2016 оны 01 сарын 14

Монгол төрийн их баяр наадамд бага дөрвөн насандаа айрагдсан гуравхан адуу байдаг. Түүний нэг нь Улаанбаатар хотын Гачуурт дүүргийн уяач Дармаагийн Болдбаатарын халтар хээр. 1989 онд сөнгө даага айргийн гуравт хурдалж, улмаар шүдлэн гуравт, 1991 оны АХ-ын 70 жилийн ойд хязаалан түрүүлж, 92 онд соёолондоо дахин айргийн гуравт хурдалсан байдаг. Уншигч та бүхэнтэйгээ энэхүү гайхамшигт хүлгийн эзнийг хийморь.мн сайтын хуудсаар дамжуулан уулзуулъя.

Буянт ухаагийн дэнжид бага дөрвөн насандаа айраг алдаагүй Халтар хээрийн эзэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Удам судраас тань яриагаа эхлэх үү?
Манай аав Дармаа гэж морь уядаг хүн байсан. Ээж маань Монгол улсын хөдөлмөрийн баатар, саальчин Надмид гэж хүн байсан. Мөн хамаатны маань ах Вандангийн Жигжиддагва гэж 1988 оны улсын наадмаар хонгор халзан үрээ айрагдуулж байсан уяач хүн бий. Миний хувьд аав, ах хоёрыгоо дагаж л морь уяж сурсандаа. Анх 14 настайдаа өөрөө уяад өөрөө унаад л уралдаж байлаа.

Анхны айраг, түрүүгээ хэдэн онд хүртэж байв?
Ардын хувьсгалын 68 жилийн ойгоор л халтар даагаа айрагдуулсан даа. Тэр чинь 1989 он юм байна. Өмнө нь сум, орон нутгийн наадмаас бол олон айраг, түрүү хүртсээн. Том наадмын анхны айраг гэвэл тэр л байна.

Халтар хээрийнхээ удам угшлийн талаар сонирхуулаач. Монголын нэгэн эрхэм хурд байсан байх?
Эцэг нь Төв аймгийн Мөнгөнморьтын унаган адуу. Эх нь бол манай өөрийн унаган гүү байсан. Дээд талаараа Галшард хамаардаг юм, эх нь. Халтар үрээгээ дааганаас нь соёолон хүртэл уяад улсад 1 түрүүлгэж, 3 айрагдуулсан. Гачууртынхаа наадамд даагандаа айрагдаад шүдлэн, хязаалан, соёолондоо түрүүлсэн. Тэгээд хавчиг болдог хавар нь хулгайд алдчихсан юм.

Сураг ажиг ерөөсөө гараагүй юу?
Хөлөргөөд тавих санаатай урд өдөр нь бариад автал тэнгэр эвгүйрхээд, цасаар шуурахаар нь буцаагаад тавьчихсан юм. Хаврын эвгүй салхинаар унаад оёг суулгачих байх гэж бодоод. Тэгсэн маргааш өглөө нь алга болчихсон байсан. Тэнд сураг гарлаа гэхээр нь яваад очиход л байхгүй, хүмүүс худлаа сургаар чулуу хөөлгөсөөр байгаад сүүлдээ бүр сураг алдарсан. Их ч эрсэн дээ.

Хэлбэр хийцийн хувьд ямаршуухан адуу байсан бэ?
Адуу адуунаас онцгой хийцтэй мал байсан шүү. Ялангуяа чих, толгой, цээжний хөх мах, өвчүүний бүдэрхий зэрэг нь их өвөрмөц. Давхил нь бас их оцгой, мэлхийдүү ч гэмээр юм шиг сонин давхидаг адуу байсан. Анх сөнгө даага Гачуурттаа гурваар орчихоод давхар уяагаар улсад уралдсан юм. Айрагдан чинээ бодоогүй байтал гурваар ороод ирсэн. Баярласандаа болоод нүдэндээ дүүрэн нулмистай л хүүхдээ тэврээд үнсэж байсан юм даг /инээв/.

Сөнгө даага тэгж уралдана гэхээр л тусгай мал байж дээ. Ямархуу уяаны онцлогтой адуу байсан бэ?
Их л хатуу уяатай адуу. Тэр үед чинь тэжээл гэдэг зүйлийг мэддэггүй, цагаан өвсөөр л уралддаг байсан. Дааганд нь лав 10-аад хөлстэй улсад мордуулж байсан. Ер нь ажил хийх тусам л улам өнгө ороод байдаг байсан. Нэг гэм нь их хадуурна. Даагандаа жаахан хулгаад байдаг байсан юм. Тэгээд шүдлэнгээсээ хойш хадуурдаг болчихсон. Сайхан өнгөлж гарч ирээд л хадуурчихна, эргэж замдаа ороод л айрагдаж байдаг. Манай тэр хавийнхан үрээ чинь хадуурчихлаа л гэж байдаг юм, би ч сүүлдээ тоохоо больчихсон доо. Буцаж замдаа нийлээд л айраг, түрүүнд багтаж байдаг болохоор.

Хөлийн хурд ихтэй адуу байжээ дээ?
Өө тэр бол ярих юмгүй. Ер нь л ганцаараа гарна шүү. Давхил сунгаануудад нь хүмүүс харчихаад мотоциклтой хүн явж байна л гэдэг байсан.

Түүхт ойн жил төрийн наадмын түрүү хүртчихээд морио цоллуулах гээд зогсож байхад чухам юу бодогдож байх юм? Улсад морь түрүүлгэнэ гэдэг тэр бүр хүнд заяадаггүй ховор аз шүү дээ.
Тэгэлгүй яахав. Тэр тусмаа тэгш ойн жил түрүү хүртэнэ гэдэг бол том аз завшаан. Хамгийн түрүүнд төрүүлж өсгөсөн аав ээж, нутаг усаараа л бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг юм билээ. Их ч урам орсон доо. Ингээд л морь уяад айрагдуулж, түрүүлгээд байх юм шиг бодогдож байсан. Даанч халтар морио хулгайд алдаад урам ч хугарсан, морь уях идэвхи ч буурсан.

Халтар морь шиг тань санаанд нийцсан адуу таарахгүй байна уу?
Сүүлд нэг хээр морь авсан. 88 оны улсын наадамд даагандаа айрагдаж байсан юм. Би бүдүүрсэн хойно нь аваад САА-н наадамд түрүүлгэчихээд улсад очоод эндүүлчихсэн. 98 оны наадмаар байх аа далан тойрч уралдаад өлдүүлчихсэн юм. Айцын даваан дээр таваар гараад ирэхээр нь айрагдчих юм болов уу гэж бодож байтал суугаад наймаар орчихсон. Уг нь тэр жил хээр мориндоо их горьдож ирсэн юм.

Улсад ер нь хэдэн жил наадсан бэ?
Арваан жил л наадсан даа. Хамгийн сүүлд 2004 онд л Хүй долоон худагт нэг наадсан. Сүүлийн үед ойр хавынхаа наадамд л уралдаж байна. Очсон наадмаасаа айраг, түрүү аваад гайгүй л наадаад байгаа.

Танай ээжийг сайн жороо хүрэн морьтой байсан гэх юм билээ?
Хөдөлмөрийн баатар Надмид гэхээр Гачууртынхан бол андахгүй л дээ. Жороо хүрэн морьтойгоо Яармагийн дэнжид ирж наадам үзчихээд 13-ний өдөр уяачдын барын жороо морьдын уралдаанд түрүүлчихээд л буцдаг байсан. Ёстой л усан тэлмэн жороо морь байсан даа. Жороолж байхдаа ерөөсөө алддаггүй, жижигхэн биетэй шагай шиг адуу байсан.

За бид хоёрын ярилцах цаг энэ хүрээд өндөрлөж байна. Сүүлийн асуултыг таньд нээлттэй үлдээе.
Баярлалаа. Зуны дэлгэр цаг ирж удахгүй үндэсний их баяр наадам маань болох гэж байна. Тийм болохоор уяачдын маань уясан хүлэг нь хурдан, унасан хүүхэд цовоо байхыг ерөөе. Нийт элэг нэгт Монгол түмэн минь сайхан наадаарай.

Сэтгэгдэл