2016 оны 01 сарын 14

Монголчууд төрийн сүлдэндээ морио залж, хоёрхон чавхдастай морин хуураараа дэлхийг уяраадаг ард түмэн. Морь гэдэг чухамдаа хүний сэтгэлийг уярааж хөглөж байдаг шидтэн. Тэгвэл Монголын XX зууны бахархал болсон Мөнхийн Данзанням хэмээх алдартай уяачийн гал голомтыг залган олноо дуурсагдаж яваа эрхэм бол Монгол Улсын Тод манлай уяач, Хөдөлмөрийн баатар Данзаннямын Даваахүү. Монголын морин спорт, уяачдын  хөгжилд томоохон хувь нэмэр оруулж яваа энэ хүн морь уяж эхэлсэн цагаасаа хойш 20 гаруй түрүү, дөч гаруй айргийг зөвхөн улсын баяр наадмаас авсан байна. Тэрбээр “Би  битүүний урд өдөр буюу тоос шороо гөвдөг өдөр төрсөн. Тоос гөвдөг өдөр төрснөөрөө хурдан морины тоосонд л явах хувьтай байсан юм байлгүй” хэмээн хуучилсан байдаг. Ингээд бодохоор тэр үнэхээр адууны тоосонд явж, Усан могой жилийн босгон дээр Хөдөлмөрийн баатар хэмээх цолоор энгэрээ мялаасан. Баатартай уулзахаар Өлзийт хотхоныг зорьж, өргөө гэрийнх нь үүдэнд очиход Д.Даваахүү гуай морьдынхоо уяан дээр угтсан юм.

Тод: Хөдөлмөрийн баатартай уулзахаар очсон энэхүү сэтгүүлч бол Дундговь аймгийн Луус сумын уугуул, Монгол улсын Манлай уяач Дамбадаржаагийн Эрдэнэчулууны охин Пагмадулам. Говийн их уяачийн охин зууны манлай уяачтай хөөрөлдсөн сонирхолтой ярилцлагыг уншигч та бүхэнд хүргэе.

Та сайхан хаваржиж байна уу?
Сайхаан. Та бүхэн хаваржиж байна уу.

Сайхаан. Луу жил таны хувьд ээлтэй сайхан жил байлаа гэж бодож байна. Монголын морин спорт уяачдын холбооны дээд шагнал “Молор Эрдэнэ” одонгоор шагнуулж,  Усан могой жилийн босгон дээр Хөдөлмөрийн баатар боллоо шүү дээ?
Тэгэлгүй яах вэ. Манайх хуучнаар Цэцэн хан аймгийн Боржигон цэцэн вангийн хошууны айл. Одоо бол Төв аймгийн Баянцагаан сумынх. Тэр суманд төрж, өссөн хүн. Миний хувьд малчин аав ээжийн гар дээр өсч хүмүүжсэн. 1956 оноос эхлэн хурдан морь унасан. Тэр цагаас хойш 50 гаруй жил адуу гэдэг амьтантай нөхөрлөж байна. Энэ хөдөлмөрийг минь үнэлж, Монголын үндэсний морин спортыг хөгжүүлэх, хурдан морийг уяж сойх эрдэм ухааныг түгээн дэлгэрүүлэх, хурдан морины үүлдэр угсааг сайжруулах үйл хэрэгт гарамгай гавьяа байгуулсан хэмээн  ММСУХ-ны дээд шагнал “Молор-Эрдэнэ” одонгоор шагнаснаас гадна төрийн дээд шагнал Хөдөлмөрийн баатар цолыг хүртлээ. Үүнээс бодоход морь гэдэг амьтан хүний нэр төрийг өндөрт өргөж, хөдөлмөр зүтгэлийг минь үнэлүүлдэг юм байна. Надад Монгол Улсын 60 гаруй мянган уяачийн өмнөөс энэ шагналыг олгож байгаа юм болов уу гэж ойлгож байна. Хурдан морины уралдаан гэдэг Монгол Улсын тусгаар тогтнолын тулгуур. Дэлхийн аль ч оронд байхгүй соёл. Монголчууд бид төрийн сүлдэндээ морио залсан. Энэ адгуусан амьтан дэлхийн талыг эзэлсэн. Ер нь хүн төрөлхтөн, хүнд хурдны салхи үзүүлсэн амьтан бол адуу гэдэг.

