурайлал авна ш дээ. Тэгэхээр манай тод манлай, манлай, алдарт уяачид маань бусдад үлгэр дуурайлал үзүүлж байх ёстой гэж би боддог.

Хурдан морь унаач хүүхдийн асуудалтай холбогдуулаад Монголын уяачдыг "зэрлэг адгуусаар наадагч казиночид" гэж мэдээллээр их бичих болж. Уг нь ингэж болмооргүйсэн?
Хэвлэл мэдээллийн байгууллагууд морины соёлтой болон морин уралдаантай холбоотой асуудалд их болгоомжтой харьцах ёстой л доо. Яагаад гэхээр Монголчууд маань ахуйгаасаа их холдчихсон. Үндэсний их өв соёл, үндэсний бахархал болсон хурдан морины уралдаанаа гадаадаас ирсэн жуулчид шиг харж байгаа хүмүүс олон байна. Энэ хөлс нь гоожчихсон том бакал, том дээлтэй хүмүүс юугаа хийгээд яваад байдаг юм бол доо гэж харж байгаа хүмүүс ч байгаа. Хамгийн харамсалтай нь Монголын уяачдыг "муусайн баячууд" гэж ярьдаг. Үүнийг би ерөөсөө ойлгодоггүй юм. Уяачдын маань дунд сайн ч хүн бий, муу ч хүн бий. Тэд чинь Монголын их ард түмний бага төлөөлөл шүү дээ. Монголын 60 мянган уяачдын дунд "баян уяач" тун цөөхөн шүү дээ. Яахав бизнесс эрхэлдэг, төрийн алба хаадаг 5-10 мянган хүн бий байх. Үлдсэн 50 мянган уяач нь хөдөө орон нутагт малаа маллаад, морио уяад амьдардаг жинхэнэ малчин уяачид. Тийм болохоор Монголын уяачид бүгдээрээ баячууд биш, тэгж хандаж болохгүй. Монгол улс гэж байхын хамгийн гол зорилго нь энэхүү монгол соёл, монгол наадам юм шүү дээ. Бид үүнийгээ авч явах ёстой. Товчхондоо хэлбэл тусгаар тогтнолын асар том баталгаа. Монгол наадам, монгол морь гэдэг чинь олон түмнийг хооронд нь уулзуулж учруулж байдаг, халуун дулаан яриа өрнүүлж байдаг, хүнийг хооронд нь танилцуулж байдаг гээд их сайхан билэгдэл, ёс заншил юм. Нөгөөтэйгүүр хурдан морины уралдаан гэдэг эв нэгдлийн маш том баяр байдаг. Монголчууд маань морины уяан дээр хэзээ ч хэрэлддэггүй, муу муухай юм ярьдаггүй. Уяачид маань дандаа ерөөл, билэгдлээр амьдардаг. Морио анх барихдаа хүртэл өдөр судар харж байгаад сайн өдөр барьж ёслодог. Хүүхэд морь хоёр таарч байна уу гэдгийг хүртэл хардаг. Хүүхдээ мордуулчихаад "миний хүү мэнд сайхан уралдаад ирээрэй" гэж хэлээд үнсээд л явуулдаг. Энэ мэтчилэн гайхамшигтай соёл хаана байна Монголд л байна ш дээ. Тийм байтал манай хэвлэл мэдээллийнхэн буруу тал руу нь "ерөөгөөд" байдаг. Морь, хүүхэд хоёр бие биендээ ээнэгшин дасаж байж уралдаанд оролцдог. Тэр битгий хэл баригдахгүй байгаа морины хазаарыг нь бариад унаач хүүхэд нь гүйгээд очиход баригдаж байдаг. Морь хүүхэд хоёрын нөхөрлөл, итгэл, хайр гэдэг бол хүүхэд хамгааллын гайхамшигтай уламжлалт тогтолцоо шүү дээ. Ухаантай монгол морь гэдэг чинь дээрээ байгаа хүүхдийг аваад л гардаг юм. Энэ сайхан уламжлалт тогтолцоо, энэ сайхан ёс заншлыг ярихгүйгээр л хурдан морины хүүхэд гэдэг бол тэвчишгүй хөдөлмөр эрхлэгчид, муусайн баячууд хүүхдийн хөдөлмөрийг шулж байна гээд л буруу тал руу нь улам дэврээгээд байдаг. Тийм болохоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа мэдээллүүд үнэн зөв, ёс зүйтэй байх ёстой. Морины ёртөнц гэдэг ерөөсөө л эв нэгдлийн гүүр. Монгол наадмын үндсэн филсофи нь өөрөө эв нэгдэл. Тиймээс монголчуудын үндэсний хурдан морины уралдаан, монгол наадам гэдэг нь эв нэгдлийн гүүр байгаасай л гэдгийн төлөө бид хичээж ажиллана. 

