2016 оны 01 сарын 14

Энгүй хурдан хос шарга
Их наадмын турүү шарга
Эрдэнэчулууны унаган шарга...
Э.Эрдэнэчулуун уяачийн гайхалтай хүлгүүдийн тухай дуу ийн эхэлдэг. Хос шаргын талаар домог мэт яриа Монголчуудын дунд тугсээр олон жил өнгөрчээ. Амьдралын хос багана болсон ханиа аймшигт өвчнөөс салгахын тулд саам уулгах гэж тэрбээр цагаан гүү худалдан авчээ. Цагаан гүү төдөлгүй эр шарга унага төрүүлсэн нь хайр булаасан, өхөөрдөм амьтан байлаа. Уяачийн эхнэр "Ийм хөөрхөн амьтны хоолноос хороох ч гэж дээ" хэмээн өөрийгөө зэмлээд саам уухаас татгалзсан удаатай. Адуу ухаантай амьтан. Хоёр шарга унаган цагаас нь хоолноос “хумсалж” зүрхлээгүй эзэгтэйдээ ганц өдрийн ч болтугай нас нэмэхийг хичээх мэт олон наадамд түрүулж, айрагдсан. Гэлээ ч санаснаар болдоггүй зүйл байдаг. Цаг бусаар эндсэн том шаргынхаа хойноос ихэд харамссан бүсгүй сүүлээр нь морин хуур хийлгэн, эр нөхөртөө өгсөн тухай яриаг ч би сонссон юм. Энэ харамсалт явдлаас нэг их удалгүй уяачийн эхнэр хорвоогоос буцсан гэнэ билээ. Ийнхүү ахыгаа “өөд болсны” дараа дүү шаргынх нь толгой гудайж, түрүү авах нь эрс цөөрчээ. 2007 онд Эрдэнэчулуун уяачийн тод манлай цолны мялаалга дээр ирсэн Д.Агваан хэмээх найз нь хос шаргад зориулан шүлэг зохиож, хожим энэ бүтээл дуу болсноос хойш бага шаргын хийморь лундаа сэргэж, улсын наадмын олон түрүуг авсан. Төрийн наадамд зургаан удаа түрүүлж, хоёр айрагдана гэдэг ховор амжилт. Хурдан хүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч хадаг зүун сэтэрлэснийг та санаж буй биз ээ. Наадам ойртсон энэ үед хос шаргын эзэн Э.Эрдэнэчулуун уяачтай ийн ярилцлаа.

- Таныг Улаанбаатарын унаган иргэн гэж сонссон. Гэтэл Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумаар овоглон, морьдоо сойдог. Хотын хүүхэд адуунд дуртай болсон нь сонин байна. Энэ талаар ярилцлагаа эхэлье...
-Тийм ээ. Би Хоёрдугаар 40 мянгатад төрж өссөн. Харин аав маань Хайрхандулаан сумынх учраас тэр нутгаар овоглож явдаг юм. Аав, ээж хоёр санхүүгийн мэргэжилтэй, нийслэлд төвхнөсөн хүмүүс. Тиймээс манайд яалаа гэж адуу, мал байх вэ дээ. Хүүхэд ахуйдаа адууны манаанд гарч байна гэж их төсөөлдөг байж билээ. Ингээд бодохоор адуутай болох мөрөөдөл дотор минь нуугддаг байж. Гэхдээ хэн нэгний бутээсэн бэлэн зүйл дээр дургих биш, адууг нэгээс нь эхэлж цуглуулна гэсэн хүсэл аль эрт төрсөн. Өнөөдөр тэр бүхнийг эргэцүүлж бодоход сэтгэл тэнэгэр байна.

-Тэгвэл та наадмаар хурдан морь унахын жаргал, зовлонг тойрч өнгөрчээ?
-Өвөө, эмээ маань багадаа даншгийн наадамд хурдан морь унаж байсан гэнэ лээ. Харин надад ийм завшаан олдоогүй ч морь уях авьяас бага ч атугай заяасан юм байлгүй. Уяачийн хөдөлмөрт шамдаж эхэлсэн үе минь 1988 он.

-Улсын наадамд морьд сойх бодол тэр үеэс төрсөн үү?
-1988, 1989, 1990 онд сумын наадмаас хэтрээгүй. Улсын наадамд морио уралдуулах бодол сэтгэлд ч багтаагүй. Харин үүнээс тав, зургаан жилийн дараа л энэ тухай бодсон. 1997 онд том шарга маань дааганы уралдаанд улсад айрагдахад их урамшиж билээ.

-Шарга азарганы эцэг нь Тогоруу халтрын төл, эх нь Хэнтий аймгийн Гал шарын удам гэж сонссон?
-Тийм ээ. Шарга азарганы эцэг нь Морин тойруулгын Тогоруу халтарын төл халтар азарга. Харин хоёр шаргын эх болох цагаан гүүг Галшар сумаас худалдан авсан юм. Хэдэн үрээ авсны дунд дүмбэн цагаан гүүг цагаан унагатай авчирч билээ.

-Ханийнхаа өвчнийг эдгээхийн тулд худалдаж авсан гэж үнэн үү?
-Эхнэр минь айхавтар хүнд өвчин тусаж, сайн гэсэн бүхнийг хэрэглээд ч дээрдээгүй. Тиймээс цагаан гүүний саам сайн гэж сонсоод хоёр шаргынхаа эхийг худалдан авсан юм. Манай хүн хоёр жил л саамыг нь уусан байх.

-Том шаргыг төрсний дараа эхнэр тань нялх амьтны хоолноос хороохыг хүсэхгүй байна гэж хэлэхэд нь та хэрхэн хүлээж авсан бэ?
-Том шаргыг төрөхөд талийгаач маань саам уухыг хүсээгүй нь үнэн. Үнэндээ цовоо сэргэлэн, том давриун биетэй өхөөрдөм хөөрхөн амьтан байсан л даа. Хойтон нь сайхан даага болсон. Миний хувьд төрийн наадамд морь уралдуулах холын бодол байлаа. Шарга даага улсад айрагдсан 1997 оны наадмаар өөртөө эргэлзэж явсан юм шүү. Том шарга наадмын өмнөх сунгаанд дээгүүр давхихад “Өнгөтэй байна” гэсэн үгийг найз нөхдөөсөө сонссон боловч итгээгүй. Улсын наадамд тавлачихаад байхад нь өөртөө итгэхгүй хэд хоносон гээд бод доо.

-Том шарга хэдэн наадамд түрүүлэх байсан бол?
-Тухайн үед миний үзсэн, харсан зүйл бага байж. Олон морины дундаас түрүүлээд ирэхэд нь тэр чигээрээ хурдлах юм шиг санасан. Том шаргыг эндэхэд уяаны том алдаа хийсэндээ харамсаад баршгүй. Маш их гэмшиж, ихийг ч ухаарсан. Миний том шарга осолгүй давхисан бол төрийн наадамдаа хэд хэд түрүүлэх байсныг баттай хэлнэ. Эрдэнэт хүлгээ алдсаныхаа дараа дахиж ийм гоомой алхам хийхгүй, адууныхаа бие эрхтнийг гэмтээхгүй гэж өөртөө хатуу тангараг тавьсан. Ингэж чадахгүй бол уяач гэж яваад яах юм.

-Том шарга соёолондоо улсад түрүүлсэн учраас та уяа сойлгод нь бат итгэлтэй байсан юм болов уу?
-Туршлага бага учраас тэрхэн зуур л эндүү бодсон хэрэг. Том шарга наадмын дараа “Тамирын хурд”-д түрүүлсэн. Өвгөн ноёны наадамд гурав дахь давхар уяагаараа яваад эрсдсэн шүү дээ. Энэ үед надад дэлхий орвонгоороо эргэх шиг санагдаж билээ. Ийм байдлаар би морь уяад яах вэ гэж өөрийгөө хатуу зэмлэх ч багадсан. Уяа тааруулах ухаан бол сурч бардаггүй эрдэм.

-Том шаргаас өмнө таны уясан нэг морь төрийн наадамд манлайлсан нь хэдэн оны наадам билээ?
-1999 онд хар даага улсад түрүүлэхэд баярлахын зэрэгцээ адуугаа бүр илүү сайжруулах хүсэл төрсөн. Үржилд нь анхаарч байж сайн адуу төрнө. Эрдэнэчулууны уясан морь түрүүлж, айрагдах нь гол биш. Сайн адуу гаргаж авах л хамгийн чухал байлаа. Хүсэл мөрөөдлийн минь салшгүй нэг хэсэг нь төрийн наадамд зургаа түрүүлж, хоёр айрагдсан бага шаргын амжилт. Гэхдээ морь уяна гэдэг ганц хүний хөдөлмөр биш, гэр бүл, хамт олон, найз нөхөд, намайг дэмжиж ажилладаг бүх хүний хамтын бүтээл.

-Наадам ойртсон энэ өдрүүдэд сайхан дурсамж сөхье. Одоогоос 13 жилийн тэртээх наадам таны сэтгэлээс гардаггүй байх. Ах, дүү шарга түрүүлсэн шүү дээ...
-Бага шарга маань намайг олон удаа баярлуулсан. Гэхдээ магнай хагартал баярласан наадам гэвэл 2000 оных. Том, бага хоёр шарга түрүүлээд ирэхэд баярын нулимс нүд бүрхсэн. Тэр сайхан явдал заримдаа зүүдэнд ордог юм. Энэ тухай ярихад үг ч багадаж байна.

-Төрийн наадамд зургаан удаа түрүүлж, хоёр айрагдсан бага шаргын амжилтыг давтсан адуу даншгийн түүхэнд, ардын хувьсгал ялснаас хойших төрийн наадмуудад ч гараагүй юм билээ. Энэ ховор хүлгийн бусдаас ялгарах онцлог юу вэ?
-Шарга азарга дөрвөн мөч сайтай. Энэ чанараараа адуу адуунаас онцгой. Дөрвөн хөл нь сайн учраас олон жилийн уралдааныг дааж байгаа юм. Мөн уушгины багтаамж сайн. Хүйтэн салхи салхилж байсан ч салхи сөрөөд л уяан дээр зогсож байдаг, тийм л адуу даа.

-Морь хурдлуулахад унаач хүүхдийн хувь нэмэр их. Та шарга азаргаа унах хүүхдийг хэрхэн сонгож авдаг байсан бэ?
-Гараанаас гаруут шарга маань өөрөө хөтлөөд явчихдаг, уралдааны тактиктай адуу. Гэхдээ унасан хүүхэд нь хийморьтой байж морь түрүүлж, айрагддаг. Үе үеийн сайн хүүхдүүд надад таардаг. Ээж минь Архангай аймгийн Их Тамир сумынх, энэ нутгаас ах дүүгийнхээ хүүхдүүдийг сонгож авдаг байлаа. Морь давхиулдаг хүүхэд өөр. Сэргэлэн, хор шартай хүүхэд илүү өндөр амжилтад хүргэдэг.

-Та тухайн хүүхдүүдийг моринд томдох цагт нь хэр харж үзэн, амьдралд нь тусалдаг вэ?
-Энэ бол уяач бидний бодох ёстой зүйл. Амжилт гаргахад унаач хүүхэд, туслах уяач нар гол үүрэг гүйцэтгэдгийг хэлмээр байна. Хүүхдүүдийг дэмждэг уяач олон бий. Миний хувьд морь хурдлуулж байсан хоёр хүүхдэдээ мал тасалж өгөөд тусад нь гаргасан.

-Төрсөн цагаасаа ижил дасал болж, олон наадмын түрүү авсан шарга азаргыг зодог тайлах үеэр танд ямар нэгэн харуусал төрсөн үү?
-Хааны алба халаатай гэдэг биз дээ. Миний хувьд шарга азаргаа биеийг нь муутгалгүй, гэмтээж бэртээлгүй зодог тайлуулахыг хичээсээр ирсэн юм. Хичээсний үр дүн гарсанд баяртай байгаа. Шарга азаргаа зодог тайлахад харуусал төрөөгүй. Миний хүлэг Монгол наадмын түүхэнд дээд амжилт тогтоож чадсан. Үүнээс өөр надад юу хэрэгтэй юм бэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүзүүнд нь хадаг уян сэтэрлэхэд нь сайхан  хүлгээрээ өөрийн эрхгүй бахархаж билээ. Одоо шарга маань гүүгээ хураагаад адуун дундаа давхиж байна.

-Бага шарга яг хаана байгаа юм бэ?
-Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутагт байгаа.

-Шарга азарганы үр төлөөс хэр хурдалж байна?
-Ид уралдаж байх үед нь энэ талаар огт бодоогүй. Биеийг нь гамнаад үржилд анхаараагүй юм. Уралдахаа больсноос хойш арван хэдэн гүү хураалгасан. Үр төлүүдээс нь бол алт хэзээний давхиад элэхсэн шүү дээ. Төрийн наадамд хүртэл түрүүлсэн.

-Таны адуун дундаас шаргын амжилтыг давтах хүлэг дахиж гарах болов уу?
-Гарна гэж итгэлтэй хэлж чадахгүй нь. Хэцүү л дээ. Тийм ховорхон адуу төрж, түүнийг би уяад төрийн наадамд зургаан удаа түрүүлүүлнэ гэдэг санаснаар болох зүйл биш. Морь уях нь их хөдөлмөр юм шүү. 30 настай хүнээс хөдөлмөрийн ямар үр шим гарах вэ. За тэгээд 50, 60 хүрэхээр яах вэ? Үр дүн нь үүнтэй адилхан.

-Шарга азаргандаа зориулан ямар нэгэн арга хэмжээ дахин зохион байгуулах уу?
-Аливаа зүйл олон дахихаараа дэмий байдаг. Миний шаргыг Монголын ард түмэн бүгд мэднэ. Хөшөөг нь өндөр өртгөөр босголоо. Төрийн тэргүүн маань сэтэрлэлээ. Гэхдээ шарга азарганыхаа нэрэмжит наадам хийхийг үгүйсгэхгүй.

-Таны хос шаргын тухай дуу ард түмний сонсох дуртай бүтээл. Энэ дууг та захиалж хийлгэсэн үү, эсвэл...
-Захиалаагүй. Миний найз Агваан гэж залуу морьдод маань зориулан сайхан шүлэг бичсэн байсан юм. Хожим Баасандорж ая хийсэн. Сайхан сэтгэлийн үр шимээр бүтсэн энэ дуу Монголын ард түмэнд хүрсэнд баяртай явдаг. Сонсохоор хэдэн жилийн өмнөх дурсамж сэргэдэг юм. Илүү сайхан үг хийх хэрэгтэй гэж зарим хүн хэлдэг. Юм байгаагаараа л сайхан. Заавал уран тансаг үг хайх албагүй гэж боддог.

-Ингэхэд танд “би” гэсэн үзэл хэр давамгайлдаг вэ?
-Үгүй дээ. Би хэзээ ч өөрийгөө дөвийлгөж яваагүй. Нэр алдар хөөн, эд баялаг хураах сонирхолгүй. Өөрөө илүү цолтой байлаа ч хөгшчүүдийнхээ доод талд нь суудаг. Биеэ тоохыг үзэн яддаг тийм л хүн.

-Танайх олон адуутай биз?
-Найз нөхдийнхтэй нийлээд 200 хүрэхгүй адуу бий. Морины буян заяа их болохоор хоосон хонохгүй, хоёр идэхгүй л амьдарч байна. Хөрөнгө чинээ хураах, олон мянган мал цуглуулах хүсэл алга. Хүн дуртай зүйлээ хийж, түүнээс таашаал авах шиг жаргал байхгүй гэж боддог юм. Морь уяснаас хойш бараг 25 жил өнгөрч. Уяач хүний жаргалыг уяач л мэдэрдэг юм.

-Энэ жилийн наадамд хэдэн насны хичнээн хурдан буян сойхоор төлөвлөж байна?
-Зургаан насанд 10-аад морь оролдож байгаа. Тэдгээрээс шигшээд уралдуулна даа.

-Цаг зав гарган ярилцлага өгсөнд танд баярлалаа. Сайхан наадаарай.

Тод манлай уяач Э.Эрдэнэчулуун морио гэмтчих вий гэхээс ихэд болгоомжилдог. Тиймдээ ч өвлийн уралдаанд сойдоггүй гэсэн. "Сайн хүлгийг хайрам хүйтэнд уралдуулах шаарддагагүй. Уяач хүн адуугаа хайрлах ёстой. Цаг агаарын өөрчлөлтийг харсан ч зуншлага тааруу, зоо нь тэнийж амжаагүй амьтныг тэгж зовоогоод яахав” хэмээн өгүүлснээс бодоход түүний хүнлэг сэтгэл харагдана. Түүнчлэн машинд ачуулж, наадам хэсэн уралддаг морьдыг хараад өрөвддөг гэсэн. Э.Эрдэнэчулууны үеийн уяачид идэр залуудаа уралдуулах морьдоо хөтлөн, хээрээр гэр, хэцээр дэр хийн наадмын хол замд гардаг байжээ. Ийм л хүний адуу нь хүртэл од хийморьтой байж, ижил хоёр шарга эзэндээ хундлэл талархлыг авчирсан биз ээ.

Эх сурвалж: "Таван цагариг" сонин Б.ӨЛЗИЙТ0ГТ0Х

Сэтгэгдэл