Та ч эрийн гурван наадмын бүхий л төрөлд амжилт гаргасан хүн шүү дээ?
Монголчууд наадамд гурван даваатай, найранд гурван дугараатай гэдэг. Би чинь аймгийн арслан цолтой. Залуудаа аймгийнхаа наадамд түрүүлж байлаа. Нутгийн хүмүүс аав ээжид  маань “Танайх төрийн наадамд түрүүлдэг морьтой, Төв аймгийнхаа наадамд түрүүлдэг хүүтэй азтай хүмүүс” гэж хэлж байсан юм. Мөн шагай харваж байсан. Монгол Улсын хүндэт харваач цолтой. Сайн нь муугаа дийлнэ гэж үг байдаг. Морь сайн давхиад энэ тал руугаа анхаарлаа хандуулсан даа. Ер нь энэ гурван зүйлийг зэрэг хөөвөл амьдралгүй болох юм билээ. /Инээв/

Таны хувьд 1956 оноос эхлэн морь унаж эхэлсэн гэлээ?
Тийм ээ. Зургаан настайгаасаа эхлэн морь унасан. Анх ганзагаараа даруулаад Дундговийн Цагаандэлгэр сумын наадамд уралдаж байлаа. Ер нь нэг их олон түрүүлж айрагдаагүй дээ. Анх Цагаандэлгэрт тухайн үед урд жил нь улсад айрагдсан морио унаж айрагдаж байсан юм даг. Мөн Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор наймд орсон. Түүнээс өөрөөр сайн давхиагүй гэхэд болно. Мөн 1963 онд манай морины хүүхдийн бие жаахан муудаад тэр үед моринд жаахан томдсон хүүхэд их насны морь унаж байлаа. Тухайн үед Төв аймгийн 40 жилийн ой болж, мянган морины тоосонд орж үзсэн. 1168 морь уралдаж, 37-д орж байлаа. Ингээд л зодог тайлсан даа.

Анх хэдэн онд бие дааж морь уяж байв?
Моринд хүндэдсэн цагаасаа эхлэн уяаны ажилд зүтгэн морь уях дөртэй болсон. Миний хувьд айхтар бие даагаад морь уясан гэж юу байх вэ. Тухайн үед аавынхаа туслах уяач, адуучнаар явж байлаа. Одоо бодоход уяач болоход минь сайн уяач аавын маань сургааль, газар газрын олон алдарт уяачийн чин сэтгэлийн дэм их нөлөөлсөн гэж боддог. Уяач хүн морь шинжиж, уяж засах арга барилдаа дүгнэлт хийж бусдын арга барилаас суралцаж, уяа заслаа тасралтгүй сайжруулж байвал сайн уяач болно. Харин бие дааж уясан гэхээр 1970 онд морь уяж эхэлсэн гэхэд болно. Тухайн үед цэрэгт байхдаа Дорнодын цэргийн ангийн унааны хээр морийг ангийн аж ахуй эрхэлсэн орлогч дарга, дэд хурандаа Пүрэвдорж гэдэг хүнээс гуйж уяж байлаа. Ингээд хээр морь аймгийн наадамд айргийн дөрөвт хурдалсан. Харин би өөрөө барилдаж дөрөвт үлдэж аймгийн начин болсон. Ингэж л хурдан хүлэгтэй амьдралаа холбож эхэлсэн дээ.

Морин тойруулга таны амьдралтай салшгүй холбоотой шүү дээ?
Тийм ээ. 1978 онд төрийн уяач болж байлаа. Тэр үед Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн Морин тойруулгын уяач болсон. Тус нийгэмлэг Монгол төрийн наадмын түрүүг ганцхан их наснаас бусад бүх насанд авчихсан. Их насны морь сайн уядаг хүн хайгаад манай аавыг авахаар болсон. Гэтэл ажаа биеийн байдал, хувийн ажлаас үүдэн очоогүй. Тэгээд ажаагийн оронд орж, 1978 онд Зандан хүрэн морийг түрүүлгэж, Сайвар хээр морийг аман хүзүүдүүлсэн. Мөн нэг соёолон аман хүзүү, даага тавд оруулж байсан. Ингээд нэг наадмаас дөрвөн айраг авч, бие дааж төрийн наадмын анхны алтан жолоогоо өргүүлж байлаа. Үүнээс өмнө ажаа бид хоёр 1972 онд хээр морио улсад түрүүлгэж байсан. Үүнээс хойш хүний өөрийн олон морь түрүүлгэж айрагдууллаа даа. Үүний хүчинд төрийн эрхэм дээд том цолуудыг авлаа. Морь уяж эхэлсэн цагаас эхлэн төрийн наадамд 20 гаруй морь түрүүлгэсэн. Их бага наадамд олон ч морь  айрагдуулсан байна.

Та их наснаас гадна азарганы уяа сойлгыг  сайн тааруулж хурдлуулдаг. Үүний нууц  чухам юунд байдаг бол?
Манай уяанаас 13 азарга төрийн наадамд түрүүлсэн. Азарга гэдэг айхтар нямбай ажиллагаатай, байнга маллагаа шаарддаг адуу. Хураалгах гүүнээс эхлээд их л ажиллагаатай. Уяа сойлгын талаар гэвэл таван сарын эхээс эхлүүлэн ороог нь гаргасан байх хэрэгтэй. Мөн долоогоос илүү гүү хураалгах хэрэггүй юм. Хөндүүрийг нь гаргаж ядраалгүй уях л хэрэгтэй дээ. Их морины хувьд таван их морь түрүүлгэсэн. Нас гүйцсэн адуугаар наадах сайхан шүү дээ.

Та удам дамжсан уяач. Хэдэн үеэрээ улсын  наадамд морь түрүүлгэж, айрагдуулаад байна вэ?
Би дөрвөн үе дамжсан малч удмын хүн. Миний өвөг эцэг Мөнх сум орон нутагтаа морь уяж, уралдуулан арав гаруй морь түрүүлүүлж, 20-иод морь айрагдуулсан. Өвөө маань 1950 онд улсын сайн малчин цол хүртсэн. Миний аав угийн уяач удамтай. Идэр залуу наснаасаа эхлэн морь уяж явсан. Морины уяа заслын үед үргэлж морьдынхоо дэргэд байж, ажиж, шинжиж, заслыг нарийн тооцож хийдэг их мэдрэмжтэй уяач байсан. Манайх гурван үеийн улсын сайн малчин, төрийн наадамд морь айрагдуулсан айл. Энэ заяа буянг дааж явна гэдэг маш том ажил. Өвөг дээдсийн том нэр хүндийг хадгалах нь маш том хариуцлага. Одоо болтол цаасан дээр нэрийг нь гаргаж байгаадаа баяртай байдаг. Миний хүү өнгөрсөн жил гурван үедээ дарсан өөрийн буйлан тамгатай адуугаа төрийн наадамд айрагдууллаа.

Морины хануур, хатгаа гэж чухал зүйл байдаг. Хэдий үед хатгавал илүү сайн байдаг юм бэ?
Уяач хүн уралдааны дараа заслыг сайн хийж, зун намрын тарга авалт, өвөл, хаврын онд оролтын байдлыг харгалзан морины ажлыг тохируулан хийх нь зөв. Миний хувьд морьдоо найман сарын сүүлээр хатгадаг. Ер нь удаах нь хамгийн буруу юм. Тэр дор нь хануур, хатгуур хийж байвал сайн. Хатгасан адуундаа гам сайн хийх хэрэгтэй.

Даваахүү байнга наадам будилаантуулдаг гэх хэл ам нэлээдгүй гардаг. Үнэхээр та наадам будилаантуулдаг байсан юм уу?
Намайг наадамд очоогүй байхад л морь будилууллаа гэдэг байсан. Хүн гэдэг амьтан их сониучхан шүү дээ. Манай уяан дээрээс зургаан жил улсын наадамд завсаргүй зургаан азарга түрүүлж байлаа. Тэгэхээр энэ зүйл хүнд нэгийг бодогдуулна биз дээ. Ямар учиртай, тариа хийж байгаа юм биш биз гэх мэт. Зарим нь ямар ханаж цаддаггүй хүн бэ гэж ч хашгирч байлаа. Энэ үед Х.Баянмөнх аварга “Чи их сайн ажил хийж байна. Хүмүүс чамайг муулах болж. Тэгдэг юм” гэж тайвшруулж байлаа. Ер нь тухайн үед янз бүрийн зүйл болбол надтай холбодог байсан. Хүнийг дээшээ их тасраад явчихаар хөлөөс татах санаатай л байдаг юм болов уу даа.

ММСУХ-оос хүүхэдгүй мор­ийг тав ухраах дүрмийг гар­гасан. Харин үүнийг та санаачилж, дэмжихгүй болох­оор нь өөрөө амьдрал дээр баталсан гэдэг?
Дээр үед хүүхэдгүй морийг тав ухрааж барьдаг журамтай байсан. Миний хувьд энэ саналыг гаргасан ч дэмжигдээгүй. Тэгэхээр нь 17-той хөгшин азаргаа хүүхэдгүй уралдуулж түрүүлгэж байсан. Тухайн үед халтар азарга маань хүүхэдтэй ч айрагдах байсан. Сайхан уяатай. Харин миний энэ санааг дэмжихгүй байхаар нь “Их хурд 2”-т ер нь эд нарт үзүүлье. Миний азарга хадуурахгүй болохоор хүүхэдгүй мордуулъя гэж бодоод мордуулж түрүүлгэсэн. Тэгээд миний хурал дээр ярьж, дарагдаж байсан зүйл ажил хэрэг болсон. Энэ  нь миний сайных ч биш л дээ. Ер нь ямар нэгэн ажил зөв зам руугаа л хөтлөгдөж байна гэсэн үг. Тэр битгий хэл хуучин барианд орж чадалгүй бахардаж унасан морины хүүхэд хазаараа аваад барианд ороход тэр морийг барьдаг байсан уламжлал бий. Өөрөөр хэлбэл, тухайн морь гуравт ирж байгаад унавал хүүхэд нь хазаараа барьж гүйгээд барианд орсноор тухайн морийг гуравт барьж байгаа юм. Энэ бол маш нарийн асуудал. Нэг үгээр хэлбэл тухайн наадмыг хүндлэх, хүүхэд, морь, үзэгчдийг хүндлэх гээд олон зүйлд хүндэтгэл үзүүлсэн журам болж байгаа юм.

Бас эрлийз морьдыг  тусад нь уралдуулах саналыг гаргасан уу?
Би ч өөрөө төрийн морь уяж, хагас эрлийз мориор уралдсан хүн. Сүүлийн үед морин уралдааныг хөгжүүлэхийн тулд уяачид гадаадаас цус сэлбэж байсан нь монгол морьд ухрах үндэс болсон. Энэ үед ч намайг ад үзсэн. Дэлхийн морины уралдаанд үүлдэр үүлдрээр нь уралдуулдаг. Хоёрдугаарт өнөөдөр бүх уяачид эрлийз морьдыг тэжээх, уралдуулах боломж байхгүй. Тиймээс Монголын 60 мянган уяач, монгол наадмыг Монголоор нь байлгах, тусгаар тогтнолын тулгуураа байлгахын тулд энэ эрлийз морьдыг уралдуулахгүй байх санал дээр хатуу зогссон. Ер нь зөв зүйл зөв байдаг гэж хэлсэн шүү дээ. Амьтны сайн муу хэлэх хамаагүй. Зөв зүйл зөвөөрөө л байх хэрэгтэй. Үүнээс болж ад үзэгдэж л байсан.

Сүүлийн үед уяачид морины­хоо үүлдэр угсааг сайж­руулах тал дээр их анхаар­даг болсон. Тэгсэн ат­лаа гадаадаас өндөр үнэтэй азарга оруулж ирж монгол адууг эрлийзжүүлэх болжээ?
Монголчууд хүлэг сайн морь, хурдан шанадаст адууныхаа үржил шимийг сайжруулахыг эртнээс чухалчилж ирсэн. Энэ асуудал бол зөв зүйтэй юм. Гэхдээ хязгаартай байх ёстой. Адууны үүлдэр угшлыг холдуулна гэдэг сайн зүйл. Гадаадаас орж ирж байгаа адууны цөөхөн нь цэвэр цусны адуу байгаа шүү дээ. Сайн үүлдрийн азарга морь гэх мэтчилэн зардаг. Үүнийг нарийн харж авах нь зөв юм. Манай монгол морь дэлхийд холын зайны уралдаанд уралдвал амжилт гаргана.

Уяачид халуунд халж, хүйтэнд хөрч мориныхоо уяа сойлгыг тааруулдаг. Гэтэл машин унаж хааяа нэг уяан дээрээ ирдэг морины эздэд цол өгөх нь зөв үү?
Өнөө үед эзэн нэртэй хүмүүс бүгд л цол руу зүтгэдэг болсон. Гэхдээ эзэн авах ёстой юм. 70 хувь нь эзэнд, 30 хувь нь унасан хүүхэд малласан эзэнд гэж гурав хувааж өгдөг. Гэхдээ уяач хүн бүхий л ажлыг нь хийж гүйцэтгэж байгаа шүү дээ.

Үүнээс гадна хурдан морины ханш их өсч байна. Энэ талаар таны бодол?
Зүүн зүгийн адуу хурдан, хурдан адууны эх нь Хэнтий аймаг. Гэхдээ Монгол нутагт хурдгүй газар гэж үгүй. Жишээ нь Хэнтий аймагт 100 унага төрлөө гэхэд 10 хурдан адуу гардаг. Бусад газарт 1-2 гардгаараа Хэнтий аймаг давуу талтай. Харин үнэ ханшийн хувьд 1920 оны орчимд Галшарын Дагмид мээрэнгийн Нүцгэн зээрд морийг 80 лангийн алтаар Шанхайн хятад худалдаж авч байсан юм гэнэ лээ. Одоогийн 500 сая дээрх үнэд дөхөж байгаа гэхэд болно. Монгол морины үнэ өсөхөд би баяртай байдаг. Яагаад гэвэл бид бүхэн байгаа зүйлээ үнэлдэг байх хэрэгтэй. Миний хувьд адууны үнэ өсөөсэй гэж боддог. Бид Монгол Улс дотроо олсон мөнгөө нэг нэгэндээ өгөх нь сайхан хэрэг. Харин Монгол Улсаа гадагш нь худалдсан, өгсөн хүн моринд ордоггүй. Өөрөөр хэлбэл, хятад санаатай ч гэдэг юм уу тийм хүн моринд дурлахгүй байна. Монгол нутагтаа амьдарч байгаа хүн л хурдан морийг үнэд  оруулж байна. Нөгөө талаас малчин айлын амьдралыг тэтгэж байгаа шүү дээ. Энэ мөнгө гадагшаа урсахгүй, дотооддоо л үлдэнэ.

Сүүлийн үед хурдан морь унаж буй хүүх­дийн эрхийг хамгаалах талаар ярих болсон. Таны хувьд морь унах хүүхдээ хэрхэн сонгодог вэ?
-Биеийн тамир спортод их дуртай сэргэлэн, адтай хүүхэд сайн унадаг. Миний бодлоор шаравтар царайтай хүүхэд их хөнгөхөн. Бараан царайтай хүүхдүүд арай хүнд байдаг юм болов уу гэж боддог. Гэхдээ унаач хүүхдийн талаар манай зарим хүмүүс арай л өрөөсгөл ойлголттой байх юм. Уяачид морьдоо өвлийн хүйтэнд бээрүүллээ, хүүхэд даарууллаа гэх юм. Тэр хүмүүст бидний энэ морь уях соёлд битгий оролц гэж хэлмээр байна. Миний хувьд  нэгэн насаараа морь унасан хүн. Бидний өвөг дээдэс хэчнээн зуун жилээрээ өвөл зунгүй малаа маллаж мориороо дэлхийг тойрсон улс. Тиймээс үүнд жаахан ухаантай хандах хэрэгтэй. Харин энэ тэнд байгаа амьдралын боломж тааруу хүүхдүүдэд анхаарал хандуулж, нийгмийн зөв хүмүүжил олгоход хувь нэмэр оруулж байна. Биднийг дагасан хүүхдүүд муу хүн болдоггүй. Бид энэ хүүхдүүдийг хаяхгүй. Тэд том болж мөн л Монголын уламжлалт энэ ажлыг хийх хүмүүс болно. Зүгээр нэг түр зуур байх хиймэл зүйл биш. Монголын соёл руу битгий буруугаар ор гэж хэлмээр байна. Ер нь өвөл ямар ч үед морь хөлөрнө, цанатана. Адуу, хонинд явсан ч адилхан шүү дээ. Бид бүхэн харин үүнийгээ зөв уламжлалаар нь авч яваа улс. Гэтэл гаднаас хэдэн төгрөг худлаа хэлж авчихаад үүнийгээ зөв зарцуулахгүй байж биднийг буруугаар ярих болж. Миний хувьд өвөл зунгүй морьтой явдаг хүн. Тэглээ гээд хөлдөж үхээгүй, өнөөдөр бүр Хөдөлмөрийн баатар боллоо гэж хэлмээр байна.

Тэгвэл хүүхэд хамгаалах хувцасны талаар?
Хүүхдийн хамгаалах хувцас гэдэг бол зүгээр л бизнесийн асуудал. Бид бүхэн өмнө нь олон жил малгайгүй уралдсан. Гэтэл одоо хүүхдийн толгой дээр салхи орохгүй том хар юм тавих болж. Тэр хүүхэд чинь таван минут ухасхийгээд ирэхгүй шүү дээ. Зурхай руу 2-3 цаг явна. Эргээд бариа руу цаг орчим явна. Үүнд тохирохгүй зүйл. Малтай харьцаад буруудсан зүйл гэж байхгүй шүү. Бид бүхэн хүүхэд бүрийг хамгаалах арга барилыг мэдэхгүй хүмүүс биш шүү дээ.

Бид хоёрын яриа өндөр­лөж байна. Та Монгол  түмэн­дээ хан­даж ерөөлийн үг айл­дана уу?
Миний энэ эрхэм цол Даваа­хүү гэдэг хүнийх биш. Мон­голын бүх уяачдыг шагнаж бай­гаа цол оо. Монголын их уяачд­ын адуун сүрэгт төрсөн унага бүрэн босоо тэнцэж, төр улс түмэн олныхоо их баяр наадамд айраг түрүү авч байх ер­өөл дэвшүүлье. Монголын хөх тэнгэрт молор эрдэнэ бол­сон алтан тууртны бумбан тоос байнга босч байх болтугай гэж ерөөе.

Сэтгэгдэл