Удирдах ажилтны зөвлөгөөний үеэр цолны асуудал бас хөндөгдсөн байсан. Шинэ цол бий болгох талаар?
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаатай холбоод "Аймгийн манлай" гэдэг цол бий болгоё гэсэн санал оруулсан. Аймаг, сум орон нутагтаа олон айраг түрүү хүртээд ажилт нь аймгийн алдартаас даваад явчихсан уяачид олон байдаг. Тийм болохоор тэдгээр уяачдынхаа хөдөлмөрийг үнэлэх зорилгоор энэхүү "Аймгийн манлай" гэдэг цолыг санаачлаад УИХ-д өргөн барьчихсан байгаа.

Дархан тод манлай гэсэн улсын шинэ цол бас яригдаад байгаа?
Дархан тод манлай биш Дархан манлай гэдэг цол байгаа юм. Энэ цолны амжилтыг бол нэлээн дээгүүр тавьсан. Манайхан бас хөдөлмөрлөж байж тэр цолонд хүрдэг байх ёстой. Нөгөөтэйгүүр морио яг өөрөө гардан уядаг хүмүүст өгөх нь зүйтэй гэсэн шалгууруудыг шингээж өгөөд саналаа оруулсан.

Бүсийн уралдаануудын тов гарчихлаа. УИХ, Засгийн газраас улс болон Их хурдаас бусад уралдаануудыг хийлгэхгүй гэсэн яриа бас гарсан байна лээ?
Хэдхэн хоногийн өмнө Засгийн газрын тогтоол гараад 90 жилийн ойгоо тэмдэглэж байгаа дөрвөн аймагтаа бүсийн уралдааны эрх өгчихлөө. Өөрөөр хэлбэл Хэнтийд зүүн бүс, Төв аймагт төвийн бүс, Архангайд хангайн бүс, Завханд баруун бүс болохоор болсон. Энэ уралдаануудад амжилттай наадсан уяачид маань улсын цол зэрэгт тодорхойлогдох болзлоо хангана гэсэн үг. УИХ-ын ажлын хэсэгт бүсийн уралдаануудыг байхгүй болгох тухай юм яригдаж байгаа юм билээ. Тэр бол байж болохгүй зүйл. Өргөн уудам тархсан Монгол эх орны алс хязгаар нутгаас тэр бүр уяачид төрийн наадамдаа ирээд оролцож чаддаггүй. Тийм болохоор бид баруун, зүүн, говь, хангай гээд бүсчилсэн уралдаануудыг хийж тэдгээр хөдөө орон нутгийн уяачдаа дэмжиж, бүс бүсийн хурдан хурц хүлэг морьдыг шалгаруулаг болоод удаж байна. Тухайн бүс нутгаасаа шалгарсан хурдан хүлгүүд нь харин шигшмэл морьдын Их хурд уралдаандаа оролцдог. Тийм болохоор бүсийн уралдааны энэ тогтолцоог заавал байлгах ёстой гэж бид үзэж байгаа.

Энэ жил бүсийн уралдаануудаас гадна Их хурдтай. Бас дэлхийн адууны баяр Монгол улсад болно. Энэ талаар мэдээлэл өгөөч, Гиннесийн уралдаан хаана болох гэж байгаа вэ?
Монголын хамгийн хурдан хүлгийг шаргаруулдаг шигшмэл морьдын Их хурд уралдаан энэ жил 7-р сарын 21-нд Хүй долоон худагт болно. Монгол улсад адууны яам байгуулагдсаны 750 жилийн ой, дэлхийн адууны баяр 8-р сарын 17, 18-ны өдрүүдэд болно. Энэ үеэр бид 3000 морь уралдуулж монголын үндэсний хурдан морины уралдааныг Гиннесийн номонд бүртгүүлэхээс гадна морьтон монголчууд  монгол үндэснийхээ  дээл хувцасыг өмсөж монголын нүүдэлчдийн соёл, уламжлал, цог хийморийг илтгэсэн 10,000 морьтон монгол хүн  жагсаж, Геннисийн номонд бүртгүүлэхээр болоод байгаа.  Өөрөөр хэлбэл Монгол улс нэг дор Геннисийн номны хоёр амжилтыг эвдэж болохоор байна. Болох газрын тухайд бол Хүй долоон худаг, Тоглохын тал гэсэн хоёр газар товлож одоогийн байдлаар тест хийж байгаа. Ер нь бол энэ хоёр газрын аль нэгэнд л болох байх.

Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл